Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Ярилцлага

“Эрдэнэс Тавантолгой” дангаар мөнгө босгох их сайн боломжтой компани




The Mongolian Mining Journal /2018.003/

“Эрдэнэс Тавантолгой” ХК гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр үнэт цаас гаргах талаар Салбарын яам болон “Эрдэнэс Монгол”, “Эрдэ­нэс Тавантолгой” компанийн удирдлагууд сүүлийн үед идэвхтэй хэлж ярих боллоо. Ийм үед MICC хөрөнгө оруулалтын компани “Эрдэнэс Тавантолгой”-н зах зээлийн судалгааг хийснийг уншигчдадаа танилцуулж байна. Түүний зэрэгцээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн нөхцөл байдал гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр үнэт цаас гаргахад хэр тохиромжтой болж байгаа талаар, компанид өөр ямар шинэ боломжууд нээгдэж болох талаар MICC-ийн ерөнхийлөгч Д.Ачит-Эрдэнээс MMJ-ийн Н.Ариунтуяа тодруулав.          


“Эрдэнэс Тавантолгой” компани гадаад, дотоод өрийн дарамтаас гарч, үйл ажиллагаа нь сэргэж эхэллээ. Үүнтэй зэрэгцэн гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр үнэт цаас гаргах талаар идэвхийлэн судалж байх шиг байна. Цаг хугацааны хувьд энэ нь хэр боломжтой харагдаж байна вэ?    
Тавантолгойн IPO хийхэд яг одоо бол эрт байна. Олон улсын бирж дээр гаръя гэхэд компани бэлэн биш байгаа. Компанийн засаглалаас эхлээд санхүүгийн сайн тайлан гээд хийх ажлууд их бий. Ялангуяа Хонконгийн бирж уул уурхайн бирж биш учраас уул уурхайн компаниуд нэг их гараад байдаггүй. Тиймээс уул уурхайн компаниудад шалгуур өндөр тавьдаг. ТЭЗҮ энэ тэрээс эхлээд олон нарийн зүйл шаарддаг учраас цаг их авах байх.

Нөгөө талаар “Эрдэнэс Тавантолгой” бол Монголын компани. Олон улсын компани болохын тулд ТУЗ-дөө хөндлөнгийн хүмүүс томилох хэрэгтэй. Гадны бирж дээр гарах учраас туршлагатай гадаад хүмүүс байвал илүү итгэл үнэмшил төрүүлэх байх. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” гадаадын бирж дээр бүртгүүлнэ гэвэл монголчуудын дургүй оффшорт бүртгүүлэх хэрэгтэй болно. Монголын хууль Английн хуулиас өөр. Хөрөнгө оруулагчид ихэвчлэн Английн хуульд захирагддаг компанийн хувьцааг авах дуртай байдаг. Иймэрхүү асуудлууд бий.

Бидэнд ойрхон туршлага гэвэл Казахстан, Оросын компаниуд эхлээд дотоодын бирж дээрээ бүртгүүлчихээд, дараа нь depository receipt гэж нэрлэдэг хувьцаагаа эзэмших эрхийг олон улсын бирж дээр арилжаалдаг. Depository receipt зарах тохиолдолд шаардлагууд арай хялбар. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд үндсэн бүртгэл нь Монголдоо байж болдог depository receipt хийж гарах нь оновчтой болов уу. Тиймээс эхэлж Монголын бирж дээр гараад, магадгүй 6 эсвэл 12 сарын дараа олон улсын бирж дээр гарах тухай ярих нь зөв байх. Одоогоор Монголын бирж дээр бүртгэхэд амархан байгаа ч энэ ажил хийгдэхгүй  байна.

“Эрдэнэс Тавантолгой”-д IPO хийхээс гадна мөнгө босгох ямар боломжууд байна вэ? Компанийн санхүүгийн үзүүлэлтүүд сай­жирч буй нөхцөлд тодорхой төсөлдөө зориулан төслийн санхүүжилт хүсэх боломжтой юу?

“Эрдэнэс Тавантолгой” дангаар мөнгө босгох их сайн боломжтой компани. Гэхдээ төрийн өмчит компани болохоор компанийн зарчмаар биш арай өөрөөр хандаад байх шиг санагддаг. Өрөнд орсон нь Засгийн газар төрийн өмчит компани, компанийн санхүүжилт хоёрыг хольж хутгаснаас болсон асуудал. “Чалко”-гоос 300 сая доллар зээлээд ард иргэдэд тараачихсан. Төрийн өмчит компани биш байсан бол хэзээ ч ийм зүйлийг зөвшөөрөхгүй байсан. Одоо өрөө төлөөд дуусчихлаа. Энэ бүхний дараа төр, бизнес хоёр хутгалдахгүй явбал “Эрдэнэс Тавантолгой” ийм том нөөцтэй, зах зээлтэй харьцангуй ойрхон байгаа учраас асуудлуудаа өөрөө шийдэх боломжтой.

Тавантолгойн хувьд төслийн санхүүжилт илүү оновчтой хувилбар мэт санагддаг. Одоо өр зээлгүй болчихсон болохоор баланс маш сайн байгаа. Ийм нөхцөлд нүүрсийг 20-30 жилээр нийлүүлэх урт хугацааны гэрээг аль нэг талтай байгуулах хэрэгтэй. Урт хугацааны гэрээгээ үндэслээд, дэд бүтцээ шийдэх зээл авч болно.

Тухайлбал төмөр зам барих зээл авъя гэвэл юу хийх ёстой вэ?
Нэгд нийлүүлэлтийн гэрээ байгуулах, хоёрт төмөр зам барих ТЭЗҮ-гээ хийж, түүнийг барих маш найдвартай компани сонгосон байх хэрэгтэй. Гуравт энэ бүхний үндсэн дээр олон улсын банкнаас төслийн санхүүжилт хүсэх боломжтой. Төмөр зам баригдсаны дараа эргээд төлөх баталгаа нь нүүрс нийлүүлэх гэрээ болно. Нүүрсний нийлүүлэлтээс олж байгаа орлогын тодорхой хэсгийг авч үлдээд, төмөр замын зээлийг төлөхөд зарцуулах схем байж болно. Ийм схемийг дэмждэг олон улсын экспортын банкууд байдаг. Энэ нь нэг талдаа экспорт, нөгөө талдаа импорт болчихно. Төмөр замыг ямар компаниар бариулахаас шалтгаалаад тухайн улсын экспорт болчихож байгаа юм. Тухайлбал, Герман ч юмуу, Оросын компани сонгогдсон бол тухайн улс ажиллах хүч, үйлчилгээгээ экспортлох тул тэр экспортоо дэмждэг. Ийм экспортын санхүүжилтээс гадна болж өгвөл дэд бүтцийн төслийг санхүүжүүлдэг Азийн хөгжлийн банк зэргийн санхүүжилтийг нийлүүлж байгаад, 3-4 банкнаас төмөр замын санхүүжилт босгох боломжтой. Экспорт дэмждэг болон дэд бүтцийн зээл олгодог банкуудтай хамтран ажилласнаар урт хугацааны зээл авах боломжтой. Японы банкууд гэхэд 40 жилээр зээл олгодог.

2010 оны үед бид ийм чиглэлээр “Эрдэнэс Тавантолгой”-д зориулан Германы банкаас санал авч байсан. Германы гангийн үйлдвэртэй 20-30 жилийн гэрээ байгуулаад, нүүрсээ ний­лүүл­бэл 2%-ийн хүүтэй зээл авч болно гэж байсан.

Өмнө нь энэ бүгдийг нэг дор шийдэх боломжийг стратегийн хөрөнгө оруулагчид олгож байсан ч одоо тэр замаар явахгүйгээр шийдэж байх шиг байна. Нүүрсний үнэ өсөөд зах зээл байгаа нөхцөлд аль нэг талд бүх эрхээ өгөх сонирхолгүй бол “Эрдэнэс Тавантолгой”-г яаж том болгох боломжтой вэ?
Мэдээж үүнийг хийхэд маш их хүний нөөц, сайн менежмент хэрэгтэй. Гэхдээ боломжгүй зүйл биш. Одоогийн менежмент дээр зөвлөхүүд авч болно. “Эрдэнэс Монгол” дээр Азийн хөгжлийн банкны хөтөлбөрөөр зөвлөхүүд авах санхүүжилт байдаг юм билээ. Тэр хөтөлбөрөөр ч юмуу, олон улсын санхүүжилт аваад явах боломж байгаа байх. Гол нь төрийн өмчит компани учраас улс төрийн шийдэл хэрэгтэй. Хоёрт компанийн зүгээс ТУЗ-ийг сайжруулах ёстой. Орж ирсэн мөнгийг улс төрийн шийдвэрээр өөр хөтөлбөрт зарахгүй байх баталгаа өгөх хэрэгтэй болох байх. Тиймээс ч гадны хүмүүс ТУЗ-д байвал банкуудын хувьд итгэх итгэл нэмэгддэг.

Төслийн менежментээр хөрөнгө босгоход хэр их хугацаа шаардагдах вэ?  Тэрбум долларын санхүүжилт зээлээр авлаа гэхэд түүнийг төлөх чадавх ЭТТ-д байна уу?     
Ийм үнэлгээтэй компани ийм хэмжээний төслийн санхүүжилт авах боломж ямар байна вэ гэсэн судалгаа хийхэд ойролцоогоор нэг жил болно. 2 тэрбум доллар зээллээ гэж бодоход 20 жилийн зээл авч чадвал жил болгон хүүтэйгээ нийлээд 100-200 сая дол­лар төлөх хэрэгтэй болох байх. Түүнийг жилд 20 сая тонн нүүрс олбор­лоод 1 тонноос 15-20 долларын ашиг олж байвал төлж болохоор байна гэх ч юмуу иймэрхүү энгийн тооцоолол хийж болно.

Танай хийсэн судалгаагаар “Эрдэнэс Тавантолгой” болон Монголын коксжих нүүрсний компаниудын үнэлгээ дэлхийн адил төстэй коксжих нүүрс олборлогч, экспортлогч компаниудын үнэлгээтэй харьцуулахад бараг 50%-иар бага байна. Шалтгаан нь юутай холбоотой вэ?  

Улс төрөөс эхлээд мэдээжийн олон шалтгаан дурдаж болох ч анализ хийгээд үзвэл нэг зах зээлээс хэтэрхий хамааралтайгаас болоод үнэлгээ доогуур байна. Австрали, Канадын компаниуд 2-4 том зах зээл рүү нийлүүлдэг нь харагдаж байна. Далайд гарцтай орнуудын хувьд Австралийн уурхай Хятадын зүүн эрэгт байгаа гангийн үйлдвэрүүд, Энэтхэг, Япон, Солонгосын аль өндөр үнэ өгсөн рүү нийлүүлж чадаж байна. Тиймээс үнэлгээ нь харьцангуй сайн байна л даа. Хоёрт, дэд бүтцийн хувьд далайн тээвэр хямдхан байгаа.

Хятадын эрэлт хэмжээ нь ямар юм гэхээс байнга байх болов уу. Гэхдээ бид өөр эрэлт хайх ёстой. Монголын хувьд дахиад зах зээл нээх ёстой. Хоёр дахь зах зээлийг маш идэвхтэй эрэлхийлэх ёстой. Хятад хэчнээн төрийн өмчит компаниуд давамгайлсан ч зах зээлийн жамаар л ажиллана. Хямдхан байвал авна, аль болох олон эх үүсвэрээс авч байж үнээ буулгах бодлого явуулж байгаа.

“Эрдэнэс Тавантолгой”-н менемжент, үйл ажиллагааг ММС-тэй харьцуулж үзсэн үү? Давуу, сул талыг тодорхойлж болох уу?
Нэг орд дээр ажиллаж байгаа ч одоогийн байдлаар менежмент, ТУЗ-ийн хувьд MMC илүү сайн байгаа. Харин санхүүгийн хувьд “Эрдэнэс Тавантолгой” арай бага зээлтэй байна. Хөгжлийн банкны зээлийн үлдэгдэл 50 сая байгаа байх.

Гэхдээ Монгол гэхээсээ аль болох олон улсын компанитай харьцуулахыг бодсон. Энэ компани зах зээл дээр гарвал ямар үнэлгээтэй байх вэ гэдгийг илүү судалсан. Нэрлэсэн үнэ 933 буюу 1 сая төгрөг гэсэн УИХ-ын тогтоол бий. Нэрлэсэн үнэ, зах зээлийн үнэ хоёр адилхан байдаггүй. Гэхдээ бирж дээр гарвал авах зарах гэсэн захиалга нэг цэг дээр уулздаг. Тэр уулзвар ямар байхыг олон улсын бирж дээр гарсан компаниудтай нөөцөөр нь болон үйл ажиллагааны цар хүрээ, ашгийн хэмжээгээр нь харьцуулж үнэлгээ гаргасан. Үнэлгээгээр нэрлэсэн үнээс доогуур байх нь, гэхдээ цаашаа өсөх боломжтой гэсэн дүгнэлт гарч байгаа. Дэд бүтцээ шийдэх, өөр зах зээлд гарах нөхцөлд үнэлгээ нэмэгдэх юм байна гэсэн судалгаа байна.