Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

ҮСХ: Нүүрсний экспорт өмнөх зургадугаар сараас хойших дээд түвшинд хүрэв

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Монгол улс энэ оны эхний улирлын байдлаар 1.5 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолж, 1.1 тэрбум долларын бараа импортоор худалдан авсан байна. Ийнхүү гадаад худалдааны бараа эргэлт эхний улирлын байдлаар 2.6 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 536.7 сая доллар буюу 25.9%-иар дээшиллээ. Экспортын хэмжээ өмнөх оныхоос 14%-иар буюу 182.5 сая доллараар өссөн бөгөөд үүнд алтны экспорт 80.6 сая доллар, үнэт, хагас үнэт чулуу, метал гоёлын зүйлсийн экспорт 80.8 сая доллараар өссөн нь голлон нөлөөлжээ. Импортын хувьд өмнөх оны мөн үеийнхээс 45.6%-иар буюу 354.2 сая доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 86.8 сая ам.доллар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл ба тэдгээрийн сэлбэг 75.8 сая доллар, тээврийн хэрэгсэл ба тэдгээрийн эд анги 57.7 сая доллар, үндсэн төмөрлөг зүйлсийн импорт 43.3 сая доллараар тус тус өссөн нь нөлөөлжээ.

Манай улсын гадаад худалдааны тэнцэл  эхний улиралд ашигтай гарсан ч өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 32.8%-иар буурч 351.9 сая долларын ашигтай гарчээ.

Эрдэс бүтээгдэхүүний экспорт оны эхний улиралд 1.25 тэрбум долларт хүрч, нийт экспортын 84.5 орчим хувийг эзэллээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад эрдсийн экспорт энэ оны эхний улирлын байдлаар 8%-иар өсөөд байна. Энэ дундаа нүүрсний экспорт мөнгөн дүнгээр 514.5 сая долларт хүрсэн нь эрдсийн экспортын 41%, нийт экспортын 34.7%-ийг бүрдүүлсэн байна. Гуравдугаар сарын нүүрсний экспортыг дангаар авч үзвэл 3.52 сая тонн болж өмнөх хоёрдугаар сарынхаасаа 2267.8 мянган тонноор буюу 181%-иар нэмэгдсэн байна. Энэхүү биет жингийн үзүүлэлт нь өмнөх оны зургадугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Ийнхүү биет хэмжээ гуравдугаар сард нэмэгдсэн бол орлогын дүн ч мөн өмнөх сарынхаасаа 162 сая ам.доллараар буюу 151%-иар өсч 269.1 сая ам.доллартай тэнцлээ. Энэ нь мөн өмнөх зургадугаар сараас хойших орлогын хамгийн өндөр дүн юм.


Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Гэхдээ эхний улирлын дүнгээрээ нүүрсний экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад мөн л доогуур байна. Нүүрсний экспортын хэмжээ биет жингээр эхний улиралд 6.77 сая орчим тонн байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 16.8%-иар, мөнгөн дүн 514.5 сая доллар байгаа нь 4.9%-иар тус тус бууралттай байгааг харуулна. Бас нэг зүйл гэвэл өнгөрсөн сард экспортын орлого бүрдүүлэх хэмжээгээр зэс нүүрсийг давчихаад байсан бол гуравдугаар сараас эхлэн нүүрс даагаа нэхэн зэсийн урд орлоо.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо


Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Зэсийн баяжмалын экспортын борлуулалт мөн хугацаанд 337.7 мянган тонн буюу 462.5 сая доллараар илэрхийлэгдлээ. Энэ нь жингийн үзүүлэлтээр өмнөх оны мөн үеийнхээс 7.7%-иар доошилсон ч үнийн дүнгээр 21.6%-иар ахисан үзүүлэлт боллоо. Харин цэвэр зэсийн экспортын тухайд эхний улирлын байдлаар борлуулалт жингээр 3.5 орчим мянган тонн, үнийн дүнгээр 23.6 сая орчим доллартай тэнцсэн нь биет үзүүлэлт өмнөх оны мөн үеийнхээс 14.7%-иар доогуур байгаа бол орлого нь 2.5%-иар өссөн дүнтэй гарлаа.

Алтны хувьд экспортын үзүүлэлт гойд гэмээр сайн үзүүлэлттэй байгаа юм. Тайланд өгүүлсэн хугацаанд манай улс 2.9 тонн алт экспортолж, 124.3 сая доллар олсон нь өмнөх оны мөн үетэй жишихэд биет жингээр 2.7 дахин, үнийн дүнгээр 2.8 дахин огцом дээшилсэн байна.

Түүхий газрын тосны экспорт мөн хугацаанд 1.63 сая баррельд хүрч, 101 сая доллартай тэнцсэн нь жингийн тухайд 11.3%-иар буурсан ч үнийн дүнгээр 8.5%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй гарлаа.

Төмрийн хүдрийн экспортын дүн эхний улирлын байдлаар жингийн хувьд нэлээд өссөн ч орлогын үзүүлэлт бууралттай гарлаа. Тодруулбал, оны эхний улиралд манай улс 1.44 сая тонн хүдэр экспортлоод байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 30.2%-иар өссөн ч орлогын дүн нь харин 8.9%-иар багасч, 63.9 сая доллартай тэнцэв.

Цайрын хүдэр, баяжмалын экспортын өсөлт бараг 50%-д хүрсэн сайн үзүүлэлттэй гарлаа. Эхний улирлын дүнгээр цайрын баяжмалын борлуулалт жингээр 32.9 мянган тонн байсан нь өмнөх оны мөн үеийнхээс 20%-иар нэмэгдэж, улмаар орлогын дүн нь даруй 49.3%-иар өсч, 60.2 сая орчим долларт хүрлээ.

Жоншны хүдэр, баяжмалын экспортын тухайд ч мөн адил өндөр өсөлт тохиогоод байна. Жоншны экспортын борлуулалт жингээр мөн хугацаанд 78.3 мянган тонн байсан нь өмнөх оны мөн үеийнхээс 47.3%-иар өссөн бол орлого нь 2.1 дахин нэмэгдэж, 25 сая доллартай тэнцлээ.

Хар тугалгын хүдэр, баяжмалын экспорт оны эхний улирлын байдлаар 4.02 мянган тоннд хүрч 10.64 сая долларын үнийн дүнгээр илэрхийлэгдэж буй нь өмнөх оны мөн үеийнхээс жингээр 1.6%, үнийн дүнгээр 2.2%-иар өссөн үзүүлэлт боллоо.

Молибденийн баяжмалын экспортын биет хэмжээ 1.4 мянган тоннд хүрсэн нь 18.6%-ийн бууралттай үзүүлэлт ч гэлээ орлогын дүн нь 17.3%-иар өсч 10.1 сая долларт хүрсэн байна.

Б.Төгс