Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Монгол Улсын хоёр дахь экспортлогч улс Их Британи юм




Монгол улс дахь Их Британийн Элчин сайдын яам нь олон улсын ханган нийлүүлэгчдийн “Mongolia Mining 2018” үзэсгэлэнгийн алтан ивээн тэтгэгчээр оролцож байгаа билээ. Энэ хүрээнд хоёр улсын уул уурхайн салбар дахь хамтын ажиллагааны талаар Их Британийн Элчин сайдын яамны Дэд тэргүүн Иан Кокстой ярилцлаа.

Их Британи-Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож байна. Хоёр улсын худалдаа эдийн засаг, тэр дундаа уул уурхайн салбар дахь хамтын ажиллагааны өнөөгийн түвшинг тодорхойлно уу?
Юуны өмнө манай хоёр улсын харилцааны тэмдэглэлт ой тохиож байгаад маш их баяртай байна. Их Британи улс нь Монгол улстай дипломат харилцаа тогтоосон анхны барууны орон гэдгийг тэмдэглэх нь зүйтэй болов уу. Дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн баяраа нэгдүгээр сарын 23-нд тэмдэглэлээ. Энэхүү арга хэмжээний үеэр Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан хатагтай Катрин Арнолд худалдаа, хөрөнгө оруулалттай холбоотой хоёр чухал мэдээллийг хүргэсэн. Их Британийн Экспортын санхүүжилтийн агентлаг Монгол улстай хамтран ажиллах худалдааны дэмжлэгээ 200 сая фунт стерлинг болгож нэмэгдүүлсэн бөгөөд ингэснээр төгрөгөөр зээл олгох боломж бүрдэж байгаа. Энэ нь Их Британийн Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого барьж буйг харуулж байгаа болов уу. Мөн энэ өдөр Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Монгол улсыг төлөөлөн ажиллах Худалдааны элчээр Парламентын гишүүн Жулиан Найтыг томилсон.

Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг бэхжүүлэх нь манай ЭСЯ-ны тэргүүн чиглэлийн нэг. Энэ харилцааг уул уурхайгаас гадна бусад салбарт бэхжүүлэн, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн оны статистик мэдээллээр Их Британи улс нь Монгол улсын бараа бүтээгдэхүүний экспортлогч хоёр дахь том зах зээл юм. Алт, ноолууран бүтээгдэхүүн голлож байна.

Найм дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж байгаа олон улсын ханган нийлүүлэгчдийн “Mongolia Mining 2018” үзэсгэлэнг ивээн тэтгэгчээр оролцох болсон учир шалтгаан чухам юу байв?
Монгол улс дахь Их Британийн ЭСЯ энэ жил олон улсын “Mongolia Mining 2018” үзэсгэлэнд ивээн тэтгэгчээр оролцох гэж байна. Энэ нь хөрөнгө оруулалтын чиглэлийн чухал арга хэмжээнүүдийн нэг. 2016 оны сүүлчээр тухайн үеийн УУХҮ-ийн Дэд сайд Х.Бадамсүрэн Лондон хотноо айлчилсан юм. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Их Британи-Монгол улсын уул уурхайн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Уг санамж бичигт Монголын хөрөнгө оруулалтын томоохон арга хэмжээнүүдэд Их Британи улсын уул уурхайн салбарынхны чадамж, чадавхийг сурталчлах ажлыг тусгасан байдаг.     

Нөгөөтэйгүүр, “Mongolia Mining 2018” арга хэмжээнд Их Британи улсын ЭСЯ оролцох нэг шалтгаан нь дөнгөж томилогдсон Монгол улс дахь Худалдааны элч Жулиан Найт албан ёсоор дөрөвдүгээр сарын 4-нд Улаанбаатар хотноо айлчлах юм. Худалдааны элч маань үзэсгэлэнд оролцох Их Британийн компаниудын төлөөлөгчдийг тэргүүлж  ирэх юм.   

Их Британийн төлөөлөл хэчнээн компани оролцохоор байна вэ? Эдгээр компаниуд ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ, дэвшилтэт технологийг шинээр танилцуулах бол?
“Mongolia Mining 2018” үзэсгэлэн дээр Их Британи улсын төлөөлөгчдийн павильон засагдана. Компаниуд инновацийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг илүүтэй танилцуулах болно. Төлөөлөгчдийн павильон дээр ирж үзэж сонирхохыг урьж байна.

Мөн арга хэмжээнд Их Британийн уул уурхайн салбарын мэргэжилтэн Рос Ланд илтгэл тавина. Тэрээр илтгэлдээ Их Британи улсын уул уурхайн салбарын хөгжил, чиг хандлага болоод Экспортын санхүүжилтийн агентлагтай Монголын компаниуд хэрхэн хамтран ажиллах, уул уурхайн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг Британи улсаас авах боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

Их Британийн Элчин сайдын яамнаас уул уурхай, ханган нийлүүлэгч  компаниудыг хэрхэн дэмжиж ажиллаж байна вэ?
Манай хоёр улсын хооронд байгуулсан уул уурхайн салбар дахь харилцааг бэхжүүлэх харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Их Британи, Монголын уул уурхайн компаниудын төлөөллийг хоёр улс руу харилцан танилцуулах айлчлал зохион байгуулдаг. Айлчлалын үеэр компанийн төлөөлөгчдийг эрдэс баялгийн салбарын төр, хувийн хэвшлийнхэнтэй танилцуулах, туршлага хуваалцах ажил хэргийн уулзалтууд зохиогддог. “Mongolia Mining 2018” арга хэмжээнд оролцох Их Британийн компаниудын энэ удаагийн төлөөлөгчид Оюутолгой, Тавантолгой ордын уурхайнуудтай танилцах юм. Үүнтэй адил Монголын уул уурхайн компаниудын төлөөлөл Их Британи улсад айлчилж, эрдэс баялгийн томоохон үйлдвэрлэгчидтэй уулзаж, уурхайнуудтай танилцдаг.       

Өнөөгийн байдлаар Монголын уул уурхайн салбарт Их Британийн хэчнээн компани үйл ажиллагаа явуулж байгаа вэ?
Монголын уул уурхайн зах зээл дээр ханган нийлүүлэлт, зөвлөх үйлчилгээ, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ зэрэг олон чиглэлд Их Британийн компаниуд ажиллаж байна. Эдгээрээс хамгийн том нь уншигчдын сайн мэдэх “Оюутолгой” компанийн томоохон хувьцаа эзэмшигч болох Их Британи-Австралийн хамтарсан “Рио Тинто” групп юм. Уул уурхайн салбар дахь Их Британийн компаниудын хувьд зах зээлд нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж нь инновацийг шингээсэн, урт хугацааны эдэлгээтэй байдгаараа онцлог­той. Бүтээгдэхүүнээ нийлүүлээд зогсохгүй худалдан авалтын дараах ашиглалтын арчилгаа, засвар үйлчилгээнд анхаарч ажилладаг давуу талтай. 
 
Компаниудад Монголын зах зээл дээр орж ирэхэд, үйл ажиллагаа явуулахад учирч буй саад бэрхшээл юу байна вэ?
Аль ч улсад хөрөнгө оруулалт хийхэд тодорхой саад бэрхшээлүүд тулгардаг. Монгол улсын хувьд хөрөнгө оруулалтын индексээр төдийлөн доогуурт тооцогддоггүй. Монгол улсын Засгийн газрын зүгээс гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах нь маш чухал байгаа нь мэдэгдсэн. Энэ чиглэлээр ч идэвхтэй ажиллаж байгаа нь ажиглагдаж байна. Монгол-Америкийн бизнес уулзалт дээр Монгол улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар татварын ямар өөрчлөлтүүд хийгдэх гэж байгааг гадны хөрөнгө оруулагчдад тайлбарласан нь зөв зүйтэй санагдсан.   
                
Зөвхөн Их Британи гэлтгүй олон улсын хөрөнгө оруулагчдын хувьд ил тод, тогтвортой хууль эрх зүйн орчин хамгийн чухал юм. Мэдээж бизнесийн орчин маш тодорхой байхыг хүсдэг. Аливаа хууль тогтоомжид өөрчлөлт оруулах гэж байгаа бол тэрхүү өөрчлөлт бизнесийн орчин, хөрөнгө оруулалтад нөлөөлөхөөс хамгаалах хугацааг тооцох хэрэгтэй болов уу.
Мөн хөрөнгө оруулалтын маргаан үүссэн тохиолдолд Монгол улсын хувьд Эрүүгийн хуулиар шийдвэрлэдэг нь Их Британийн хөрөнгө оруулагчдын санааг зовоодог нэг асуудал юм. Дэлхийн улс орнуудын жишгээр ийм маргааныг Иргэний шүүхээр шийдвэрлэдэг. Монгол улс ийм асуудлыг Иргэний шүүхээр шийдвэрлэдэг болвол гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх бас боломжтой.    

Их Британи улсын зүгээс Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулах боломжийг Та хэрхэн харж байна вэ?
Монгол улсын эдийн засаг, уул уурхайн салбарын талаар миний хувьд маш өөдрөг бодолтой байна. Өнгөрсөн жилээс ОУВС-тай хамтран ажилласнаар Монгол улсын эдийн засаг 5%-ийн өсөлттэй байгаад баяртай байна. Монгол орон байгалийн баялаг ихтэй. Гэхдээ эрдэс баялгаас гадна эдийн засгаа бусад салбаруудаар дамжуулан хөгжүүлэх өргөн боломж харагддаг. Хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн өндөр үзүүлэлттэй салбарууд байна. Эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэх гол хүч нөөц нь боловсролтой, өндөр чадвартай монгол иргэд юм.

Ярилцсанд баярлалаа.