Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

Тавантолгойн тал бүрийн асуудал



Н.Ариунтуяа


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 4 дүгээр сарын 10-13-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. Хоёр сарын дараа буюу 6 дугаар сард Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өмнөд хөршид айлчилна. Төр, Засгийн тэргүүнүүдийн айлчлалаар ямар хэлэлцээр хийх, ямар баримт бичгүүд үзэглэх талаар ам нээх албаны хүмүүс мэдээж хомс байна. Юутай ч улс орны эдийн засгийн хөгжлийг дэмжих хамтын ажиллагааны томоохон төслүүдийг эхлүүлэх, уул уурхай, эрчим хүч, зам тээвэр, хилийн боомт зэрэг салбарын тодорхой асуудлыг урагшлуулахад чиглэсэн яриа хэлэлцээ идэвхтэй хийж, үр дүн гаргах болов уу гэх хүлээлттэй байна.

Тэр тусмаа Ерөнхий сайд Хүрэлсүхийн айлчлалаас чухал нэг үр дүн хүлээж байгаа нь Тавантолгой ордын цогц ашиглалт болон Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын төсөл, нүүрсний нийлүүлэлтийн тогтвортой байдал.

Айлчлалын бэлтгэлийг ч энэ хүрээнд хангаж байгаа ба Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид хоёрдугаар сарын эхээр Хятадад ажиллаад ирсэн юм. БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэнтэй уулзаж, “Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдэх чиглэлд хамтран ажиллах, нүүрс тээвэрлэх авто замыг шинэчлэн сайжруулах, Гашуунсухайт-Ганцмод боомтоор хил нэвтрэхэд тээврийн хэрэгслийн дарааллыг багасгах, учирч буй хүндрэлүүдийг арилгах талд шуурхай арга хэмжээ авахыг хүссэн бөгөөд сайд Ли Шяопэн асуудлыг судалж, ойрын хугацаанд арга хэмжээ авахаа мэдэгдсэн” гэх үг өгүүлбэр Зам тээврийн хөгжлийн сайдын урд хөршид ажилласан тухай албан мэдээнд дурайж харагдана. Залгуулаад уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, тээвэрлэлтийн зардлыг бууруулах, Замын-Үүд-Эрээн боомтын ачааллыг багасгах зорилтын хүрээнд Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэх, Монгол Хятадын хилийн төмөр замын Ханги-Мандал боомтыг нээх, холболтын цэгийг тохиролцох асуудлыг хөндөн тавьсан ба Хятадын талаас эдгээр төслийг дэмжихээ илэрхийлж, Ажлын хэсэг гарган хамтран ажиллахаар тогтсон тухай дурджээ. Энэ чиглэлээр ч УИХ-ын зарим гишүүд урд хөршид ажиллаж байх шиг байна.

Эдийн засгийг эрчимтэй сэргээж, том төслүүдийг зоригтой хөдөлгөнө гэсэн амлалтаар гарч ирсэн У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилогдонгуут Тавантолгойг одоо л нэг урагшлуулах нь гэх хүлээлт нийгэмд бий болсон юм. Ерөнхий сайдаар томилогдоод анхны  айлчлалаа БНСУ-д хийсний дараа тэрээр Тавантолгойг шийднэ гэдгээ мэдэгдсэн. Түүний хэлсэн үг цөөнгүй асуудлыг тодруулсны зэрэгцээ тодорхойгүй зүйлийг ч дутахгүй дагуулав. 

“Тавантолгойн асуудал бол цэвэр манай дотоодын улс төрийн асуудал. БНХАУ Тавантолгойг хөдөлгөх бүрэн боломжтой бөгөөд сонирхож байгаа. Өнөөдөр Монгол улс Тавантолгойн баялгаа БНХАУ руу л гаргана. Тиймээс бид тэдэнтэй хамтран ажиллах ёстой. Харин дотооддоо яаж ажиллах вэ гэдэгт хоёр хувилбар байна. Эхнийх нь Монголын үндэсний үйлдвэрлэгчид буюу компаниудыг оролцуулж хамтран ажиллах, хоёр дахь нь “Эрдэнэс Тавантолгой” БНХАУ-тай хамтран ажиллах. Үүн дээр бид улс төрийн шийдвэр гаргах ёстой. Эцсийн эцэст УИХ дээр очиж шийдэгдэнэ. Тийм учраас аль, аль талдаа ойлголцож асуудлыг урагшлуулах нь чухал. Хүний өөрийн  нам гэх шаардлага байхгүй” гэж хэлсэн.

Тодорхой зүйл гэвэл Тавантолгой Хятадаас бүрэн хамааралтай болж байгаа нь илэрхий. Тавантолгой төслийн хөрөнгө оруулагчаар шалгарсан “Энержи ресурс”, Хятадын “Чайна Шенхуа энержи”, Японы “Сүмитомо” компанийн Консорциумын талаар Ерөнхий сайд үг унагаагүй ч “дашийн шог” болсон нь илт. Түүний хэрээр цор ганц зах зээлээс хараат бус байх гэсэн монголчуудын эрмэлзэл улам бүдгэрэн байна. Тавантолгойн орд дээр гуравдагч орнуудын хөрөнгө оруулалт татах бүх бололцоо бидэнд байсан билээ. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг олон улсын бирж дээр гаргачих боломж ч өндөр байсан. Гэхдээ ийм боломжоо өөрсдөө бид хааж боосоор өнөөдрийг хүрсэн. Өдгөө коксжих нүүрсний цор ганц худалдан авагч Хятадтай хамтрахаас өөр сонголтгүй гэж Ерөнхий сайд үзэж байгаа нь аргагүйдсэн алхам юм.

Ерөнхий сайдын үг, Зам тээврийн хөгжлийн сайдын өмнөд хөршдөө тавьсан хүсэлт зэргээс харвал Тавантолгойд зээл өгөөч гэж хятадуудтай ярих нь гэж ойлгогдож байна. Улс хоорондын зээл бол улс төрийн зээл. Бизнесийн агуулгаас шал өөр нөхцөлөөр явдаг, элдэв сонирхол, эрх ашгаа тулгадаг. Нөгөө талаар ОУВС-гийн хөтөлбөрийн хугацаанд манай улсын авах зээлийн хэмжээ хязгаартай байгаа. Ийм тохиолдолд Тавантолгой дээр асар том хөрөнгө оруулалтын хэлэлцээр ч юмуу байгуулж, өмнөд хөршөөс хэт хамааралтай, эрсдэл өндөр  зээлийг Улс өөртөө авах нь хэр зөв бэ гэх асуулт гарч ирнэ. Тэгвэл компани болон төр засгийн хийх ёстой ажлыг ялгаж салгавал яаж байна. Компаниудад төрийн санхүүд дараа болохгүйгээр төслийн санхүүжилт, хувьцаагаа зарах зэргээр мөнгө босгоод, дэд бүтэц болон бусад асуудлаа шийдээд явах эрхийг нь өгчихвөл яасан юм.

Биднийг будилж мунгинан байх зуур нөхцөл байдал 5, 10 жилийн өмнөхөөс эрс өөрчлөгдөж буйг тэмдэглэе. Нүүрсний зах зээл сайжирч байна. Цаашаа ч муугүй байх таамгийг судалгааны байгууллагууд дэвшүүлсээр байгаа. Дэлхийн хоёр дахь том коксжих нүүрс импортлогч Энэтхэг улсын эрэлт ирэх 10 жилд оргилдоо хүрэх төлөв коксжих нүүрсний ирээдүйг улам өөдрөг харагдуулж байна. Түүхий эдийн үнийн таатай байдлаас үүдэн Монголын нүүрсний компаниудын нөхцөл байдал хамаагүй дээрдэж эхэллээ. Үнийн өсөлтийн мөчлөг ганцхан жилд ямар сэргэлт авчирч болдгийг бүгд харж байна. Нийлүүлэлт дээр хязгаарлалт тавигдаагүй бол нүүрсний компаниуд экспортоо ханатал хийж, түрийвч нь улам түнтийх байлаа. Зөвхөн Тавантолгойн бүлэг ордод  үйл ажиллагаа явуулж буй компаниудаар жишээ татахад үйлдвэрлэл нь эрс ахилаа. Дагаад үнэ цэн нь ч өсч, үр нөлөө нь нэмэгдэж байна.

Байгуулагдсан цагаасаа эхлэн олборлосон бүх нүүрсээ өр, хүүгийн төлбөрт  өгч, үргэлж өр зээлийн дарамтад санхүүгийн хүнд нөхцөлд явж ирсэн “Эрдэнэс Тавантолгой” өрийн хавхнаас салж, түүхэндээ анх удаа өнгөрсөн жил 438 тэрбум төгрөгийн ашигтай ажиллав. Тавантолгой дахь Ухаахудагийн төсөлдөө тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн  “Энержи ресурс”-ийн ашиг 2011 оноос хойших хамгийн дээд түвшиндээ очлоо. 

Ийм нөхцөлд Тавантолгойн коксжих нүүрс экспортлогч компаниуд нэгдэн төслийн компани байгуулж, дэд бүтэц дээрээ гаднаас төслийн санхүүжилт  босгож яагаад болохгүй гэж.  “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд өөрийн баланс, санхүүгийн тайлангаа ашиглаад компани дээрээ мөнгө босгох боломж нээгдэж байна. Аль ч улсын банк руу хандах нөхцөл чөлөөтэй.
Яг энэ асуудлаар MICC-ийн ерөнхийлөгч Д.Ачит-Эрдэнээс тодруулга авсан юм. Түүнтэй холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” компани дээр MICC-ийн хийсэн зах зээлийн судалгааг MMJ гуравдугаар сарын дугаартаа онцлон танилцуулж байна. Гол нь дэд бүтцийн дутагдалтай байдал, тээвэрлэлтийн зардал ихтэй систем, нэг импортлогчоос хэт хараат байдал нь Монголын коксжих нүүрсний компаниудын үнэлгээг ижил төрлийн гадны компаниудаас хэд дахин бага болгож буйд анхаарал хандуулна уу хэмээн хүсье.  

Харин Төр, Засгийн зүгээс хийх асуудлаа эрэмбэлвэл Монголоос Хятад улсад нүүрс экспортлох дүнг баталгаажуулж, тээвэрлэлт, боомтын нэвтрэх хүчин чадлыг хамтын чармайлтаар нэмэгдүүлэх зарчмын тохиролцоо хийх нь нэг номерын ажил юм. Хятадын талтай хэдэн арван жилийн урт хугацааны нүүрс экспортлох буюу худалдах худалдан авах гэрээ байгуулах урьдчилсан хэлэлцээр хийж, нүүрсний экспортын тоо хэмжээгээ тохиролцож, баталгаажуулаагүй тохиолдолд хэчнээн сайхан төмөр зам тавиад, хэдэн эгнээ авто зам жирийлгээд, экспортын гарцаа яаж нэмээд ч нэмэргүйг өнгөрсөнд харлаа, одоо ч туулж яваа бэрхшээл маань. Яг энэ мөчид Гашуунсухайтын боомт дээр нүүрс ачсан авто машины цуваа 70 гаруй км хүрчихээд байна.

Араас нь хийх ёстой ажил гэвэл боомтуудаа олон улсын болгох, төмөр замтай холбох, далайц гарцтай болох, тарифийн хөнгөлөлт авах гээд өмнө тохиролцсон ч бодит ажил болгох ёстой ажлууд хүлээгдэж байна. Энэ бүгдийг Төр, Засаг нь Төр, Засаг шиг зохицуулаад өгвөл компаниуд хийх ажлаа хийчихнэ.    

Тодорхойгүй гэж хэлсэн зүйлсийн хувьд Тавантолгой дээр хятадуудтай ярихаасаа өмнө дээвэр дороо учраа олох зүйлс бас байна. Тавантолгой дээр байгаа бүх боломжоо тултал ашиглая. Тавантолгой бол зөвхөн төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”-н асуудал биш юм. Бүлэг ордод үйл ажиллагаа явуулж байгаа улсын, орон нутгийн, хувийн хэвшлийн өмчтэй үндэсний компаниудын асуудал. Тавантолгой бол төр хувийн хэвшлийг өрсөлдүүлэх биш, харин ч тэднийгээ хамтад нь босгож ирэх тухай асуудал юм. Үндэсний компаниудынхаа байр суурийг зах зээлд улам бататгах, улмаар Монголын нүүрсний салбарыг өрсөлдөх чадвартай болгох учир шалтгааны зангилаа нь билээ. 

Тавантолгойн нүүрсний бүлэг орд дээр үйл ажиллагаа явуулж буй “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс”, “Тавантолгой” компаниудын нүүрс олборлох зардал, худалдаалах үнэ, тээврийн зардал гурван өөр. Гурван компанийг маркетингийн нэгдсэн бодлоготой болгох, нүүрсний чанар, олборлох, экспортлох, тээвэрлэх тоо хэмжээг уялдуулсан бодлого барьж ажилла гэж хэлсэн өмнөх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын үүрэг Засгийн газартайгаа хамт замхраад алга боллоо. Уг нь аль Засаг, хэн хэлсэндээ гол биш, монгол нүүрс нэг эрх ашгаар гадныхантай өрсөлдөн, нүүрсээ үнэ хүргэж худалдаалах, экспортын орлогоо нэмэгдүүлэх тухай улсын эрх ашгийн асуудал байсан юм.

Чухам ийм учраас Ерөнхий сайд хятадуудтай ярихаасаа өмнө дотооддоо учраа олохгүй байгаа, өөр хоорондоо өрсөлдөж, үнээрээ нэгийгээ нам цохиж унагаад байдаг монгол компаниудтайгаа эхэлж ярилцах, тэдний оролцоог Тавантолгой дээр хэрхэн хангах бодлогоо эхлээд тодорхойлох ёстой юм. Цаашид Тавантолгойн орд дээр улсын, орон нутгийн, хувийн гурван хэвшлийг өрсөлдүүлсээр байх уу? Өөр хоорондоо өрсөлдөн, боломжуудаа гадагшаа алдсаар байх уу. Нэг ордын нүүрсийг нэг нь угаагаад болоод байхад яагаад нөгөө нь хэдхэн алхмын зайтай сул байгаа үйлдвэрт нийлүүлээд угаачихаж болдоггүй асар өндөр зардлаар түүхийгээр нь зөөгөөд байдаг юм. Монголын коксжих нүүрсний экспортын хүчин чадлыг Хятадын зах зээлд хэрхэн шингээх юм. Энэ бол өнөө маргаашдаа монголчууд бидний дотроо шийдэх асуудал мөн. Өнөө Ерөнхий сайдын яриад байгаа дотооддоо гаргах ёстой улс төрийн шийдэл билээ.

Нөгөө талаар нүүрсний импортын худалдааны цогц бодлоготой Хятад улсын барьж буй ногоон бодлого Монголын нүүрсний экспортыг хэмжээ хязгааргүй шингээгээд байхгүй  нь илэрхий байна. Экспортын хэмжээгээ ахиулах нь дан ганц биднээс хамаарахгүй ийм нөхцөлд чанартай экспорт хийх нь юу юунаас илүү чухал. Төрийн болон хувийн хэвшлийн хоёр том компани хоорондоо өрсөлдөн, гадагшаа өрсөлдөх чадвараа алдаж буйг зогсоож, нэг талд гарч хамтрах шаардлага байна. Тэр боломж монголчууд бидний гарт байгаа.

Ядахнаа цаг алдалгүй эхлээд “Энержи ресурс”-ийн 15 сая тонн боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийг 100% ашиглая л даа. Тус компанийн 2017 оны санхүүгийн аудитлагдсан тайланд өнгөрсөн жил 8 сая тонн нүүрс боловсруулж 4.1 сая тонн баяжуулсан нүүрс экспортолсон гэснээс үзвэл үйлдвэр нь 50 гаруй хувийн хүчин чадлаар ажиллаж байна. “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс” хоёрыг угаах үйлдвэрээ ашиглаад хамтдаа нэмүү өртөг шингэсэн, өрсөлдөх чадвартай нүүрс экспортлохыг эхлээд шаардъя. Хамтраад нүүрсээ угааж, борлуулалтын үнээ хамгаалсан нэг бодлогоор ажиллахыг шахъя. Тэгвэл урд хил дээр овоороод байгаа “Эрдэнэс Тавантолгой”-н авто машины тоо тавин хувиар багасч таарна. 

“Эрдэнэс Тавантолгой”-н төлөвлөж буй угаах үйлдвэр, нүүрс зөөх төмөр зам хэзээ нэг цагт баригдах л байх. Тэр болтол эргэлзэж суулгүй шуурхай ажиллаж, боломжийг ашиглах ёстой юм. Боломж үүлэн чөлөөний нар шиг зурвасхан тохиодгийг өнгөрсөн сургамж хангалттай ойлгуулсан. Хурдтай шийдэмгий хөдөлж чадах аваас нөхцөл байдлыг яагаад Монголд  ашигтайгаар эвтэйхэн зохицуулах, бас чиг хожих арга ухаан сийлж болохгүй гэж. Өрсөлдөгчдөө хорлох гээд  улсаа унагадаг улстөрчдийн увайгүй үйлдэл, дотоодын улс төрийн маргааныг улсын эрх ашгийн үүднээс зохицуулсан ухаалаг алхмыг У.Хүрэлсүх одоо хийхгүй бол хэзээ хийх гэж.