Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“Mongolia Gold 2018” олон улсын чуулган үргэлжилж байна


Монголын Уул уурхайн бирж  нь алтны салбарын хөрөнгө оруулагчдын “Mongolia Gold” олон улсын чуулга уулзалтыг анх удаа 2017 оны гуравдугаар сарын 17-нд зохион байгуулж байсан билээ. Тэгвэл энэ удаагийн “Mongolia Gold-2018” чуулганыг  тус байгууллага “Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбоо”-той хамтран “Корпорейт конвейшн” төвд зохион байгуулж буйгаараа онцлог юм.

Хурлын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Батбаяр,  Монгол банкны Нөөцийн удирдлага,  санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин, Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Т.Ганболд нар оролцсон юм. 

Тус хурлын эхний өдөр  “Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбоо”-ны бүх гишүүдийн V-р хурал болсноороо илүү ач холбогдолтой, өргөн хүрээтэй бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд оролцсон төр засаг, банк, төрийн бус байгууллагын удирдлагууд салбарынханд хандан мэндчилгээ дэвшүүлсэн юм.

“Та бүхний хичээл зүтгэлээр алтны салбарынхан 2017 онд арвин ургац хурааж, Монгол Улсын эрдэнэсийн санг 20.1 тонн алтаар арвижуулсан. Энэ нь мөнгөн дүнгээрээ ойролцоогоор 800 сая ам.долларын валютыг улс эх орондоо бий болголоо.  Сүүлийн дөрвөн жилд бидний үйл хэрэг эрчимтэй явагдаж байгааг алтны салбарт үзүүлсэн статистик тоон үзүүлэлтээс харагдана. Энэ бол манай салбарын эрх зүйн орчин харьцангуй таатай болсны тод жишээ юм” хэмээн Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Т.Ганболд хэлсэн үгэндээ тодотгож байлаа.

Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд, төр захиргааны байгууллагууд, аймаг, орон нутгийн удирдлагуудын дунд байгаа үл ойлголцлыг арилгах, үйлчилж байгаа хууль, дүрэм журмын алдаа дутагдлуудыг засах залруулах үүднээс БОАЖЯ-ны зүгээс  Хууль зүй, дотоод хэргийн яам, Тагнуулын Ерөнхий Газар, Татварын Ерөнхий газартай хамтран Ажлын хэсэг байгуулан ажиллаж буйг Н.Цэрэнбат сайд дуулгалаа.

Хариуцлагагүй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээг авах үүднээс  Байгаль орчны мэдээллийн нэгдсэн, цогц санг үүсгэн байгуулахаар ажиллаж байгааг тэрээр мөн онцолж байсан.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Уул уурхайн салбарт гарч байгаа төрийн бодлого, шийдвэрүүдийг тогтвортой мөрдөх асуудал чухал. Лиценз олголтын асуудлаа салбарын яам яаралтай шийдэх хэрэгтэй. Улсын төсөв батлах хүрээнд шинэ Засгийн газар   уул уурхайн хуулийн гол цөмийг өөрчилсөн. Зөвхөн сонгон шалгаруулалтаар тусгай зөвшөөрөл олгох хэлбэр рүү шилжиж байгааг  би буруу гэж үзэж байгаа. Тусгай зөвшөөрлийг өргөдлөөр давхар олгох хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийллээ.   

Хурлын эхний өдөр Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Э.Энхбат Монголын алтны салбарын өнөөгийн байдал, тулгарч буй бэрхшээл, УУХҮЯ-ны  Геологийн бодлогын газрын мэргэжилтэн Ц.Мөнхцэнгэл “Алт 2 үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, цаашид хийгдэх ажлууд” сэдвээр илтгэсэн бол тус яамны ахлах мэргэжилтэн Ч.Цогтбаатар Уул уурхайн тухай хуулийн төслийн талаар танилцууллаа.  Мөн АМГТГ-ын мэргэжилтэн Ц.Цэгц “Монгол Улсын алтны үйлдвэрлэл, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ”, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Б.Саран “Уул уурхайн нөхөн сэргээлтийн талаар баримтлаж буй бодлого” сэдвээр сонирхолтой мэдээлэл хийлээ.

УУХҮЯ-ны сайдын тушаалаар  шинэчилэн байгуулагдсан  Ажлын хэсэг Уул уурхайн тухай  хуулийн төслийг боловсруулан ажиллаж байгаа аж. Ерөнхийдөө уурхайн хаалтын төлөвлөгөөтэй нь эрх бүхий байгууллага танилцсаны дараа  ашиглалтын тусгай зөвшөөрөл олгодог систем рүү шилжих байх хэмээн салбарын яамны төлөөллүүд онцолж байсан. Цаашид уг хуулийн төслийг олон улсын сайн туршлагад нийцүүлэх, энэ чиглэлээр олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэх гээд олон ажил хүлээгдэж байгаа юм байна.             

Алтны салбарын хууль эрх зүй, татварын болон хөрөнгө оруулалтын орчинг тогтвортой байлгах, “Урт нэртэй” хуулийн нэмэлт өөрчлөлтүүдээс үүдэн бий болсон аж ахуйн нэгжүүдэд учирч буй эдийн засгийн болон бусад хохирлуудыг шийдвэрлэх, бэлтгэгдсэн нөөцүүдийг эргэлтэд оруулах, алтны үүсмэл орд болон хаягдал овоолгыг дахин боловсруулах, алтны уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, нөхөн сэргээлттэй холбоотой үйл ажиллагааны зохицуулалтыг сайжруулах, бичил уурхайн алт олборлолт, борлуулалтын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шороон ордын металл авалтыг нэмэгдүүлэх, хаягдлыг бууруулах зэрэг  шийдэх ёстой олон  асуудал салбарт тулгамдаж байгааг  хуралд оролцогчид онцолж байсан.    

Хурлаар алтны салбарт тулгарч буй саад бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэж, шийдэлд хүрэх, төрийн байгууллагууд, орон нутгийн ИТХ-ийн төлөөлөгч нартай болон Хятадын Алтны холбоотой хамтын ажиллагааны санамж бичгийг Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбооны удирдлагууд байгуулав.

Мөн алтын төслүүдэд хөрөнгө оруулалтыг татах зорилгоор бизнес уулзалтууд зохион байгуулагдаж, дэлхийн дэвшилтэт техник, технологи, алтны геологи хайгуул, туршилт, судалгаа, санхүүжилтийн сонирхолтой илтгэлүүд тавигдаж, салбарт үйл ажиллагаа явуулдаг 25 компани үзэсгэлэнгээ гаргаж байна.

Хурлын дундуур хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны бизнес уулзалтууд өрнөж, алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд Монгол Улсын Хөгжлийн Банкнаас санхүүжилтыг хэрхэн авах, шаардлага хангасан банкны ТЭЗҮ-ийг хэрхэн боловсруулах, Голомт банкнаас алтны хэджинг буюу ханшийн эрсдлээс хэрхэн сэргийлэх, Сорьцын хяналтын газраас хэмжил зүйн, МБОМХ-ноос нөхөн сэргээлтийн шилдэг туршлагын талаар сургалт, зөвлөгөө өгч байлаа.

Хурлын хоёр дахь өдөр Монголын Уул уурхайн мэргэжлийн холбоодын Зөвлөлийн Ерөнхийлөгч Д.Цогбаатар, УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Дэлгэржаргалд алтны салбарт тулгамдаж буй асуудлаа аж ахуйн нэгжүүдээс авсан санал асуулгын үр дүнг гардуулна. Үүний дараа Хятадын Алтны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Ёнтао тус улсын “Алтны аж үйлдвэрийн хөгжлийн талаархи шинэ санаа”, Үнэт металлын сорьцын хяналтын газрын дарга Д.Бэхбат  “Алтны нийлүүлэлтийн сүлжээнд Үнэт металлын сорьцын хяналтын газрын оролцоо” сэдвээр илтгэх юм. Түүнчлэн орон нутгийн засаг захиргааг төлөөлөн  хүрэлцэн ирсэн төлөөллүүд болох  Дорнод аймгийн Баяндун, Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг дарга нар алтны салбарын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй ажлуудныхаа талаар танилцуулах аж.     

Хурлын хоёр дахь өдрийн орой “Mongolia Gold Awards 2018” хүндэтгэлийн хүлээн авалт болох бөгөөд “Шилдэг алт тушаагч”, “Шилдэг сорьцын үйлчилгээ үзүүлэгч”, “Нөхөн сэргээлтэд шилдэг менежмент нэвтрүүлэгч” аж ахуйн нэгж, хүндэт харилцагч нарт Монголбанк, Сорьцын хяналтын газар, МБОМХ, МУУБ-ээс тодруулан шагнал гардуулах юм.

                                                                                                                                             Г.Идэр