Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Түнш

Катерпиллар нь технологийн компани болон өргөжиж байна



Монголын уул уурхай, дэд бүтцийн салбарт томоохон байр суурь эзэлдэг “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани шинэ оноо шинэ зорилт, төлөвлөгөөтэйгээр угтаж байна. Тус компани 2025 он хүртэлх стратеги төлөвлөгөөгөө боловсруулсан бөгөөд энэ хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлуудаа хэдийнэ эхлүүлжээ. Энэ талаар “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанийн Ерөнхий захирал Келвин Коукинэн, тус компанийн  Худалдаа, түрээсийн газрын захирал Э.Энхдэлгэр нартай ярилцсан юм.  

Ерөнхий захирал Келвин Коукинэн:

Энэ жил Монголын уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой тохиож байна. Салбарын хөгжил дэвшлийг гадаадын хөрөнгө оруулалт, тэр дундаа уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч дэлхийн томоохон компаниудын оруулсан хувь нэмэргүйгээр төсөөлөх аргагүй. “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” бол Монголын уул уурхайн салбарын сүүлийн 20 гаруй жилийн түүхийг бүтээлцсэн, Катерпилларын бүтээгдэхүүний чанар, үйлчилгээг оруулж ирсэн нэр хүндтэй компани. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье.

 “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани 1996 онд үүсэн байгуулагдсан. Үүнээс өмнө 1993 онд дэлхийд алдартай Катерпилларын техникүүд Монголд нийлүүлэгдсэн түүхтэй. Тодруулбал, Улаанбаатар хотыг эрчим хүчний нүүрсээр хангадаг Багануурын уурхайд Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр гурван техник, Шивээ-Овоо хувьцаат компанид АНУ-ын буцалтгүй тусламжаар хоёр техникийг тус тус нийлүүлж байсан. Шивээ-Овоогийн уурхайд нийлүүлсэн хоёр бульдозерийн нэг нь 2016 он хүртэл ашиглагдсан гэдгээс Катерпиллар брэндийн чанар чансаа тодорхой харагдах байх.

Монголын уул уурхайн салбарын орчин цагийн 20 гаруй жилийн түүхэн  хөгжил дэвшил “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанийн үйл ажиллагаатай тодорхой хэмжээгээр холбоотой гэж би боддог. Монгол улсад 2003 оноос барууны уурхайн стандартууд нэвтэрч эхэлсний нэг бодит жишээ нь Бороо гоулдын уурхай. Хэдийгээр Катерпилларын техникүүд 1993 онд Монголд анх орж ирсэн ч Бороо гоулдын уурхай нь барууны техникүүдийн хүч чадал, үр өгөөжийг илүү мэдрүүлж чадсан.
Үндэсний төдийгүй олон улсын уул уурхайн түвшинд өрсөлдөхүйц операторын үйл ажиллагаа явуулж байгаа “Хишиг Арвин Индустриал” компани гэхэд Бороо гоулдын уурхайд ажиллаж байсан туршлагатай.

Худалдаа, түрээсийн газрын захирал Э.Энхдэлгэр:

1997 оноос хойш Катерпиллар брэндийн үнэнч хэрэглэгч байж ирсэн компани бол “Хишиг Арвин Индустриал”. Энэ компанийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа 400 гаруй техникийн дийлэнх нь Катерпиллар брэндийнх гэж сонссон юм байна?
Тийм ээ. Дэлхийн хэмжээний томоохон уурхай болох Тавантолгой орд дээр “Хишиг Арвин Индустриал” компани олборлолт явуулж байна. Мөн “Уул уурхайн үндэсний олборлогч” компанийг байгуулсан залуус маань   “Бороо гоулд”-ын уурхайгаас ажлын гараагаа эхэлж байсныг дурьдахад таатай байна. 

2010 онд “Энержи Ресурс”-ийн  Ухаахудагийн уурхайд барууны нүүрс олборлогч томоохон компаниудын нэг “Лейтон Азиа” олборлолт явуулахдаа мөн л Катерпиллар брэндийн  том оврын техникүүдийг ашиглаж байлаа.

Энэ мэтчилэн дэлхийн хэмжээний компаниуд орж ирснээр Монголын уул уурхай, дэд бүтцийн салбарын боловсон хүчин, ханган нийлүүлэгчдийг өсч хөгжихөд томоохон түлхэц болж байна. Эдүгээ манай үндэсний уул уурхайн олборлогч компаниуд өөрсдийн чадвар чадамжаа зузаатган, дэлхийн хэмжээний үйл ажиллагаа явуулахад дутахааргүй хүчин чадалтай болж, хөгжлийн дараагийн шат, Монголын уул уурхайн салбарын 95 жилийн ойн босгон дээр ирээд байна. Нөгөөтэйгүүр, үндэсний олборлогч компаниуд дэлхийн тавцанд өрсөлдөхөд нь “Вагнер Ази” компани дэмжлэг болсоор ирсэн гэдэгт эргэлздэггүй.

Түүнчлэн 2010 онд манай компани Катерпилларын албан ёсны, олон улсын сертификаттай тосны шинжилгээний лабораторийг, үүнээс нэг жилийн дараа анхны Агрегат засварын төвөө  амжилттай байгуулж, ашиглалтад оруулж байлаа. Энэ бүх түүхэн хөгжил нь Монголын уул уурхайн харилцагчдад үйл ажиллагааны зардлаа бууруулах боломж олгож ирсэн.

Тухайн тоног төхөөрөмжийг зардал өндөртэй эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлж, шаардлагатай засвар үйлчилгээг цаг алдалгүй хийхэд тосны шинжилгээ маш чухал үүрэгтэй. Агрегат засварын цехийн хувьд уул уурхайн тоног төхөөрөмжүүдийг гурван жил тутамд буюу 20 мянган мото цаг тутамд засварт оруулах ёстой. Гэхдээ шинэ хөдөлгүүр аваад суурилуулахдаа биш,  аль болох сэргээн засварлаад дахин ашиглах боломжийг бид олгодог юм.

Агрегат засварын цехийн үйл ажиллагааг өргөжүүлэх талаар танай компани тодорхой ажлууд төлөвлөж байгаа гэсэн. Энэ чиглэлд ямар ажлууд хийхээр зорьж байгаа вэ?

Ерөнхий захирал Келвин Коукинэн:

Агрегат засварын цехтэй болсноор “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани эд ангийн засварын зардлыг 50% бууруулж чадсан. Түүнээс гадна тухайн техникийн эвдрэлээс үүдэж, ажиллагаагүй зогсох цаг хугацааг богиносгож буй нь чухал юм. Бид машины хөдөлгүүрийг гадагш явуулж, засварлаад авчирдаг байхаа больж, зөвхөн Монголдоо тэр агрегат засварыг үр ашигтай, цаг хугацаа хэмнэсэн байдлаар хийх боломж бүрдэж байгаа. Өөрөөр хэлбэл, монгол инженерүүдийн гараар бий болсон, Монголд үйлдвэрлэгдсэн, монгол хүний нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болж буйгаараа онцлогтой.

Онцолж хэлэхэд, “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани Монголд өнгөрсөн хугацаанд явуулж ирсэн үйл ажиллагаа, энэ бүх мэдлэг туршлагадаа тулгуурлан дараагийн шат руугаа ахихад бэлэн болсон. Тухайлбал, Монголд явуулж байгаа үйл ажиллагааны хүчин чадлаа улам нэмэгдүүлэхээр зорьж байна. Агрегат засварын цехийн талбайн хэмжээг хоёр дахин томруулж, бүтээгдэхүүний гарцыг дөрөв дахин өсгөж, үйлдвэрлэлийн хурдыг 10 дахин нэмэгдүүлэх зорилтоо  2018 онд хэрэгжүүлэх болно. Мөн Сэлбэг сэргээн засварлах цехийг шинээр байгуулна.

Худалдаа, түрээсийн газрын захирал Э.Энхдэлгэр:

Бид Монголд байгаа Катерпилларын техникүүдийг  тус бүрчлэн хэдэн мото цаг ажиллаж байгааг маш сайн мэддэг. Эдгээр техникийн их засварт орох хугацаа ч ойртож байна. Тиймээс энэ ажлаа зөв төлөвлөж, бүтээмжээ нэмэгдүүлэх шаардлага бидэнд тулгарч байгаа юм. Ингэхийн тулд юуны түрүүнд үйлдвэрлэлийнхээ орон зайг тэлэх ёстой. Агрегат эд ангийг задлах, угсрах талбайг хоёроос гурав дахин нэмэгдүүлэх, үүнтэйгээ уялдуулан ажиллах хүчээ мөн хоёроос гурав дахин нэмэгдүүлэх тооцоо гарч байгаа.

Бид ойрын хугацаанд Сургалтын төвөө дахин сэргээн ажиллуулах  зорилт тавин ажиллаж байна. Эхний ээлжинд 50 оюутан  сургана. Түүнчлэн одоогийн үйлдвэрлэлийн процессыг илүү сайжруулах, эрчимжүүлэх хэрэгцээ шаардлага бидэнд бий. Энэ чиглэлээр тодорхой төсөл хэрэгжүүлэн ажиллах болно.

Агрегат засварын үйлчилгээг сайжруулахаас гадна сэлбэгийн бэлэн байдал харилцагчдад амин чухал байдаг. Энэ талаар юу хэлэх вэ?
Агрегат засварыг илүү богино хугацаанд гүйцэтгэх, өөрөөр хэлбэл  задалж, угсрах үйл ажиллагааг хурдасгах, сэргээн засварлах сэлбэгүүдийг бэлэн байдалд байлгах гэх мэт ажлууд бий. Сэлбэгийн бэлэн байдлыг хангах үйл явцыг сайжруулна гэсэн үг. Ингэхдээ илүү дэвшилтэт технологийг ашиглах замаар сэргээн засварлахад шаардлагатай сэлбэг хэрэгслийг зөв, нарийн төлөвлөлттэйгээр бэлэн байлгах боломж үүсэх юм.

Манай компанийн боловсруулсан “Вагнер Ази Тоног Төхөөрөмж 2025 оны алсын хараа”  стратеги төлөвлөлттэй Сэлбэг сэргээн засварлах цех байгуулах ажил маань нягт уялдах юм. Агрегат засварын цехээ сайжруулж, Сэлбэг сэргээн засварлах цехээ байгуулснаар харилцагчдынхаа тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах боломжийг бүрдүүлж өгнө. Түүнээс гадна “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани Катерпилларын шинэ үеийн дэвшилтэт технологи болох “Сэлбэг принтерлэх” технологийг оруулж ирэхээр судалж байгаа.

“Сэлбэг принтерлэх” гэдгийг тодруулна уу?
Энэ бол үйлдвэрлэлийн цоо шинэ технологи. Катерпилларын оригинал сэлбэгийг 3D-гээр принтерлэх ур чадварыг манай компанийн мэргэжилтнүүд эзэмших болно. “Сэлбэг принтерлэх” гэдэг нь тухайн эд ангийг цутгах, зорох аргаар биш, нунтаг түүхий эдээс шууд нэг цул хэлбэрээр принтерлэж гаргахыг хэлж байгаа юм.

Келвин Коукинэн захирал гурван сарын өмнө The Mongolian Mining Journal сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанийн үйл ажиллагааны 2025 он хүртэлх стратеги төлөвлөгөөний талаар ярьсан. Эхнээсээ ажил хэрэг болоод эхэлжээ, тийм үү?

Ерөнхий захирал Келвин Коукинэн:

Тийм ээ. Өнгөрсөн гурван сарын хугацаанд манай компанийн үйл ажиллагаанд хэд хэдэн дэвшил гарсан. Өмнөх ярилцлагад дурдагдсан мөрөөдөж байсан ажлууд маань компанийн удирдлагын түвшинд шийдэгдэж, 2018 оны үйл ажиллагааны төсөвт суусан. Төлөвлөсөн ажлууд маань бодитоор биелэх боломж бүрдэж байна.

Компанийн 2025 он хүртэлх стратеги төлөвлөгөөгөө ажилтан бүртээ танилцуулж, ойлголт өгсөн.  Стратеги төлөвлөгөөгөө хэрэгжүүлж, үр дүнд хүрэх үндсэн суурь бол мэдээж манай чадварлаг боловсон хүчин. Нөгөөтэйгүүр, “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани хүний нөөцийн зах зээл дээр хамгийн сайн ажил олгогч байхын тулд тодорхой төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Ажилчдадаа ээлтэй өөрчлөлтөөс энэ бүхэн маань эхэлж байгаа. Тухайлбал, цалингаас бусад нэмэлт урамшууллын хөтөлбөрүүдийг санаачилсан.

Ажилчдын гэр бүлийн гишүүдэд хүртээмжтэй эрүүл мэндийн даатгалыг “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани Монголын зах зээлд анх удаа, бусдыгаа манлайлан санал болгож байгаа. Түүнчлэн 2018 онд “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлнэ. Хүүхэд багачуудыг агаарын бохирдлоос сэргийлэхийн тулд стандартад нийцсэн амны хаалт, агаар цэвэршүүлэгч тараасан.

Мөн компанийн нийт албан өрөө, байгууламжуудад агаар цэвэршүүлэгч байршуулж, ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалахад онцгой анхаарч байна. Улаанбаатар хотын агаарын бохирдол өнөөдөр бидний өдөр тутмын эрүүл мэндтэй холбоотой асуудал болоод зогсохгүй Монгол улсын  үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн шүү дээ.

“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани Монголын тоног төхөөрөмж нийлүүлэлтийн зах зээлд эзлэх байр сууриа 25%-иар нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байгаа талаар Та өмнө дурдсан. Энэ зорилтдоо хүрэхэд мэдээж тодорхой хугацаа шаардлагатай байх?

“Катерпиллар” группын удирдлагууд­тай бид улирал бүр уулзаж, цаашдын төлөвлөгөө, хийж хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэлээ дүгнэн хэлэлцдэг. Саяхан бид ээлжит уулзалтаа хийж, ойрын гурван жилийнхээ төлөвлөгөөг баталлаа. “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани идэвхтэй бизнес, маркетингийн бодлого, засвар үйлчилгээ, төслийн менежментийн дэлхийн шилдэг арга барилаараа Монголын уул уурхайн салбарт тэргүүлэгч байр сууриа хадгалахыг хичээнэ.

Уул уурхайн салбарын хэрэглэгч­дийнхээ өрсөлдөх чадвартай, зардал багатай өндөр бүтээмжтэй ажиллах боломж бололцоог хангахад “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани илүү сайн үйлчилгээг үзүүлэхэд анхаарна. Тиймдээ ч гурван жилийн төлөвлөгөөний дагуу Монголын зах зээлд эзлэх байр сууриа 25%-иар нэмэгдүүлэх зорилтоо хэрэгжүүлэх болно.

Энэ дашрамд хэлэхэд, Катерпиллар компани зөвхөн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч байхаас илүүтэй технологийн компани болж өргөжиж байна. Эдүгээ тоног төхөөрөмжүүд илүү компьютержиж, ухаалаг болж байна. Операторын ур чадвараас үл шалтгаалсан, бүтээмж сайтай технологиуд бий болж байгаа. Түүнчлэн өмнө нь тухайн техникийг эвдэрсэн үед засварладаг байсан бол өнөөдөр эвдрэлээс урьдчилан сэргийлэх бодлого хэрэгжиж байна.

Орчин үед тоног төхөөрөмжүүд илүү ухаалаг болсноор нөхцөл байдалд суурилсан тоног төхөөрөмжийн стратеги руу шилжих болсон. Уурхайн нөхцөл янз бүр. Тэр бүх нөхцөлөөс хамааран тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний менежментийг илүү богино хугацаанд урьдчилан сэргийлэх байдлаар, зардлыг хамгийн бага байхаар тооцож хийхдээ тухайн нөхцөлд суурилсан тоног төхөөрөмжийн менежментийн стратегийг ашигладаг юм.

Энэ ярилцлагаараа дамжуулан The Mongolian Mining Journal сэтгүүлийн  нийт уншигчид болон “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанитай хамтран ажилладаг байгууллагууддаа ирж буй 2018 он, Монголын уул уурхайн салбарын 95 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье. Ирэх жилүүдэд та бүхнийхээ амжилтад бид тус дэмжлэгээ үзүүлж, хамтран ажиллах болно.

Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.