Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Уул уурхай

Шивээ Энержи цахилгаан станцын төслийн ТЭЗҮ-ийг танилцууллаа

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Хятад-Монголын хамтарсан “Шивээ-Энержи” цахилгаан станцын цогцолбор төслийн ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа. Уг уулзалтаар уг төслийн ТЭЗҮ-ийн боловсруулалтыг БНХАУ-ын талаас хариуцаж байгаа “Стэйт Грид Корпораци”-ийн тал Монголын талд судалгааг танилцууллаа.

ТЭЗҮ-д тусгаснаар “Шивээ Энержи” цахилгаан станцын нийт хүчин чадал нь 5280 МВт, цахилгаан дамжуулах шугамын хүчин чадал нь 660 МВт, нүүрс олборлолт 21 сая тонн/жил байхаар тооцоолжээ. ТЭЗҮ-д цахилгаан станцын төсөл, ус хангамж, ил уурхай, цахилгаан дамжуулах шугамын ажлыг хамруулсан. Ус хангамжийн шийдэл нь Хэрлэн голд үзүүлэх нөлөө маш багатай байх тухай Стэйт Грид Корпораци мэдэгджээ. Үйлдвэрлэсэн эрчим хүчийг Хятадын хойд хэсгийн муж болох Хэбэй мужийн өмнөд хэсэгт нэг МВт бүрийг 364.4 юаниар нийлүүлэхээр судалгаанд тусгасан байна. Станц ашиглалтад орсноор 5000 гаруй хүн ажлын байртай болно. Үүний 1500 хүнийг Хятад улсад нарийн мэргэжлээр сургах юм байна.

Ойрын хугацаанд уг ТЭЗҮ-ийг Монголын тал судалж үзээд тодорхой үнэлэлт дүгнэлт гарах юм байна. Хятадын талтай цахим шуудан эсхүл албан тоотоор харилцаж, шаардлагатай тохиолдолд тодорхой сэдвээр уулзалт зохион байгуулах замаар ажиллаж, гурван сарын дотор ТЭЗҮ-ийн хэлэлцүүлгийн ажлыг дуусгахаар төлөвлөсөн байна.

Үүний дараа холбогдох шийдвэрийг яам, Засгийн газрын зүгээс гаргана. Хэрэв манай улсын талаас шийдвэрээ гаргавал Хятадын тал ирэх жилээс эхлэн барилга угсралтын ажлыг эхлүүлэх боломжтой гэж илэрхийлснийг Эрчим хүчний яам мэдэгдлээ.