Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

ОУВС: Эдийн засаг өсөлттэй гарсан ч улс төрийн орчин тогтворгүй байна

Олон улсын валютын сангийн Захирлуудын зөвлөл энэ сарын 15-ны өдөр хуралдаж Монгол улсад хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн эхний болон хоёр дахь шатны үнэлгээний үр дүнг дүгнэсэн байна. Зөвлөлийн шийдвэрээр Монголд 55.9 сая зээлжих тусгай эрх (ЗТЭ) буюу 79.1 сая ам.долларын санхүүжилт олгохоор болжээ. Ингэснээр Монгол улс "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийн хүрээнд энэ онд нийтдээ 83.9 сая ЗТЭ буюу 118.6 сая доллар авахаар болж байна. Өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр хөтөлбөр батлагдах үед Монголбанкны дансанд 38.6 сая доллар орж ирж байсан билээ.

Хөтөлбөрийг батлахад манай улс ОУВС-аас хөтөлбөр хэрэгжих гурван жилийн хугацаанд нийтдээ 314.5 сая ЗТЭ буюу 425 сая гаруй доллар зээлэх боломжтой болсон юм.

Захирлуудын зөвлөлийн хурлын дараа ОУВС-ийн дэд захирал бөгөөд Захирлуудын зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч Мицухиро Фурусава Монголын эдийн засгийн нааштай өөрчлөлтүүдийг дүгнэн хэлжээ. Тухайлбал хөтөлбөрийн зорилтууд бүгд амжилттай биелэгдэж байгааг онцлоод Монгол улсын эдийн засгийн өсөлт энэ онд 3.3%-тай гарахаар байгаа нь хөтөлбөр батлагдаж байх үед тооцоолж байсантай харьцуулахад хавьгүй өндөр байгааг тэмдэглэжээ. Мөн энэ оны төсвийн алдагдал ДНБ-ийн 7.6%-тай гарч байгаа нь өмнөх 2016 оны үзүүлэлтийн талаас ч бага хэмжээтэй байгаа төдийгүй орлого нэмэгдэж, зардлыг хатуу чанд хянаснаар төсвийн үзүүлэлт таамагласнаас илүү сайжирсныг тэрбээр тодотголоо. Мөн ирэх оны төсвийн тухайд ч хөтөлбөрийн зорилттой уялдаж байгаа ажээ.

Нүүрсний экспорт огцом нэмэгдэж, гадаад бондын эх үүсвэр болон санхүүгийн зээл тусламжийн дүнд гадаад валютын нөөц нэмэгдсэн болохыг тэрбээр мөн онцолжээ.

Мицухиро Фурусава мөн Монголын улс төрийн орчин тогтворгүй байгаа ч төрийн удирдах байгууллага бүтцийн өөрчлөлтийг эрчимтэй хийж байгаа нь дунд хугацаанд өсөлтийг жигдрүүлж, эдийн засгийн өрсөлдөх чадвар, төрөлжилтийг сайжруулах, түүхий эдийн зах зээлийн өсөлт бууралтаас хамааралтай байдлыг багасгахад дэмжлэг болно гэдгийг тэмдэглэжээ.

Тэрбээр мөн хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй банкуудын Активын чанарын үнэлгээний үр дүн тун удахгүй гарахаар байгаа төдийгүй холбогдох хуулиуд батлагдахаар хүлээгдэж байгаа зэргээр банкны салбарын шинэчлэлийн үйл явцыг илтгэв.

Ерөнхий үзүүлэлтүүд ийнхүү сайн байгаа хэдий ч манай улсын эдийн засгийн нөхцөл байдал нь дэлхийн түүхий эдийн зах зээлээс хамаарсан, өрийн хэмжээ өндөр хэвээр байгаа тул хөтөлбөрийн хэрэгжилтийг сайтар хангах нь чухлыг тэрбээр санууллаа.


Б.Төгс