Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

Байгаль орчны аудит: Уул уурхайн компаниудын айдас бус боломж

  - Уул уурхайн салбарт байгаль орчны аудит зайлшгүй чухал
  - Байгаль орчны аудит хийлгэдэг нь ердөө 5%-тай байна
  - Салбарын компаниудад байгаль орчны аудитын талаарх ойлголт дутмаг байдаг

Монгол улсад 2012 онд Байгаль орчны багц хууль батлагдахад Байгаль орчныг хамгаалах тухай хуульд он удаан жил яригдсан нэгэн чухал ойлголтыг тусгаж өгчээ. Энэ нь Байгаль орчны аудитын тухай байв. 2013 оноос холбогдох дүрэм журмыг баталснаар байгалийн нөөц ашиглаж буй аж ахуйн нэгжүүд хоёр жилд нэг удаа энэ чиглэлийн аудитыг заавал хийлгэдэг байхаар тогтсон. Гэвч өнөөг хүртэл ердөө 36 аудит хийгдсэн нь байгаль орчны аудит хийлгэх ёстой байгууллагуудын ердөө 5% нь болохыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга А.Энхбат онцоллоо. 34 нь уул уурхай, үлдсэн хоёрыг нь аялал жуулчлалын үйл ажиллагаанд хийжээ. Энэ тухай өнөөдөр болж буй “Олборлох салбар дахь байгаль орчны менежмент” семинарын үеэр ярилаа.

Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, гүйцэтгэлийг шалгаж, үнэлгээ өгөх, зөвлөмж өгөх талаасаа байгаль орчны аудит нь компанийн үйл ажиллагаанд маш ашигтай байдаг. Энэ нь эргээд салбарын хөгжил талаасаа ч амин чухал ажил болдог байна. Харамсалтай нь хуулийн хэрэгжилт тун хангалтгүй явж иржээ.

 

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Тус семинарыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Канадын Засгийн газраас хэрэгжүүлж буй СЕСМИМ (Монгол улсын олборлох салбарын менежментийг бэхжүүлэх төсөл) төсөл хамтран зохион байгуулж буй бөгөөд холбогдох төр, хувийн хэвшлийнхэн нэг дор цуглан хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Семинарын гол зорилго нь байгаль орчны аудитын өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагааг дүгнэн, талууд нэгдсэн ойлголтод хүрэх, улмаар байгаль орчны аудит, байгаль орчны үнэлгээ хоорондын уялдааг сайжруулах, боловсронгуй болгох явдал юм. Өнөөдрийн хэлэлцүүлгээс байгаль орчны аудитын хэрэгжилтийг сайжруулах, үүнд авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар зөвлөмж гарах юм.

Байгаль орчны аудитыг компани хийлгэснээр байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааны хэрэгжилтэд юун дээр анхаарч ажиллах, илүү үр дүнтэй ажиллах боломжийг мэдэж авдаг байна. Өөрөөр хэлбэл энэ нь хяналт шалгалт гэхээсээ илүү тусламж дэмжлэг, шинэ зүйлд суралцах боломж болдгийг хурлын үеэр оролцогчид тайлбарлаж байлаа.

“Оюутолгой” компанийн хувьд 2014 онд анх байгаль орчны аудитыг “Эко-Акюрэси” болон БОАД зэрэг компаниар хийлгэж, улмаар 2016 онд дахин аудитад оржээ. Гэхдээ ингэснээр тус компани ямар асуудлыг илүү үр дүнтэй шийдвэрлэх боломжтой тухай болон ямар хууль, журамд анхаарах шаардлагатай талаараа нарийн мэдэж авдаг байна. Мөн тус компани олон улсад мөрддөг стандартуудыг хэрэгжүүлж ажилладаг тул олон улсын хараат бус байгууллагуудаар жил бүр чанарын аудит хийлгэж ажилладаг ажээ.

“Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийн тухайд Монгол улсдаа ISO 14001 стандартыг анхлан нэвтрүүлэгчдийн нэг төдийгүй 2015 онд гүйцэтгэлийн аудитыг “Эконэйшнл” компаниар хийлгэсэн байдаг.

Одоогийн байдлаар Монголд байгаль орчны аудитын чиглэлийн нийт 29 компани үйл ажиллагаа явуулдаг ч шинэ чиглэл болохын хувьд боловсон хүчнийг илүү чадавхижуулах шаардлага байна. Гол нь аудитын байгууллагаас гаргасан зөвлөмжийг компаниуд хэрэгжүүлж, бодит үр дүн болгох шаардлагатайг семинарт оролцогчид тэмдэглэж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Ж.Ганбаатар хурлын үеэр “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн тулд эдийн засгийн үр ашиг багатай уурхайг бус чанартай нөөц бүхий ордыг ашиглах шаардлагатай. Энэ нь тухайн компани нь орон нутагтаа үр өгөөжтэй, нийгмийн хариуцлагатай ажиллах нөхцөл болно. Тиймээс бид цаашид энэ чиглэл рүү хандуулахыг илүү анхаарна. Уул уурхайн тухай хууль гарснаар энэ асуудал шийдэгдэнэ гэж бодож байна” гэв.

СЕСМИМ төслийн Байгаль орчны зөвлөх Вит Сименюкийн тайлбарлаж буйгаар Канад улсад байгаль орчны аудитыг компаниуд маш чухалд авч үзэж ажилладаг байна. Тус улсад байгаль орчны аудитыг чанарын стандарт, нийцлийн аудит, хүлэмжийн хийн ялгаруулалт, хаягдлын далангийн аюулгүй ажиллагаа, ландфиллийн аудит гэх мэт хэд хэдэн төрөлд хийдэг.

Ерөнхийд нь авч үзвэл Байгаль орчны аудитын үндсэн гурван төрөл байдаг бөгөөд үүнд байгаль орчны хуулийн хэрэгжилтийн аудит буюу нийцлийн аудит, хоёрт байгаль орчны менежментийн системийн аудит, гуравт гүйцэтгэл, үйл ажиллагааны аудит орно.

Канад, АНУ зэрэг хөгжингүй улс орны хувьд байгаль орчны аудит гэх ойлголт нь 1970-аад оны сүүл, 1980-аад оны эхээр үүссэн байна. Улс орнуудын хувьд байгаль орчны аудит хийхийг сайн дураар эсвэл хуулиар заавал дагаж мөрдөхөөр тусгасан байдгаараа ялгаатай байдаг. Манай улсын хувьд хуулиар дагаж мөрдөхөөр баталсан ч эдүгээ хуулийн хэрэгжилт туйлын сул байгааг засах шаардлага байгааг хуралд оролцогчид бүгд хүлээн зөвшөөрч байна.

 

Б.Төгс