Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Ертөнц

РЖД: Элегестийн нүүрсийг Оросын нутгаар тээвэрлэн экспортолно

Өнгөрсөн есдүгээр сард ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн форумын үеэр Монгол улсын Зам тээврийн сайд Д.Ганбат “Орос улстай холбогдох төмөр замын төв болон хойд коридорыг хөгжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай” гэж мэдэгдсэн. Төв коридор нь Улаан Үд-Наушк-Сүхбаатар-Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэл юм. Яг энэ чиглэлийг цаг алдалгүй хөгжүүлэх хэрэгтэй гэж РЖД зүгээс үзэж байна.

Харин Монголын тал 560 км Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт багтсан хойд коридорыг хөгжүүлэхэд ихээхэн найдлага тавьж буй. Төмөр замын хойд коридор нь Монгол-Орос улсын хилийн Арцсуурь-Цагаантолгой хүрч, Оросын төмөр замын сүлжээгээр Кызыл-Курагино төмөр зам болон Элегестийн нүүрсний ордтой холбогдоно. Ингэснээр Оросын нүүрсийг өөрийн нутгаар дамжуулан Хятадын зах зээлд гаргах боломжтой гэж харж байгаа юм. Монгол улсын Засгийн газраас Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр зам барих Концессын гэрээг Австралийн “Northern Railways” компанитай хэдийнэ байгуулсан. Гэвч РЖД-ийн хувьд Элегестийн нүүрсийг зүүн чиглэлд өөрийн газар нутгаар тээвэрлэн экспортлохоор төлөвлөж, “Междуреченск-Тайшет” чиглэлийн төмөр замыг шинэчлэн сайжруулах ажлыг хэрэгжүүлж байна гэж Оросын “Гудок” сайтад мэдээлжээ.

Төмөр замын Хойд коридор буюу Курагино-Кызыл-Цагаантолгой-Арц суурь-Овоот-Эрдэнэт-Салхит-Замын Үүд-Эрээн-Улаанцав-Жанчхүү-Бээжин-Тяньжин чиглэл  нь Орос, Монгол, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт багтаж буй төслүүдийн нэг юм.

“Междуреченск-Тайшет” чиглэлийн төмөр замын тухайд Транссибирийн төмөр замын бүрэлдэхүүн хэсэг. Кемеров мужаас эхлэн Ирхүү муж, Хакаси, Красноярын хязгаар хүртэл 960 км үргэлжилж Оросын дөрвөн бүс нутгийг холбосон эдийн засгийн чухал үүрэгтэй зам юм. Сибирь-Кузбасс, Хакаси, Красноярын хязгаарын экспортын гол зам бөгөөд Хятад болоод Зүүн өмнөд Азийн орнууд руу тээвэрлэлтийг хангадаг.

Элегестийн ордоос коксжих нүүрсний экспортыг хангах зорилгоор “Междуреченс-Тайшет” төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлж, шинэчлэх 2013-2019 оны төсөлд Оросын Засгийн газраас 40 тэрбум рублийг зарцуулах тооцоотой. РЖД энэ оны эхний хагаст 1.3 тэрбум рублийг “Междуреченск-Тайшет” чиглэлийн төмөр замын шинэчлэлд зориулсан байна. Шинэчлэх төсөлд энэ онд нийт 5.8 тэрбум рублийн хөрөнгө зарцуулахаар төлөвлөжээ. “Междуреченск-Тайшет” төмөр замыг шинэчилснээр одоо баригдаж буй “Кызыл-Курагино” чиглэлийн төмөр замын 15 сая тонн тээвэрлэлтийг хангах зорилготой юм. Өнгөрсөн зургаадугаар сард “Тувагийн Эрчим хүчний үйлдвэрлэлийн корпораци” /ТЭПК/ болон РЖД компани 410 км бүхий “Кызыл-Курагино” төмөр замын төслийг хамтран хэрэгжүүлэх Концессын гэрээг байгуулсан.

Коксжих нүүрсний 1 тэрбум тонн нөөцтэй Элегестийн ордыг 20 жилийн хугацаанд ашиглах тусгай зөвшөөрлийг ТЭПК компани 2013 онд авсан байдаг. Тус компани эл ордоос “Кызыл-Курагино” төмөр замаар БАМ-тай холбогдож нүүрсээ зах зээлд нийлүүлэх зорилттой.

Э.Од

Эх сурвалж:
Gudok.ru