Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Эдийн засаг

Эрдсийн экспортын 80%-ийг нүүрс, зэс эзлэв

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, энэ оны эхний найман сарын байдлаар Монгол улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 6.9 тэрбум долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 32.7%-иар өсөв. Мөн хугацаанд улсын импорт 2.8 тэрбум ам.доллартай тэнцсэн бол экспорт 4.1 тэрбум ам.доллартай гарсан нь гадаад худалдаа 1.3 тэрбум ам.долларын ашигтай гарсныг харуулж байна.

Эрдсийн экспортын тухайд оны эхний найман сарын байдлаар 3.29 орчим тэрбум ам.доллартай тэнцэж, улсын нийт экспортын 80%-ийг эзэлсэн дүнтэй гарлаа. Энэ дотроо нүүрсний экспорт нийт экспортын 38.4%-ийг бүрдүүлсэн байна. Тодруулбал оны эхний найман сарын байдлаар нүүрсний экспорт биет жингээр 23.5 орчим сая тоннд хүрч, орлогын дүн нь 1.57 тэрбум ам.доллартай тэнцжээ. Эдгээр дүн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад орлогын хувьд 3.7 дахин өссөн бол биет жингийн хувьд 71%-иар нэмэгдсэн дүнтэй гарч байна.

Харин зэсийн баяжмалын экспорт мөн хугацаанд биет жингээр  980.5 мянган тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 10.3%-иар буурсан бол орлогын дүн нь 1 тэрбум 32 сая доллартай тэнцэж 11.7%-ийн бууралттай гарчээ. Харин цэвэр зэсийн экспортын тухайд эхний найман сарын байдлаар 10.8 мянган тонныг гадагш нийлүүлж, 60.9 сая долларын орлого олсон нь жингийн хувьд 16.5%, үнийн дүнгээр 45%-иар өссөнийг илтгэж байна.

Боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспортын тухайд оны эхний найман сарын байдлаар жингээр 8.4 тонн хүрч, үнийн дүнгээр 341 сая доллартай тэнцсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад биет жин, орлогын дүнгийн аль алиных нь хувьд 12.5%-иар доошилсон үзүүлэлттэй гарлаа. Хэдийгээр алтны экспортын дүн хэмжээ буурч байгаа ч Монголбанкны алт худалдан авалтын дүн мэдээг авч үзвэл оны эхний найман сарын хугацаанд төвбанк 12.2 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үеийнхээс 0.55 тонноор илүү үзүүлэлт болж байна.

Боловсруулаагүй газрын тосны экспорт оны эхний найман сарын байдлаар 5.06 сая баррельд хүрлээ. Харин экспортын үнийн дүн нь 244.65 сая долларт хүрсэн бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 12.6%-иар өссөн гэсэн үг юм. Гэхдээ биет жингийн хувьд газрын тосны экспорт 7.5%-ийн бууралттай гарчээ.

Төмрийн хүдрийн экспорт оны эхний найман сард жингээр 3.8 сая тонн, орлого нь 205.5 сая доллартай тэнцлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад жингээр ялимгүй өсөлттэй, орлогын хувьд 42%-иар ахисныг илтгэж байна.

Цайрын баяжмалын экспорт энэ хугацаанд жингийн хувьд 81.1 мянган тоннд хүрч өмнөх оны мөн үеийнхээс 7.4%-иар буурсан ч орлого нь 118.8 сая доллар буюу 26%-ийн өсөлттэй гарчээ.

Жоншны баяжмалын экспорт мөн хугацаанд 190.9 мянган тоннд хүрч, 48.3 сая долларын орлого олжээ. Өөрөөр хэлбэл жоншны экспорт өмнөх оны мөн үеийнхээс жингээр 16.5%, орлогын дүнгээр 24%-иар өсөөд байна. Молибденийн хувьд ч мөн адил экспорт нь биет жин, орлогын дүнгийн аль аль нь дээшилсэн дүнтэй гарлаа. Оны эхний найман сард молибденийн экспорт 4.2 мянган тонн, үнийн дүн 23.3 сая доллартай гарсан нь жингийн үзүүлэлт 10.5%, орлого 41%-иар өсөөд байна.

Хар тугалганы тухайд нийт экспортын үзүүлэлт жингээр 11 мянган тонн, үнийн дүнгээр 28 сая долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.6-8 дахин өссөн дүн боллоо.

Харин гянтболдын экспорт энэ онд 35 орчим хувиар буураад байна. Гянтболдын хүдэр, баяжмалын экспорт энэ оны эхний найман сарын байдлаар жингийн хувьд 527.8 тонн, үнийн дүн нь 3.76 сая доллараар бичигджээ.

 

Б.Төгс