Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Хурал чуулган

“Дисковер Монголиа 2017” чуулган үргэлжилж байна



Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын 15 дахь удаагийн “Дисковер Монголиа” чуулга уулзалт “Блю Скай” зочид буудалд есдүгээр сарын 7-нд эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх тус чуулганы эхний өдөр “Монгол Улсын ашигт малтмалын хайгуул, уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалт” сэдвээр өрнөсөн юм.

 Уул уурхай, хүнд үйлдвэрийн  яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал чуулганыг нээж хэлсэн үгэндээ уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг хангах, хууль эрх зүйн орчныг сайжруулах тал дээр яамны зүгээс тодорхой алхмуудыг  хийж буйгаа товчхон дурьдаж байлаа. Ялангуяа, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хууль бус олборлолтыг зогсоох, уурхайн хаалтын менежмэнтийг бий болгох үүднээс Уул уурхайн тухай хуулийн төслийг боловсруулан хэлэлцүүлж буйг хөрөнгө оруулагчдад дуулгасан юм.

Эхний өдрийн үдээс өмнөх хурлын сэдвийн хүрээнд “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирал Г.Ганболд, “Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес, “Эрдэнэ Ресурс Девелопмент Корп” компанийн Ерөнхийлөгч Петер Акерли нар сонирхолтой илтгэлүүд тавилаа.  “Монгол Улсын стратегийн 15 ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, үр өгөөжийг нь иргэддээ хүртээмжтэй хүргэхээр Эрдэнэс Монгол компани ажилладаг гэдгийг хөрөнгө оруулагчдад дахин дуулгая. Манай компани дэлхийд байр суурь эзэлсэн холдинг компани болох зорилт тавин ажиллаж байгаа” хэмээн Гүйцэтгэх захирал Г.Ганболд тодотголоо.

“Эрдэнэс Монгол” группын хэмжээнд  нийт санхүүгийн төлөвлөгөөг харахад  2017 онд 1.4 их наяд төгрөгийн орлого олж, нэг их наяд төгрөгийн зарлага гарган, 310 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, 265 тэрбумын татвар хураамжийг улсдаа төвлөрүүлж, 95 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Гэхдээ энэ төлөвлөгөөнд эхний хагас жилд  жаахан өөрчлөлт орсон ч 1,4 их наяд төгрөгийг борлуулалтын орлогоос олж, улсад 283,6 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэх бололцоотойг   компанийн  Гүйцэтгэх захирал илтгэлдээ дурьдаж байв.

Ямар ч байсан оны эхний зургаан сарын байдлаар 190 гаруй тэрбум төгрөгийн татварыг тус групп бүрдүүлж, 298,5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Энэ нь 2015 оныхтой харьцуулахад огцом өсөлт болжээ.

“Эрдэнэс Тавантолгой” компани Хятадын “Чалко” компанийн өрийг 100 хувь төлж барагдуулан, оны эхний зургаан сарын байдлаар 278 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэдгийг Г.Ганболд захирал мөн онцолсон. Энд онцгой гэж хэлж болох нэг мэдээлэл нь,  Монгол Улсын Засгийн газрын 154 дүгээр тогтоолын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны 65,19 хувь буюу 9,7 тэрбум ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр буюу 933 төгрөгөөр “Эрдэнэс Монгол” компанийн санхүүгийн тайланд бүртгэх ажлыг хийжээ. “Ингэж санхүүгийн тайланд бүртгэхээс гадна Эрдэнэс Тавантолгойн хувьцааны ажлыг нэг мөр цэгцэлж, хоёр дахь зах зээл дээр гаргаж иргэдийн болон аж ахуйн нэгжүүдэд ногдох хувьцааг тодорхойлох үндсэн болсон” гэдгийг тэрээр хэлсэн.

Дараагийн илтгэгч “Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес ярианыхаа эхэнд  “Уул уурхайн мега төсөл тогтвортой зарчмаар явснаар үр дүн нь илүү сайн гардаг. Нийгмийн хувьд ч , хувьцаа эзэмшигчдийн хувьд ч тухайн компанийн тогтвортой үйл ажиллагаа маш чухал гэдгийг хэлье.  Мөнгөн ашгаасаа илүүтэй орон нутгийн ханган нийлүүлэгчдэд өгч байгаа  үр өгөөж, улс орны хөгжилд үзүүлж байгаа нөлөөлөл  гэх мэтчилэн  олон зүйлийг тогтвортой байх үзүүлэлтээс харж болно” хэмээн дурьдаж байлаа.   

Тэрээр, Оюутолгойн гүний  уурхайн бүтээн байгуулалтын хувьд  нийт ажилчдын 97 хувь нь монгол ажилчид байхаас гадна инженер техникийн дунд түвшний ажилтнуудын 80 гаруй хувийг мөн л  монголчууд бүрдүүлж байгааг хэлэхэд таатай байна. Энэ бол энэ том төслийг цаашид амжилттай авч явах үндэс суурь юм  гэлээ.

Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт  одоогоор 5,3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх ба эхний олборлолт 2020 оноос гарах байх, 2025-2030 онд нэлээд өндөр хүчин чадалтайгаар олборлолтыг явуулна гэж Гүйцэтгэх захирал Армандо Торрес хэллээ.

Канадын Алберта мужаас анх удаа Монголд хөл тавьж байгаа тус мужийн Мөнгөний бодлого хариуцсан дэд сайд Марк Парсонс илтгэлдээ  “Канадын  нефтийн томоохон ордуудын дийлэнх нь Альберта мужид байдаг. Энэ салбарын хөрөнгө оруулалтад маш нээлттэй ханддаг, тогтвортой орчныг бүрдүүлж чадсан.  Зөвхөн уул уурхайгаас гадна ашигт малтмалын чиглэлээр хайгуулын ажлыг эрчимтэй явуулдаг. Хамгийн сонирхолтой нь, газрын тосыг газрын гүнд нь  олборлож, боловсруулдаг  шинэлэг аргыг бид  амжилттай нэвтрүүлж байгаа” хэмээн дурьдлаа.

Мөн чуулганы хоёр дахь үндсэн сэдэв нь “Таваарын захуудын үнийн таамаглал, Хятадын Монгол улсын экспортод нөлөөлөх нөлөөлөл” өрнөлөө. Энэ хэсэгт  Си Ар Юу Группын Хятад дахь салбарын Гүйцэтгэх захирал Жон Жонсон “Монгол Улсын макро эдийн засгийн нөхцөл байдал”, “Бикалис Ассошэйт” компанийн Гүйцэтгэх захирал Билл Бикалис “Хөрөнгө оруулалтын хамгаалал болон Олон Улсын хэлэлцээр”,  “Хоган Ловеллс” фирмийн зөвлөх Антони Вуллей “Ураны эрэлт нийлүүлэлтийн таамаглал” гэсэн илтгэлүүд хэлэлцүүлж, хөрөнгө оруулагчдын асуултад хариулсан юм.

Г.Идэрээ