Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Эдийн засаг

Нүүрсний экспорт нийт экспортын 40%-ийг эзлэв

Монгол улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний долоон сарын байдлаар 5.9 тэрбум ам.доллартай тэнцсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1.5 тэрбум доллар буюу 33.9%-иар нэмэгдсэн үзүүлэлт болсон тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Үүнээс экспорт эхний долоон сарын дүнгээр 3.5 тэрбум ам.доллар, импорт 2.3 тэрбум доллартай гарсан нь өмнөх оны мөн үеийнхээс экспорт 979 сая ам.доллар буюу 38.5%, импорт 504 сая доллар буюу 27.5%-иар өссөнийг илтгэв.

Үүнээс гадна гадаад худалдааны тэнцэл мөн хугацаанд 1.2 тэрбум долларын ашигтай гарсан нь өмнөх оны мөн үеийнхээс 67%-иар нэмэгдсэн үзүүлэлт боллоо.

Харин үүнд эрдсийн экспорт улсын нийт экспортын 82 орчим хувийг эзэлж буй бөгөөд оны эхний долоон сарын байдлаар эрдсийн экспорт 2.9 тэрбум орчим ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1 тэрбум доллараар давсан дүн боллоо.

Үүн дотроо нүүрсний экспорт 1.4 тэрбум долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1.1 орчим тэрбум доллараар нэмэгдсэнээс гадна улсын нийт экспортын 40%-ийг эзэлж байна. Биет жингийн хувьд нүүрсний экспорт 21 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийн түвшнээс 91%-иар өссөн байна.

Монголын эрдсийн экспортын тэргүүлэгчийн байр сууриа нүүрсэнд алдаад буй зэсийн баяжмалын тухайд оны эхний долоон сарын байдлаар экспортын жингийн дүн 853 мянган тонн, үнийн дүн 888.7 сая доллартай гарлаа. Энэ нь урьд жилийн мөн үеийн дүнгээс биет жин 10%, орлогын дүн 14%-ийн бууралттай гарсан гэсэн үг юм. Харин цэвэр зэсийн экспорт мөн хугацаанд биет жингээр 9.57 мянга орчим тоннд хүрсэн бол үнийн дүнгээр 53.4 сая доллартай гарч, өмнөх оны мөн үеийнхээс жингийн хувьд 31.3%, орлогоор 62.4%-иар огцом дээшилсэн үзүүлэлттэйгээр бичигдлээ.

Алтны экспорт оны эхний долоон сарын байдлаар 217.7 сая доллар бүхий 5.4 тонн алт гэж бичигдсэн нь биет жин, орлогын дүнгийн аль аль нь өмнөх оны мөн үеийнхээс 37 орчим хувиар буурсан үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн хорооны мэдээнд тэмдэглэжээ.

Харин төмрийн хүдрийн экспорт эхний долоон сард 3.18 сая тоннд хүрч, 178 сая долларын орлоготой ажилласан нь жингийн хувьд хэвийн байгаа ч орлого 48%-иар өссөнийг илтгэж байна.

Цайрын экспортын тухайд оны эхний долоон сард 70.2 мянган тонн баяжмал гадагш нийлүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 8.5%-иар буурсан дүн хэдий ч орлогын хувьд 103 сая доллар болж, 25%-иар өсчээ.

Боловсруулаагүй газрын тос нь жингийн хувьд өмнөх оны мөн үеийнхээс 9 орчим хувиар буурч, 4.35 орчим сая баррельд хүрсэн ч орлого нь 13%-иар өсч, 210.8 орчим сая долларт хүрсэн нь газрын тосны зах зээл харьцангуй тогтвортой байгааг харуулж байна.

Жоншны экспортын тухайд ч нийлүүлэлтийн биет хэмжээ, орлого хоёул өссөн нь уг бүтээгдэхүүний зах зээл дээрдэж буйг харуулж байна. Тодруулбал, энэ оны эхний долоон сард манай улс 164.7 мянган тонн жоншны хүдэр, баяжмал экспортолж, 41 сая доллар олсон нь жингийн хувьд 20 орчим хувиар, орлого 28 орчим хувиар өссөн гэсэн үг юм.

Бас нэг онцлох зүйл гэвэл энэ онд хар тугалганы экспорт огцом нэмэгдэж байна. Эхний долоон сард хар тугалганы экспорт  жингийн хувьд өмнөх оны мөн үеийнхээс 22.2 дахин өсч 9.9 мянган тоннд хүрсэн бол орлогын тухайд 73.7 дахин нэмэгдэж 25 сая ам.долларт хүрсэн байна.

Молибдений нийлүүлэлт жингээр 3.6 мянган тоннд хүрч 20.2 сая долларын орлого олсон нь өмнөх оны мөн үеийн үзүүлэлтээс жингийн хувьд 6.7%, орлогын хувьд 39.4%-иар давсан дүн боллоо. Харин гянтболдын хувьд өмнөх оны мөн үеийн үзүүлэлтээс экспорт нь 50 орчим хувиар буурч биет хэмжээ 303 тонн, орлогын дүн 2.38 сая доллар болж буурчээ.



Б.Төгс