Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Ертөнц

“Нэг бүс, нэг зам” санаачилга зах зээлийг уналтаас сэргийлэх “даатгал” юм

BHP: Хятадын “Нэг бүс, нэг зам” санаачилга гангийн хэрэглээнд өсөлт авчирна

Б.Төгс

Хятад улсын эдийн засгийн өсөлт 10 гаруй хувьтай байсан ч 2011 оноос эхлэн 10%-ийн шугамнаас доогуур хэмжээнд очсон нь эдийн засагчдын тус улсын өсөлт урт хугацаанд хоёр оронтой тоогоор хэмжигдэнэ гэсэн таамгаас хол зөрсөн билээ.

Дэлхийн банкны тооцоолж буйгаар тус улсын эдийн засгийн өсөлт энэ жил 6.5%, ирэх хоёр жилд 6.3%-тай байж, урт хугацаандаа энэ хэмжээнд хадгалагдахаар байна. Гэвч 11.06 их наяд ам.доллараар (2015 оны байдлаар) хэмжигдэх дэлхийн хоёр дахь том эдийн засаг Хятадын хувьд 6%-ийн өсөлт гэдэг айхтар том үзүүлэлт болохыг уул уурхайн томоохон компаниуд илтгэлдээ дурддаг.

Хятадын хувьд одоо гадаадын хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлт рүү хошуурахаасаа илүү гадаад тоглолт илүү чухал болж ирж байна. Үүний нэг тод жишээ нь Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын  банк юм. Бүр ч илүү тод жишээгээр эх газар, далайн тээврийн замыг хамтад нь агуулсан “Нэг бүс, нэг зам” санаачилга тодрон байна. Хятад улс эдийн засгийн нөлөө, цар хүрээгээ нэмэгдүүлж, гадаад улс орнуудтай эдийн засгийн барилдлагаа зузаатгахаар ихээхэн хүчин чармайлт тавьж буйн нэг томоохон илрэл гэж хэлж бас болно.

Хятадын дарга Си Жинпиний сүүлийн үед тодорхой илэрхийлж буй зүйл гэвэл гагцхүү Хятад улс дотооддоо хөгжих нь хангалтгүй. Хөрш орнууд, тойрон хүрээлэх эдийн засгийн хөгжлийг ч мөн адил бататган сайжруулах нь тус улсын чухал бодлого мөн гэж мэдэгдсэн явдал юм.

Хятад улс нь 2030 оноос өмнө АНУ-ыг эдийн засгийн хэмжээгээрээ ардаа орхино гэж PwC таамаглал дэвшүүлээд байгаа юм. Энэ бадрангуй өсөлттэй яваа улсын тэргүүн “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд эртний Торгоны замыг өнөө үед дахин сэргээн байгуулахаар зорьж буй нь дэлхийн эдийн засгийн бүтцэд томоохон өөрчлөлт авчирна гэсэн хүлээлт судлаачдын дунд байна.

2013 онд зарлагдаж, улмаар 2015 оноос хэрэгжиж эхэлсэн уг санаачилгын хамрах хүрээ нь дэлхийн 60 гаруй орон, дэлхийн нийт эдийн засгийн 30 гаруй хувь, дэлхийн нийт хүн амын 60%-ийг хамарсан хуурай газрын болон далайн худалдааны замыг байгуулахаар зорьж буйгаас тод харагдана. Энэ төсөлд ойролцоогоор 2-3 их наяд, зарим тооцооллоор 5 хүртэлх их наяд ам.долларын санхүүжилт шаардагдахаар байгаа юм.

Энэ нь тус улсын уул уурхайн түүхий эдийн цаашдын хэрэглээ багасч мэднэ гэсэн зах зээл шинжээчдийн таамгийг хялбархан эргүүлж эхлээд байна. Томоохон банк санхүүгийн байгууллагууд ч уг санаачилгын хүрээнд эрдсийн түүхий эдийн эрэлт багагүй хэмжээгээр өснө гэсэн хүлээлтийг дуу нэгтэйгээр баталгаажуулж буй юм. Ганцхан жишээ дурдахад төмрийн хүдэр, коксжих нүүрсний томоохон нийлүүлэгч, дэлхийн уул уурхайн хамгийн том компани BHP Billiton-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Arnoud Balhuizen уг санаачилгын хүрээнд гангийн эрэлт хэрхэн нэмэгдэх тухай miningweekly.com-д ярьсан байна. Энэ нь эргээд гангийн гол түүхий эд болох төмрийн хүдэр, коксжих нүүрсний эрэлтийг ч давхар бүрдүүлэх нь тодорхой юм.



Тус компанийн захирал Balhuizen Хятадын олон тэрбум долларын “Нэг бүс нэг зам” санаачилга түүхий эдийн зах зээлд томоохон түлхэц өгч чадах бөгөөд дэлхийн гангийн эрэлтэд 150 гаруй сая тоннын нэмэлт эрэлт авчирна гэж тооцоолж буйгаа мэдэгджээ. “Хятадад үйлдвэрлэсэн ган бүтээгдэхүүн энэ зам дагуу хэрэглэгдэх болно. Энэ нь мэдээж бидний нийлүүлдэг түүхий эдийн эрэлтэд сайнаар нөлөөлнө” гэж Arnoud Balhuizen хэлжээ.



Хятадаас Европ хүрсэн эртний худалдааны замыг дахин сэргээж, дэд бүтэц хөгжүүлэх энэхүү төлөвлөгөө нь өргөн уудам газар нутаг, далай тэнгисийг дайрах бөгөөд 1.3 их наяд ам.долларын өртгөөр босно гэж тус компани үзэж байна.

Ирэх таван жилийн хугацаанд уг санаачилгын хүрээнд багтаж буй 62 оронд 313-502 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт цутгах төлөвтэй байгааг Credit Suisse Group AG өнгөрсөн сард мэдээлжээ.

Citigroup-ийн тооцоолж буйгаар энэ зууны төсөл гэж нэрлэгдээд буй Хятадын энэхүү төлөвлөгөө нь 120 сая тонн гангийн (crude steel) эрэлтийг үүсгэх боломжтой ажээ. Дэд бүтцийн нөлөөгөөр үүсэх эрэлтийн өсөлт нь гангийн салбарыг дэмжихийн сацуу Хятадын орон сууцны салбарын өсөлтөд ч сайн нөлөөтэй байх болно гэж шинжээчид үзэж байна.

Гэсэн хэдий ч Хятадын “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын нөлөөгөөр зах зээлд өсөлт тохионо гэж хэлэхэд эрт байна. Учир нь Хятадын гангийн үйлдвэрлэл нь 800 сая тонн, гангийн түүхий эд болох төмрийн хүдрийн эрэлт нь тэрбум тонноор хэмжигдэж буй тул нэг зуун сая тонн гангийн эрэлт зах зээлд эргэлт хийхүйц дүн болно гэхэд эргэлзээтэй. Нөгөөтэйгүүр эрэлтийн өсөлт ганцхан жилд бус хэдэн жилд хуваагдаж бага багаар ирэх тул түүхий эдийн хэрэглээний өсөлт мэдэгдэхүйц ажиглагдана гэж үзэх нь өрөөсгөл юм. Дээр нь хаягдал төмрийг дахин боловсруулах үр ашиг, зардал улам бүр буурч байгаа нь төмрийн хүдрийн эрэлтийг нэмэгдүүлэх нөхцөлийг хязгаарлаж буйг энд дурдах нь зүйтэй.

Тодорхой зүйл гэвэл “Нэг бүс, нэг зам” санаачилга хэрэгжсэнээр эрдсийн түүхий эдийн үнэ доошлох хөдөлгөөнийг хазаарлах, улмаар ханшийг одоогийн байгаа хэмжээнээс буулгахгүй байх нөхцөл баталгаажиж байгаа гэвэл илүү ононо. Зах зээлийн ерөнхий уур амьсгалд ч “Нэг бүс, нэг зам” санаачилга  эерэг байдал авчирч буй нь томоохон банк, санхүүгийн байгууллагуудын мэдээллүүдээс тодорхой харагдана.

Өөрөөр хэлбэл, уг санаачилга нь зах зээлд дараагийн өсөлтийг авчрахад түлхэц болно гэхээсээ илүүтэй харин ч зах зээлийг уналтын мөчлөг рүү дахин хазайхаас сэргийлэх “даатгал” болно гэж хэлбэл зохих юм.  Ямартай ч уг санаачилга уул уурхайн компаниудын хувьд сайн мэдээ. Харин үүнийг хэтрүүлэн үнэлбэл Хятадын эдийн засгийн өсөлт урт хугацаандаа хоёр оронтой тоонд хадгалагдана гэж тооцож байсантай агаар нэг хэрэг болно.