Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын шавыг тавилаа

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр Майнинг” компани (ASX:AKM) Эрдэнэт-Овоот чиглэлийн 547 км төмөр замын бүтээн байгуулалтын шавыг өнөөдөр тавилаа. Уг төмөр замын төслийг тус компанийн охин компани Northern Railways хэрэгжүүлж байгаа бөгөөд 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм. Энэхүү төмөр зам баригдсаны дараа ОХУ-ын хил рүү Арц Суурийн боомтоор холбох төлөвлөгөөтэй юм. ОХУ-ын Засгийн газар тус төмөр замыг Арцсууриас Транс-Сибирийн төмөр зам руу Кызыл хотын боомтоор холбох бөгөөд ингэснээр Орос-Монгол-Хятад гурван улсын Эдийн засгийн коридорын нэгээхэн хэсэг болно.

“Аспайр Майнинг” компанийн хувьд уг төмөр замын санхүүжилт, төлөвлөлтөд хамтран ажиллах албан бус гэрээг China Gezhouba Group (CGGC) компанитай энэ сарын эхээр байгуулаад байсан юм. Дээрх хамтын ажиллагааны хүрээнд эхний ээлжинд Хятадын төрийн өмчийн China Energy Engineering корпорацийн охин компани CGGC-ийг Northern Railways техникийн мэдээллээр хангаж, талууд өр, хувьцаанд суурилсан санхүүжилт босгох ажилд хамтран ажиллах юм байна.

Northern Railways төмөр замын техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажилд China Railway Construction корпорацийн охин компани China Railway 20 Bureau Group (CR20GC) болон China Railway First Survey & Design Institute зэрэг компанитай хамтран ажиллаж байгаа билээ.

“Аспайр Майнинг” компанийн Ерөнхий захирал Дэвид Полл шинэ хамтрагч компани нь томоохон төсөлд санхүүжилт босгох тал дээр өргөн туршлагатай агаад уг төсөлд CR20BGC болон CGGC хамтран ажиллахаар болсон нь Төмөр замын Хойд коридорын бүс нутгийн стратегийн ач холбогдлыг илтгэн харуулж байна хэмээн тодотгожээ.

“Аспайр Майнинг” компани нь Хөвсгөл аймагт орших 255 сая тонн сайн чанарын коксжих нүүрсний нөөцтэй Овоот уурхайг 2019 оноос жилдээ 5 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтайгаар ашиглалтад оруулахаар ажиллаж буй юм.
 
С.Болд-Эрдэнэ