Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Монголын эрдсийн экспорт 60%-иар өсөв


Монгол улсын гадаад худалдааны эргэлт оны эхний дөрвөн сарын байдлаар 3 тэрбум 17 сая доллартай тэнцсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 36.5%-иар буюу 807.2 сая ам.доллараар өссөн байна. Үүнээс экспорт 1899.6 сая доллартай тэнцэж, өмнөх оны мөн үеийнхээс 41%, импорт 1117.7 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 29.6%-иар тус тус өссөн тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Оны эхний дөрвөн сарын дүн мэдээгээр улсын нийт экспортын 86%-ийг эрдэс бүтээгдэхүүн эзэлж байгаа бөгөөд эрдсийн экспортын хэмжээ мөн хугацаанд 1 тэрбум 636 сая долларт хүрсэн нь өнгөрсөн оны үеийнхээс 61.5%-иар өссөн дүн боллоо. Энэ дундаа нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.9 дахин өсч, 769.8 сая долларт хүрснийг ҮСХ-ны гаргасан тайланд онцолжээ.

Зэсийн экспорт эхний дөрвөн сард биет хэмжээгээр 501.7 мянган тоннд хүрч, орлогын дүнгээр 523.8 сая ам.доллар болжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад биет хэмжээгээр 10%, орлогын дүнгээр 18 орчим хувиар буурсан гэсэн үг юм. Боловсруулсан цэвэр зэсийн хувьд эхний дөрвөн сарын байдлаар 5.64 мянган тонныг гадагш нийлүүлж, 31.6 сая долларын орлого олжээ. Энэ нь өмнөх оныхтой жишихэд жингийн хувьд 34%, орлогын дүнгээр 67 орчим хувиар тус тус нэмэгджээ. Ийнхүү сүүлийн хэдэн сард тохиосон зэсийн үнийн өсөлт худалдааны орлогын дүнд эерэгээр нөлөөлж буйг цэвэр зэсийн экспортын дүнгээс харж болохоор байна. Харин зэсийн баяжмалын орлогын дүн буурч буй нь Оюутолгойн ил уурхайн хүдэр дэх зэсийн агуулга тодорхой хэмжээгээр буурснаас гадна алтны агуулга мэдэгдэхүйц буурсантай холбоотой юм.

Нүүрсний экспорт биет хэмжээгээр мөн хугацаанд 11 сая 575 мянган тоннд хүрсэн бол үнийн дүнгээр 770 орчим сая доллар болжээ. Нүүрсний экспорт ийнхүү жингийн хувьд  өмнөх оны мөн үеийнхээс 6.5 сая тонноор буюу 130%-иар өсөөд байгаа бол орлогын хувьд 400%-иар өсчээ.

Харин алтны экспорт эхний дөрвөн сард 1.9 тонн, үнийн дүнгээр 75.6 сая доллартай тэнцсэн нь өмнөх оны мөн үеийнхээс жингийн хувьд 56%, орлогын дүнгээр 55 орчим хувиар тус тус буурчээ.

Төмрийн хүдрийн экспортын тухайд оны эхний дөрвөн сард 1.75 сая тонн хүрч, 114.7 сая долларын орлого олсон нь өмнөх оны мөн үеийнхээс жингийн хувьд 27%, орлогоор 156%-иар огцом өссөн дүнтэй байна.

Газрын тосны экспортын тухайд оны эхний дөрвөн сарын байдлаар 2.45 сая баррелийг гадагш нийлүүлж, 123.9 сая долларын орлого олжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад жингийн хувьд 14.6%-иар буурсан ч, орлогын дүнгээр 25%-иар өссөн дүн боллоо.

Молибдени, жоншны экспорт биет хэмжээ болон орлогын дүнгээр бага зэрэг өссөн бол цайрын хүдэр, баяжмалын экспорт орлогын дүнгээр мөн адил өссөн байна.  Гянтболдын хүдрийн экспортын тухайд жин болон орлогын дүнгээр хумигдсан дүнтэй гарчээ.

Оны эхний дөрвөн сарын байдлаарх эрдсийн экспортын дүн мэдээг хүргэхэд ийм байна. Мөн хугацаанд Монголын экспорт, импортын аль аль нь өссөн нь эдийн засгийн байдал тодорхой хэмжээнд сайжирч буйг илтгэж байна.

Экспорт 2017 оны эхний 4 сард өмнөх оны мөн үеэс 552.3 сая доллар буюу 41.0%-иар өсөхөд үнэт чулуу, металл гоёлын зүйлийн экспорт 92.4 сая америк доллараар буурсан хэдий ч эрдэс бүтээгдэхүүний экспорт 623.0 сая америк доллар, үүнээс нүүрсний экспорт 614.1 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлсөн.

Импорт өмнөх оны мөн үеэс 254.9 сая америк доллараар буюу 29.6%-иар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 99.9 сая америк доллар, үүнээс дизелийн түлш 63.6 сая америк доллар, автобензин 25.3 сая америк доллараар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 65.7 сая америк доллараар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 41.2 сая америк доллараар, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн зүйлсийнх 17.8 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлсөн гэж ҮСХ-ны тайланд өгүүлжээ.


Б.Төгс