Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Армандо Торрес: Оюутолгойг дэлхийн тэргүүлэгч уурхай болгоно

“Энэ онд бид борлуулалтын орлоготойгоо харьцуулахад 110 хувьтай тэнцэх мөнгийг арилжааны 5 банкаар дамжуулж Монголд оруулна. Өнгөрсөн жил энэ үзүүлэлт 66 хувьтай байсан” хэмээн “Оюутолгой” компанийн Гүйцэтгэх ерөнхий захирал Армандо Торрес онцолсон. Сүүлийн үед УИХ-ОУВС-“Рио Тинто” гэсэн гурвалын дунд үүссэн асуудлын үндсэн шалтгаанд “Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал ийн хариулт өглөө.  

Армандо Торрес өнгөрсөн долоо хоногт “Оюутолгой” компанийн Гүйцэтгэх ерөнхий захирлаар албан ёсоор томилогдсон. Сүүлийн 3 жил гаруйн хугацаанд 3 дахь Гүйцэтгэх Ерөнхий захирлын нүүр үзэж байгаа “Оюутолгой” компанийг ирэх 10 жилд дэлхийн зэсийн зах зээлийн шилдэг компани болгох зорилготой хэмээн Армандо Торрес онцолсон.

Тэрбээр урьд нь “Рио Тинто” компанийн Хөнгөн цагааны группийн Үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж байхдаа 4 баяжуулах үйлдвэр, 2 уурхай хариуцан ажиллаж байжээ. Мөн 3 ч төслийн өргөтгөлийг хийж байсан туршлагатай түүнд Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтыг дуусгах хариуцлагатай үүрэг тохоогдож байгаа юм. “Миний хувьд уурхай, баяжуулах үйлдвэрлэлийн төсөл дээр ажиллаж байсан туршлагатай. Оюутолгойд хийх гол ажил бол хүмүүстэй ажиллах, хүмүүсийг бэлтгэх чиглэлээр өөрийн хувь нэмрээ оруулах. Сайн инженерийн зураг төсөл, барилга, бүтээн байгуулалтад тулгуурлан босч байгаа энэ уурхайг цаашид авч явах боловсон хүчнийг бэлтгэх нь миний хамгийн гол зорилго, гол төлөвлөгөө юм. Бид энэ уурхайг олон арван жилээр ажиллуулах төлөвлөгөөтэй  тул үндэсний боловсон хүчнийг бэлтгэхэд ихээхэн хүч, хөрөнгө гаргаж ажиллах болно” хэмээн Армандо Торрес тодотгож байв.

Өнөөдрийн байдлаар уурхайн үйл ажиллагааны багуудын 96 хувийг монгол ажилчид эзэлж байна. Гүний уурхайн төслийн ажиллах хүчин  богино хугацаанд 3500 болж өссөн бөгөөд үүний 87 орчим хувийг монгол ажилчид эзэлж байгаа аж.

Оюутолгой төслийн хувьд одоо олборлолт явуулж буй ил уурхай нь цаашид багадаа 20 жил ажиллана. Харин гүний уурхайн хувьд 2020 онд эхний хүдрээ олборлох төлөвлөгөөтэй байгаа юм.

С.Болд-Эрдэнэ