Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Хурал чуулган

“Нэн түрүүнд ХАБ” бага хурал тав дахь жилдээ

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудлыг хөндөх “Нэн түрүүнд ХАБ” бага хурал энэ сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү хурал 2012 оноос жил бүрийн дөрөвдүгээр сард зохиогдож ирсэн юм.

Тав дахь жилийн бага хуралд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Ерөнхий газрын дарга Д.Зоригт нар оролцож, нээлтийн үг хэлэх юм. Түүнчлэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн /ХАБЭА/ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын удирдах мэргэжилтнүүд оролцох ажээ. 

Хурлын үеэр “Оюутолгой” компанийн ХАБЭА-ийн менежментийн туршлагын талаар илтгэл тавигдахаас гадна уул уурхайн салбар дахь ХАБЭА-н асуудлаар сэдэвчилсэн хуралдаан зохиогдох юм. Салбар хуралдаанд “Трансвест Монголиа”, “Шивээ-Овоо”, “Багануур” зэрэг компаниуд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны туршлагаасаа танилцуулах юм.

Мөн Өмнөд Солонгос улсын барилгын салбар дахь ХАБЭА-н систем болоод сайн дадлын тухай тус улсын мэргэжилтэн Ким Хожу хурлын зочдод танилцуулах ажээ. Түүнчлэн, энэ удаагийн хурлаар ХАБЭА-н соёл, мэдлэгийг олгох боловсролын тогтолцоог бий болгох асуудлыг хөндөхөөр төлөвлөсөн байна. Хоёр хоног үргэлжлэх “Нэн түрүүнд ХАБ 2017” бага хурлын үеэр Монгол, Германы ХАБ-ын хамтарсан сургалт явагдах юм. ХАБЭА-ийн соёлыг хэвшүүлэн, олон нийтэд дадал болгоход мэдээллийн хэрэгслийн үүрэг оролцооны талаарх сэдвийг ч хуралд орхигдуулаагүй байна.

Э.Од