Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Хурал чуулган

“Mongolian Mining 2017” буюу уул уурхайн салбарын том цугларалт

Уул уурхайн техник, тоног төхөөрөмжийн “Mongolian Mining 2017” олон улсын үзэсгэлэн Буянт-Ухаа цогцолборт өнөөдөр нээгдлээ. Долоо дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж буй үзэсгэлэнг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам /УУХҮЯ/, Ашигт малтмал, газрын тосны газар /АМГТГ/ дэмжин ажиллаж буй. Мөн Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/ болоод төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компаниуд хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт, “Трансвест Монголиа” компанийн Худалдаа, маркетинг хариуцсан захирал Д.Болдсүх, “Вагнер Ази” группын Ерөнхий захирал Стив Поттер болон үзэсгэлэнгийн зохион байгуулах хорооны дарга, “Майнекс Монголиа” компанийн захирал Т.Баттулга нар оролцож үг хэлэв.

“Дэлхийн технологи дэргэд ирлээ” уриатай тус үзэсгэлэнд энэ жил дэлхийн 15 орны 130 гаруй компани уул уурхайн техник, тоног төхөөрөмж, үйл ажиллагаагаа танилцуулж байна. Тэр дунд өөрийн орны компаниудын үйл ажиллагааг дэмжин Австрали, Канад, АНУ, БНЧУ-ын Монгол дахь Элчин сайдын яамд үзэсгэлэнд павльонтой оролцож буй. “Mongolian Mining 2017” нь оролцогчид хийгээд сонирхож зорин ирэгсдийн тоогоороо энэ жилийн хувьд уул уурхайн салбарын хамгийн том цугларалт болж байна. Үзэсгэлэнд оролцогчид идэвхтэй, сонирхогчид олон, хөл хөдөлгөөн ихтэй байна. 

“Mongolia Mining” үзэсгэлэнгийн хүрээнд Монгол улсын уул уурхайн салбар дахь төрийн бодлого, хууль эрх зүйн зохицуулалт, өнөөгийн нөхцөл байдал, төсөл хөтөлбөрүүдийн талаар Төрийн бодлогын семинар зохион байгуулагдлаа. Энэхүү семинарт УУХҮЯ-ны Бодлогын газрын ахлах мэргэжилтэн Ч.Цогтбаатар “Уул уурхайн салбарын 2016-2020 оны төрийн бодлого”сэдвээр илтгэл тавьсан юм.

Тэрээр илтгэлдээ, эрдэс баялгийн салбар Монгол улсын төсвийн 40%-ийг бүрдүүлж, гадаадын хөрөнгө оруулалтын 60%-ийг татаж байна. Засгийн газраас ирэх дөрвөн жилд эдийн засгийг сэргээж, эрчимжүүлэн, валютын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор уул уурхайн томоохон төслүүдээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаө бөгөөд үүнд 10 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай болохыг онцолсон юм. Мөн ашигт малтмалыг боловсруулан экспортод гаргахад анхаарч, газрын тос боловсруулах, зэс хайлуулах, төмөрлөгийн үйлдвэрийн цогцолбор, хүрэн нүүрс хийжүүлэх, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах зорилтоо танилцуулав. Эдгээр үйлдвэрээс эхний ээлжинд Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг Энэтхэгийн хөнгөлөлттэй зээлийн санхжүүжилтээр хэрэгжүүлэхээр бэлтгэж буйг дуулгасан юм.

Мөн семинар дээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг АМГТГ-ын Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, зах зээлийн судалгаа хариуцсан мэргэжилтэн Ц.Цэгц илтгэл тавилаа. Илтгэлд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох тухай хууль эрх зүйн зохицуулалт, хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох болсноор Монгол орны эрдэс баялгийн нөөц хэрхэн нэмэгдэж, хэчнээн орд нээсэн тухай статистик тоо баримтуудыг мэдээлээд, хөрөнгө оруулалт татах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлуудаа танилцуулсан юм. Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 29.7%-д сонгон шалгаруулалт болон өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор тогтоод байна. Өнөөгийн байдлаар гадаадын 273 компани хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж.

“Mongolia Mining 2017” үзэсгэлэнгийн эхний өдрийн үдээс өмнө “Оюутолгой”, “Трансвест Монголиа” компаниуд үйл ажиллагаагаа танилцуулсан илтгэл тавьсан юм. Дэлхийн зэсийн томоохон төслийг хэрэгжүүлэгч “Оюутолгой” компанийн хувьд ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх бодлогоо танилцуулахдаа 2016 оны дүнгээр нийт худалдан авалтын 80% буюу 10 ам.доллар тутмын 8 ам.доллар нь дотоодод үлдэж байгааг онцолж байлаа. Орон нутаг Өмнөговь аймгаас л гэхэд өнгөрсөн жил нийт 63 сая ам.долларын худалдан авалт хийсэн бол энэ онд 82 сая ам.долларт хүргэж нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Харин “Трансвест Монголиа” компанийн тухайд энэ жилийн “Mongolia Mining” үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байгаа бөгөөд Японы Комацу брендийн албан ёсны дистрибьютерийн хувьд 2017 оны цоо шинэ бүтээгдэхүүн “PC 1250-8” загварын экскаваторыг анх удаа үзэсгэлэн дээр танилцуулсан.

Мөн үзэсгэлэнгийн үеэр Чехийн уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Inco”, Монголын “Нью Эко энержи” компаниуд хамтын ажиллагааны гэрээг үзэглэсэн юм. Гэрээнд гарын үсэг зурах ёслолд Чех улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ивана Гороллово, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, “Mongolia Mining” үзэсгэлэнгийн зохион байгуулах хорооны дарга Т.Баттулга нар оролцов. Үзэсгэлэн гурав хоногийн турш үргэлжилнэ.

Э.Од