Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

Уул уурхайн тухай хуулийг яаравчлан гаргах шаардлагагүй



The Mongolian  Mining Journal /february 2017  № 099/


Монголын Уул уурхайн Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал Д.Энхболд:  

Уул уурхайн тухай хуулийн төсөлтэй танилцаж амжсан уу? МУУҮА-ийн зүгээс хуулийн төсөл дээр ямар саналтай байгаа вэ?

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ирүүлсэн Уул уурхайн тухай хуулийн төсөлтэй  МУУҮА, “Нүүрс” ассоциацийн Ажлын алба танилцсан. Гэхдээ хоёрхон хоногийн хугацаанд танилцаад саналаа өг гэсэн нь хугацааны хувьд давчуу байлаа. Тиймээс Ассоциацийн зүгээс шууд санал өгөх боломжгүй, хуулийг хэрэгжүүлэх үндсэн субъект болох аж ахуйн нэгжүүдийн дунд хэлэлцүүлж, санал боловсруулах шаардлагатай гэж үзсэн.

Бидний үзэж буйгаар, хуулийн төсөлд зайлшгүй авч хэлэлцэх, тодруулах шаардлагатай асуудал олон байна. Тухайлбал, Уул уурхайн тухай хуулийг боловсруулсан үндсэн зорилго, үндэслэл, шаардлага ойлгомжгүй, маш тодорхойгүй.  Ашигт малтмалын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Барилгын тухай, Статистикийн тухай, Хөдөлмөрийн тухай, Хууль тогтоомжийн тухай гэх мэт хуулийн заалтуудтай зөрчилдсөн, утга давхардсан, зарим заалтыг зүгээр иш татсан зүйлс нэлээд ажиглагдсан.  Уул уурхайн салбарын ажилтнуудад тавигдах шаардлага зэрэг компанийн дотоод журмаар зохицуулчих боломжтой заалтууд олон байна.  

Жишээлбэл, ямар заалтууд байна вэ?  
“Ашиглалтын гүйцээх хайгуулын ажлын үр дүнд ордын ашигт малтмалын нөөцийн тоо, хэмжээг өсгөн нэмэгдүүлнэ” гэхчилэн технологийн, стандартын  зааврууд  хуулийн төсөлд байна. Мөн тогтоолоор баталсан ТЭЗҮ-д тавигдах шаардлагуудыг бүтнээр нь оруулчихаж.  Энэ бүхнийг хуульчилчихвал шаардлагагүй байсан ч хэрэгжүүлэхээс аргагүй болно. Хуулийг технологийн заавар болгож болохгүй.

Хуулийн төслийн гуравдугаар бүлгийн “Геологийн судалгааны зорилго, зорилт, санхүүжилт” гэдэгт “Геологийн судалгааны зорилго нь нутаг дэвсгэрийн геологийн тогтцыг судлах, түүн дэх ашигт малтмалын тархалт, түүний зүй тогтлыг тогтоосны үндсэн дээр хэтийн төлөв бүхий бүс, дүүрэг, талбай, орд, илрэл, эрдэсжсэн цэг, гажуудлыг илрүүлэх, үнэлэх замаар эх орны эрдэс баялгийн сан хөмрөгийг баяжуулах төдийгүй улс орны нийгэм-эдийн засаг, бүсчилсэн хөгжлийн төлөвлөлт, цаашдын хөгжлийн чиг хандлага, үзэл баримтлал, төрийн бодлогыг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх болон бусад хөгжлийн тулгуур асуудлуудад шаардлагатай үндсэн суурь мэдээллийг бэлтгэхэд оршино” гэсэн маш урт өгүүлбэр байна. Үүнийг  хууль гэхээсээ илүү төрийн бодлого, хөтөлбөрт  оруулах ёстой баймаар. 

Түүнчлэн “Ашиглалтын хайгуулыг ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын хайгуул, ашиглалтын гүйцээх хайгуул гэсэн хоёр чиглэлээр гүйцэтгэнэ” гэж бичсэн байна. Энэ хоёр чиглэлээр гүйцэтгэхгүй бол яах вэ гэдэг нь тодорхойгүй.

Уул уурхайн хуулийн төслийн нэгдүгээр бүлэгт “Энэ хуулийн зорилт нь ашигт малтмалыг үндэсний эрх ашигт нийцүүлэн хүрээлэн  буй орчинд сөрөг нөлөөлөл багатай, эдийн засгийн үр ашигтайгаар олборлож, баяжуулж, боловсруулан хариуцлагатай уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэх харилцааг зохицуулахад оршино” гэснийг уншаад “үндэсний эрх ашигт нийцүүлдэг ямар харилцаа байдаг юм бол” гэж бодлоо.

Хуулийн төслийн 49.3 дугаар зүйлд “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлогыг  Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арил­жааны банкаар дамжуулна” гэсэнд ямар санал хэлэх вэ?
Энэ бол хөрөнгө оруулалтын орчинд сөргөөр нөлөөлөх заалт. 2014 онд  батлагдсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд эрдэс баялгийн салбарыг хувийн хэвшилд түшиглэн хөгжүүлж, хөрөнгө оруулалтын тогтвор­той орчныг хангана гэсэн Засгийн газрын бодлоготой нийцэхгүй гэж үзэж байгаа. u Иймэрхүү заалтуудыг өөрчлөхгүй бол хөрөнгө оруулалт үргэж, “Оюутолгой” компани ч ажиллах боломжгүй болно. “Оюутолгой” компани жилд нэг тэрбум ам.долларын борлуулалт хийдэг гэж бодъё. Үүнийг Монголын банкаар дамжуулах боломж байхгүй. Тэгээд ч гадны банкууд орж ирэх сонирхол их болно. Гэтэл ганц Хятадын банк орж ирэх гэхээр улс даяар юу болоод байгаа билээ. Компаниудыг хууль зөрчлөө гээд торгоод байх уу, яах ёстой вэ? 

Түүнчлэн 48.3 дугаар зүйлд “Уул уурхайн бүтээгдэхүүнийг шаардлагатай тохиолдолд төрийн байгууллага худалдан авч борлуулж болно” гэснээр төрийн байгууллагууд худалдаа, бизнесийн үйл ажиллагаа шууд эрхэлж болохоор байгаа нь зохимжгүй. Бусад хууль тогтоомжтойгоо ч зөрчилдөнө.

Тиймээс Уул уурхайн тухай хуулийг богино хугацаанд яаравчлан боловсруулж, түргэн түүхий гаргах шаардлагагүй. Уурхайн хаалтын тухай хууль тусдаа гардгаараа гарч, бусад асуудлыг Газрын хэвлийн тухай хуулиараа зохицуулах боломжтой. Мөн бусад хууль, тогтоомжтой нийцүүлэхийн тулд Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу Эрдэс баялгийн бодлогын зөвлөлөөр оруулах шаардлагатай.
 
Уул уурхайн тухай хуулиар зөвхөн уул уурхайн мөчлөгийн асуудлыг тусгайлан зохицуулах ёстой гэсэн байр суурьтай мэргэжилтнүүд байна?
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны санал болгосон хуулийн төсөлд ашигт малтмалын эрэл, хайгуул, ТЭЗҮ, ил, далд уурхай, олборлолт, ашиглалт, баяжуулалт, боловсруулалт, ил тод байдал, уурхайн хаалт гээд олон асуудлыг тусгаснаар нь Геологи, уул уурхайн тухай хууль гэж нэрлэх ёстой байх.

Хуулийн төслийн эхний хэсгийг уншихад оюутан ахуйдаа уншдаг байсан сурах бичгүүд санаанд ороод байсан. Уул уурхайн сурах бичгүүдэд дурдагддаг ил, далд уурхайн процессын нэр томьёонууд төсөлд их байна. Уг нь уул уурхайн мэргэжилтнүүд, ШУТИС-ийн профессорууд хуулийн төсөл дээр ажилласан  гэж сонссон. Гэвч 72 хуудастай, ийм задгай, нуршуу хуулийн төсөл гараад ирнэ гэж бодсонгүй.