Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Уул уурхай

Өмнөговийн Ханбогдод зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барина

Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байгуулах тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны саналыг хэлэлцэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжив.

Үйлдвэр байгуулахад хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох,  хөрөнгө оруулагчтай гэрээ хэлцэл хийх зэргийг сайд Ц.Дашдоржид даалгав.

Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн нийт хувьцааны 10-аас доошгүй хувийг хөрөнгө оруулалтын зардал гаргахгүйгээр төр үнэ төлбөргүй эзэмшихийг зөвшөөрч, төрийн төлөөллийг хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Мөн “Оюутолгойн баяжуулах үйлдвэр”, “Тавантолгойн нүүрс угаах үйлдвэр”, “Тавантолгойн цахилгаан станц”, “Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр”-ийн усан хангамжийн асуудлыг “Орхон говь”, “Хэрлэн говь”, “Онги говь” төслийн хүрээнд боломжит хувилбарыг судлан сонгож, зохих журмын дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд даалгалаа.

Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр нь жилд 1 сая тонн баяжмал боловсруулах хүчин чадалтай байх бөгөөд 2020 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Ийм хэмжээний баяжмал боловсруулах хүчин чадал  бүхий үйлдвэр нь байршлын хувьд түүхий эд, бүтээгдэхүүний тээвэрлэлт, эрчим хүч дамжуулах зардал бага зэрэг давуу талыг харгалзан Оюутолгойн ордын дэргэд Ханбогд суманд байрлах нь тохиромжтой гэж салбарын яам, мэргэжилтнүүд үзсэн байна.  Энэ тухай Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.