Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Ганцмод боомтод шинэчилсэн хураамж үйлчилж эхэллээ



The Mongolian Mining Journal /2016.12 -097/

Б.Төгсбилэгт  

Хятад Монголтой хиллэдэг бүх боомтдоо хураамж ногдуулахаар шийдвэрлэснийг монголчууд өнгөрсөн сарын сүүлээр мэдэж багагүй сандарцгаасан билээ. Харин энэхүү шийдвэр аль 11 дүгээр сарын 4-ний өдөр гарчихсан байсан юм. Боомтын хураамжийн хувь хэмжээг шинээр тогтоох, өөрчлөн шинэчлэхтэй холбоотой Өвөрмонголын өөртөө засах орны Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны уг шийдвэрийн дагуу одоогоор  Ганцмод боомтод шинэчилсэн хураамж үйлчилж байгаа бол бусад боомтод уг шийдвэр хэрэгжээгүй байна.  Уг шийдвэр хэдийд бусад боомтод хэрэгжих эсэх нь тодорхойгүй ч шинэчилсэн хураамжийн хэрэгжилт хойшлох нь экспорт хийдэг олборлогч компаниудад харьцангуй сайн мэдээ юм.

Шинэчилсэн хураамжийг мөрдөхөөр болсон явдлыг эргэн тодруулбал, өнгөрсөн сарын 4-нд Өвөрмонголын Үндэсний хөгжил шинэчлэлийн хороо “Бүс нутгийн боомтын үйлчилгээний төлбөрийн нэршлийг өөрчлөх болон түүний хүрээнд хураамж авах төлбөрийн стандартыг тогтоох” тухай 1319 тоот албан бичиг гаргасан билээ. Үүнд тус улсын Монголтой холбогддог бүх боомтоор орж ирж буй бараа бүрт хураамж ногдуулах тухай тусгасан байна.

Мэдэгдэлд дурдсанаар Манжуур, Эрээн, Ганцмод боомтоор нэвтэрч буй бараа тутамд (дан ганц зэс, нүүрс бус)  тонн тутмаас 8 юань, машин бүрт 10 юанийн тээврийн хэрэгслийн хураамж авах тухай тэмдэглэжээ. Харин Сэхээ, Зүүн Хатавч, Хавирга боомтоор болон бусад шинээр байгуулагдах боомтоор нэвтрэх бараанаас тонн тутамд 5 юань, машин бүрээс 10 юанийн тээврийн хэрэгслийн хураамж авч, харин 10 мянган юаниас дээш үнийн дүн бүхий үнэт метал (зэсийн баяжмал)-аас үнийн дүнгийн 0.2%-тай тэнцэх төлбөр хураамж авах бөгөөд тухайн боомт дээрх бодит нөхцөл байдлыг харгалзан бууруулж болно гэж тусгажээ.

Ийнхүү боомтуудаар нэвтэрч буй бараа болгоноос хураамж авахаар болсон нь Хятадын боомтуудын дэд бүтцийг шинэчлэх ажилтай холбоотой юм байна. Хэдийгээр энэ дунд Хятад, Оросын хилийн зарим боомт багтсан ч Монголын хувьд бараг бүх түүхий эдээ Хятадтай холбогддог боомтоор гаргадаг учир дарамт хавьгүй их нэмэгдэж байна. Нүүрсээ тодорхой хэмжээгээр ахиу үнээр худалдаалахаар болсон ч Ганцмод боомтоор гарч буй нүүрсний тонн тутамд дунджаар 3 юанийн нэмэлт ачаалал ирж байна. Зэс, нүүрснээс гадна бусад түүхий эд болох цайр, төмрийн хүдэр, жонш болон бусад бүх бараанд тодорхой хэмжээний нэмэлт ачаалал ирэх нь дамжиггүй.

Эхний арван сарын байдлаар Монгол улсын нүүрсний нийт экспорт 18.7 сая тонн, төмрийн хүдэр 5 орчим сая тонн, цайрын хүдэр 106 мянган тонн, зэсийн баяжмалынх 1.3 сая тонн, цэвэр зэсийнх 13 орчим мянган тоннд хүрсэн байна. Ийм хэмжээний экспортын бараанаас дээрх тооцоонд үндэслэн хураамж авах нөхцөлд бүдүүн тойм дүнгээр нүүрснээс 20 орчим сая долларын хураамж, төмрийн хүдрээс 6 сая доллар, цайраас 120 мянган доллар, зэсийн баяжмалын экспортоос 2.8 сая доллар, цэвэр зэсийн экспортоос 100 гаруй мянган ам.долларын хураамжийг Хятадын талд төлөхөөр байжээ. 

Ирэх оны экспортын хэмжээ яг хэд байх нь тодорхойгүй ч багагүй хэмжээний хураамжийг урд хөршид төлөх төлөв эндээс харагдаж буй юм.

Боомтын хураамжийг хилийн боомтын дэд бүтцийг шинэчлэх санхүүжилтэд зарцуулах ажээ. Энэ тухай албан бичгийн нэгдүгээр заалтад “Боомтын үйлчилгээний хураамжийн дагуу нутаг дэвсгэрийн хэмжээн дэх боомтуудын үйлчилгээний төлбөрүүдийн нэршлийг өөрчилж, боомтуудын бүтээн байгуулалтыг дэмжих төлбөр хураамж нь тухайн боомтуудын бүтээн байгуулалтыг хийхэд ашиглагдсан банкны зээл түүний хүүг эргүүлэн төлөхөд зарцуулагдана” гэжээ. Хэдийгээр Өвөрмонголын Ардын Засгийн газар үүнийг боомтын дэд бүтцийн шинэчлэлтэй холбон тайлбарлаж буй ч энэхүү шийдвэр нь Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг зөрчөөд зогсохгүй Хятад улсын Монголын экспортод зориулж гаргасан таатай шийдвэрийг шууд зөрчиж байгааг шинжээчид тайлбарлаж байна. Нөгөөтэйгүүр Далай ламын айлчлалтай холбоотойгоор хятадууд ийм шийдвэр гаргасан гэх хардлагыг ч хэвлэлүүд болон зарим шинжээч дэвшүүлж буй юм.

Боомтоор нэвтрэх бараанд ногдуулах төлбөрийн тухай энэхүү шийдвэр нь нүүрсний үнийн өсөлттэй давхцаж буй нь зах зээлийн үнийн өсөлтийг далимдуулан тодорхой хэмжээний ашиг хүртэхээр хийж буй Хятадын Засгийн газрын алхам ч байж болох юм. Өнгөрсөн 11 дүгээр сарын 22-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсний худалдааны үнээ 50 ам.долларт хүргэхээр болж буй тухайгаа мэдээлсэн бол яг энэ өдөр Ганцмод боомтоор нэвтрэх бараанд ногдуулах хураамжийн тухай мэдэгдэл гарчээ. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил энэ тухай “Гашуунсухайт боомтоор нэвтрэх нэг машинаас өмнө нь ямар нэг хураамж авч байгаагүй, үүнд 10 юань авахаар шинэ хураамж гаргасан. Нэг тонн нүүрснээс 5 юань авч байсныг 8 юань болгосон байна. Зэсийн баяжмалаас 5 юань авч байсныг үнийн дүнгийн 0,2 хувь болгосон. Энэхүү шийдвэртэй уялдаж бидний хийсэн тооцоогоор бол Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагууд жилдээ зэсэнд 12.3-12.5 сая ам.долларын нэмэлт төлбөр төлөх болох нь.” гэж Монцамэ агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

Салбарынхан маш олон жилийн турш Ганцмод боомтыг олон улсын статустай болгох талаар ярьсаар ирсэн ч өнөө хэр нь тус боомт орон нутгийн шинж чанартай   хэвээр байгаа юм. Ийм “гэнэтийн бэлэг”-ийн түүх 2012 онд тохиож байсан бөгөөд Өвөрмонголын Баяннуур аймгийн захиргаа Монголын нүүрсэнд, тэр дундаа угаасан нүүрсэнд өндөр хураамж ногдуулж байсан билээ. Боомтыг олон улсын статустай болговол ийм асуудал гарах нөхцөл бараг бүрэн хязгаарлагдахын сацуу Монголын нүүрс Хятадын эргийн буюу коксжих нүүрс өндөр үнэтэй байдаг бүс рүү нэвтрэх бололцоо бүрдэх юм.

Ийнхүү шинэчилсэн хураамжийг Ганцмод боомт дээр мөрдөж эхэлсэн бол бусад боомт дээр хуучин тогтолцоо хэвээр үйлчилж буй юм. Нөгөөтэйгүүр Ганцмод боомт дээр үйлчилж буй шинэчилсэн хураамж нь салбарынхны хувьд ноцтой хэмжээний дарамт биш болохыг “Эрдэнэс Тавантолгой” компани мэдэгдсэн байна. Гэсэн ч шинэчилсэн хураамж үйлчилснээр компаниудад нэмэлт ачаалал ирж буй нь ойлгомжтой юм.