Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Хөрөнгө оруулагчидтай зөвлөлдөх хэлэлцүүлэг хийнэ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас энэ сарын 25-нд олон улсын хөрөнгө оруулагчидтай дугуй ширээний хэлэлцүүлэг хийх гэж байна. Хэлэлцүүлгийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн Дэд сайд Х.Бадамсүрэнгээс тодрууллаа.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас санаачлан гадаадын хөрөнгө оруулагчидтай зөвлөлдөх уулзалт зохион байгуулах гэж байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

Монгол улсын хувьд геологи, хайгуулын ажил, томоохон хөрөнгө оруулалт шаардах уул уурхайн төслүүдэд гадны хөрөнгө оруулалт татах хэрэгтэй байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 11 дүгээр сарын 25-нд Монгол улс дахь гадаад улсуудын Элчин сайдын яамдын холбогдох албаны хүмүүсийг урьж, зөвлөлдөх уулзалт хийнэ. Зөвлөгөөн дээр Засгийн газрын бодлого, цаашид хэрэгжүүлэх төслүүдийг танилцуулах юм.

Хөрөнгө оруулагчдыг татахын тулд эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчин тогтвортой байх эсэх, өнгөрсөн хугацаанд ямар давуу болоод учир дутагдалтай зүйлс байсныг улсаа төлөөлөн Монгол улсад суугаа ЭСЯ-даар дамжуулж, Монголд хөрөнгө оруулалт хийх, үйл ажиллагаа явуулах сонирхолтой хөрөнгө оруулагчидтай шинэлэг байдлаар ярилцах юм.

Мөн Лондон хотод болох Mining&Money хөрөнгө оруулалтын чуулганд оролцож, төслүүдээ танилцуулах, хөрөнгө оруулагчидтай зөвлөлдөх арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Канадын Торонто хотод жил бүр болдог уул уурхайн салбарын томоохон арга хэмжээнд урьд өмнөхөөс нэлээд өөр байдлаар оролцохоор төлөвлөж байна.

Гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд сонирхолтой төсөл хөтөлбөрүүдтэй байх ёстой. Засгийн газар ирэх 4 жилд ямар төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?

Хөрөнгө оруулалт татахад хамгийн чухал нь сайн боловсруулсан төслүүдтэй байх ёстой. Сайн төслүүд байвал хөрөнгө оруулалт татах бүрэн боломжтой. Урьдчилсан ТЭЗҮ-ээр үйлдвэрлэл, нөөцийн хэмжээ, үр ашиг ямар байх, тухайн төслийг хэрэгжүүлснээр гарах бүтээгдэхүүнийг ямар зах зээлд борлуулах зэргийг урьдчилж харж тооцсон, тал талын үр ашигтай төслүүдийг гадаадын хөрөнгө оруулагчид сонирхдог. Харин Монгол улсын Засгийн газар, холбогдох яамдын хувьд эрчим хүч, зам, ус гээд дэд бүтцийн асуудалдаа онцгой анхаарах ёстой.

Цаашид ашигт малтмалын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого барьж ажиллана. Тухайлбал, газрын тос боловсруулах үйлдвэрийг 2020 он гэхэд барина гэж төсөөлж байна. Монгол улс өнгөрсөн хугацаанд хийсэн хайгуул, судалгааны ажлын үр дүнд өнөөдрийн байдлаар газрын тосны 330 гаруй сая тонн геологийн баталгаат нөөцтэй, 40 гаруй сая тонн ашиглалтын баталгаат нөөцтэй болсон. Энэ нь жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэр барих боломжийг бүрдүүлж байна. Мөн Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах хүчин чадлыг хадгалж, Оюутолгойн хүчин чадлыг төлөвлөсөн хэмжээнд хүргэж, Цагаансуваргын уулын баяжуулах үйлдвэрийг барьж байгуулснаар Монгол улсын зэс баяжуулах үйлдвэрлэл 2 сая тоннд дөхөж очих нөхцөл бүрдэнэ. Үүнтэй уялдуулаад зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг ойрын 3 жилд багтаан барих төлөвлөгөөтэй байгаа. Эхний ээлжинд 500 мянган тонн баяжмал боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барьж, улмаар хүчин чадлыг 1 сая тоннд хүргэж өргөжүүлэх боломжтой гэж тооцож байгаа. Алтны үйлдвэрлэлийг 2019-2020 онд 25 орчим тоннд хүргэх боломжтой. Үүнтэй уялдуулаад алт цэвэршүүлэх үйлдвэр барихаар төлөвлөсөн. Мөн кокс хими, ширэм гангийн үйлдвэр, цувимал бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгоно. Өртөг шингэсэн, овор хэмжээ багатай, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай хагас боловсруулсан болон эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжүүлэх зорилтыг 2016-2020 онд хэрэгжүүлэхээр Засгийн газар төлөвлөж, хөтөлбөрөө боловсруулаад явж байна.

Үүнээс гадна стратегийн ач холбогдолтой Гацуурт, Цагаансуваргын ордыг ашиглалтад оруулахыг Засгийн газар бодлогоор дэмжиж ажиллана. Хөрөнгө оруулалтын гэрээг төсөл хэрэгжүүлэгч компаниудтай байгуулж таарна. Шинэ төслүүдийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дэд бүтэц, байгаль орчны асуудлуудыг бусад яамтай хамтарч шийдэх талаар салбарын яамны хувьд зохицуулалт хийж, төсөл хэрэгжүүлэгчдээ дэмжиж ажиллах чиглэл барьж байна.

Эрдэс баялгийн салбарт эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, төгөлдөржүүлэх, улмаар тогтвортой байлгах бодлого барьж ажиллана. Ашигт малтмалын төрөл бүрээр хөтөлбөр боловсруулж ажиллахаар төлөвлөж байна. Тухайлбал “Монгол алт”, Монгол жонш”, “Монгол нүүрс” хөтөлбөр болон өнгөт төмөрлөг болон хар төмөрлөгийн чиглэлээр төслүүд хэрэгжүүүлэхээр зорьж байгаа.



С.Болд-Эрдэнэ