Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

ОНХГ-ний оролцогч талуудын үүрэг, оролцоог ярилцлаа

“Орон нутгийн хөгжлийн гэрээний (ОНХГ) талаарх ойлголт ба мониторинг” сэдэвт хоёр өдрийн сургалт-семинар арваннэгдүгээр сарын 8-10-нд “Корпорейт” зочид буудлын хурлын танхимд болж байна.

“Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн”-гийн Монгол улс дахь менежер Н.Дорждарь, тус хүрээлэнгийн Хуулийн ахлах зөвлөх Амир Шафайи нар сургалтын хөтөлбөр, зорилгын талаар оролцогчдод ойлголт өгч, чиглүүлэгчээр ажиллаж байгаа юм. 




Сургалтын үдээс өмнөх хэсэгт “Нийгмийн хараат бус үйл ажиллагаа” байгууллагын захирал, орон нутгийн хөгжлийн зөвлөх Жордон Кушминдер уул уурхайн үйл ажиллагаа явуулах нутгийн иргэдийн зөвшөөрөл буюу нийгмийн лиценз, ОНХГ-ний загварын талаар танилцууллаа.

“ОНХГ-ний  загварууд нь олон улсад Үр шим хуваах гэрээ, Сайн дурын гэрээ, Орон нутгийн хөгжлийн санаачилга гэх мэт янз бүрийн нэршилтэй байдаг бол   Монголд  анх  Хамтын ажиллагааны гэрээ гэж нэрлэж байсан.

Хэдийгээр улс орнуудад  ОНХГ нь ямар нэгэн нийтлэг зүйл байхгүй ч загвар гэрээ гаргах санаачилга талаасаа тодорхой өөрчлөлт гарахад нөлөөлж болдог. Энэ утгаараа ОНХГ-ний олон улсын шаардлагууд нь ч өөр өөр. Зарим улсад ОНХГ-г заавал хийх ёстой гэдгийг  хуульчилж өгсөн байдаг” хэмээн  Жордон Кушминдер зөвлөх ярилаа. 

Үүний дараа “Нээлттэй нийгэм форум”-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг Монгол улсын олборлох салбарын эрх зүйн орчин дахь ОНХГ-ний үүрэг оролцоог эргэн харах, уг гэрээний үйл явц дахь оролцогч талуудын үүрэг оролцооны талаар  илтгэлээ.

Тэрээр “Тухайн нутгийн захиргаанд орон нутгийн хөгжлийг хангах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх, ард иргэдийнхээ дэмжлэгийг авахад гол нөлөө үзүүлдэг бол иргэдэд ажлын байр, бизнесийн боломжоо нэмэгдүүлэх бололцоог олгох, аж ахуйн нэгжүүдэд орон нутгаасаа дэмжлэг авах, хууль бус дарамт шахалтаас хамгаалагдах, тогтвортой хэвийн үйл ажиллагаа явуулах зэргээрээ ОНХГ нь олон талын ач холбогдолтой” гэлээ.  

Зөвлөх Жордон Кушминдер нь эхний өдрийн сургалтаар ОНХГ-ний гол элементүүд, эрсдүүд ба чадавхийн талаарх танилцуулгаа  үргэлжлүүлэх бол дараагийн өдөр нь  ОНХГ-г бусад газрууд хэрхэн хийдэг талаар мэдээлэл өгч,  Монгол улсын нөхцөл байдалд тулгарч болзошгүй боломж ба эрсдлийн талаар ярих юм.

 

Г.Идэр