Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Ярилцлага

Магистрын хөтөлбөрийн хичээлүүд Германы шилдэг багш нарын удирдлага дор явагдана

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн Сургалт хариуцсан дэд захирал Катя Поланскитай ярилцлаа. Тус сургууль 2013 онд Монгол, Герман хоёр улсын Засгийн газруудын дэмжлэгээр байгуулагдсан билээ. Сургуулийн хотхон нь Улаанбаатар хотын Налайх дүүрэгт байрладаг бөгөөд Монголын хамгийн залуу, орчин үеийн тохилог оюутны хотхонтой төрийн өмчийн отгон их сургууль юм. Монголын дээд боловсролын салбарын шинэчлэлд загвар болохын сацуу дэлхийн түвшний инженерүүдийг бэлтгэх үндсэн зорилготой тус сургууль уул уурхайн боловсруулалтын инженер, механик инженер, хүрээлэн буй орчны инженер, үйлдвэрийн эдийн засагч инженер гэсэн бакалаврын 4 хөтөлбөрөөс гадна Байгалийн нөөц, хүрээлэн буй орчны олон улсын менежментийн магистрын хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.

Техник технологийн өндөр мэдлэг эзэмшихээр олон монгол залуус гадны улс орныг зорих боллоо. Энэ нь муу зүйл биш ч маш өндөр зардлаар тэр мэдлэг боловсролыг олж авдаг. Танай сургуулийн хувьд гадаад улс оронд эзэмшиж буй мэдлэг чадварыг Монголд эзэмшүүлж байгаа гэж сонссон?

Тиймээ, энэ нь манай сургуулийн гол зорилго юм. Дэлхийн түвшний чадварлаг инженерүүдийг бэлтгэхэд шаардагддаг маш олон хүчин зүйлийг бид бүрдүүлж байна. Тухалбал, тухайн мэргэжлийн хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлт хэрэгцээг судлах, олон улсын стандартад нийцсэн сургалтын хөтөлбөр боловсруулах, чадварлаг, туршлагатай багш мэргэжилтнүүдийн баг бүрдүүлэх, оюутны сурч амьдрах ая тухтай орчныг бий болгох гэх мэтчилэн олон талын нөхцөл бололцоог олон улсын стандартад нийцүүлэн бий болгохын төлөө ажиллаж байна. Монгол залуус ийм орчин нөхцөлд эх орондоо инженер, технологийн өндөр мэдлэг эзэмших нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй төдийгүй бусад олон давуу талтай боломжуудыг эдлэх юм.

Танай сургалтын хөтөлбөрүүд судалгаан дээр үндэслэж хийгддэг юм байна. Магистрын хөтөлбөр мөн адилхан уу? Энэ хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ болон аж үйлдвэрийн компаниудын судалгаан дээр үндэслэдгээрээ манай хөтөлбөрүүд онцлогтой. Магистрийн хөтөлбөрийн хувьд энэ хичээлийн жилд шинээр нээгдэж байгаа. “Байгалийн нөөц, хүрээлэн буй орчны олон улсын менежмент”- ийн хөтөлбөр. Хөтөлбөрийн гол зорилго нь төгсөгчдөд байгалийн нөөц, хүрээлэн буй орчныг хамгаалахад чиглэсэн бизнес, менежментийн мэдлэг, ур чадварыг олгох юм. Хөтөлбөрт Монгол орны төдийгүй олон улсын чиг хандлагын талаарх геологи, экологи, уул уурхайн инженерчлэл, эрх зүй, эдийн засаг, санхүүгийн талаарх хичээлүүд багтсан. Хөтөлбөрийн бүх хичээл англи хэл дээр Германы шилдэг багш нарын удирдлага дор явагдана.

Энэ мэргэжлийг эзэмшихэд ирээдүйн ажлын байрны боломжууд ямар байх бол?

Маш өргөн боломжууд бий. Тухайлбал төгсөгчид уул уурхай, эрдэс баялаг, хог хаягдлын дахин боловсруулалт, эрчим хүч, зам тээвэр, төрийн захиргаа болон санхүү-хөрөнгө оруулалт, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт, ложистик, зөвлөх үйлчилгээ зэрэг салбарт хөрвөж ажиллах боломжтой.

Ямар хүмүүс суралцаж болох вэ?

Байгалийн нөөц, олон улсын менежментийн чиглэлээр удирдах ур чадвараа нэмэгдүүлэх сонирхолтой байгалийн ухааны эрдэмтэд, инженерүүд суралцах боломжтой.


Ямар хугацаанд суралцах вэ? Суралцах хугацаанд Германд очиж суралцах боломжтой юу?

Энэ хөтөлбөр маань 4 семестр үргэлжилнэ. Нийт 120 багц цагийг цуглуулна. Мөн модуль хөтөлбөрүүдийг тусад нь дүүргээд гэрчилгээ авах боломжтойгоороо бас онцлог. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллэл авахыг хүсвэл www.gmit.edu.mn цахим хуудсаар орж танилцаж болно. Оюутнууд суралцах явцдаа ХБНГУ-ын түнш их сургуулиудад 1-2 семистр суралцах боломжтой.

Энэ хөтөлбөрөөр ажиллангаа суралцаж болно. Бүртгэл 10 дугаар сарын 20-ныг дуустал онлайнаар хийгдэнэ. Хичээл 2016 оны 10 дугаар сарын 28-нд эхэлнэ. Хичээлийн  жилийн эхний улирлын урьдчилсан хуваарь болон сургалтын нарийвчилсан төлөвлөгөөг  www.gmit.edu.mn цахим хуудаснаас татаж үзэх боломжтой.

Сургалтын төлбөр, тэтгэлгийн тухайд ямар боломжууд байгаа вэ?

Энэхүү хөтөлбөрөөр суралцахдаа тэтгэлэг авах бүрэн боломжтой. Гагцхүү энэ хөтөлбөрөөр яагаад тэтгэлэгтэй суралцахыг хүсч буй тухайгаа эссэндээ тодорхой бичих хэрэгтэй. Түүнчлэн байгууллагын журмаар суралцаж буй хүмүүст бусад боломжуудыг санал болгодог. Сургалтын төлбөрийн 1 кр оноо нь 133,000 төгрөг байгаа. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд  IELTS,  TOEFL-ийн оноогүй бол МГТИС-ийн англи хэлний түвшин тогтоох шалгалтыг өгч болно. Бүрдүүлэх материалуудын жагсаалтыг мөн цахим хуудаснаас аваарай.