Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Олон талын оролцоотой, тогтвортой, тэгш хөгжлийг бий болгоно

“Монгол улсын уул уурхайн бодлого, хууль эрх зүйн орчныг сайжруулсанаар тогтвортой хөгжлийг хангах боломж бүрдэнэ. Ингэснээр чанартай хөрөнгө оруулалт ч бий болно” хэмээн  Австрали улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Лангтри чуулга уулзалтын эхэнд онцлов.

Австралийн Гадаад харилцаа, худалдааны яамны дэмжлэгтэйгээр Хөгжлийн төлөө Эрдэс баялаг, Эрчим хүчний холбоо (MEFDA), Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс хамтран зохион байгуулж буй “Уул уурхай ба НҮБ-ын Тогтвортой хөгжлийн  зорилтууд Монголд”  сэдэвт  чуулга уулзалт өнөөдөр “Шангри Ла” зочид буудлын “Ballroom III” танхимд боллоо.

2016 оны эцсийн байдлаар Монгол улсын уул уурхайн салбар ДНБ-ий 16,7%, экспортын нийт бүтээгдэхүүний 87%, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 55%-ийг тус тус эзлэж байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга н.Батхүүярилаа.

“Монгол улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон уул уурхайн салбар сүүлийн жилүүдэд өсөлт бууралт, сайн муу асуудлуудыг дагуулсаар өнөөдрийг хүрлээ. Супер циклийн үед манай улсад бодлого, эрх зүйн тогтвортой байдлыг алдагдуулсан олон эрх зүйн акт ар араасаа батлагдан гарсан нь гадаадын хөрөнгө оруулалтыг ойлгомжгүй байдалд оруулж, хүлээлт бий болгосон” хэмээн тэрээр  илтгэлээ үргэлжлүүлэв.

Уул уурхайг түлхүү хөгжүүлсэн дэлхийн 109  орныг   Монгол улстай харьцуулахад өрсөлдөх чадвараараа 87 дугаарт бичигджээ. Иймд  Засгийн газар, тэр дундаа Уул уурхай,  хүнд үйлдвэрийн яам хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхийн тулд бодлогын хүрээний хэд хэдэн томоохон зорилтыг өмнөө тавьжээ. Өмнө нь хайгуулын тусгай зөвшөөрлийг олгоход орон нутгаас өргөдөл тус бүрээр санал авдаг байсан журмыг өөрчилж, Засгийн газар ба орон  нутаг нэгдсэн саналд хүрсэний дагуу тусгай зөвшөөрөл олгодог системд шилжихээр болсон гэж УУХҮЯ-ны холбогдох албаны хүмүүс тайлбарлав.  

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль Газрын хэвлийн тухай хууль болон Байгаль орчны багц хуулиудын хооронд үүссэн зөрчлийг арилгаж, уурхайн хаалтын менежмэнтийн эрх зүйн орчныг тодорхой болгох үүднээс Уурхайн хаалтын тухай хуулийг санаачилан боловсруулжээ.

УУХҮЯ Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааг илүү боловсронгуй болгож хариуцлагыг нь чангатгахаар ажиллаж эхэлсэн байна. Хөрөнгө оруулагчдад хууль бусаар дарамт үзүүлдэг байдлыг халахын тулд уг асуудлыг хянан шалгаж дүгнэлт гаргах зорилгоор  Хууль зүй, дотоод хэргийн сайдын дэргэд Ажлын хэсэгбайгуулан ажиллаж байгаа аж.
Энэ бүх нөхцөл байдлын улмаас уул уурхайн салбарын бодлого, эрх зүйн орчны судалгаа, шинжилгээнд суурилсан байдлаар сайжруулах болно гэж УУХҮЯ-ны албаны хүмүүс тодотголоо.

Чуулга уулзалтын дараагийн илтгэгч нь НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБХХ-ын суурин төлөөлөгч Биате Транкман НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд уул уурхайн салбартай хэрхэн холбогдох, үүнтэй холбоотойгоор Монгол улсад тогтвортой хөгжлийг дэмжихэд НҮБ-аас хэрэгжүүлж буй хөтөлбөр, үйл ажиллагааны зорилтуудыг танилцуулсан юм.

НҮБ-ын баталсан 2030 он хүртлэх Тогтвортой хөгжлийн зорилтууд нь аль болох олон талын оролцоог хангасан, тогтвортой, тэгш хөгжлийг бий болгоход чиглэж  байгаа хэмээн хатагтай Биате Транкман ярилаа.

НҮБ-ын “Тогтвортой шийдлийн сүлжээ” хэмээх байгууллага хэдхэн сарын өмнө Уул уурхайн атлас” баримт бичгийг боловсруулан гаргажээ. Энэ нь тогтвортой хөгжлийн зорилтуудтай холбогдсон судалгаа бөгөөд уг судалгааны тайлан саяхан олон нийтэд хүрчээ.

Эдгээр зургаан зорилт нь уул уурхайн салбарт шууд нөлөөлөх боломжтойгоос гадна эдийн засгийн хөгжилд нийгмийн тэгш байдал, оролцоо, байгаль орчны тогтвортой байдал гэсэн гурван үндсэн чиглэлээр Монгол улсын тогтвортой хөгжлийн зорилтуудыг 2030 он хүртэл хангахад чухал үүрэг гүйцэтгэх аж.

Монгол улсын Засгийн газар өнгөрсөн жил  2030 он хүртлэх Үндэсний тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт-2030хөтөлбөртэй уялдуулан баталсаныг  чуулганд оролцогчид сайшааж байлаа.
Манай улсын хувьд дээрх зорилтууд нь эдийн засгийн хөгжлийг хангах, тэр дундаа уул уурхай, эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний салбаруудад зохистой ажлын байрыг бий болгох, ядуурлыг бууруулахад чухал нөлөөтэй аж.

Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Сэрдорж Тогтвортой хөгжлийн зорилтуудын биелэлтийг дэмжихэд уул уурхайн салбар дахь хувийн хэвшлийн оролцоо, ялангуяа нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хөгжүүлэхэд хийгдэж буй санаачлагын талаар товч танилцуулав.

Чуулга уулзалтын хоёр дахь хэлэлцүүлэг “Тогтвортой хөгжлийн зорилтуудын биелэлтийг хангахад уул уурхайгаас үзүүлэх эерэг нөлөөллүүдийг нэмэгдүүлэх боломж, тулгамдаж буй асуудлууд” сэдвээр өрнөлөө.

Уул уурхайн салбар Тогтвортой хөгжлийн 17 зорилттой шууд ба шууд бус холбоотой. Тэр дундаа дэд бүтэц, инноваци, аж үйлдвэржилт, хөдөлмөр эрхлэлт, эрчим хүч, зэрэг зорилттой эерэг хамааралтай аж. Мөн ундны ус, экосистем, биологийн төрөл зүйлийн хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох зэрэгт шилдэг туршлагуудыг нэвтрүүлэх, баримтлах бодлогоор зохицуулж өгөхийн чухлыг оролцогчид тодотгож байлаа. 

Хуралдааны энэ хэсэгт оролцогчид хувийн хэвшил, судлаачид, олон улсын байгууллагуудын илтгэлүүдээс уул уурхайгаас эдийн засгийн өсөлт, нийгэм, орон нутгийн хөгжил, байгаль орчны тогтвортой байдал, байгалийн баялгийн засаглалын тогтвортой байдлыг хангах, сайжруулах боломж, давуу болон бэрхшээлтэй талууд зэрэг олон сэдвээр  жишээ, туршлагуудаа хуваалцаж, санал солилцсон юм.

МУИС-ийн Эдийн засгийнсургуулийн дэргэдэх Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс “Манай улсын эдийн засаг ихээхэн суларч, үнийн өсөлт байхгүй, ажилгүйдэл ихэссэн хүндрэлтэй дүр зураг харагдаж байна. Төлбөрийн тэнцэл мөн хүнд байдалд ороод удлаа. Ялангуяа гаднаас орж ирж байгаа урсгал хурдтай унасан. Гадаадын хөрөнгө оруулалт сард 50 орчим  сая ам.доллар байгаа нь муу үзүүлэлт. Төсөв хүндрэхийн хэрээр банк, санхүүгийн байгууллагууд илүү хүнд байдалд орно” хэмээн ярилаа.  

Квийнсландын их сургуулийн судлаач Д.Бямбажав “Уул уурхай ба тогтвортой хөгжлийн зорилтууд: Орон нутгийн хөгжлийн асуудлууд” сэдвээр илтгэхдээ “Уул уурхайгаас тогтвортой хөгжилд оруулах хувь нэмрийг хэрхэн нэмэгдүүлэх талаар яриа хэлэлцээ улам нэмэгдсээр байна.

Түүнээс гадна тогтвортой хөгжил, орон нутгийн харилцааг илүү мэргэжлийн түвшинд авч үзэх, компанийн бодлого, дотоод удирдлагын системд нэвтрүүлж байгаа. Тогтвортой хөгжил ба эрдэс баялгийн салбар дахь сайн туршлагын талаарх олон улсын загвар стандартууд гарлаа“ гэж онцлон дурьдлаа. 
 
Г.Идэрхангай