Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“Германд үйлдвэрлэв-2016” үзэсгэлэн нээгдлээ

Герман улсын компаниудын дэвшилтэт технологи, ноу-хау, техник тоног төхөөрөмж болон үйл ажиллагааг Монголд сурталчлах “Made in Germany” үзэсгэлэн өнөөдөр Шангри-Ла зочид буудал нээгдлээ. Зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээ Монгол, Герман улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой.

Нээлтийн ёслолд Монгол улсын Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Г.Нацагням, ХБНГУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Штефан Дуппел, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага (ЭТИС) хөтөлбөрийн захирал Др.Штефан Ханселман нар оролцож үг хэллээ.

Арга хэмжээний хүндэт зочноор Герман улсаас Эдийн засаг, эрчим хүчний яамны Монгол-Германы ашигт малтмал, аж үйлдвэрийн технологийн салбарын түншлэлийг хариуцагч хатагтай Урсула Хорн, хөрөнгө оруулалтын DWS компанийн захирал, Компанийн засаглалын Засгийн газрын комиссын гишүүн доктор Кристиан Штренгер нар хүрэлцэн ирсэн байна. Ноён Штренгер компанийн сайн засаглалыг хэрэгжүүлэгч Герман улсын туршлагын талаар илтгэл тавьсан юм.    

Хоёр улсын худалдааг олон  салбар, чиглэлд тэгш хөгжүүлэх бодлогоор жил бүрийн үзэсгэлэнгүүд тодорхой салбар, чиглэлээр дагнан зохиогддог онцлогтой. Өнгөрсөн жилийн үзэсгэлэнд барилга угсралтын компаниуд түлхүү оролцсон бол энэ удаад хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа эрхлэх 50 орчим аж ахуйн нэгж Герман улсаас оролцож технологио танилцуулж байна.

Монгол улс ашигт малтмалын нөөц баялагтай, эдийн засаг нь уул уурхайн салбартаа тулгуурлан хөгжиж байгаа учир эрдэс баялгийн салбар дахь дэвшилтэт технологийг танилцуулахаар анх удаа манай улсад хүрэлцэн ирсэн ханган нийлүүлэлтийн компаниудын төлөөлөл ч мөнхүү арга хэмжээнд оролцож байлаа.

40 гаруй жилийн түүхтэй “Rudis” компани өнгөрсөн оны эхээр дэлхийд “мэндэлсэн” цоо шинэ технологи бүхий бүтээгдэхүүнийг Монголын зах зээл, тэр дундаа уул уурхайн салбарынханд санал болгож байна. Энэ нь шланг буюу уян хоолой хэлбэрийн конвейерийн систем юм. Тус конвейерийн технологи нь нүүрс, хүдэр зэрэг нурмаг бүтээгдэхүүнийг ачсаны дараа туузан дамжуургын амсрууд хумигдан хоолой хэлбэртэй болж ямар ч бартаат замаар бүтээгдэхүүнийг асгалгүй тээвэрлэдэг онцлогтой. Нөгөөтэйгүүр, газрын гүнээс олборлосон түүхий эдийг конвейерээр тээвэрлэх явцад тоос шороо агаарт тархаж, байгаль орчинг бохирдуулахаас сэргийлэх, цаашлаад хүний эрүүл мэндийг хамгаалах давуу талтайг  “Rudis” компанийн захирал Кристофер Шчейз онцлон ярьсан юм.

Үзэсгэлэнгийн зэрэгцээ хүнс, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, хаягдал усны цэвэрлэмж зэрэг сэдвээр экспорт, менежментийн технологийг танилцуулсан илтгэлүүдийг Германы төлөөлөгчид тавьж буй. Арга хэмжээний үдээс өмнө “Монголын текстил-алсын хараа, нэмүү өртөг, маркетинг” сэдвээр Германы “Текстил ба загварын аж үйлдвэр”-ийн холбооны Ерөнхийлөгч Жосеф А.Бекманн, “Монголын байгалийн утасны экспортыг дээшлүүлэн Европын гэр ахуйн текстилийн зах зээлд өрсөлдөх нь” илтгэлийг Нидерландын Гадаад харилцааны яамны төлөөлөгч Бастиан Белл нар тус тус илтгэл тавив.
 
Үдээс хойш “Эдийн засгийн төрөлжилт-Эдийн засгийн өсөлтийг хангах боломжууд” сэдэвт хэлэлцүүлгийг ЭТИС хөтөлбөрийн захирал Ханселман удирдан явуулах бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Г.Нацагням,Гадаад худалдааба эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга В.Энхболд, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, проффесор Ч.Хашчулуун нар оролцох аж.  

Монгол-Германы бизнес өдрүүдийн хүрээнд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага (ЭТИС) хөтөлбөр, Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбоо хамтран зохион байгуулж буй “Made in Germany” үзэсгэлэн хоёр өдрийн турш үргэлжилнэ.

Э.Од