Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Ертөнц

“Башнефть”-ийг хувьчлах үнэ тодорхой боллоо

“Башнефть” компани дахь төрийн хувийг 325-330 тэрбум рубль буюу 5.3 тэрбум ам.доллараар худалдахаар үнэлжээ. Энэ тухай ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Алексей Улюкаев мэдэгдсэн байна. Тус улсын Эдийн засгийн хөгжлийн яамнаас “Башнефть” компанийн төрийн эзэмшлийн 50,08%-ийг хувьчлах төслийг бэлтгэсэн аж.

Одоогийн нэрлээд байгаа үнээс илүү үнээр худалдан авах санал “Роснефть” компани албан ёсоор тавьсан байна. Хэрэв Оросын Засгийн газраас зөвшөөрөх юм бол худалдан авалт аравдугаар сарын 15-наас хойш хийгдэнэ гэж Улюкаев мэдэгдэлдээ өгүүлсэн байна. 2015 оны жилийн эцсийн дүнгээр “Башнефть” компани 59.6 тэрбум рублийн цэвэр ашигтай ажиллажээ. Газрын тос, байгалийн хийн олборлолтоос гадна нефть-химийн үйлдвэрлэл эрхлэх тус компани 1946 онд үүсгэн байгуулагджээ. 

Дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ буурч байгаа нь Орос улсын төсөвт хүндээр тусч байгаа билээ. Төсвийн орлогыг бүрдүүлэх зорилгоор тус улсын төрийн өмчит томоохон компаниудыг хувьчлах ажлыг эхлүүлээд буй. Энэ ажлын хүрээнд 2016 онд багтаан Оросын газрын тосны үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Роснефть” корпораци дахь төрийн мэдлийн 19,5%-ийг 665 тэрбум рубль буюу ойролцоогоор 11 тэрбум ам.доллар худалдахаар төлөвлөж байгаа юм. Энэхүү хувьчлалд Хятадын төрийн CNPC корпораци оролцох сонирхлоо илэрхийлсэн байдаг. 

Э.Од