Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Компанийн мэдээлэл

“Жэйкобс Инженеринг” Оюу толгойн гүний уурхайг барина


“Оюу толгой” компани өнөөдөр “Жэйкобс Инженеринг Групп”-тэй инженерийн ажил, ханган нийлүүлэлт, барилга угсралт, менежментийн (EPCM) гэрээг байгууллаа. “Жэйкобс Инженеринг Групп” нь техникийн болон мэргэжлийн үйлчилгээ, барилгын үйл ажиллагаагаараа дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг юм. Энэхүү гэрээ байгуулагдсанаар гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг улам эрчимжүүлэх чухал алхам болж байгаа аж. “Жэйкобс Инженеринг Групп” Монгол улсад бүртгэлтэй бизнесийн нэгжээ аль хэдийнэ байгуулсан ба ирэх 5-7 жилийн хугацаанд дотоодын оролцогч талуудтай хамтран ажиллаж, гэрээнд заагдсан ажлыг гүйцэтгэх юм байна.

 “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Эндрью Вүдлэй “Энэхүү нүсэр бүтээн байгуулалт урагшлахын хэрээр “Оюу толгой” болон “Жэйкобс” компани нь Монгол улсын олон зуун аж ахуйн нэгжтэй нягт хамтран ажиллах болно. Энэ гэрээ байгуулагдсанаар Монгол Улс дэлхийн зэсийн зах зээлд гол тоглогч болон төлөвшихөд онц ач холбогдолтой алхам боллоо” хэмээн мэдэгдлээ.

 “Жэйкобс” компани нь гүний уурхайн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж тээвэрлэлт, түүнтэй холбогдох гадаргын болон газрын гүний дэд бүтцийг хариуцан ажиллах аж. Тус компани 2015 онд 12 тэрбум ам.долларын орлоготой ажиллажээ. Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй бөгөөд нийт 6.4 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй томоохон компани юм байна.

С.Болд