Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Эрдсийн зах зээл уналтын мөчлөгөөс гарахад ойрхон байна

Дэлхийн зах зээлд ашигт малтмалын түүхий эдийн үнэ харьцангуй өсөлттэй болох тал руу эргэснийг олон улсын хэвлэлүүд онцолж байна. Олон улсын зах зээлд арилжаалагдаж буй хөдөө аж ахуйн болон эрдсийн 22 түүхий эдийн ханшийн дундаж үзүүлэлтийг харуулдаг Bloomberg Commodity Index өчигдөр өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ны өдрийн доод түвшнээсээ 20 гаруй хувиар өссөн дүнтэй гарчээ. Энэ нь түүхий эдийн зах зээл сайжирч байгаа бөгөөд уналтын мөчлөгөөс өсөлтийн мөчлөг рүү шилжихэд ойртож буй гэсэн дохиог хөрөнгө оруулагчдад өгч байна. Гэсэн ч 2011 оны оргил үеийн дээд түвшинтэй харьцуулахад одоогийн үзүүлэлт 50%-иар доогуур байгаа юм.

Брэнт газрын тосны үнэ одоогоор нэг баррель нь 50 ам.доллараас дээш үнээр худалдаалагдаж байгаа нь Нигерийн нийлүүлэлтэд эрсдэл учирсантай холбоотой.

Түүнчлэн газрын тосны үнийн өсөлт эрчим хүчний нүүрсний үнэд сайнаар нөлөөлж нүүрсний ханш сүүлийн 10 сарын хугацаан дахь хамгийн дээд цэгтээ хүрч, нэг тонн нь 54.6 ам.доллар боллоо. Нүүрсний үнийн өсөлтөд мөн Индонезид хүчтэй аадар орсны улмаас нийлүүлэлт саатсан нь нөлөөлсөн байна. Үүнээс гадна сүүлийн үед нүүрсний салбар дампуурлын ирмэгт тулж ирээд байгаа нь олон компани уурхайгаа хаахад хүргэж байгаа нь нийлүүлэлтийн бууралт айсуйг илтгэж буй юм.

Хятадад гангийн үнэ, тэр дундаа арматур төмрийн үнэ өчигдөр Шанхайн бирж дээр 4%-иар нэмэгдэж, нэг тонн нь 314 ам.доллартайгаар хаагдсаныг мэдээлжээ. Далианы бирж дээр ган үйлдвэрлэлийн түүхий эд төмрийн хүдрийн үнэ мөн өсөлттэйгээр хаагджээ.

Зэсийн үнэ ч мөн адил харьцангуй өсөлттэй болж эхлээд байна. Хэдийгээр зэсийн үнэ Лондоны металын бирж дээр сүүлийн өдрүүдэд бууралттай байсан ч ам.долларын ханшийн бууралтаас үүдэн өчигдрийн байдлаар 4700 ам.доллар давж өсөөд буй нь 4600 ам.доллараас доош орчихоод байсан хүрэн металын хувьд эерэг дохио. Шинжээчид оны хоёрдугаар хагаст хүрэн металын ханш 5000 ам.долларт хүрнэ гэсэн эерэг хүлээлтээ хэвээр хадгалсаар байгаа юм.

Доллараар арилжаалагддаг түүхий эдийн ханшийн өсөлт бууралтад ам.долларын ханшийн өөрчлөлт шууд нөлөөлдөг. АНУ-ын ажлын байрны үзүүлэлт өнгөрсөн баасан гаригт тооцоолж байснаас хавьгүй доогуур гарсан нь ам.долларын ханшийг бууруулсан байна. Тус улсад ажлын байрны тоо өнгөрсөн сард 38 мянгаар нэмэгдсэн нь 2010 оны есдүгээр сараас хойшхи хамгийн бага дүн юм. АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөх талд хэвээр байгаа ч яг хэдийд өсгөх тухайгаа өчигдөр хийсэн мэдэгдэлдээ зарлаагүй байна. Тус банкны тэргүүн Жанет Еллен АНУ-ын эдийн засгийн суурь бат бөх байгаа ч тодорхойгүй асуудлууд байгааг онцолжээ. Ийнхүү Холбооны нөөцийн банк энэ сард бодлогын хүүгээ өсгөхөө зарлаж болзошгүй гэсэн таамаглал биелээгүй ч энэ нь харин түүхий эдийн зах зээлд сайн хэрэг боллоо.

 

Б.Төгс