Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Оюутолгой”-д энэ жил 400-500 сая долларын хөрөнгө оруулалт орно

“Оюутолгой” компанийн гүний уурхайн бүтээн байгуулалтыг нээх ёслол өнгөрсөн бямба гаригт болов. Өмнөх өдөр нь “Оюутолгой” компанийн ТУЗ гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэр гаргасан бөгөөд нийт 5.3 тэрбум ам.долларыг зарцуулахаар шийдвэрлэсэн билээ. Гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр энэ жилдээ 400-500 сая долларын хөрөнгө оруулалт орно хэмээн “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд онцлов. Өнгөрсөн оны 5 дугаар сард Дубайд Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг баталснаас хойш 500-600 сая долларын хөрөнгө оруулалт хийгдээд байгаа аж. Мөн одоогийн байдлаар “Оюутолгой” компанитай 980 гаруй компани ханган нийлүүлэлтийн гэрээ байгуулаад байгаа бол энэ тоо цаашид хоёр дахин нэмэгдэх юм байна.

“Рио Тинто” болон “Оюутолгой” компанийн ТУЗ-өөс баталсан 5.3 тэрбум ам.долларыг Оюутолгойн бүлэг ордын Хюго Даммет бүлгийн эхний давхаргыг ашиглахад зориулах бөгөөд 1300 метрийн гүнд 200 км тунел байгуулах юм.  Гүний уурхайн бүтээн байгуулалт тодорхой түвшинд хийгдээд байгааг компанийн мэргэжилтнүүд мэдээлсэн. Тухайлбал, Оюутолгойд нийт 5 босоо ам болон 2 налуу ам барихаар төлөвлөсөн. Босоо амаас 1 дүгээр босоо ам 1385 метр, 2 дугаар босоо ам 1166 метр, 5 дугаар босоо ам 208 метрийн гүнтэй байгаа аж. Үүнээс гадна хоорондоо 35 метрийн зайтай 7.5 км урт 2 налуу ам байгуулах бөгөөд нэгэнд нь хүдэр тээвэрлэх конвейер байгуулах бол нөгөө амыг техник тоног төхөөрөмж тээвэрэлэхэд ашиглах юм. Бүтээн байгуулалтын хугацаа 5-7 жил үргэлжлэх бөгөөд 2027 гэхэд гүний уурхайн олборлолт бүрэн хүчин чадлаараа ажиллах аж.

Гүний уурхайн бүтээн байгуулалтын нээлтэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Уул уурхайн сайд Р.Жигжид, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт болон АНУ, Канад, Австрали, Англи улсаас Монгол улсад суугаа Элчин сайдууд, мөн тун удахгүй “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдох гэж буй Жан Себастьяан Жак, “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүд оролцсон.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Оюутолгой төсөл бизнесийн сонгодог төсөл болсон. Улстөрчдийн ярианы сэдэв биш улс орны хөгжлийн түүчээ болно хэмээн онцолсон. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, “Оюутолгойн ил уурхайн бүтээн байгуулалт эдийн засагт ямр нөлөө үзүүлж байсныг бид бүгдээрээ харсан. Өнөөдөр тэр үйл явдал шинээр эхэлж байна гэсэн үг. Оюутолгойн хоёрдугаар анги эхэллээ гэж хэлж болно. Оюутолгой одоо улстөрчдийн ярьдаг сэдэв биш. Цэвэр бизнесийн сонгодог төсөл болсон. Ямар нэг сонгуультай бүр ч холбоогүй. Аль нэг улс төрийн намын төсөл биш. Энэ бол Монголын төсөл, үе үеийн Засгийн газрын төсөл. Үе үеийн монголчуудын төсөл. Монгол улсын гадаад бодлого, бизнес, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлого улс төрийн сонгууль, улс төрийн намуудын байр сууриас үл шалтгаалан, байнгын баталгаатай, тогтвортой байх ёстой. Энэ бол Монгол улсын үндэсний эрх ашгийн асуудал гэдгийг хаана хаанаа бид ойлгох болсон. Тиймээс Оюутолгойг одоо инженерүүд нь, ажилчид нь, ТУЗ нь авч явна. Улстөрчид авч явахгүй” хэмээн хэлсэн юм.

Харин “Рио Тинто” компанийн Тэргүүн дэд захирал Жан Себастьяан Жак “Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэд эерэг нөлөө ажиглагдаж эхэлсэн энэ үед гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлж байна. Бид дэлхийн хэмжээний том ордыг бүрэн хүчин чадалд нь оруулах далайцтай ажлыг өнөөдрөөс эхлүүлж байна. Бид хамтарч ажилласнаар урт хугацаанд хөрөнгө оруулагч талуудад үр өгөөжөө өгч ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн онцолсон.



С.Болд-Эрдэнэ