Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Байр суурь

Хүхрийн хүчлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

The Mongolian Mining Journal №003 /088

Хэнтий аймгийн Бор-Өндөрт Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр баригдвал үйлдвэрээс ялгарах их хэмжээний хүхрийн хүчлийг хаана “шингээх вэ”  гэдэг асуудал хариулт хайсаар байна.  

Хүхрийн хүчлийг аюулгүй байдал, тээвэрлэлт, хадгалалт гээд цогцоор нь зөв зүйтэй шийдэхгүй бол Зэс хайлуулах үйлдвэрийн үйл ажиллагаа доголдоход хүрнэ. Иймээс Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн технологийн сонголт, шийдлийн талаар салбарын мэргэжилтнүүдийн байр суурийг хүргэе.


Бүрэнхааны фосфоритын ордыг ашиглаж байж л хүхрийн хүчлийг шийднэ

Монголын Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлийн ерөнхийлөгч Д.Цогбаатар:


Монгол улс өнөөдрийг хүртэл Зэс хайлуулах үйлдвэр барьж чадахгүй байгаа гол шалтгаан нь хүхрийн хүчил. Энэ талаар холбогдох яамны хариуцсан нэгж судалгаа тооцоо хийж байгаа байх. Ураны боловсруулалт, бордооны үйлдвэрлэлд хүхрийн хүчил гол хэрэглээ  байдаг. Гэтэл манай улсын аж үйлдвэржилт хаахна яваа билээ.

Миний сонссоноор Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрээс гарах нийт хүхрийн хүчлийн 25 хувийг л Монголд ашиглаж болох юм гэсэн тооцоо гарсан гэсэн. Үлдсэн хэсгийг яах вэ гэдэг тодорхойгүй байна.

Хүхрийн хүчлийн хамгийн хүнд асуудал нь тээвэрлэлт. Маш хортой бодис учраас тусгай вагоноор тээвэрлэдэг. Мэдээж хоёр хөршид хүхрийн хүчлийн тодорхой хэрэглээ байгаа л байх. Гэхдээ тийшээ хүргэе гэхэд тээвэрлэлтийн зардлаа дийлэхгүй шүү дээ. Гарсан хүхрээ энгийн хүхэр буюу шар хүхэр болгоод олборлосон газартаа булшлах арга л үлдэж байгаа ч энэ нь мөн л асар их зардал шаардана. 

Түүнээс гадна хүхрийн хүчлийг гипс болгоод барилгын салбарт ашиглая гэхэд дотоодын зах зээл тэгсхийгээд хангагдчихна. Хойд хөршид гипсээ заръя гэвэл зах зээлийн их нарийн судалгаа хийх хэрэгтэй. Уг нь санаагаар болдог бол Хөвсгөлийн Бүрэнхааны фосфоритын ордоо ашиглаад эхэлбэл хүхрийн хүчлийн асуудал шийдэгдчих юм.  Бид фосфоритын бордоо үйлдвэрлэх бололцоотой. Ийм төрлийн бордоо их үнэтэй. Зөвхөн дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй, бусад улсын зах зээлд ч гаргах боломжтой эд. Өнгөрсөн хугацаанд Монгол улс зэс хайлуулах үйлдвэр барина гэж маш олон төсөл, ТЭЗҮ боловсруулаад байснаас биш хүхрийн хүчлээ яах вэ гэдгээ огт шийдэж чадаагүй. 

Монголд Бүрэнхааны фосфоритын ордоос гадна хайгуул хийгээд нөөцийг нь тогтоовол энэ төрлийн том жижиг ордууд нэлээд бий. Гэхдээ энэ асуудалд төрийн зүгээс бодлогын хэмжээнд хандахгүй байна л даа.

Аж үйлдвэрийн яам Зэс хайлуулах үйлдвэрээ барья гээд зоригтой хөдөлж байгаа ч   гидрометалургийн аргаар боловсруулах шинэ ноу хау, технологи алга.

Австралийн “Ausmelt”  технологийн төслүүд их яригддаг ч үйлдвэрлэлд бүрэн нэвтрээгүй, анхны туршилтын байдлаар л явж байна. Жилд 120 мянган тонн катодын зэс үйлдвэрлэнэ гэдэг том хүчин чадал. Зэс хайлуулах үйлдвэрийн байршлаар Бор-Өндөрийг сонгосон нь жоншдоо илүү ойртсон, энэ чиглэлийн боловсруулах үйлдвэрлэлээ хөгжүүлэх бодлого байх.
Хамгийн гол нь катодын зэсээ хаана худалдах вэ гэдэг ойлгомжгүй байна. Хятад манайхаас цэвэр зэс авах уу, үгүй юу? Энэ нь Эрдэнэт байгуулагдсан цагаас л яригдсан асуудал шүү дээ.


Хүхрийн хүчлийг ирээдүйд ашиглана гээд  хадгалах нь ихээхэн эрсдэлтэй


Монгол улсын уул уурхайн зөвлөх инженер, техникийн ухааны доктор Д.Галсандорж:


Уул уурхайн практикт нэг тонн зэсийн баяжмал хайлуулан цэвэршүүлэхэд 4 орчим тонн хүхрийн хүчил гардаг. Бор-Өндөрт барихаар төлөвлөж байгаа Зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн төсөлд тусгаснаар 120 мянган тонн катодын зэс үйлдвэрлэхэд 500 орчим тонн зэсийн баяжмал хэрэглэж, жилдээ 400 гаруй мянган тонн хүхрийн хүчил гарахаар байна. 

400 мянган тонн хүхрийн хүчлийн 25 хувийг хайлуур жоншны үйлдвэрт ашиглана гэж үзвэл үлдсэнийг  нь юунд ашиглах вэ гэдэг асуудал гарч байна. Хамгийн гол нь хадгалалт. Бор-Өндөр сум өөрөө талд оршдог, салхи ихтэй. Мал амьтан, гүний ус ч хордох эрсдэл бий. Тийм учраас 400 мянган тонн хүхрийн хүчлийг найдвартай хадгалах олон улсын стандарт  хангасан агуулах, савтай байх хэрэгтэй.  Тэгээд ч ирээдүйд ураны болон бусад боловсруулах үйлдвэрүүд ашиглалтад орно гээд хүхрийн хүчлээ хадгалах боломжгүй.

Жил бүр 400 мянган тонн хүхрийн хүчлийг арван жилээр тооцвол 4 сая тонны хэмжээнд хүрнэ.  Хүхрийн хүчлийн болон түүгээр хийсэн бүтээгдэхүүний хэрэглээ Орос болон  Хятадад байгаа юу, түүний  зах зээл нь байна уу гэдгийг сайтар  судлах шаардлагатай.

Хүхрийг боловсруулаад хөнгөн цагааны исэл хийдэг томоохон үйлдвэрүүд Хятадад байгаа болохоор манай улсаас бараг хүхрийн хүчил   авахгүй байх. Орос улсад энэ төрлийн жаахан хэрэглээ бий.  Гэхдээ Зэс хайлуулах үйлдвэр  барихаасаа өмнө ОХУ-ын үйлдвэрүүдтэй удаан хугацааны экспортын гэрээ хийх талаар урьдчилан ярих хэрэгтэй.
“Эрдэнэт” үйлдвэр зэсийн баяжмалын экспортын гэрээгээ гурав болон таван жилээр хийдэг. Оюутолгой  ч  мөн найм,  арван жилээр гэрээгээ хийж байгаа.

Тавантолгойн цахилгаан станц ашиглалтад ороход  үйлдвэрлэсэн цахилгааныг  нь Оюутолгой худалдаж авна гэдэгтэй адил Зэс хайлуулах үйлдвэр дээр жоншны баяжмалын эцсийн бүтээгдэхүүн криолитыг урт хугацаанд экспортлох гэрээ хийгдэх ёстой юм. Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн төсөлд наад тал нь 300-400 сая долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж яригдаж байгаа.

Өнөөдөр Монгол улсын нийт хүхрийн хүчлийн хэрэглээ 20 мянган тонн орчим байна. Үүнийг уусган баяжуулах технологитой “Эрдмин” болон “Ачит ихт”   үйлдвэрүүдэд ашиглана. Одоогоор эдгээр үйлдвэрүүд хэрэгцээт хүхрийн хүчлээ импортоор авч байгаа.  Хүхрийн хүчлийг өнөөдөр ураны үйлдвэрлэлд ашиглая гэхээр ураны үйлдвэрүүд ашиглалтад орох хугацаа болоогүй байна.

Барилгын салбарын зах зээлд  гипсний хэрэглээ байдаг ч их хэмжээгээр борлогдохгүй байх гэж бодож байна. Монголд бордооны хэрэглээ ч тийм их байхгүй л болов уу. Австралид зэс, ураны хосолмол уурхай байдаг. Зэс хайлуулах үйлдвэрээс гарч байгаа хүхрийн хүчлийг ураны боловсруулалт,   уусган баяжуулалтад  ашигладаг юм.  Харин Хэнтий аймгийн хээр талд өнөөдөр жоншноос өөр үйлдвэрлэл алга. 

Зэс хайлуулах үйлдвэрээ барихаас өмнө дэд бүтцийн асуудлаа бүрэн шийдэж, усны хайгуул судалгааг дахиж нарийвчлан хийх зэрэг олон асуудлыг судлан  шийдсэн байх нь зүйтэй болов уу .


Гэрээ хэлэлцээрээр уялдуулахгүй бол Зэс хайлуулах үйлдвэрийн үйл ажиллагаа зогсох аюултай

Инженер металургич С.Дамбадаржаа:



Нэг тонн зэсийн баяжмалыг хайлуулан, цэвэр зэс  үйлдвэрлэхэд 4  тонн орчим  хүхрийн хүчил  гардаг.  Хүхрийн хүчлийг хадгалах, нөөцлөх зардал их өндөр байдаг учраас их хэмжээгээр хадгалах боломжгүй.  Зэс хайлуулах үйлдвэр барихаасаа өмнө хүхрийн хүчлээ аль зах зээл дээр борлуулах вэ гэдгээ урт хугацааны  гэрээ хэлэлцээрээр   баталгаажуулах ёстой.  Тасралтгүй нийлүүлэх найдвартай хэрэглэгчтэй болж байж үйлдвэрээ барьдаг нь олон улсын жишиг юм.

Ийм гэрээ хэлэлцээрээр уяж өгөхгүй бол Зэс хайлуулах үйлдвэрийн үйл ажиллагаа зогсох аюул тулгарна. Жоншны баяжмал боловсруулахад хүхрийн хүчлээ хэрэглэе гэж төслийн нэгжийнхэн ярьж байна. Энэ байж болох хувилбар.

Гэхдээ хүхрийн хүчлийн үндсэн хэрэглэгч нь болох  жоншны баяжмал боловсруулах үйлдвэрийн үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа  фторт хөнгөн цагааныг борлуулах гадаад зах зээл урт хугацаагаар баталгаажсан байх ёстой   гэж мэргэжилтнүүд бид үзэж байна.

Дэлхий дээр хүхрийн хүчлийн хамгийн гол хэрэглэгч нь фосфорын бордооны үйлдвэрлэл юм.  Дэлхийн  үйлдвэрлэж байгаа хүхрийн хүчлийн 70 шахам хувь нь Фосфорын бордооны үйлдвэрлэлд хэрэглэгддэг. Фосфорын бордоо үйлдвэрлэхийн тулд фторт хөнгөн цагаантай нэг адил борлуулах гадаад зах зээлээ нарийн судлах хэрэгтэй. 

Миний хувьд 1980 онд Эрдэнэт үйлдвэрт ажиллаж эхэлсэн үеэс л Зэс хайлуулах үйлдвэр байгуулах судалгаанд оролцож, зэс, хар төмөрлөг бордооны үйлдвэрлэлийн чиглэлээр  10 орчим  орны 30 шахам үйлдвэрийн техник технологитой танилцаж, судалгаа хийж байсан.

Хүхрийн хүчлээс гадна цэвэр хүхэр үйлдвэрлэх боломжтой  гэж  яриад байна. Үүнийг бид олон жил судалсан. Дэлхийн практикаас харахад Оросын Норильскт цэвэр хүхэр үйлдвэрлэдэг. Гэхдээ энэ үйлдвэр байгалийн хий ашигладаг.

Зэсийн баяжмалыг хайлуулах явцад үүсэх хүхрийн ангидридийг нүүрсээр болон нүүрснээс гаргасан хийгээр ангижруулан цэвэр хүхэр үйлдвэрлэх технологи нь үйлдвэрлэлийн хэмжээнд найдвартай туршигдаагүй  технологи болохоор  сонголт хийхэд  эрсдэл  өндөр юм.

Зэс хайлуулах үйлдвэрт сонгож  байгаа техник, технологи нь дэлхийн хоёроос дээш  орны үйлвэрлэл дээр найдвартай туршигдсан байх ёстой гэж үздэг.

  • Randolph Williams (197.211.58.13)
    Are you in a financial crisis Do you need a loan to refinance your home or expand your business You need it for PROVIDE a loan to settle urgent debts and stay with a creditor Do you need to pay to pay your account etc Get your credit from 2000 to 15000000000 USD EURO 3 BOOKS Money transferred to your account by 3 hours of approval If you wish to obtain a loan do not hesitate to send us a request via e- mail OCfinance01gmailcom
    2018 оны 03 сарын 06 | Reply
  • Randolph Williams (197.211.58.13)
    Are you in a financial crisis Do you need a loan to refinance your home or expand your business You need it for PROVIDE a loan to settle urgent debts and stay with a creditor Do you need to pay to pay your account etc Get your credit from 2000 to 15000000000 USD EURO 3 BOOKS Money transferred to your account by 3 hours of approval If you wish to obtain a loan do not hesitate to send us a request via e- mail OCfinance01gmailcom
    2018 оны 03 сарын 06 | Reply
  • Randolph Williams (197.211.58.13)
    Are you in a financial crisis Do you need a loan to refinance your home or expand your business You need it for PROVIDE a loan to settle urgent debts and stay with a creditor Do you need to pay to pay your account etc Get your credit from 2000 to 15000000000 USD EURO 3 BOOKS Money transferred to your account by 3 hours of approval If you wish to obtain a loan do not hesitate to send us a request via e- mail OCfinance01gmailcom
    2018 оны 03 сарын 06 | Reply