Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Коксжих нүүрсний үнэ 20%-иар өсөв

2011 онд нэг тонн нь 300 гаруй ам.долларын үнэд хүрч өсөөд байсан коксжих нүүрсний үнэ 2012 оны сүүл үеэс эхлэн буурсаар сүүлийн саруудад 70-80 ам.доллар болтлоо ханш нь унасан юм. Тэгвэл сүүлийн нэг сар орчмын хугацаанд дэлхийн зах зээл дэх коксжих нүүрсний шууд үнэ 96 ам.доллар болж 20%-иар өсчээ.

Ийнхүү коксжих нүүрсний үнэ өссөн нь Хятадын эдийн засгийн байдал харьцангуй тогтворжиж буй явдал болон тус улсын гангийн үйлдвэрүүдийн ашигт ажиллагаа дээшилсэнтэй холбоотой юм. Нөгөөтэйгүүр тус улсын коксжих нүүрсний гол муж болох Шансид олборлолт буурснаас гадна, дэлхийн нүүрсний магнат Пибоди энэ сард дампуурлын тухай хуулийн хамгаалалтад орох хүсэлтээ мэдэгдсэн нь нийлүүлэлт сулрах эрсдлийн дохиог худалдан авагчдын дунд хүчтэйгээр өгчээ.

Гангийн үйлдвэрлэлд ашиглагддаг гол түүхий эд болох төмрийн хүдрийн үнэ сүүлийн хоёр сар орчмын хугацаанд өссөөр одоо Тяньжины боомт дээр 60 орчим ам.долларт хэлбэлзэж байна. Харин коксжих нүүрсний хувьд үнийн өсөлт төдийлөн ажиглагдахгүй байсан юм.

Гэхдээ коксжих нүүрсний зах зээлд тохиож буй үнийн өсөлтийг Macquarie банкны хувьд богино хугацааных гэж үзэж байгаа бөгөөд оны хоёрдугаар хагаст үнэ эргээд буурна гэж төлөвлөжээ.


Б.Төгс