Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Ярилцлага

Хүртээмжтэй өсөлтийг нэмэгдүүлэхэд уул уурхайн салбарын оролцоо чухал

Монгол улсад хүртээмжтэй өсөлтийг дэмжих зорилгоор Азийн хөгжлийн банкнаас техникийн туслалцаа үзүүлж байгаа юм. Техникийн тус­лал­цааг Япон улсын ядуурлыг бууруулах сангаас санхүүжүүлж байгаа бөгөөд Монгол улсын Сангийн яам төслийн гүйцэтгэлийг хариуцан ажиллаж байгаа аж. “Хүртээмжтэй өсөлтийг дэмжих нь” төслийн хүрээнд “Хүртээмжтэй өсөлт ба хэвлэл мэдээлэл” семинарыг зохион байгуулсан юм.
Семинарын гол зорилго нь сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан хүртээмжтэй өсөл­тийг боловсруулахад төр засгийн бодлогод нөлөөлөх явдал. Өөрөөр хэлбэл, хүртээмжтэй өсөлтийн талаар олныг хамарсан хэлэлцүүлэг өрнүүлж, хүртээмжтэй өсөлтийн  ашиг тус болон энэ нь тогтвортой хөгжлийн асуудалтай хэрхэн холбогдох талаар олон нийтэд мэдээлэл түгээх боломжийг бий болгох ажээ. Тус семинарын үеэр хүртээмжтэй өсөлтийг нэмэгдүүлэхэд уул уурхайн салбарын үүрэг, оролцооны талаар төслийн Олон нийттэй харилцах харилцааны зөвлөх Б.Уянгаас тодрууллаа.




“Хүртээмжтэй өсөлтийг дэмжих нь” төслийн талаар танилцуулна уу?
2015 оны төгсгөлөөр Монгол улсын Үндэсний үзэл баримтлал, Үндэсний хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль гарсан. Уг хуульд “Аливаа хөгжил, нийгэм эдийн засгийн салбарын ямар нэг асуудлыг шийдэх, тэр чиглэлээр бодлого боловсруулахдаа тухайн хуульд хүртээмжтэй өсөлтийн зарчмыг хангасан байх ёстой” гэж заасан байдаг. Тэгэхээр Хүртээмжтэй Өсөлт /ХӨ/ гэж юуг хэлээд байгаа, энэ зарчмын тодорхойлтын талаар “Хүртээмжтэй өсөлтийг дэмжих нь” төслийн хүрээнд сүүлийн гурван жилийн хугацаанд төслийн нийгэм, эдийн засгийн зөвлөхүүд Монголд судалгаа явуулсан юм.

Судалгааны үндсэн дээр ДНБ-ий өсөлтийг жил бүр тооцоож гаргадагтай адил ХӨ-ийг иргэд эрх тэгш хүртэж байгаа эсэхийг тооцох 20 үзүүлэлт  гаргасан. Монгол улсад ХӨ-ийн асуудал үйл ажиллагаанд нь хамаарах нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Уул уурхайн яам, Барилга хот байгуулалтын яам, Дэд бүтцийн яам, Хүн ам, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яамд гэж тодорхойлоод байгаа. Тус яамдын Стратеги, бодлого төлөвлөлтийн газар болон бодлогын хэрэгжилтэд хяналт тавьдаг хяналт, үнэлгээ, шинжилгээний газрын мэргэжилтнүүдэд ХӨ-ийн талаарх ойлголт, энэ ойлголт хуульд хэрхэн тусгалаа олсон талаар сургалт зохион байгуулсан юм.

Төслийн хүрээнд бодлого боловсруулагчдад зориулсан сургалтуудыг зохион байгуулж дууссан. ХӨ-ийн асуудалтай холбоотойгоор бодлого боловсруулахад шууд нөлөөлөх гол таван оролцогч байдаг. Энэ нь Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогчдын нэгдсэн холбоо, бизнес эрхлэгчид, хэвлэл мэдээлэл, эрдэмтэн судлаачид юм. Эдгээр таван оролцогч талуудад манай төслөөс сургалт явуулсан. Өнөөдөр сүүлчийн сургалтаа хэвлэл мэдээллийнхэнд зориулан явуулж байна.

ХӨ-ийг нэмэгдүүлэхэд уул уурхайн салбар ямар үүрэг оролцоотой вэ?
ХӨ гэдэг асуудал анх гарч ирсэн түүхийг авч үзье л дээ. Азийн хөгжлийн банкны төсөл хэрэгжүүлдэг улс орны туршлагаас харж байхад байгалийн баялаг ихтэй орнуудад эдийн засгийн өсөлт ард иргэддээ хүрч байна уу гэсэн асуудал гарч ирсэн юм билээ. Эдгээр орон байгалийн баялгаас орж ирэх орлогыг зөв хуваарилах бодлого барьж, энэ чиглэлээр тодорхой хууль, дүрэм журам хэрэгжүүлсний үр дүнд эдийн засгийн өсөлтийг иргэн бүртээ хүртээж чадсан байдаг. ХӨ-ийг хангахын тулд ялангуяа байгалийн баялаг ихтэй орнуудад заавал бодлогын түвшинд дээд удирдлагаасаа хийж эхлэх ёстой нь олон улсын туршлагаас харагдаж байна. Тиймээс Азийн хөгжлийн банкны санаачилгаар ХӨ гэсэн ойлголтыг Монгол улсад нэвтрүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлэхээр болсон юм.

Монгол улстай адил байгалийн баялагтай орнуудын зарим туршлагаас сонирхуулахгүй юу?
Мэдээж олон улсын туршлагад сайн муу жишээ аль аль нь бий. Венесуэл гэхэд маш их хэмжээний газрын тос олборлогч улс. Газрын тосны салбараас орж ирэх орлогоо хүмүүстээ нийгмийн халамж болгон зүгээр л тараадаг. Энэ нь Хүртээмжтэй Өсөлтийг хангаж чадаагүй. Тэгвэл сайн жишээнд Норвеги, Ботсвана улс багтаж байна.

Норвегийн хувьд дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өсөх үед орж ирэх ашиг, эрдэс баялгийн  салбарын орлогоо хуримтлуулдаг. Энэ нь төсвийн захиран зарцуулалтын хууль, төсвийн сахилга баттай холбоотой. Засаг барьж буй нам, улс төрийн хүчин нь хуримтлуулсан хөрөнгийг заавал ч үгүй төсвөөр батлагдсан салбартаа зарцуулдаг. Илүү гарсан хөрөнгийг Баялгийн сандаа хуримтлуулна. Өнөөдөр Норвегийн Баялгийн сан дэлхийд хамгийн их хөрөнгөтэйд тооцогддог. Нэгэнт хөрөнгө хадгалж байгаа учир дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ буурлаа гэхэд тухайн хуримтлуулсан хөрөнгөө зарцуулж улсынхаа эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангаж байдаг. Ботсвана улс очир алмазын томоохон уурхайнуудтай. Тэндээс орж ирэх ашиг орлогыг улсынхаа хүртээмжтэй өсөлт, тогтвортой хөгжлийг хангах боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарууддаа зарцуулдаг. Үүний үр дүнд тус улсад хүүхдүүд эрх тэгш боловсрол эзэмшиж, илүү бүтээмжтэй ажилтан болдог байна.

Уул уурхайн салбар харьцангуй цөөн хүнийг ажлын байраар хангадаг. Тэгсэн хэрнээ их хөрөнгө зарцуулдаг. Ботсвана улсад очир алмазыг засч янзлах нарийн ажлыг гадныхан хийдэг байжээ. Тэдгээр гадаад хүмүүсийг уул уурхайн салбартаа оруулж иргэдээ сургаснаар ажлын байрыг олноор нэмэгдүүлсэн. Ингэснээр ажил эрхлэлтээр дамжуулан эдийн засгийн өсөлтөөс хүмүүс ашиг шим хүртэх боломжийг хангаж өгч байгаа юм.