Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Б.Бямбасайхан: “Эрдэнэс Монгол” 1 тэрбум долларын хөрөнгөтэй



The Mongolian Mining Journal, 2 дугаар сар, /№ 002, 087/
С.Болд-Эрдэнэ



“Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайханаас зарим зүйлийг тодрууллаа.


“Эрдэнэс Монгол” компани охин компаниуддаа олон улсын аудит хийлгэж дууссан гэсэн. Ямар үр дүн гарсан бэ?
Монгол улсын нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар манай компаниуд олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартыг дагах ёстой. Өнгөрсөн 3 жилийн санхүүгийн тайландаа олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу “Эрнст энд Янг” компаниар аудит хийлгэж дууслаа. Юуны түрүүнд ингэж аудит хийлгэж байгаа нь маш чухал. Бид өөрсдийнхөө нөхцөл байдлыг хаана байгааг, олон улсын стандартаас хэр зөрж байгааг мэдэж, ойлгож авах хэрэгтэй. Шаардлагатай бол дутуугаа засч сайжруулна. Бидний байнга ярьж байгаа “Темасек” шиг компани болохын тулд бидэнд хөрөнгө мөнгө шаардлагатай. Хөрөнгө босгохын тулд аудитлагдсан санхүүгийн тайлан үндсэн шаардлага болдог.

Нэг сайн мэдээ бий. “Эрдэнэс Монгол” болон манай охин компаниуд олон улсын стандартад нэлээд дөхөж очсон, санхүүгийн тайлан хөтлөлт зэрэг зүйлс нэлээд боломжийн байна гэж дүгнэсэн. Мэдээж сайжруулах зүйлс байгаа. Олон улсын зах зээлээс санхүүжилт босгох бэлтгэлийг хангахад боломжтой гэж үзсэн. Олон улсын стандарттай байх нь ирээдүйд ямарваа нэг маргаан гарахгүй байх нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Стандартын зөрүүгээс болж олон улсын том гэрээ хэлэлцээр дээр асуудлууд үүсдэг. “Оюутолгой” төсөл дээр 2 жил маргасан шалтгааныг ганцхан зүйлээр тайлбарла гэвэл би хувьдаа стандартын зөрүүнээс болсон гэж хэлнэ. Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг дагана гэсэн хууль байдаг ч манай улсад практик нь арай өөр байдаг. Үүнээс болж асуудлууд үүсдэг байсан бол одоо нэг л стандартаар явах тул ямар нэг асуудал үүсэхгүй гэж харж байгаа.

Мөн өнгөрсөн 1 дүгээр сарын сүүлээр Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт орсон. Энэ бол манай компанийн хувьд чухал үйл явдал. Өнөөдрийг хүртэл “Эрдэнэс Монгол” хоорондоо зөрчилтэй хуулиудын орчинд ажиллаж ирсэн бол одоо энэ орчноос гараад компанийн хуулийн хүрээнд ажиллах нөхцөл бүрдэж байна. Бусад олон мянган аж ахуйн нэгжтэй адил орчинд засаглал нь бий болдог, шийдвэр нь гардаг, менежмент нь томилогддог, өрсөлдөөд явна гэсэн үг. Тэр хэрээр хариуцлага нэмэгдэж байгаа. Хариуцлага нэмэгдсэнээр компанид олон өөрчлөлт гарна.

Ямар байгаагаа мэдээд авчихлаа. Тэгвэл дараагийн хийх ажил тань юу вэ?
Та бид хоёр “Темасек” загварын талаар ярилцаж байсан шүү дээ. “Темасек” анх яаж байгуулагдсан тэр л жишгээр явахаар төлөвлөсөн. Нэгдүгээрт төрийн өмчит компани буюу төрийн хөрөнгийг “Темасек”-т байршуулсан. Хоёрдугаарт Сингапурын Засгийн газраас “Темасек”-ийг мөнгөжүүлсэн. Нэг ёсондоо хөрөнгө, мөнгийг нь хамт өгөөд компанийн хуулийн дагуу ашигтай ажиллуул гэсэн шаардлага тавьсан. Бидний хувьд жаахан өөр. Ямар ч байсан хөрөнгийг нь “Эрдэнэс Монгол”-д өглөө. Аудитын үнэлгээгээр “Эрдэнэс Монгол” компанид тэрбум гаруй ам.долларын хөрөнгө байна. Гэхдээ санхүүгийн нөхцөл байдал зэрэг янз бүрийн шалтгаанаар мөнгөжүүлэх процессыг компани өөрөө хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс яалт ч үгүй олон улсын зах зээлээс хөрөнгө мөнгө босгох бэлтгэл хангах шаардлага тулгарч байна. Үйл ажиллагааны стандарт, санхүүгийн стандартаа сайжруулах чиглэлээр тодорхой ажлууд хийгдэнэ.

Азийн хөгжлийн банктай хамтраад “Эрдэнэс Монгол” компанийн санхүү, үйл ажиллагаа, техник, аюулгүй байдал, шинэ төсөл боловсруулах стандартуудыг бий болгох том хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Компани өөрөө чадавхитай байх ёстой. Тэр чадавхийг толгой болон охин компаниуд дээр бий болгож, нэгдсэн системд холбоно. Өөрөөр хэлбэл, зах зээлээс мөнгө босгохын тулд хөрөнгө оруулагчийн итгэлийг дааж, хөрөнгийг нь өсгөөд өгөх тэр найдвартай системийг бий болгох хэрэгтэй гэсэн үг.

Мөн Олон улсын санхүүгийн корпорацитай компанийн засаглалаа сайжруулах тал дээр хамтран ажиллаж, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Удахгүй ЕСБХБ-тай хамтраад компанийн үр ашгийг нэмэгдүүлэх тал дээр хамтарч ажиллана. Тухайлбал компанийн худалдан авалтыг компанидаа үр ашигтай, хурдан шуурхай, ойлгомжтой болгох системийг бүрдүүлнэ.

Товчхондоо бол “шахааны” бизнесээс татгалзана гэсэн үг үү?
Тийм. Өнөөдөр мэдээллийн технологийг ашиглаад олон ажлыг хялбарчилж, зардлаа багасгаж болж байна. Бид ч ингэх хэрэгтэй. Тэгвэл компанийн хувьцаа эзэмшигчдэд ч илүү ойлгомжтой, үр ашигтай болно. Чанартай бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлж чадаж байгаа тэр ханган нийлүүлэгчтэй л бизнес хийдэг нөхцөлийг бүрдүүлэх нь “Темасек”-ийн суурь байдаг. Өнөөдөр бидэнд хөрөнгө оруулагч итгэхгүй. Мөнгийг нь авчихаад юунд зарцуулах, хэзээ яаж буцааж өгөх нь ойлгомжгүй байгаа болохоор итгэхгүй. Тиймээс тэдний ойлгодог, мэддэг стандартын дагуу ажиллаад эхэлвэл хөрөнгө оруулагчдын итгэлийг олно.

Мөнгө босгоно гэж ярьж байна. Мэдээж өнөө маргаашийн ажил биш байх. Таны харж байгаагаар мөнгө босгох ажил хэзээнээс эхлэх вэ? Ер нь хэр хэмжээний хөрөнгө оруулалт татна гэж төсөөлж байна вэ?
Энгийнээр хэлбэл, “Эрдэнэс Монгол”-д тэрбум долларын хөрөнгө байна. Үүнийг зөв зохистой ашиглавал өсгөх боломж бий. Үндсэн хөрөнгө нь тэрбум доллар гэж үзвэл түүн дээр 1-2 тэрбум доллар босгох боломж бүрэн байгаа. Гол нь энэ бизнесүүд ашигтай ажиллана, мөнгөн урсгал нь тогтвортой байна, мөнгөн урсгалаараа авсан зээлээ тодорхой хугацаанд эргэн төлөх боломжтой гэдгээ л батлах ёстой. Батлахын тулд дээр дурдсан бүх стандарт, системийг нэвтрүүлэх хэрэгтэй.
Манай эрчим хүчний салбар тогтмол өсч байна. Эрчим хүчний салбар дараагийн 30 жилд илүү өснө гэж үзвэл “Багануур”, “Шивээ-Овоо” ХК тасралтгүй мөнгөн урсгалтай байх нь ойлгомжтой. Энэ бол том давуу тал. Экспортын тал дээр өнөөдөр хүндрэлтэй байгаа ч Хятадын эдийн засаг, хэрэглээ тогтвортой өснө гэдгийг бүх л шинжээчид хэлж байна. Гол нь 6% өсөх үү, 7% өсөх үү гэдэг л асуудал болохоос биш 13 их наяд долларын эдийн засаг 6% өснө гэдэг том тоо. Нүүрс, зэсийн зах зээл эргээд сэргэнэ гэсэн хүлээлт байгаа. Ингээд харахаар манай дотоодын хэрэглээ болон экспортын бүтээгдэхүүн урт хугацаандаа тогтвортой мөнгөн урсгалыг бий болгож чадна гэж харж байгаа.  Гэхдээ бид технологийн шинэчлэл, компанийн бүтцийн өөрчлөлт, өргөтгөлөө өнөөдөр л эхлүүлж чадахгүй бол хоцорно.

Өнөөдөр та хаана, ямар хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байна гэж харж байна вэ?
Жишээ нь “Багануур”-ын уурхайг 3 сая тонноос 7 сая тонны олборлолт, борлуулалт хийдэг болгох хэрэгтэй байна. Энэ бол найдвартай хэрэглэгч бий болж, хэрэглээ өсч байгаатай холбоотой. Өнөөдөр хөрөнгө оруулалт хийж байж өргөтгөл болон технологийн шинэчлэлээ хийнэ. “Шивээ-Овоо”-гийн нүүрс олборлолтыг ойрын хугацаанд 3-4 сая тонн болгох шаардлага бий болчихсон байна. Бас л хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тавантолгой дээр шаардлагатай дэд бүтэц буюу авто замын шинэчлэл, төмөр замын бүтээн байгуулалт гээд цогц асуудлыг шийдвэрлэхийн тулд хөрөнгө оруулалт бас хэрэгтэй. Энэ бүх хөрөнгө оруулалт эцсийн дүндээ манай бизнесийн зардлыг багасгах болно. Зардлаа багасгаж байж зах зээл дээр өрсөлдөх чадвартай байж, тогтож үлдэнэ. Зардал багасгах боломж хангалттай байна. Төрийн өмчит компани юм чинь зардал өндөр байна гэдэг тэр ойлголтыг хаях хэрэгтэй. Зардал өндөр байвал дампуурах нь тодорхой.

Тавантолгой ордын хөрөнгө оруулалтын хэлэлцээр үргэлжилж байгаа юу? Эсвэл зогсчихсон уу?
Зогсоогүй. Хэлэлцээр үргэлжилж байгаа. Зах зээлийн нөхцөл байдлаас хамаараад хоёр тал тооцоонуудаа шинэчлээд сууж байгаа. Нөхцөл байдал хүнд энэ үед “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах нь бидний гол зорилго. Хоёрдугаарт үр ашигтай ажиллах нь чухал.

Аливаа том төсөл дээр стратегийн хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийж, хөрөнгө оруулалт татна гэдэг нь эцсийн дүндээ гол хөрөнгө нь ашигтай ажиллаж байгаа эсэхтэй  холбогддог. Өнөөдөр ашиггүй ажиллаж байгаа үед хөрөнгө оруулагч олно гэдэг хэцүү. Ашиггүй ажиллаж байгаа бизнест хэн хөрөнгө оруулах вэ? Мөн хэлэлцээрийн ширээний ард ямар ч хүчгүй, нөлөөгүй суухтай адил. Ашигтай ажилладаг компанитай байвал олон улсын хэмжээнд хэнтэй ч хэлэлцээр хийж, хөрөнгө оруулалтын сайн хэлцлийг хийж болно.

“Эрдэнэс Тавантолгой” компани манай компанийн хамгийн том бизнес. Өнөөдөр ашиггүй ажиллаж байгааг бүгд л мэдэж байгаа. Зах зээл унасан, өр тавьсан гээд олон шалтгаан бий. Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой”-г шинэ арга барилаар ажиллуулах, зардлыг   багасгах нь маш чухал байна. Өөрөөр хэлбэл гэрээ засч байгаад хүнтэй наймаа ярихгүй бол навсайсан гэртэй байж хүнтэй том наймаа ярина гэдэг хэцүү шүү дээ.


  • Зочин (202.21.106.147)
    1 тэрбум долларын хөрөнгөтэй байх 1 тэрбум доллартай байх гэдэг хоёр өөр ойлголт Энэ нөхөр Монгол улс Оюутолгойгоос авах ногдол ашгийг 30 жилээр хойшлуулах гэрээнд хээв нэг гарын үсэг зурж эх орныхоо язгуур эрх ашгаас илүү хувийн бизнесийн эрх ашгийг тавьсан 3 хүний нэг юм Одоогоор бид мэдрэхгүй л дээ гэхдээ олон жилийн дараа та нар түүхэн номонд хараар үлдэнэ гэдэг бол тодорхой
    2016 оны 03 сарын 15 | Хариулах