Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Засгийн газраас чиглэл авсны дараа Тусгай зөвшөөрлийн өргөдөл хүлээн авах ажлыг эхлүүлнэ



Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяагаас  хайгуулын тусгай зөвшөөрөл тойрсон асуудлууд болон Канадын Торонто хотноо болох дэлхийн уул уурхайн салбарынхны томоохон цугларалт болох PDAC хуралд Монголын уул уурхайн салбар ямар түвшинд оролцох талаар тодрууллаа.




Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар, өргөдлөөр олгож эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл яг хэдэн тусгай зөвшөөрөл олгогдоод байна вэ?
Хайгуулын тусгай зөвшөөрлийг 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс өргөдлийн журмаар олгож эхэлсэн. Түүнээс хойш 850 хайгуулын тусгай зөвшөөрлийг шийдвэрлээд байна. Харин сонгон шалгаруулалтын журмын дагуу есөн удаагийн сонгон шалгаруулалт амжилттай зохион байгуулж, 44 талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон.

Өнгөрсөн жил олгогдсон хайгуулын тусгай зөвшөөрлөөс хамгийн олон болон хамгийн цөөхөн олгогдсон нь ямар аймаг, сум байгаа вэ?
Өнөөдрийн байдлаар нийт олгогдсон тусгай зөвшөөрлөөс Увс аймагт хамгийн их буюу 165, Говь-Алтай аймагт 108 тусгай зөвшөөрөл олгоод байна. Говьсүмбэр аймагт 1, Сүхбаатар аймагт 2 тусгай зөвшөөрөл олгосон нь хамгийн бага тусгай зөвшөөрөлтэйд орж байна. Гэхдээ шийдвэрлэх шатандаа хүлээгдэж байгаа нэлээд хүсэлт байгаа. Эцсийн байдлаар шийдсэний дараа тоо илүү тодорхой болно.

Цаашид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг яаж явуулах вэ? Хэдий хэмжээний тусгай зөвшөөрлийн талбай зарлах бол?      
Засгийн газрын 2015 оны 511 дүгээр тогтоолоор төрөөс тогтоосон хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицолд өөрчлөлт орсон. 2016 онд сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа үргэлжилнэ. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг сард хоёр удаа зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Шинээр батлагдсан сонгон шалгаруулалтын талбай 1.55 сая га байгаа. Тусгай зөвшөөрлийн тоог одоогоор яг таг хэлэх боломжгүй.

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах ажиллагааг 2015 оны арванхоёрдугаар сарын 24-нөөс түр хугацаагаар зогсоосон. Хэзээ дахин эхлүүлэх вэ?
Засгийн газрын 2014 оны долдугаар сарын 28-ны өдрийн Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох тухай 239 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулан тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг шинээр нэмж тогтоох ажил хийгдэж байгаа.

Иймд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах ажиллагааг түр хугацаагаар зогсоосон. Энэ өөрчлөлтийн хүрээнд Байгалийн нөөцийн үндэсний парк байгуулахаар төлөвлөсөн, Экологийн чухал ач холбогдол бүхий газар нутаг, орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан болон Улсын тусгай хамгаалалтад шинээр авахаар төлөвлөж буй талбайнуудыг хасч байгаа юм.

Тусгай зөвшөөрлийн өргөдөл хүлээн авах ажлыг удахгүй эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Үүнээс өмнө 2015 онд хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр авахаар ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг эцэслэн шийдвэрлэх, тулгарч буй хүндрэл бэрхшээлийг  Засгийн газарт танилцуулан чиглэл авсны дараагаар эхлүүлэх болно.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоход орон нутгийн ард иргэдийн саналыг бодитой тусгадаггүй гэсэн мэдээлэл байна?
Ашигт малтмалын тухай хуулийн дагуу Ашигт малтмалын газар тухайн аймгийн Засаг даргын саналын дагуу л тусгай зөвшөөрлийг олгож байгаа.     

2016 оны гуравдугаар сарын 6-9-ний өдрүүдэд Канадын Торонто хотноо болох олон улсын геологи, уул уурхайн хөрөнгө оруулагчдын PDAC чуулганд Монголын уул уурхайн салбарын төлөөллүүд ямар хөтөлбөртэй оролцох гэж байна вэ? Энэ жилийн хурлын онцлог юу вэ?
“PDAC 2016” үзэсгэлэн, чуулга уулзалтад Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Хөрөнгө оруулалтын газар, “Эрдэнэс Монгол” ХХК хамтран оролцоно. Бид жил болгон энэ чуулганд оролцож ирлээ. Энэ удаад Монгол улсын уул уурхайн салбар дахь хуулийн шинэчлэл  болон хөрөнгө оруулалтын орчны таатай нөхцөл бүрдсэнийг олон улсын хөрөнгө оруулагчдад таниулан сурталчилна.

Үүнээс гадна хөрөнгө оруулалт болон хамтрагч хайж байгаа аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл өөрсдийн төсөл, үйл ажиллагааг танилцуулах өргөн боломж нээлттэй байгааг харуулах зорилгоор PDAC чуулганд Монголын томоохон аж ахуйн нэгжүүд, мэргэжлийн холбоодыг өргөнөөр оролцуулахаар ажиллаж байна.

PDAC чуулганд оролцох үеэрээ хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар болон талбайн мэдээллийг өргөдлөөр олгож байгаа үйл явц, талбайн мэдээллийг тайлбарлан таниулах, сонгон шалгаруулалтаар зарлагдсан талбайд оролцох хүсэлтэй компаниудын материалыг хүлээж авах ажиллагаа зохион байгуулахаар ажиллаж байна.

The Mongolian Mining Journal. 2016.001 /086