Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

“Бороо гоулд” компани байгаль орчинтой холбоотой өөрийн гэсэн 50 гаруй журамтай



“Бороо гоулд” ХХК-ийн Байгаль орчны инженер Г.Мөнхжин Бороогийн уурхайн нөхөн сэргээлтийн туршлагаас хуваалцлаа.


“Бороо гоулд” компани хамгийн анх 2003 оны 11 дүгээр сард уурхайн үйл ажиллагаагаа эхлүүлэн, унаган байгалийг хөндөж үйлдвэрийн шаваа тавьсан. Үйлдвэрийн үйл ажиллагаа эхэлсэн мөчтэй зэрэгцэн өнөөг хүртэл уурхайн нөхөн сэргээлтийг хийж ирлээ. Уурхайн үйл ажиллагаа явуулахад хөндсөн буюу эвдэгдсэн талбайн хэмжээг 900 га орчим гэж үздэг. Үүнээс 2015 оны байдлаар 436 га газрыг нөхөн сэргээж дууссан. Цаашид төлөвлөгөөний дагуу явбал 2020 он гэхэд бүх талбайгаа нөхөн сэргээж дуусна.

436 га талбайн нөхөн сэргээлтийг бүх стандарт горимын дагуу хийж дуусаад улсын комисст хүлээлгэн өгсөн. Нөхөн сэргээлтийг биологийн болон техникийн гэсэн хоёр төрлөөр хийдэг. Техникийн нөхөн сэргээлт нь эвдсэн хөндсөн талбайгаа техникээр тэгшилж янзлан, ойр орчмын уул толгод болоод газрын байдалтай ижил болгоно гэсэн үг. Техникийн нөхөн сэргээлтийн налуу нь 20 градусаас илүүгүй байх стандарт  мөрддөг. Тэгшилсэн газар дээр шинэ хөрсийг 2 см зузаантай хучна. Ингээд техникийн нөхөн сэргээлтийн дараагаар биологийн нөхөн сэргээлт буюу олон наст ургамлын үрийг тариалах ажил хийгдэнэ.

“Бороо гоулд” компани байгаль орчинтой холбоотой өөрийн гэсэн 50 гаруй журамтай. Энэ журмыг бүгдийг нь Монгол улсад мөрдөгдөх хууль дүрмийн хүрээнд баримтлан гаргасан. Тэрхүү журмынхаа дагуу нөхөн сэргээлт хийж байгаа талбайдаа тогтмол үзлэг хийдэг. Компанийн зүгээс нөхөн сэргээлтийн ажилдаа алхам тутамдаа стандартаа мөрдөж, хариуцлагатай ажилладгийг онцлон хэлэхийг хүсч байна.

Аливаа байгаль орчны мэргэжилтний хайдаг  гол “эрдэнэс” нь  шимт хөрс байдаг. Шимт хөрс байхад ямар ч газарт нөхөн сэргээлт хийж чадна гэж үздэг. “Бороо гоулд” компани 2003 онд үйлдвэрийн шав тавихдаа хуулж авсан шимт хөрсөө бүгдийг нь овоолго болгон хадгалсан. Энэ хөрсөө жил бүр тоолж, эзэлхүүнийг хянаж үздэг. 2 метр зузаантай дэвсэхэд хүрэх үгүйг нь урьдчилан тооцоолдог учиртай. Тиймээс жил бүр шимт хөрсний овоолгоос дээж авдаг. Тухайн шимт хөрсний дээжид шинжилгээ хийснээр нөхөн сэргээлтэд ашиглаж болох стандартад тохирох эсэхийг тодорхойлно.

Зарим хүмүүс Америк, Канадаас хөлбөмбөгийн талбай шиг бэлэн ногоон зүлэг авчраад тавьдаг гэсэн буруу ойлголттой байдаг. Монгол улсад мөрдөгддөг тодорхой стандартад ямар ч хамааралгүй ургамлыг хаа холын гадны орнуудаас авчирч тарихгүй нь ойлгомжтой. Бороогийн уурхай дахь биологийн нөхөн сэргээлтэд ерхөг, согоовор, өлөнгө гэсэн гурван төрлийн ургамал тарьж байгаа. Эдгээр ургамал нь бэлчээрийн өндөр ач холбогдолтой. Хоёрдугаарт, орон нутагтаа нутагшсан ургамлын төрөл юм. Өөрөөр хэлбэл Сэлэнгэ аймгийн Мандал суманд хаа хамаагүй энд тэндэхийн ургамал тарьдаггүй гэсэн үг. Ойт хээрийн бүсэд хамгийн сайн дасан зохицсон ургамал байх ёстой. Бидний нөхөн сэргээлтийн хамгийн гол утга учир нь “Бороо гоулд” компани үйл ажиллагаагаа дуусгаад Монгол улсаас гараад явахдаа ашиглаж байсан уурхайн талбайгаа бэлчээрийн талбай болгож малчдад эргүүлж өгөх. 

“Мондулаан” компанийн шороон ордын ил уурхай нь “Бороо гоулд” компанийн лицензийн талбай дотор багтдаг. Ил уурхайн ухсан том нүх бүхий газрыг шороогоор нөхөн дүүргэж, дээр нь биологийн нөхөн сэргээлт хийгээд ойжуулах ажлыг хийсэн. 

Нөхөн сэргээж дууссан 436 га талбай руу мал бэлчиж эхэлсэн. Үзлэг шалгалт хийгээд явж байхад адууны хомоол, үхрийн баас тааралдах жишээтэй. Нөхөн сэргээлт хийсэн талбайдаа бид байнга мониторинг хийж, хяналтын үйл ажиллагааг явуулдаг. Бороогийн уурхайн хувьд Монголд анхдагч ил уурхай бөгөөд гадны хөрөнгө оруулалттай компани учир хариуцлагатай үйл ажиллагаа явуулахад ихээхэн анхаарч ажилладаг.

Манай компани уурхайн үйлдвэрлэл эхлүүлсэн 2003 оноос нөхөн сэргээлтийг хийж эхлэхдээ жил бүр хийгдсэн нөхөн сэргээлтийн ажлууддаа ургамал, амьтан, хөрс, ойр орчмын амьтан зэрэг бүх төрлийн судалгааг хийж, түүнийгээ жил жилийнхээ судалгаатай харьцуулдаг. Ингэснээр он дамжин харьцуулсан судалгааны үр дүн гарч ирнэ. Хамгийн сүүлийн судалгааны үр дүнгээр нөхөн сэргээсэн талбайд 40 гаруй зүйлийн ургамал тоологдсон. Үүнээс үзэхэд анх 4 зүйлийн ургамал тарьж байсан нь өнөөдөр 40 гаруй болж нэмэгдсэн байна. Энэ нь нөхөн сэргээсэн талбай байгалийн унаган төрхөндөө эргэж очиж байна гэсэн үг юм. 

Биологийн нөхөн сэргээлт гэж дан ганц ургамал тарихыг хэлэхгүй. Ургамал тарихаас гадна ойжуулалтын ажил хийгдэнэ. Бид нөхөн сэргээлтдээ 2007 оноос ойжуулах ажлыг эрчимтэй хийж эхэлсэн. Одоогийн байдлаар 40 га талбайд 50 мянга орчим мод тариад байна. Сэтгэл гаргаад арчлах юм бол мод үнэхээр ургадгийг мэргэжилтний хувьд хэлэ­хийг хүсч байна. Манай ойжуулалтад орон нутгаас 4 хүн, 2 машин байнгын усалгаа, арчилгааны ажлыг гүйцэтгэдэг. Мөн манайх мод үржүүлгийн талбайтай. Энд модны жижиг тарьцуу­даа суулгасан байдаг. Тарьцуудаа 1-3 жил бойжуу­лаад ойжуулалтын талбайд гаргадаг. 2008, 2011, 2014 онд тарьцуудаа бойжуулсан бөгөөд 2014 оны тарьцуудаа ойжуулалтын талбайд гаргаад дуусч байна. Ирэх жилээс шинэ тарьцуудыг бойжуулна.

Бид хавар, намрын улиралд тарьж байгаа бүх модоо тоолдог. Тоолохдоо нэгбүрчлэн явж тоолдоггүй, тусгай аргачлалаар тоолдог. Гадны нөлөөгөөр устаж үгүй болсон модны оронд нөхөж шинэ тарьц суулгадаг. Ойжуулалт маань 90%-ийн ургацтай явж байна. Бусад компаниудын хувьд энэ үзүүлэлтээ 40-50% гэж танилцуулсан байдаг. Ойжуулахдаа 10 гаруй төрлийн мод тарьдаг.

Түүнчлэн манай компани 2014 оноос эхэлж жимсний модны плантаци байгуулсан. Бид нөхөн сэргээсэн талбайдаа 2010 онд анх 0,5 га газарт 800 ширхэг чацарганы мод тарьснаас 799 мод нь ургасан. Чацарганы моднуудаа дуслын системтэй тарьж үзсэн. Одоо ажилчид маань чацарганаа өөрсдөө түүж хэрэглэж байна. Нөхөн сэргээлт хийсэн талбайгаа бэлчээрийн газар болгохоос гадна мөн жимсний аж ахуй байгуулах боломжтой гэж компанийн зүгээс үзсэн юм. Чацарганы мод тарьсан нь сайхан үр өгөөж өгсөн учир 2014 оноос өргөжүүлэн монос, үрэл, давжаа алимны мод тарьсан. Энэ ажил нэлээд үр дүнтэй явж байгаа. 2017 оноос үр жимсээ өгч эхэлнэ. 

Нөхөн сэргээлт амжилттай хийгдсэн талбайд ургамлаа дагаад амьтад үрждэг. Бүгд байгалийн жамаараа хоорондоо шүтэлцэн уялдаж амьдардаг. Манай нөхөн сэргээлтийн талбайд гүрвэл, бах мэлхий бий. Эдгээр амьтад их эмзэг. Амьдрах экологийн орчин нь бага зэрэг өөрчлөгдөхөд л дүрвээд явчихдаг. Нөхөн сэргээсэн талбай байгалийн унаган төрхөндөө шилжиж буйг дахин батлах нэг тод жишээ нь энэ юм.

“Бороо гоулд” компанийн баримталдаг үндсэн бодлогын нэг бол орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжин ажиллах байдаг. Зөвхөн манай Байгаль орчны хэлтэс гэхэд жилдээ орон нутгаас 40-50 иргэнийг нөхөн сэргээлтийн ажилд авч, ажлын түр байраар хангадаг. Биологийн нөхөн сэргээлтийг дандаа гар аргаар хийдэг онцлогтой. Тиймээс энэ ажилд дандаа орон нутгийн иргэдээс авч ажиллуулж байна.
       
                   

  • 1203 (202.9.42.12)
    boroogiin hiisen nuhun sergeelt saihan bolson bna lee
    2018 оны 08 сарын 13 | Хариулах
  • зОЧИН (202.179.31.49)
    еР НЬ мОНГОЛД ХӨХӨН СЭРГЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХАРИУЦЛАГА ТАЙ ЭХЛҮҮЛСЭН КОМПАНИ ЯАХ АРГАГҮЙ Бороо Тиймээс бид байнга харлуулж бодож болохгүйээ
    2017 оны 01 сарын 07 | Хариулах
  • zochin (122.201.21.176)
    shal hudlaa
    2016 оны 01 сарын 06 | Хариулах