Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Б.Бямбасайхан: Марафонд гүйхийн тулд бэлтгэл хийж, өөхнөөсөө салах хэрэгтэй

С.Болд-Эрдэнэ

 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхантай ярилцлаа.

МТЗ компанийг “Эрдэнэс Монгол”-д шилжүүлж магадгүй тухай яриа гарсан нь ямар учиртай юм бэ?
Төрийн өмчийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болсон. Үүнтэй холбоотой олон өөрчлөлт орно гэсэн хүлээлтээс л ийм яриа гарсан байх. Тус хуулийн нэг хэсэг нь Сингапур улсын “Темасек” компанитай адил төрийн өмчит компани байгуулах явдал юм. Төрийн өмчит компаниудыг ашигтай ажиллуулахын тулд хөрөнгө оруулалтын холдинг компанид шилжүүлж, арилжааны зарчмаар менежментийг хийлгэх зам руу явж байна. Суурь нь “Эрдэнэс Монгол” компани байж болно. Зөвхөн уул уурхайн ордууд гэлтгүй эрчим хүч, дэд бүтэц гэх мэт бусад салбарын төрийн өмчит компаниудыг ашигтай ажиллуулахын тулд хууль эрхзүйн зохицуулалт хийнэ. Өөрөөр хэлбэл төрийн өмчит компаниудыг ашигтай ажиллуулдаг өөр тогтолцоо руу шилжихээр зорьж байгаа хуулийн төсөл гэж ойлгож болно. 9 дүгээр сарын 28-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Яг өргөн барьсан хуулийн төсөлтэй нь танилцаж хараахан амжаагүй байна. МТЗ компанитай холбоотой яриа бол үүний хүрээнд л яригдаж байгаа асуудал байх. Хууль нь батлагдаагүй   болохоор МТЗ компанийн талаар тодорхой зүйл ярих боломжгүй юм.

Сингапурын “Темасек”-ийн жишгээр явах талаар эртнээс ярьж эхэлсэн. Одоо л хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх эхлэл  тавих гэж байна гэж ойлгож болох уу?
Бид энэ талаар нэлээд эртнээс ярьж эхэлсэн. Сүүлийн жилд маш эрчимтэй ярьж байгаа. Гол нь компанийг компани шиг ажиллуулах нь зөв. Гар хөлийг нь уячихаад бусадтай өрсөлд гээд загнаад байж болохгүй биз дээ. Зарим хүмүүс төрийн өмчит компанийг маш их эрх дархтай, мундаг гэж ойлгодог юм шиг байна. Гэтэл эсрэгээрээ, хувийн компаниас илүү хязгаарлалттай хуулийн орчинд ажилладаг юм. Жишээ нь ганц тендер зарлана гэхэд хэдэн сарын ажил болж байна. Төсвийн хөрөнгийг хуулиар зарцуулах нь зөв байх. Гэхдээ зах зээлийн өрсөлдөөнд байгаа төрийн өмчит компаниудыг төсвийн хуулиар зохицуулах нь зохисгүй юм. Өнөөдөр манай компанид хэрэгтэй зүйлээ 5 сарын дараа авна гэдэг  утгагүй. Таван сарын дараа зах зээл өөрчлөгдчихнө. Нүүрсний үнэ гэхэд 5 сарын дотор яаж өөрчлөгдөж байгааг бүгд харж байна. Өнөөдөр надад хэрэгтэй зүйлийг тендер зарлаад, 5 сар үргэлжилсэн процессын эцэст авна гэдэг утгагүй. Үүнийг л өөрчлөх эрхзүйн өөрчлөлт хийгдэнэ гэсэн итгэл найдвар бидэнд байгаа.

Хэрэв энэ өөрчлөлт орвол өөрийн хөрөнгө дээр үндэслэн санхүүжилт татах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх бэлтгэл ажил хийгдэж байна. Зах зээлийн нөхцөл  тааруу байна. Төрийн өмчит компаниуд зөвхөн ашигтай ажиллах зорилготой биш гэдгийг хүн болгон мэдэж байгаа. Ажлын байр бий болгох зэргээр нийгмийн том зорилгыг агуулж явдаг. Тийм болохоор өнөөдөртөө өөрчлөлтөд хараахан бэлэн биш байна. Өөрчлөлтөд бэлтгэж байна гэж ойлгож болно.

Энгийнээр хэлбэл холын марафонд гүйх гээд бэлтгэл хангаж байгаатай адил. Марафонд гүйхийн тулд маш их бэлтгэл хийх ёстой. Сэтгэл зүйн болон бие махбодийн хувьд бэлтгэлтэй байх ёстой. Ямар ч бэлтгэлгүй гүйчихвэл барианд орж чадахгүй нь ойлгомжтой. Одоо биднийг төсөөлбөл өөхөлчихсөн, гүзээтэй нөхөр л марафонд гүйх гэж байгаатай адил юм. Төрийн өмчит компаниуд үнэндээ өвлөөс өвлийн хооронд  амьдардаг. Энэ өвлийг давчихлаа, зундаа дараагийн өвлийн бэлтгэл гэж бага сага засвар үйлчилгээ хийгээд дахиад л өвөлтэй золгодог. Засварын хэдэн төгрөгөө хаанаас олох вэ гэж сайд дарга нарыг дагаж баахан гүйнэ. Ийм байдлыг л өөрчлөх хэрэгтэй. Тийм боломж  100% байна.

Жишээ нь манай нүүрсний уурхайнууд байна. Эрчим хүчний компаниудад тогтмол нүүрс нийлүүлдэг, байнгын хэрэглэгчтэй гэдэг утгаараа маш гоё бизнес. Тэгсэн мөртлөө нүүрсний үнийг нь зохицуулалтаар хязгаарлачихаар тогтмол алдагдал үйлдвэрлэдэг. Ганц нүүрсний уурхай алдагдал үйлдвэрлэж байвал бас ч учиртай. Гэтэл цахилгаан станцууд нь  эрчим хүчний үнийг төр зохицуулдгаас үүдээд давхар алдагдал хүлээгээд байдаг. Энэ нь явсаар өрийн сүлжээ үүсгэчихсэн. Цахилгаан станцууд  алдагдалтай учир нүүрсний төлбөрөө төлдөггүй. Нүүрсний компани нь бензин шатахуун гээд ханган нийлүүлэгчдэдээ  төлбөрөө төлж чадахгүй болчихдог.

Бусад орны туршлагыг харахад төрийн өмчит компанид бие даасан үйл ажиллагаа явуулах эрхзүйн орчин бүрдүүлж, улс төрийн нөлөөнөөс хол байлгахыг зорьдог. Гэхдээ энэ нь хэлэхэд амархан, хийхэд хэцүү зүйл л дээ. Эзний үүргийг төр гүйцэтгэдэг гэдэг утгаараа хүссэнээ хийж болно. Нөгөө талаар компани гэдэг утгаараа эзэндээ, хувьцаа эзэмшигчдэдээ ашиг өгөх ёстой. Энэ байдлаар явбал ТӨК-иуд тогтмол алдагдал үйлдвэрлэдэг, хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийн төлөө ажиллах эрсдэл байгаа учир эхнээсээ л эрхзүйн зохицуулалтаа зөв хийх хэрэгтэй байгаа юм.

ТӨК-иудыг улс төрөөс хол байлгах ёстой гэдгийг Таны үеэс ярьж байгаа биш. Таны өмнөх захирлууд Я.Долгоржав, О.Сайнбуян нарын үеэс ярьж, асуудлыг судалж эхэлсэн ч тодорхой ажил хэрэг болж чадаагүй. Үүнийг хэзээ хэрхэн хийх ёстой юм бэ? Хийхийн тулд   ямар ажил зохион байгуулж байна вэ?
Зорилготой байх хэрэгтэй. Бид чинь цаг хугацаа нөхцөөх гэж, эсвэл зүгээр л тоглох гэж “Эрдэнэс Монгол” гэдэг компанид орж ирээгүй. Бидний холын зорилго бол энэ компанийг олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай хөрөнгө оруулалтын компани болгох, энэ нь эргээд эзэн буюу Монгол улсын иргэнд ашгаа өгдөг байх ёстой гэж харж, түүний төлөө ажиллаж байна. Олон улсын стандартын дагуу, бизнесийн зарчмаар ашигтай ажиллаад ирвэл улс төрөөс ирэх нөлөө хумигдаж таарна. Ингэхийн тулд бэлтгэл хангах ёстой. Түрүүн хэлсэнчлэн өөхөлчихсөн нөхөр марафонд гүйж чадахгүй болохоор бие болоод сэтгэлзүйн бэлтгэлийг хангалттай хийх ёстой. Мэдээж бэлтгэл хийж эхлэхэд эхний үед хэцүү байна. Хийхгүй бол болохгүй, хийх гэхээр шантармаар тийм үе байдаг шүү дээ. Бид тийм л үедээ явна. Хүнд үеийг тодорхой төлөвлөгөөтэй, түүнийгээ хэрэгжүүлж байж давна. Олон улсын санхүүгийн стандартын дагуу нэгдсэн тайлан баланстай болж, аудит хийлгэх ёстой. Ингэснээр   компанийн үнэ цэн гарч ирнэ. Үүндээ үндэслэн олон улсын зах зээлээс санхүүжилт авч, түүнийгээ тодорхой төлөвлөсөн ажилдаа зарцуулж, “Багануур”,  “Шивээ-Овоо”-гоо өнөөдрийнхөөс илүү сайжруулаад босгоод ирье. Ашгаа өгдөг болонгуут тэндээсээ зээлээ төлнө гэсэн зургаа бид зурчихсан. Зургийнхаа дагуу явж байна. Зөвхөн Монголд биш олон улсын хэмжээнд тоглоно гэдгээ ойлгож байгаа учир тэр хэмжээнд үйл ажиллагааныхаа стандартыг аваачих хэрэгтэй. Тэгж байж л бид гаднаас мөнгө татна, тэр хэмжээгээрээ томорно.

“Багануур”, “Шивээ-Овоо” ХК-ийн хувьцааг Хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлах тухай Засгийн газрын шийдвэр гарлаа. Үүнийг хэзээ хэрэгжүүлэх вэ?
Ний нуугүй хэлэхэд “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-ийн 51 хүртэлх хувийг төр эзэмшилдээ байлгана, 49 хүртэлх хувийг хөрөнгө оруулагчдад худалдана   гэж байгаа нь дутуу дулимаг шийдвэр гэж харж байна. Энд нэг асуудал байгаа. Хөрөнгө оруулагчид тухайн компанийн хяналтын багцыг авч байж сайжруулах юмаа сайжруулж, болохгүй байгааг нь засч ашигтай ажиллуулна. Ашигтай ажилладаггүй компанийн 49%-ийг хэн сонирхож авах юм бэ гэдэг асуудал. Би хувьдаа нэмэлт хувьцаа гарган 49 хүртэлх хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан худалдана гэдгийн хувь хэмжээн дээр санал нийлэхгүй байгаа. Яагаад гэвэл үнэ хүрэхгүй. Шинэчилж, өөрчлөх эрх мэдлийг нь авч байж хөрөнгө оруулагч ажиллах сонирхол төрнө шүү дээ. Яахав, өнөөдрийн тогтолцооны хүрээнд нүүрсний үнийг чөлөөлчих юм бол байнгын худалдан авагчтай учраас урт хугацаанд өгөөжөө өгөх боломжтой гээд зарим нэг хөрөнгө оруулагч хувьцааг нь худалдан авч магадгүй.

Гэтэл нүүрсний үнийг чөлөөлөхгүй, чөлөөлөх талаар ярих ч үгүй байна шүү дээ?
Тийм. Одоог хүртэл нүүрсний үнээ чөлөөлөхгүй суугаад байдаг. Ийм тохиолдолд үнэ цэн хүрэх үү гэдэг  эргэлзээтэй.

Тэгэхээр Засгийн газар дахиад нэг хэрэгждэггүй шийдвэр гаргачихсан гэсэн үг үү?
Өнөөдрийн байгаа эрхзүйн орчны хүрээнд л бид ажиллана. Ямар хууль зөрчилтэй биш. Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх гээд л үзнэ. Ийм нөхцөлд дээрх хоёр компани дээр нэмэлт хувьцаа гаргаад борлуулах боломж хэр байна гэдгийг зах зээл өөрөө мэднэ. Та бид хоёр суугаад сайн муу, зөв буруу гэж ярих бус зах зээл өөрөө үнэлээд гаргаад ирнэ л дээ. Зах зээл дээр гаргаад арилжаа хийгдээд эхлэхээр харъя. Ер нь бол зөв тийшээ явж байгаа юу гэвэл тийм. Нэгэнт л Хөрөнгийн бирж дээр нэмэлт худалдаа хийх гэж байгаа бол нэг мөр 2%-ийг нэмээд арилжаалахаар шийдчихсэн бол гэж боддог.

Манайх төрийн өмчит компаниудаа хувьчлахдаа дандаа 51%-ийг нь буюу хяналтыг нь төрдөө авч үлдэнэ гэдэг. Төрийн өмч, ард түмний өмч учир хяналт нь төрд байх ёстой гэдэг. Энэ сэтгэлгээгээ өөрчлөх цаг болсон юм биш үү?
Та бид хоёр  яриагаа эхлэхдээ ярьсан. Эзэн хэн байх нь хамаагүй. Компани компани шиг  ажиллаж, ашигтай байх зорилгодоо хүрч байх нь чухал. 51% нь та байна уу, хөрөнгө оруулагч байна уу, төр байна уу хамаагүй.

Би урьд нь хэд хэдэн улсад ажиллаж байхдаа иймэрхүү зүй тогтлыг  харж байсан л даа. Төрийн өмчийн хувьчлал яг л цагийн савлуур шиг байна. 1990-ээд оноос хойш бүх юмыг хувьчилна гээд нэг тал руугаа гарчихсан байсан. Тэгэнгүүтээ хувьчлал чинь бас болдоггүй юм байна гээд нөгөө тийшээ савласан. Одоо бол төр-хувийн хэвшлийн түншлэл гээд хоёр хязгаарынхаа дундуур явж байна гэхэд болно.

Гол санаа нь эзэн хэн байх хамаагүй, компани компани шиг   ажиллаж, эзэндээ ашгаа өгдөг, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэг тэр зарчим руу   явж байгаа юм. Энэ үүднээс харах юм бол “Багануур”, “Шивээ-Овоо” компаниа марафонд гүйлгэхийн тулд бэлтгэлийг нь хийлгэж, эн тэргүүнд олон улсын стандартын дагуу тайлан балансаа гаргаад, аудит хийлгүүлж байна. Уг нь үнэ цэнтэй хөрөнгө гэдэгт эргэлзэх юм байхгүй. Гол нь ямар үнэтэй вэ гэдгийг л мэдэх хэрэгтэй байна.

Аудит хийлгэж эхэлсэн үү?
Одоо хийлгээд явж байна. Олон улсын хамгийн том 4 аудитын компанийн нэгээр нь хийлгэж байгаа. Аудит хийлгэнэ гэдэг нь манай хоёр компани хаана явна, биеийн байдал нь ямар вэ гэдгийг л үзэж байгаа хэрэг. Санхүүгийн хувьд хаана алдаа гаргасан, хаана болж байна гэдгийг олон улсын хэмжүүрээр хэмжүүлж үзье. Бүх зүйл сайн байж ч магад. Оношоо тодорхойлсны дараа юуг нь хэрхэн засах, яаж сайжруулах вэ гэдэг тодорхой болно. Техник, технологи, үйл ажиллагаанд ч мөн аудит хийлгэнэ. Тэгснээр ямар хэмжээний нүүрсийг ямар технологиор ашиглах вэ гэдэг нь тодорхой гараад ирнэ.
Магадгүй манай  компаниуд өнөөдрийнхөө нөхцөл байдалд хамгийн сайнаар ажиллаж байж болно. Үүнийг хэмжиж үзэж байж л мэднэ.

Аудитын дараа юу хийх вэ?
Одоогоор   тодорхой зүйл хэлэх боломж алга. Ойролцоогоор 3 сарын дараа   аудит хийж дуусах байх. Тэр үед  бүх юм тодорхой болно. Олон улсын санхүүжилт татах гэх мэт ажил эхэлнэ. Санхүүгийн менежментийн шинэ систем суурилуулах байх. Мөн хүний нөөц  зэрэг асуудлаа ч шийдэж эхлэх болов уу. Энэ мэтчилэн хийх ажлууд тодорхой болсны дараа ямар хэмжээний зардал гарч, тэр хөрөнгө оруулалтыг хаанаас татах вэ гэдэг   тодорхой болно.

Тэгвэл энэ ажлын үр дүн хэзээ гарах талаар төсөөлөл байгаа байх?
Үр дүн нь ойролцоогоор 5 жилийн дараа гарах болов уу. 5 жилийн дараа татварын дараах ашиг ингэж өөрчлөгдөж өссөн, үйл ажиллагааны үр ашиг ингэж дээшилсэн гэх мэт үзүүлэлт гараад эхлэх байх.

“Эрдэнэс Монгол”-ыг анх стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувийг эзэмшихээр байгуулсан. Одоо бол улам өргөжүүлж, дэд бүтцийн төслүүд рүү орох боллоо. Магадгүй илүү үнэ цэнтэй болгож байгаа байх. Энэ зөв зам мөн үү? Цаашид ямар стратеги баримталж ажиллах вэ?
Сүүлийн 5 жилд уул уурхайн бизнес гэж газар дор байгаа нүүрсийг, хүдрийг ухаж гаргаж ирэхийг хэлдэггүй юм байна гэдгийг монголчууд ойлгож авлаа. Ухахаас илүүтэй ямар замаар тээвэрлэж, ямар үнээр, хэнд борлуулах вэ гэдэг нь чухал юм. Бид зөвхөн дотооддоо биш олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ зарж байгаа болохоор маркетинг маш чухал. Хамгийн хямд санхүүжилт татвал компани илүү үр ашигтай ажиллах юм байна. Тээвэрлэлт, логистик гэдэг чинь уул уурхайн бизнесийн гол зангилаа байдаг юм байна гэдгийг бас ойлголоо. Оюутолгой, Тавантолгой, өөр шинэ уурхай   экспортод бүтээгдэхүүнээ гаргах гэж байгаа бол олон улсын стандартын дагуу үйлдвэрлэж, олон улсын захын үнэд хүрдэг байх нь бидний зорилго юм.

Өнөөдөр уурхайн амнаас бүтээгдэхүүнээ хямдхан борлуулж байгаагаа л зөв гэж ойлгож байна. Гадныхан ирээд хямд  үнээр авчихаад, хилийн цаана үнэ хүргэж зараад байдаг. Дотооддоо нэмүү өртөг шингээнэ гэдэг бидний хувьд хамгийн том бэрхшээл байсаар байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд эхнээс нь бүхнийг зөв тооцож төлөвлөх шаардлагатай юм. Ухаад л зараад байвал уурхайн бизнес болдог гэдэг ойлголт буруу гэдгийг бид одоо л ойлгож байна. Хожимдсон ч үүнийгээ ойлгож байгаа нь том давуу тал. Зах зээл гоё, үнэ өндөр байхад үүнийг хэн ч яриагүй, ойлгоо ч үгүй байсан. Сүүлийн 5 жилийг тооцохгүй гэвэл экспортод Эрдэнэтийн зэс, багахан жонш л гаргадаг байлаа. Бид туршлагаасаа суралцаж байна. Энэ бүхний дүнд “Эрдэнэс Монгол” компани уурхайгаас гадна тухайн уурхайн бүтээгдэхүүнээ үнэ хүргэхийн тулд дэд бүтцийг бас бий болгох нь чухал юм байна гэж үзсэн.

Ялангуяа нүүрсний тухайд олон улсын үнээс хямдаар зардгийг яаж болиулах вэ? Эрдэс баялгийн бирж байгуулчихвал олон улсын үнээр зарах боломжтой болно гээд нэг хуулийн төсөл яригдаад байна. Бирж байгуулаад л шийдвэрлэчих зүйл мөн үү?
Эрдэс баялгийн бирж байгуулаад болчихдог бол сайхан л байх. Бирж байгуулах нь нэг арга байж болно. Нөгөө талаас компани бизнесийн төлөвлөгөө, стратегиа гаргаж, болзошгүй эрсдэлийг тооцоолох нь чухал. Жишээ нь ирэх 5 жилд ийм зах зээл, ийм үнэтэй байхад ажиллах юм гээд түүндээ тохируулсан 3 жилийн бизнес төлөвлөгөө гаргаад явдаг ерөнхий зарчим бий. Энэ их чухал. Зөвхөн маргаашаа харахгүй явна гэсэн үг.

Эрдэс баялгийн зах зээл   онцлогтой, сонин зах зээл юм. Дэлхийн уул уурхайн гигантууд өнөөдөр хэчнээн тонны хүчин чадалтай уурхай байгуулах вэ гэдгээ 5 жил, 10 жилийн дараах зах зээлийн эрэлт нийлүүлэлт, үнэ ямар байх вэ гэдэгтэй уялдуулж хийдэг.  Ямар ч байсан нэг үйлдвэр барьчихъя, тэгээд болно доо гэсэн ойлголт байдаггүй юм байна. Өөрөөр хэлбэл том газрын зургаа гаргаж байгаад дараа жил тэнд ийм нөөцтэй, ийм чанартай нүүрсний уурхай ашиглалтад орно. Нэг тонныг гаргах зардал нь тэдэн доллар, угаах үйлдвэрийн зардал нь тэдэн доллар, тээвэрлэлт нь тэдэн доллар байна гээд бүх нарийн зүйлийг тооцож бизнесийн стратегиа бий болгодог. Маш өндөр хүчин чадалтай уурхай байгууллаа гээд ашигтай тоглогч болно гэсэн үг биш. Боломжит хүчин чадлаа 100% ашиглаж, түүнийгээ хамгийн сайн үнээр зарах нь илүү чухал. Бид ч бас ийм жишгийн дагуу ажиллах ёстой гэж боддог. Ингэж нарийн тооцоолж чадвал бүтээгдэхүүнээ олон улсын үнэд хүргэж зарах магадлал хавьгүй нэмэгдэнэ.


Нэг талаасаа энэ нь туршлагатай холбоотой. Холыг харах хэрэгтэй. Өрсөлдөгчөө, худалдан авагчаа маш сайн ойлгож мэдрэх хэрэгтэй. Ингэж гаргасан бизнес төлөвлөгөө банкны шаардлагыг хангана. Банкны шаардлага хангана гэхээр өөр хөрөнгө оруулагч таныг сонирхоно, хямд үнэтэй санхүүжилт татах боломжтой болно гэсэн үг. Өнөөдөр зах зээл уналттай байгаа болохоор компаниуд маань ойрын хугацаагаа харж, яаж дампуурчихгүй гарах вэ гэдэгт анхаарлаа хандуулж  байна. “Эрдэнэт” үйлдвэр 30 гаруй жил болж буйн хувьд зах зээлийн савлагааг хамгийн сайн мэдрэх компани. Тэгсэн хэрнээ л төсөвт Эрдэнэтийн орлогыг хамгийн өндрөөр тооцчихоод, цагаа тулахаар төсвийн орлогоо бүрдүүлж чадахгүй бужигнаад байдаг.

Гэтэл Хятад, Австрали, Япон гээд олон 10 жил зах зээлийн савлагаан дундуур явсан улс орнууд туршлагажаад, өөрийгөө бэлдчихсэн байдаг болохоор өнөөдрийн зах зээлийн нэг уналтад хэцүү байгаа ч гэсэн сэтгэхүйн хувьд ирээдүйг харж, өнөөдрийг давж чаддаг юм байна. Өнөөдөр унаж байгаа ч 5 жилийн дараа өснө гэдгийг мэддэг болохоор түүндээ зориулаад стратегиа бэлдчихдэг юм байна л даа. Гэхдээ өнөөдөр олон компани хаалгаа барьж байна. Нүүрсний компаниуд яаж дампуурч байгааг бид харж байна. Зах зээл улам ярвигтай болоод, бүр том компаниуд   хүртэл зах зээлээ ойлгож, уншиж чадахгүй байх жишээтэй.

Ийм хэцүү тоглоом руу   орж байгаа учраас нэгдсэн ойлголттой, дэд бүтэц, санхүүжилт гээд бүх асуудлыг цогцоор нь харж чаддаг, зардал, ашгаа мэддэг байх юм бол зах зээл хүнд үед тэсээд гарах чадвартай байх ёстой. Төмөр замаасаа болоод уурхай нь дампуурчихдаг, эсвэл уурхайгаасаа болоод төмөр зам нь дампуурчихдаг байж болохгүй биз дээ.

Өнөөдөр манайд яг ийм дүр зурагтай явж байна шүү дээ? Магадгүй 3 жилийн өмнө зүүн тийшээ хэвтээ төмөр зам тавьсан бол өнөөдөр ачаа тээвэргүйгээс болоод дампуурчихсан байж ч болох юм?
Хамгийн ашигтай төслийг л зах зээл санхүүжүүлдэг. Ашиггүй төсөл зах зээлээс санхүүжилт олохгүй. Бид зах зээлийн дүрмээр тоглож байгаа болохоор бүх зүйл ойлгомжтой харагдаж байгаа биз дээ? Өнөөдөр хамгийн ашигтай байх төслийг л хөрөнгө оруулагчид сонирхож ирж байна. Ашиггүй, эсвэл 30 жилийн дараа ашгаа өгөх төсөлд өнөөдөр хэн ч санхүүжилт хийхгүй. Яаж ч тооцоо хийгээд банкны шаардлага хангахгүй төсөлтэй бол хэчнээн мөрөөдөөд ч санхүүжилт олж чадахгүй нь гашуун боловч үнэн.
Харин өөрөө маш их мөнгөтэй бол бүх эрсдэлээ үүрээд бодлогоор өөрийн халааснаас санхүүжилт хийж болно.

“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-д ямар ч улстөрч байхгүй болжээ. “Оюутолгой”-г улс төрөөс хол байлгаж, бизнесийн зарчмаар нь явуулах ёстой гэсэн зарчим үйлчилж эхэлж байх шиг. Гэтэл нөгөө талд улстөрчид маань “Дубайн гэрээ”-г бас эсэргүүцээд эхэллээ. Дахиад гацах юм биш биз гэсэн болгоомжлол байна?

“Оюутолгой” бол bankable буюу банкны шаардлага хангасан төсөл. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагч, санхүүжилт өгдөг байгууллагууд нь итгэдэг, стандартын дагуу боловсруулсан дэлхийн хэмжээний том уурхай. Бид л ойшоохгүй байгаа болохоос. Дэлхий дээр байгаа зэсийн олон уурхайтай харьцуулбал хамгийн сайн уурхайн нэг нь. Техник технологи, боловсон хүчин, аюулгүй байдлыг хангасан байдал гээд олон үзүүлэлтээрээ тэргүүлж байгаа маш сайн бизнес. Би ч, та ч, ер нь хэн ч байсан энэ төсөл цаашаа  явах сайн төсөл. Олон улсын зах зээлээс том хэмжээний санхүүжилт татаж чадаж байна гэдэг нь төсөл өөрөө сайн, стандартад нийцэж байгаагийн илрэл. Ийм төсөл урагшаа явах ёстой.

Харин улс төрийн нөлөөллөөс ангид байлгах нь маш чухал. Урьд нь олон шалтгаанаас болж төсөл гацаж байсан. Ялангуяа гүний уурхайн бүтээн байгуулалт. Гол нь монголчууд энэ төслийн үр дүнг харж, үзэж байна. 7 тэрбум долларын хөрөнгө оруулалт орчихсон, 6000 гаруй ажлын байр бий болгочихсон, олон зуун тэрбум төгрөгийн татвар төлж, худалдан авалт хийж байна. Дэлхийн хамгийн том төслийн санхүүжилтийн багцыг удахгүй шийдэх гэж байна. Бүх зүйл зөв гольдролоор явж байна гэсэн үг. Ийм замаар явдаг олон төсөлтэй байх нь бидний хүсэл.

“Оюутолгой” төсөл эхлэх гэж хэдэн жил болсон, ямар асуудлуудтай тулж, даван гарч ирснийг Та сайн мэдэж байгаа. Өнөөдөр “Оюутолгой” манай улсад жишиг болж байна. Жишиг болохоос гадна араасаа олон төсөл дагуулж, чирэх ёстой төсөл. Хамгийн тод жишээ бол Тавантолгой цахилгаан станц гээд 1 тэрбум долларын хөрөнгө оруулалттай аварга төслийг “Оюутолгой” гаргаж ирж байна. ТТЦС төслийн санхүүжилт, ирээдүйд үр ашигтай ажиллах баталгаа нь Оюутолгойн уурхайн тогтвортой худалдан авалт болж байна. Энэ мэтчилэн “Оюутолгой” төслийн шууд нөлөөнөөс гадна шууд бус  олон өгөөж байгааг монголчууд мэдэж  байгаа шүү дээ. Ядаж л “Оюутолгой” төсөл олон улсын стандартын дагуу болохоор “Оюутолгой”-той ажиллаж байгаа манай компаниуд дагаад олон улсын стандартын дагуу ажиллаад эхэлж байна. “Оюутолгой”-д бараа, үйлчилгээ нийлүүлж чадаж байгаа бол дэлхийн хаана ч гэсэн бараа үйлчилгээ нийлүүлэх чадвартай болж байгаа юм. Чанартай барааг хугацаанд нь нийлүүлдэг, гэрээгээ сайн хийдэг, санхүүжилтээ зөв тооцдог гээд манай компаниудад олон улсын жишигт хүрч ажиллах боломжийг олгож, өрсөлдөх чадвартай болгож байна.

Нэг жишээ хэлье. Өмнө нь манай компаниуд бизнесийн гэрээ гээд 3 хуудас ерөнхий гэрээ хийдэг байсан бол одоо гэрээгээ аваад ир гэхээр 100 хуудас   үзүүлж байна. Тэр дотор талуудын эрх үүрэг, санхүүжилтийн төлөвлөгөө, асуудал гарвал шийдэх арга зам гээд бүгдийг тусгадаг болчихсон. Энэ бол мөнгөөр үнэлшгүй том ололт.

Оюутолгойн гүний уурхайн санхүүжилт шийдэгдсэнээр хямралд орсон эдийн засгийг сэргээхэд маш чухал нөлөө үзүүлэхээр харагдаж байна. 2009 оны хямралыг Ил уурхайн бүтээн байгуулалтаар  давсантай адил шахуу гэх юм уу?
“Оюутолгой” төслийн гүний уурхайн санхүүжилт удахгүй шийдэгдэнэ. 11 дүгээр сар гэхэд шийдэгдчих болов уу гэсэн хүлээлттэй байна. Дөрвөн тэрбум доллар   бол их мөнгө. Гадаадын хөрөнгө оруулалт, эдийн засаг дахь мөнгөний эргэлтийг нэмэгдүүлэх, дотоодын ханган нийлүүлэгчдийг дэмжих гээд эдийн засагт эергээр нөлөөлөх нь гарцаагүй. Гэхдээ 5 жилийн өмнөхтэй харьцуулбал манай эдийн засаг томорчихсон болохоор 4 тэрбум долларын нөлөөлөл 2010 оных шиг огцом байхгүй болов уу. Энэ нь нэг талаараа сайн.

Би “Оюутолгой”-н гүний уурхайн санхүүжилтийн эдийн засгийн үр нөлөөг мөнгөн дүнгээр их ярьсан болохоор энд арай өөр зүйл хэлье. Дэлхийн 20 том банк, санхүүгийн байгууллага “Оюутолгой”-д, манай улсад 4 тэрбум долларын зээл өгөх гэж байна. Зээл олгогчид зээлдэгчээ дампуурахыг хэзээ ч хүсдэггүй. Тэгэхээр тэр банкууд Монголыг байнга дэмжих талаар ажиллаж эхэлнэ. Монголын компаниудад тэдгээр банктай ажиллах боломж нээгдэж байгаа юм. Мөн зээл өгсөн улсаа хэзээ ч муугаар үнэлэхгүй. Тухайлбал “Мүүдис” орж ирээд манай үнэлгээг бууруулаад муу гэж тавихгүй болчихож байгаа юм. Яагаад гэвэл  том компаниудын эрх ашиг манай улстай холбогдчихож байгаа болохоор тэд ч бас өөрсдийнхөө эрх ашгийг бодож таарна. Манай үнэлгээг муу гэж тавихгүй бол манай Засгийн газрын бонд, компаниудын бондын хүү бага байх боломжтой болно.

Нөгөө талаас энэ санхүүжилт бол маш том итгэлцэл. Хүн танд мөнгө өгч байна гэвэл танд итгэж байна гэсэн үг. Танд итгэж байгаа болохоор таныг хэзээ ч дэгээдэж унагаахгүй. Харин ч таныг аль болох хурдан  хөгжөөсэй. Тэр итгэлийг алдах эсэх нь биднээс хамаарна.

Ярилцсанд баярлалаа.

The Mongolian Mining Journal. 2015.10 сар. /№ 083/



  • hdhd (94.242.206.95)
    ene neg tsartsaa namjil
    2015 оны 11 сарын 03 | Хариулах
  • БЭХИ (59.153.114.88)
    ЗӨВ ШҮҮ
    2015 оны 11 сарын 03 | Хариулах