Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining Journal Awards 2014

Шүүгчдийн зөвлөлийн шийдвэр



Шүүгчдийн зөвлөл

2014 оны уул уурхайн шилдгүүдийг тодруулах “Mining Journal Awards” шалгаруулалтад давхардсан тоогоор 19 компани нэр дэвшсэнээс “Шилдэг эко уурхай” номинацид 7, “Шилдэг технологи” 3, “Шилдэг уурхай” 3, “Хариуцлагатай үйл ажиллагаа” 3, “Тогтвортой ажиллагааны үзүүлэлт” номинацид 3 компани тус тус өрсөлдлөө. Компаниудын үйл ажиллагааг шүүн тунгаах Шүүгчдийн зөвлөлийн ээлжит хурал 1 дүгээр сарын 9-ний өдөр болсон юм. Шүүгчдийн зөвлөлийн хурлаар яригдсан зүйлсийг тоймлон хүргэе.    



“Шилдэг уурхай”

Г.Шархүү. “Уулс заамар”-т 4, “Эрдэнэс Тавантолгой”-д 4.5, “Алтан Дорнод Монгол”-д 5 оноо тус тус тавилаа. “Эрдэнэс Тавантолгой” компани шалгаруулалтад ирүүлсэн материалаа тийм ч сайн бэлдээгүй байна. “Уулс заамар” нь жижиг компани бөгөөд шалгаруулалтад анх удаа оролцож байгаа юм. “Алтан Дорнод Монгол” компанийг тус номинацид шалгарууллаа.  
Д. Галсандорж. “Алтан Дорнод Монгол” компанийн эзэд, хувьцаа эзэмшигчдийн талаар   телевизээр маргаан яригдаад байгааг анхаарах хэрэгтэй.

Д.Дондов. “Уулс заамар” 2014 онд 400 гаруй кг алт олборлосон байна. Компанийн хувьд бага зэрэг дутагдалтай тал нь төсөвт өгөх мөнгө дутуу төлөлттэй байгаа юм. Санхүү эдийн засгийн хүндрэлтэй холбоотой байх. Үйл ажиллагааны цар хүрээ нь айхтар том биш ч ажлын гүйцэтгэл сайтай, дажгүй компани санагдаад байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн Баруун Цанхийн өгөгдсөн тоонууд үнэн бол их сайн үзүүлэлтүүд юм. Номинацийн 6 үзүүлэлт дээр ирүүлсэн тоо баримтаас 8.4 сая тонн нүүрс олборложээ. Үнэхээр ийм хэмжээний нүүрс олборлосон бол их учиртай. Гэхдээ энд нэг зүйл байгаа нь эдний ажлыг Уул уурхайн Үндэсний Олборлогч /MNO/ хийж өгч байгаа. Хоёрдугаарт,  “Эрдэнэс Тавантолгой”-г хөдөлгөх талаар Төр засаг нэлээд бодож байгаа уур амьсгал зэргийг анхаарвал ямар вэ гэсэн санал тавьж байна. “Алтан Дорнод Монгол” компанитай холбоотой хэвлэл мэдээллээр цацагдаж байгаа асуудалд төдийлөн ач холбогдол өгөх хэрэггүй болов уу. Нийгмийн уур амьсгал, уурхайчдын коллектив зэргийг шүүгчид маань бодолцвол ямар байдаг бол гэж би хувьдаа бодож байна. Миний хувьд “Шилдэг уурхай” номинацид “Эрдэнэс Тавантолгой”-г шалгарууллаа.

Д.Бат-Эрдэнэ. Номинацид ирүүлсэн компаниудын материал дутуу бүрдүүлэлттэй байна. “Эрдэнэс Тавантолгой” гэхэд 11, 12 дугаар сарын алиных нь байдлаар материалаа ирүүлснийг ойлгохгүй байна. Миний тавьсан оноогоор энэ номинацид “Алтан Дорнод Монгол” шалгарч байна. Үндэсний компани бөгөөд маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Компанийн удирдлагууд нь дайчин. “Эрдэнэс Тавантолгой” компанийн шалгаруулалтад ирүүлсэн материалын бүрдүүлэлт бага зэрэг тааруу байгаа ч асар их ажил хийжээ.

Д.Галсандорж. Би энэ номинацид ”Алтан Дорнод Монгол“-д 5 оноо, нөгөө 2 компанид тус бүр 4 оноо өглөө. “Эрдэнэс Тавантолгой” компанийн үзүүлэлтийг харахад 4 сая тонн нүүрс олборлосон нь сайн хэрэг. 2015 онд 12-15 саяыг олборлохоор төлөвлөжээ. Үйл ажиллагаа гайгүй байгаа ч одоо төсөл нь тендерт орсон, өр төлбөртэй гээд компанид хэцүүхэн асуудлууд бий. Иймээс “Эрдэнэс Тавантолгой” компанид 4 оноо тавилаа. “Уулс Заамар” компанийн явсан зам сайн. Нөөц нь дуусч байгаа учир одоо ямар үйл ажиллагаа явуулах гэж байгааг мэдэхгүй байна. Харин “Алтан Дорнод Монгол”-ын хувьд ганц би ч биш, уул уурхайн салбарынхан ямар компани гэдгийг нь ойлгохгүй байгаа. Үйл ажиллагаагаа яаж явуулдаг, үнэхээр санхүүгийн чадвартай юу? Ний нуугүй хэлэхэд энэ компанийг би ойлгохгүй байна. Гэхдээ ирүүлсэн материалаар нь дүгнэж тус компанид өндөр оноо тавилаа.

Н.Алгаа.
Би “Алтан Дорнод Монгол” компанид 5 оноо, “Эрдэнэс Тавантолгой”-д 4.5 оноо, “Уулс заамар”-т 4 оноо өглөө. Алт олборлодог хоёр компанийг харьцуулан дүгнэсэн. “Алтан Дорнод Монгол”-ыг шалгаруулсны учир нь өртэй компанийг худалдаж авсан. 68%-ийн уршигтай татварын өрийг дарж, маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Өнгөрсөн жил би “Алтан Дорнод Монгол”-ын уурхай дээр очсон. Технологийн хувьд шууд олборлоод хойноос нь нөхөн сэргээж байгаа шилдэг менежмент тэнд харагдсан. Цаад талд нь Бага Хайлаастын амыг адгаас нь аваад урд тал хүртэл нөхөн сэргээсэн байсан. Сүүлд орж ирсэн үндэсний шинэ компани, хөрөнгө оруулагч нь мэргэжлийн биш хүн гэхэд компанийг авснаас хойш маш сайн ажиллаж байна гэсэн үндэслэлээр шалгарууллаа. Олны хэл аманд өртөж байгаа асуудал нь  энд ямар ч хамаагүй юм.   
        
Д.Ачит-Эрдэнэ. “Алтан Дорнод Монгол” компанид 5 оноо тавьсан. Мэргэжлийн бус хүн удирдаж байгаа гэхэд уурхайгаа сайн ажиллуулж байгаа. Компанийн захирал нь Алт  үйлдвэрлэгчдийн холбоог байгуулж, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд борлуултаа сайн хийж чадахгүй, олборлолтыг нь өөр компани хийж байгаа. Гүйцэтгэгч компаниудад төлбөрөө хоцроож өгдөг дутагдал бий.   
   
Б.Пүрэвтогтох. Шалгаруулалтын номинаци бүр өөрийн онцлогтой. “Шилдэг уурхай” номинаци дээр төлөвлөгөөний биелэлт, хаягдал бохирдол, эдийн засгийн үзүүлэлт, аюулгүй ажиллагаа гэсэн үндсэн шалгуур бий. Төлөвлөчихөөд биелүүлээгүй гэдэг асуудал дээр шилдэг уурхай байх хэцүү. Компаниас хамаарахгүй зүйл байж болно. Энэ үүднээс харвал “Эрдэнэс Тавантолгой” компанийн төлөвлөгөө   бага байна. Үүнийгээ дагаад бүх төлөвлөсөн зүйл бага. Дүгнэх бололцоогүй гэж харж байгаа учир оноо тавиагүй.

Үнэнийг хэлэхэд энэ номинацид ирүүлсэн материалуудаас арай гайгүй нь “Уулс Заамар” компанийнх юм. Тус компани дээр ганц асуудал нь олборлолт, борлуулалт буураагүй байхад татвар дутуу төлөлттэй байна. “Алтан Дорнод Монгол”-той харьцуулан материалыг нь үзэхэд нэг нь 10 сая, нөгөө нь 15 сая тонн уулын цул хөдөлгөжээ. Нийт олборлосон уулын цул алтны элсний хэмжээний хувьд “Алтан Дорнод Монгол” компанийнх 2013 онд 1125 мянган м3 байснаас 2014 онд 1548 мянган м3 болж өссөн байна. Гэтэл төсөвт төлөх нийт төлбөр гэхэд 2013 онд 7 тэрбум төгрөг байсан бол олборлолт өссөн 2014 онд 2.9 тэрбум төгрөг төлжээ. Орон нутгийн төсөвт төлсөн хэмжээ гээд бүгд бууралттай байна. Тоогоо буруу бичиж алдаа гаргаагүй бол үүнийг шүүгчид бодолцох ёстой. Хаягдал, бохирдлын нормууд нь яг төсөлтэйгээ ягштал нийлж байна гэдэг үнэмшил багатай, эргэлзээтэй юм. Амьдралд ийм зүйл тун бага байдаг. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой”-той адил “Алтан Дорнод Монгол”-д оноо тавихгүй.   


                 
“Шилдэг технологи”

Г.Шархүү.
Энэ номинацид ирүүлсэн материалуудаа бүгд их сайн бэлджээ. Төмрийн хүдэр дээр нойтон баяжуулалтын шинэ технологи ашиглан метал авалтаа маш өндөр болгож 95%-д хүргэсэн “Фокус метал майнинг” компанид 5 оноо тавилаа. Төмрийн хүдэрт нойтон баяжуулалт хийсэн, өөр технологийн сонголттой, метал авалтаа дээшлүүлсэн гээд тус компанийг дэмжиж байна. “Бэрэн метал” компани ширэм үйлдвэрлэсэн нь маш сайн. Харин технологи нь байгаль экологид ээлтэй юү гэдэг талаас нь бодож, 4 оноо тавилаа. “Вагнер Ази” компанийн лабораторид 4 оноо өгсөн.

Д.Дондов. “Бэрэн метал” ширэм хийж байгаа утга санааг агуулах юм бол металургийн шинэ бүтээгдэхүүн учир анхаарал татаж байгаа хэрэг. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа бүрэн жигдрээгүй, зөвхөн 1 дүгээр шугам ашиглалтад орсон мэдээлэлтэй байна. “Фокус Метал Майнинг” нойтон баяжуулах үйлдвэрлэлийн технологийг нэвтрүүлсэн. Үүгээр нь энэ номинацид шалгаруулж, бусад нэр дэвшсэн компаниудад үнэлгээ өгсөнгүй.

Д.Бат-Эрдэнэ. “Фокус Метал Майнинг” шинэ технологи нэвтрүүлсэн. “Бэрэн метал” ирүүлсэн материал нь дутуу учир манай үзүүлэлтээр дүгнэхэд боломжгүй байна. Ийм үндэслэлээр “Фокус Метал Майнинг”-д 5 оноо өглөө.

Д.Галсандорж. “Фокус метал майнинг” компанид хамгийн өндөр 5 оноо тавьсан. Жижиг үйлдвэр, багахан хөрөнгө оруулалттай. “Бэрэн метал” дээр 4 оноо тавьсан. Шинэлэг үйлдвэр, шинэ бүтээгдэхүүн гаргаж байна. Тус компанийн үйлдвэрийн 2-3 дугаар шугам ашиглалтад орох хэрэгтэй. Хөгжлийн банкны санхүүжилтээр явж байгаа. Технологийн хувьд манай металургчид шүүмжилж байгаа зүйл бий. Үндсэндээ 18 дугаар зууны үеийн технологи. “Вагнер Ази” компанид 3 оноо өгсөн. Үйлдвэр лаборатори байдалтай л байдаг шүү дээ. Том компани энэ дайны зүйл хийх ёстой гэж ойлгож байна.

Н.Алгаа. Технологи шинжлэх ухааны үүднээс шинэ хуучин гэж байхгүй. Харин орчин үед тухайн технологийг байгаль орчин, хүний эрүүл мэндэд ямар хэмжээнд хор багатай боловсронгуй болгох л  асуудал бий. “Фокус Метал”-д 5 оноо тавьсан. Ямар ч байсан баяжуулалт нь арай барьцтай юм. Бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орсон байна. Өрсөлдөгч компани нь арай дутуу байна.

Б.Пүрэвтогтох. “Вагнер Ази” компанийн материалд ирүүлсэн өрөмдлөгийн статистик мэдээлэл гол үзүүлэлт биш. Технологийн мэдээлэл огт байхгүй байна. Ямар технологи ашиглаж байгаа болоод цоо шинэ технологи мөн эсэх гэдэг талаар “Шилдэг технологи” номинацийн шалгаруулалтаар дүгнэх бололцоогүй учир би оноо өгөхгүй. “Фокус Метал Майнинг” олборлоод, баяжуулж байгаа учир 4.5 оноо өглөө. “Бэрэн метал”-ын хувьд олборлоод, баяжуулаад, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явагдаж 1 шат ахисан гэж дүгнээд 5 оноо тавилаа.

Д.Дондов. “Бэрэн метал”-ын үйлдвэр нь бүрэн ашиглалтад ороогүй, 2017 оны нэгдүгээр улиралд бүрэн горимд оруулахаар төлөвлөжээ.
Г.Шархүү. Үйлдвэрлэлд нь гар ажиллагаа орсон. Ямар ч хүн хараад өнгөрсөн зууны  технологи гэж хэлнэ.

“Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа”

Г.Шархүү. “Оюутолгой”-д 5 оноо өгсөн. “Терра Энержи” компанийн метал авалт дутуу, охин компани “Цагаан өвөлжөө”-г нь сайн ойлгосонгүй.
Д.Дондов. “Оюутолгой”-н ирүүлсэн материалд 2007-2013 оны бүтээгдэхүүн боловсруулсан татварын тайлан байна. 2014 оны тайлан дутуу. Тиймээс “Оюутолгой”-г уул уурхайн хариуцлагатай үйл ажиллагаа явуулдаг гэж дүгнэх материал надад олдсонгүй учир дүн тавьсангүй.

Д.Бат-Эрдэнэ.
“Терра Энержи” компанийн ”Баруун ноён уул” ордын ирүүлсэн материалаас харахад хийсэн зүйл байхгүй, голдуу бэлтгэл буюу хийх гэж буй ажлынхаа тухай бичиж ирүүлжээ. Тэгэхээр үүнд ямар ч дүгнэлт өгөх боломжгүй. “Оюутолгой”-н хувьд хариуцлагатай ажиллагаа гэхээр уул уурхай, тээвэр, баяжуулалт, аюулгүй ажиллагаа, технологийн горим гээд бүх л зүйл багтана. Би “Оюутолгой”-д очиж дотор нь ажиллаж байсны хувьд үнэхээр сайн үйлдвэр гэдгийг мэднэ. Харин материалаа ингэж дутуу бэлтгэж ирүүлсэн нь гадаад компани учир дээгүүр, доогуур зөвшөөрөл авах гээд асуудал байдаг байх. Мэдэж байгаагийн хувьд “Оюутолгой”-г хариуцлагатай гэж хэлнэ. Тиймээс материал нь дутуу ч 5 оноо тавьсан.

Д.Галсандорж. Би “Оюутолгой”-д 4,  “Терра Энержи”-д 3 оноо тус тус тавьсан.  
Н.Алгаа. “Оюутолгой”  компани номинацийн шалгуурын “Борлуулалтын үйл ажиллагааны түвшний үзүүлэлт” дээр Баяжуулах үйлдвэрийн схемийг ирүүлжээ. Өндөр түвшинд боловсруулж байна гэж би үүнийг ойлгон уншиж байгаа юм. Гэхдээ  уул уурхай мэддэггүй  “нөхөр” материал бэлтгэсэн байна. Боловсруулах үйлдвэрийн ил тод байдал үзүүлэлтэд бүх тайлангаа явуулжээ. Хамгийн гол нь “Рио Тинто”-гийн өөрийнх нь барьдаг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ISO 18000 стандартыг нэвтрүүлж байгаатай Бат-Эрдэнэ шүүгчтэй санал нэг байна. Тус компани нийгмийн хариуцлагаар гэрээ хийгээгүй ч маш их судалгаа хийж байгаа. Компанийн нийгмийн хариуцлагын стандарт дахь 7 үзүүлэлтийн 4 нь энд байна гэж үзээд “Оюутолгой”-д 5 оноо тавилаа. “Терра Энержи”-гийн ирүүлсэн материалаас харахад байгаль орчин, чанарын стандартыг нэвтрүүлж эхэлжээ гэж үзээд 4 оноо өглөө. 

Б.Пүрэвтогтох. “Терра Энержи” компанийн “Баруун ноён уул” -ын тухайд шүүгчидтэй санал нэг байна. Шалгуур үзүүлэлтүүдийн хүснэгтийг бөглөж бичихдээ ихэнхэд нь “үзүүлсэн, төлөвлөж байна, ихэнх шаардлагыг биелүүлсэн, нэвтрүүлэхээр ажиллаж байна” зэрэг ерөнхий тайлбар өгчээ. Тийм учир дүгнэх боломжгүй гэж үзээд оноо тавьсангүй. “Оюутолгой” компанийн 4 шалгуурыг авч үзээд би Алгаа шүүгчтэй санал нэг дүгнэсэн байгаа. Боловсруулах үйл ажилллагаа, ил тод байдлын хувьд 2010 оноос хойшхи тайлангаа өгсөн, нийгмийн хариуцлагын тухай мэдээлэл тайлангууд дотор нь байна. Үүнээс гадна хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцооны тайлан нь бага зэрэг дутагдалтай байна гэж үзээд “Оюутолгой”-д 4.7 оноо тавилаа.

“Тогтвортой ажиллагааны үзүүлэлт”

Г.Шархүү. Энэхүү номинацийн шалгуур үйлдвэрлэлийн тогтвортой байдал, хөрөнгө оруулалтыг татсан байдал, ажлын байр хангасан байдал, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны зардлыг бууруулсан байдал гэсэн үндсэн 4 үзүүлэлттэй. Эдгээр үзүүлэлтийг хангасан компани нь “Саусгоби Сэндс” байсан учир 5 оноо тавилаа. “Вагнер Ази” компанийн лаборатори нь энэхүү үзүүлэлтээр шалгаруулан шүүхэд тохиромжгүй байсан учир дүн тавьсангүй. “Эрдэнэс Тавантолгой” компанид 3 оноо өглөө.

Д.Дондов. Тогтвортой үйл ажиллагаа гэдэг нь үйлдвэрлэл хэр зэрэг тогтвортой ажиллаж, өсч, хямралын менежмент хэрхэн хэрэгжүүлж байгаа тухай асуудал юм. “Саусгоби Сэндс” компанийг номинацийн шалгуур 4 үзүүлэлт дээр дүгнэх гэж би оролдлоо. Эдийн засгийн бүх үзүүлэлт бууралттай. Тиймээс бууралтыг би тогтвортой гэж хэлж чадахгүй. Хөрөнгө оруулалтын хувьд 45 см зузаантай, 2 үетэй, хатуу хучилттай, 43 км авто зам тавьж маш сайн ажил хийсэн байна. 397 ажилтнаас 99% нь монголчууд бөгөөд гурван сумын ард иргэд ажилладаг нь их сайн. Гэхдээ 183 хүн одоо ажилгүй, 60%-ийн тэтгэмж авч байна. Цалин өгч байгаа учир ажлын байрыг хадгалсан гэж үзэхээс өөр аргагүй. Хөрс хуулалтын зардлаа 13%-иар бууруулсан үзүүлэлт байгаа ч үндсэн үзүүлэлт болох борлуулалт буурчээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд хөрөнгө оруулалт гэдэг дээр би юм хэлж чадахгүй нь. Яг үнэнийг хэлэхэд би хөрөнгө оруулалтыг нь ойлгохгүй байна. Баруун Цанхи ашиглалтад орсноос 0.9-4.3 сая тонн хүртэл үйлдвэрлэлээ нэмэгдүүлсэн юм билээ. Ажил нь өссөн. Ажилчдаа халаагүй, цалингаа 20%-иар нэмэгдүүлсэн байна.

Д.Бат-Эрдэнэ.
“Саусгоби Сэндс” компанид би өөрөө ажиллаж байсан учир байдлыг сайн мэднэ. Өнөөдрийн байдлаар тус компани тогтвортой ажиллахад их хэцүү. Энэ нь компаниас өөрөөс нь хамаараагүй. “Эрдэнэс Тавантолгой” ч хүнд байдалд орчихсон. Зах зээл ч таагүй байна. Тиймээс аль нэгийг нь онцолж шалгаруулж чадсангүй, бүгдэд нь ижил оноо тавьсан.

Н.Алгаа.
Нэг номинаци дээр хоёр компани шагнал авч болох уу. Энэ номинаци ийм бэрхшээлтэй үед ажлын байр, зах зээлээ хадгалж чадсаныг шалгаруулах зорилготой. Одоогийн тохиолдолд энэ номинацид нэр дэвшсэн “Эрдэнэс Тавантолгой”, “Саусгоби Сэндс” компанийн хувьд хоёул ижил байдалтай байна. Ялгаа нь нэг нь төрийн, нөгөө нь хувийн өмчтэй. Төрийн өмчтэй компанийн урагшгүй ажиллагаанд компанийн биш манай төрийн буруу бий. Ийм учир шалтгаанаар би нэр дэвшсэн хоёр компанийг тэнцүүлмээр санагдаж байна. Хэрэв нэгийг нь шалгаруулах шаардлагатай гэж үзвэл “Өмнийн говийн элс”-ийн материал тодорхой, олон оноор зэрэгцүүлсэн үзүүлэлттэй, савлагаа байлаа ч ашигт малтмал ашигласны төлбөрөө тогтмол төлж байжээ. Алдагдалтай ажиллаж байгаа ч ажилчдаа хадгалж ирсэн гэдгээр нь “Саусгоби сэндс” компанийг шалгаруулна.

Г.Шархүү. “Саусгоби Сэндс” компанийг төрөөс эхлээд бүгд дээрээс нь дарсан. Тэгэхэд “бултайгаад” үлдэж чадаж байна. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой”-г төр дээш татаад мөнгө өгөөд байхад хэвээрээ байгаа шүү дээ.           
Д.Ачит-Эрдэнэ. Би “Саусгоби Сэндс” компанид илүү оноо өгсөн. Улс төр, гадаад зах зээл гээд бүх талын хүнд нөхцөлд ажилласан. Ийм нөхцөлд ажиллахдаа хувьцаа гаргаж  мөнгө босгож чадсан. Татвар төлөлт нь ч нэмэгдэж, 27 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна.
Б.Пүрэвтогтох. “Вагнер Ази” компанийн ирүүлсэн материалыг нэг компанийн цехийн үйл ажиллагаа учир дүгнэх боломжгүй гэж үзээд оноо тавиагүй. “Саусгоби Сэндс”, “Эрдэнэс Тавантолгой” компаниуд дөрвөн шалгуур үзүүлэлтээр сайн, муу аль аль тал байна. Шалгаруулахад үнэхээр хэцүү байсан учир хоёуланд нь 4.7 оноо тус тус адил тавьсан.

“Эко уурхай”

Д.Энхбат шүүгч “Монполимет”-д хамгийн өндөр  оноо өгч, бусдад нь 0 оноо тавьжээ.

Г.Шархүү. “Оюутолгой”, “Монполимет” компаниудад хоёуланд нь 5 оноо тавьж, “Бороо гоулд” компанийн удирдлагын менежмент дээр 4.8 оноо өгөв. “Алтан Дорнод  майнинг сервис” нь уурхайн эзэн биш. Гэхдээ 4.1 оноо тавилаа. MNO компани уурхай байхгүй. Үйлчилгээний компани учир хэрхэн дүгнэхээ мэдэхгүй байна. Бид эко уурхай шалгаруулж байгаа учир оноо тавиагүй.
Д.Ачит-Эрдэнэ. “Мондулаан” гэж компани хоёр хуваагдахдаа уурхайн лиценз эзэмшлээ өөрсдөө авч, үйлчилгээгээ MNO компанидаа шилжүүлсэн байдаг.

Д.Дондов. Уул уурхайн компаниуд нөхөн сэргээлтэд ихээхэн ач холбогдол өгдөг болжээ. Энэ бол дэвшил. Тийм ч учраас энэ номинацид олон компани нэр дэвшжээ. Энд хоёр зүйл ажиглагдаж байна. Бүгдээрээ нөхөн сэргээлт хийхээр гүрийж зүтгэдэг юм байна. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд мөнгө гаргаж, дотоодын компаниуд уг ажлыг гүйцэтгэж байна. Номинацид ирүүлсэн материалуудыг нэг бүрчлэн уншихад “Бороо гоулд” компани 70 га газарт техникийн нөхөн сэргээлт, 37 га газарт биологийн нөхөн сэргээлт хийжээ. Гэтэл энэ ажлын мөнгийг “Бороо гоулд” компани гаргаж, ажлыг нь MNO компани гүйцэтгэсэн байна. Тэгэхээр нэг хийсэн ажил хоёр компанид хамаарч байна. Нэг нь мөнгө гаргасан, нөгөө нь гүйцэтгэсэн. Үүнийг манай шүүгчид бодолцох хэрэгтэй.

“Алтан Дорнод майнинг сервис” компани мөн л адил. Тус компани “Монполимет” компанийн нөхөн сэргээлтийн ажлыг хийсэн байгаа юм. Би   жинхэнэ ажил хийж байгаа компанид оноо илүү өгье гэсэн саналтай байна. “Монполимет” компанид өндөр оноо авах нэг үзүүлэлт байгаа нь 10 га газарт 5500 ширхэг мод тарьсан байна. “Эко уурхай” номинацид нэр дэвшсэн компаниуд материалаа маш сайн бүрдүүлжээ. Тэр дундаа гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд бүр илүү бүрдүүлдэг юм байна. “Оюутолгой”, “Саусгоби Сэндс” зэрэг компани материалаа маш сайн бэлтгэжээ. “Саусгоби Сэндс” компани байгаль орчин хамгаалах чиглэлээр маш сайн ажилладаг юм байна. Орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй л тулгардаг байх. Гэтэл ургамал, ан амьтан хамгаалах тал дээр их сүрхий юм. Материалаа ч үнэхээр сайн бичсэн байна. “Оюутолгой” ч мөн адил байгаль орчин хамгаалах талаар их сайн ажиллаж байна. Эдгээр компаниас наанатай цаанатай бодсоор “Монполимет”-д арай илүү оноо тавилаа. Байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээлт дээр манай уурхайнууд гадаад, дотоод гэлтгүй айхтар анхаардаг болсон нь өндөр сэтгэгдэл төрүүллээ.

Д.Бат-Эрдэнэ. Номинацид нэр дэвшигчид дийлэнх нь цэвэр үйлчилгээний компаниуд байна. Гэтэл манай энэ номинаци “Шилдэг эко уурхай” гэсэн нэртэй. Өөрөөр хэлбэл уурхай гэдэг нь лиценз эзэмшигч дээр яригдана. Тиймээс би уурхай талаас нь харж шүүн дүгнэлээ. Говийн бүсэд “Оюутолгой”, хангайн бүсэд “Бороо гоулд” компани нөхөн сэргээлтийг өмнөхөөсөө илүү хийсэн учир би энэ 2 компанид адилхан 5 оноо тавьсан.

Н.Алгаа. Би Д.Бат-Эрдэнэ шүүгчтэй адил саналтай байна. Д.Энхбат шүүгчийн хувьд мэргэжлийн хүн учир үнэлгээ чанга байгаа байх. Гадны компаниуд нөхөн сэргээлтийн ажлыг сайн хийж байгаа нь ISO 11001 стандартыг хэрэгжүүлдэгтэй холбоотой. Үндэсний компаниуд тэр хэмжээнд очих ёстой. “Оюутолгой”-г олон удаа олон зүйлээс үлдээсэн. Цаашид олон жил ажиллах учир олон боломж бий. Тус компанийн хувьд маш сайн эхлэлтэй ч үр дүн нь гүйцэд сайн гараагүй байна. “Бороо гоулд” нэг уурхайг эхлээд одоо хаалтын менежмент хийж дуусгалаа. Өөрөөр хэлбэл, анхнаасаа зөв менежменттэй ажилласан. Энэ утгаар нь “Бороо гоулд” компанид 5 оноо өглөө. MNO, “Алтан Дорнод майнинг сервис” зэрэг компанид тус бүр 4 оноо тавилаа. 

“Шилдэг эко уурхай” гэдэг нь тусгай зөвшөөрөл эзэмшигч мөнгөө төлөвлөж, зарцуулсан байх ёстой. Хэнээр ажлаа хийлгэх нь хамаагүй. Тийм учир байгаль орчны нөхөн сэргээлтээр мэргэшиж байгаа компанид энэ номинацид хамаарахгүй. Шилдэг уурхай буюу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчин, нөхөн сэргээлтийн тухай л яригдана. Мөнгө гаргаж, тэр ажлаа хийлгэх үүрэгтэй. Мөнгийг нь авч байгаа компани мөнгөнд нь л тааруулж ажлаа хийнэ. Бага өгвөл муу, сайн өгвөл сайн л хийнэ.
Б.Пүрэвтогтох. “Алтан Дорнод майнинг сервис” 4.7 оноо, “Саусгоби Сэндс” 5 оноо, “Бороо гоулд” 5 оноо, MNO 4.2 оноо, “Монполимет” 5 оноо, “Оюутолгой” 5 оноо тус тус өглөө.

Л.Болормаа. Өнгөрсөн жил энэ номинацид “Оюутолгой” шалгарч, “Монполимет” 1 оноогоор дутаж байсан. 2012 оны номинацид “Бороо гоулд” шагнал авч байсныг Та бүхэн санаж байгаа байх. MNO компанийн хувьд энэ жил Ашигт малтмалын газрын техникийн талын “Шилдэг олборлогч”-оор шалгарсан юм билээ. Энэ жилийн “Шилдэг эко уурхай” номинаци дээр  өрсөлдөөн ихтэй, дүн давхцах асуудал гарч магадгүй. Бусад номинацийн хувьд  дүн нэгтгэлээр шилдгүүд тодорсон. “Шилдэг уурхай” номинаци дээр “Алтан Дорнод Монгол” компани хамгийн ойлгомжтой, илэрхий байна. “Шилдэг технологи” номинацид мөн адил нэр дэвшсэн 3 компаниас “Фокус метал” илэрхий өндөр оноогоор  шалгарч байна. “Тогтвортой ажиллагаа” номинаци дээр шүүгчид “Эрдэнэс Тавантолгой” төрийн оролцоотой, “Саусгоби Сэндс” хувийн хөрөнгө оруулалттай,  хоёулаа тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа учир номинацийг хувааж өгөх санал гарлаа. “Хариуцлагатай үйл ажиллагаа” номинацид Оюутолгой мөн шалгарч байна.
Д.Бат-Эрдэнэ. Мэргэжлийн үүднээс шүүгчид бид “Оюутолгой” компанийг шалгарууллаа. Гэтэл “Оюутолгой” компанийн эсрэг “нөхдүүд” бий. Тэд биднийг худалдагдчихсан гэж хэлнэ. Гэсэн ч “Оюутолгой” үнэхээр хариуцлагатай нь үнэн учир бид шалгаруулна. Тэр хүмүүс юу гэж ярих нь бидэнд хамаагүй.

Д.Дондов. Элдэв ярианаас айгаад байвал бид энд шүүгчээр ажиллах байх хэрэг байна уу?
Б.Пүрэвтогтох. Зарчмын хоёр санал хэлье. Нэгдүгээрт, “Шилдэг технологи”-ийг яг одоогийн энэ үзүүлэлтээр дүгнэхэд хэцүү байна. Номинаци нь өөрөө их чухал учир цаашид шалгуур үзүүлэлтийг өөрчлөх хэрэгтэй. Сэтгүүлийн зүгээс үүнийг боловсруулж болох байх. Үүнд хамгийн том “шпаргалка” болох олон үзүүлэлт патентын шалгаруулалт дотор бий шүү. Дээрх компаниуд бүгд нэр дэвшээд орж ирэхэд бүгдийг нь зэрэгцүүлээд дүгнэдэг шалгууртай байх хэрэгтэй. Тус тусдаа  өөр технологи нэвтрүүлсэн байхад ч  дүгнэж чаддаг байх ёстой. “Шилдэг технологи” номинацид ISO гээд олон улсын маш олон стандарт тавьсан байна. Эдгээр стандартыг хангахыг шаардлага нь зөв. Гэхдээ энд үндэсний стандартууд ер байхгүй байна. Манайд хэдэн сайн стандарт байдаг. Стандарт гэхээр 1990-ээд оны хэдийг ярьдаг. Тэр бүгд цуцлагдан, 2008 оноос шинэ стандартууд мөрдөгдөх болсон. Тэдгээр стандартын заалтууд нэлээд нарийн. Тиймээс олон улстай хамт үндэсний стандартуудаараа шалгуур үзүүлэлт хийвэл илүү сайн болно гэж миний хувьд бодож байна. 

Н.Алгаа. 14001, 9001 нь үндэсний стандарт болж “MNS ISO” гээд ард талд нь он байж байгаа. Энэ шалгуур үзүүлэлт дээр олон улсынх нь кодоор бичсэн байна. Өмнө нь заавал MNS гэж бичих ёстой.  Өөрөөр хэлбэл “нутагшуулсан” гэсэн үг. Одоо манай улсад байгаа стандартууд нь MNS ISO18000, MNS ISO140001, MNS ISO9001, MNS ISO26001 юм. Компанийн нийгмийн хариуцлагын стандартууд. Ер нь эдгээр стандартын 7 зарчмаас 1-2-ыг Монгол улсад биелүүлж байхад хариуцлагатай. МУУҮА стандарт нэвтрүүлэх чиглэлээр нэлээд ажиллаж байгаа. Удахгүй MNS ISO140001, 9001  стандартын сургалтыг зохион байгуулах гэж байна. Үүнийг ойлгуулж зааж сургахгүй бол огт ойлгодоггүй. Зааж өгөхгүй бол уншаад ч ойлгохын арга байхгүй.
 
Миний хувьд цаашид номинацийн тоог цөөлөх санал байна. Хэтэрхий техникийн шинж чанартай зүйлээс сэтгүүл арай жаахан хол байж, нийгмийн хариуцлага, байгаль орчин, хүмүүсийн сэтгэлийг зовоож байдаг, хардалт ихтэй чиглэлээр нь үзүүлэлтээ хийх юм бол сэтгүүлдээ ч, нийгэмд ч хэрэгтэй.   

Д.Дондов.
Би Алгаатай санал нэг байна.    
Б.Пүрэвтогтох. “Mining Journal” гэж байгаа учраас техник технологиос эхлээд бүх л мэргэжлийн зүйлүүд нь багтаж байж “мэргэжлийн” сэтгүүлийн онцлог оршино гэж би бодож байна.