Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Тусгай зөвшөөрлийн хүсэлтийн 60%-д татгалзсан хариу ирүүлээд байна



Хайгуулын тусгай зөвшөөрлийг  цахим дугаарын дагуу өргөдлөөр олгож эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрөөд байна. Энэхүү онлайн дугаар олголтын ажлыг  арав гаруй жилийн өмнө  Дэлхийн банкны төслийн хүрээнд хэрэгжүүлэх гэж оролдсон түүх бий. Гэвч уг ажил сунжирсаар 2015 оноос анх удаа ийнхүү туршиж эхлээд байна.
Өнгөрсөн хугацаанд цахим дугаар олголтын үр дүнд улсын төсөвт их хэмжээний орлого орсон тухай олонтаа мэдээлж ирсэн. Харин хайгуулын тусгай зөвшөөрлийн онлайн дугаар олгох ажиллагаа аж ахуйн нэгжүүдийг хэрхэн чирэгдүүлж байгаа, цахим нэртэй боловч хүний хүчин зүйл   нөлөөлдөг тухай маш бага мэдээлж ирлээ.
Түүнчлэн зөвшөөрлийн дугаар авч нэг давааны ард гарсан аж ахуйн нэгжүүдийн өргөдөлд тухайн орон нутгийн Засаг дарга нар татгалзсан хариу өгөх, хуулийн хугацаанд хариу өгөхгүй байх явдал хавтгайрч байгаа юм.
Эдгээр асуудлыг Mongolian Mining Journal зургаа, долдугаар сарын дугаарууддаа цувралаар хөндөх болно. Энэ удаа  Ашигт малтмалын газрын Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д. Үүрийнтуяагаас тодруулга ярилцлага авахыг оролдов. Сэтгүүл хэвлэгдэн гарсан долоон жилийн хугацаанд хамгийн хүнд сурталтай төрийн албан тушаалтан Д. Үүрийнтуяа дарга байсныг энд онцлоод, бичгээр авсан доорх хариулт манай уншигчдын асуултад бүрэн хариу өгч чадаагүйд хүлцэл өчье.




Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлснээс хойш хэчнээн лиценз олгогдоод байгаа вэ?
2015 оны 1 дүгээр сарын 26 –ны өдрөөс эхлэн өргөдлийг цахим дугаарын дагуу хүлээн авч хянан шийдвэрлэж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 201 хайгуулын зөвшөөрөл шинээр олгохоор шийдвэрлээд байна.

Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдийн хэд нь дотоодын хөрөнгө оруулалттай, хэд нь гадаадын хөрөнгө оруулалттай, хэд нь хамтарсан компаниуд байна вэ?

Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 876 нь дотоодын хөрөнгө оруулалттай, 45 нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай,  12 нь хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд байна. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын хувьд БНХАУ 17, Сингапур 9, Австрали 4, Канад 3, Люксенбургийн вант улс 3, бусад улсаас 9 аж ахуй нэгжүүд байгаа.

VPN төхөөрөмжөө авсан, системд нэвтрэх эрхтэй хэчнээн компани бүртгүүлээд байна вэ?
Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож  эхэлснээс хойш одоогоор нийт 933 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газарт бүртгүүлээд байгаагаас 765 аж ахуйн нэгж VPN төхөөрөмж авч цахим хэлбэрээр өргөдлийн дугаар олгох ажиллагаанд оролцож байна.

Тусгай зөвшөөрлийн хүсэлтэд орон нутгаас ямар хугацаанд эргүүлэн хариу өгч байна вэ? Ямар тохиолдолд татгалзсан хариуг өгч байгаа бол?
Тусгай зөвшөөрөл олгож болох эсэх талаар тухайн талбай  байрлах аймгийн Засаг даргаас санал авахаар 511 мэдэгдлийг хүргүүлээд байна. Засаг дарга нар нэг сарын дотор хариу ирүүлэх ёстой. Одоогоор ирсэн хариултын 60% орчим нь татгалзсан хариу ирүүлээд байна.

Ямар шаардлага, журмын дагуу  120 дугаар бүртгэн авч байгаа юм бэ?
Кадастрын хэлтсийн албан хаагчдын ачааллыг харгалзан Даваа гариг бүрт 120 дугаар тарааж байгаа. Тус хэлтэс нь өдөрт тусгай зөвшөөрөл хүссэн 30 өргөдөл хүлээн авч шүүлт хийх боломжтой  гэж дүгнэсэн. Иймд ажлын 4 хоногт өргөдлийн шүүлт болон бусад холбогдох ажлыг хийж, үлдсэн нэг хоногт нь дотоод ажил гүйцэтгэнэ. Ингээд долоо хоногт 120 дугаар хүлээж авч байгаа юм.  

Өргөдөл хүлээн авах програм нь кадастрын бүртгэлийн програмтай холбогдсон уу? Өөрөөр хэлбэл өргөдлийн талбайн давхцаж байгаа эсэхийг компьютероор бус, гараар шүүдэг гэх гомдол их гарч байна?
Өргөдөл хүлээн авах програм нь кадастрын бүртгэлтэй цахимаар холбогдоогүй. Талбайн давхцалыг Кадастрын хэлтсийн ажилтнууд шүүж байна. Кадастрын бүртгэлийн системтэй холбох өргөтгөлийн ажил хийгдэж байгаа.

Онлайн бүртгэлийн кибер аюулгүй байдлыг хангахын тулд Ашигт малтмалын газар ямар  арга хэмжээ авч байна вэ?
Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны бэлтгэл ажлын явцыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Тагнуулын ерөнхий газар, Кибер аюулгүй ажиллагааны газар болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтнуудад тогтмол танилцуулж, тодорхой санал зөвлөмжийг авч, үйл ажиллагаандаа тусган ажиллаж байна. Тухайлбал Кибер аюулгүй байдлын газраас өгсөн системийн интернэтийн орчин дахь аюулгүй ажиллагааг хангах, Системийн найдвартай ажиллагааг хангах, дотоод хяналт хэрэгжүүлэх зэрэг санал, зөвлөмжүүдийг хүлээн авч, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Онлайн системээр тусгай зөвшөөрөл олгох олон улсын туршлагуудаас харахад давуу тал ба эрсдэл  нь ямар байна вэ?
Олон улсын туршлагаас үзэхэд тусгай зөвшөөрөл олголтыг цахимжуулах нь нийтлэг бөгөөд төрийн байгууллагын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, төрөөс үзүүлж буй үйлчилгээг хүнд сурталгүй, чирэгдэлгүй, хүртээмжтэй үзүүлэх зорилгоор хэрэгжүүлдэг. Тус систем дээр ажиллахад цахим ертөнцийн аюулгүй байдлыг бүрэн хангах нь чухал.

Онлайн дугаарыг ажлын таван өдрийн ажлын цагуудад нээлттэй байлгах боломжийг судалж үзсэн үү?
Даваа гаригт 120 дугаар тараана. Дээр хэлсэнчлэн ажлын ачаалал, зохион байгуулалтын үүднээс нэг өдөр 120 өргөдөл хүлээн авч, долоо хоногийн турш өргөдлийн шүүлтийг хийж байна.

Хайгуулын  тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбай нийт нутаг дэвсгэрийн хэчнээн хувийг хамарч байна вэ?
Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд өргөдлийн журмаар тусгай зөвшөөрлийн талбайгаа бүхэлд нь болон хэсэгчлэн буцааж өгсөн, тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуулийн хугацаанд нь бүрэн төлөөгүйн улмаас цуцлагдсан, эсвэл өмнө нь тусгай зөвшөөрөл олгогдож байгаагүй талбайд тусгай зөвшөөрөл олгож байгаа. Үлдсэн газар нутгийн хувьд 71.5 хувьд нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хязгаарласан, харин хүчинтэй тусгай зөвшөөрөлтэй талбайн эзлэх хувь 7.6% байна.

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүлээн авах үйл ажиллагааны дарааллыг  тодорхой  тайлбарлана уу. Аж ахуйн нэгжүүд энэ дарааллыг буруу ойлгох, будилах явдал гарч  байна?
Хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн хуулийн этгээд АМГ–т бүртгүүлээд, VPN төхөөрөмжөө худалдаж авна. Дугаар олгох цахим системд нэвтрэх эрхийн хураамжийг төлж, Кадастрын хэлтэст бүртгүүлэн нэвтрэх эрхээ нээлгэх ёстой. Долоо хоног бүрийн Даваа гаригийн өглөө 9:00 – 11:00 цагийн хооронд өргөдлийн дугаар олгох системд нэвтэрч өргөдлийг бөглөнө.  
Дэлгэрэнгүй мэдээлэл, холбогдох заавар манай цахим хаяг  www.mram.gov.mn дээр байгаа. Дугаар олгохтой холбоотой бүх мэдээллийг энд цаг тухайд нь байршуулдаг.