Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Уул уурхай

Г.Тэмүүлэн: ТЭЗҮ шинэчлэгдэж байгаа ч анхны тохирсон зарчмыг хадгалах ёстой

Уул уурхайн Дэд сайд, “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Г.Тэмүүлэнгээс Оюутолгой төслийн талаар зарим зүйлийг тодрууллаа.

-“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ шинэчилсэн ТЭЗҮ-ийг хүлээж аваад Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд бүртгүүлэхээр өгсний дараахан “Рио Тинто” группын Гүйцэтгэх захирал Сэм Уолш Монголд ирлээ. Эдгээр үйл явдлаас харахад Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн хэлэлцээр эцэслэгдэн шийдвэрлэгдэхэд ойрхон болж байгаа юм шиг харагдаж байна?

-Хувь нийлүүлэгч талууд сүүлийн хоёр жил орчим хэлэлцээр хийж байна. Анх зарчмын хувьд 3 асуудал дээр хоёр талаас ажлын хэсэг байгуулж, хэлэлцээр эхлүүлсэн байдаг. Нэгдүгээрт төслийн санхүүжилт, хоёрдугаарт ордыг ашиглах болон ТЭЗҮ, гуравдугаарт зардлын өсөлт болон татварын маргаантай асуудал гэсэн гурван асуудлаар дэд ажлын хэсгүүд гарч ажиллаж байна. Хэлэлцээр үргэлжилж байгаа ч эцэслэн шийдэлд хараахан хүрч амжаагүй байна. “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-өөс Оюутолгой төслийн шинэчилсэн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх шийдвэрийг гаргасан гэсэн. Үүний дагуу “Оюутолгой” ХХК-иас ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд ирүүлсэн байна.

-Та “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн. ТЭЗҮ-ийг ЭБМЗ-д өгөх шийдвэрийг гаргахад байгаагүй хэрэг үү?

-Миний хувьд ТУЗ-ийн гаргасан энэ шийдвэрт оролцоогүй. Томилолттой байх хугацаанд ТУЗ-ийн хурлаар ТЭЗҮ-тэй холбоотой асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтад нэмж оруулан хэлэлцүүлсэн байна лээ. Уг нь хэлэлцэх асуудлын дараалалд байгаагүй асуудал.

-ТУЗ-ийн хурлаар ТЭЗҮ-г хүлээн авч, ЭБМЗ-д хэлэлцүүлэхээр өгчээ. Өнгөрсөн 9 дүгээр сараас хойш “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ дахь Монголын талын гишүүд уг ТЭЗҮ-ийг хэлэлцэхгүй хойшлуулж байсан тэр тодорхой шалтгаануудыг хөрөнгө оруулагч талтай тохиролцож чадсан гэж ойлгож байгаа...

-Сая болж өнгөрсөн ТУЗ-ийн хурлаар л шинэчилсэн ТЭЗҮ-ийг албан ёсоор “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-д өргөн барьж, танилцуулан холбогдох шийдвэрийг гаргуулж байгаа юм. Түүнээс өмнө ямар нэг байдлаар ТУЗ-д шинэчилсэн ТЭЗҮ-ийг танилцуулсан зүйл байхгүй. Зөвхөн ТУЗ-ийн гишүүдэд урьдчилсан байдлаар шинэчилсэн ТЭЗҮ-ийн тоймыг танилцуулж байсан. Анх удаа албан ёсоор ТУЗ-д танилцуулж, холбогдох шийдвэрийг гаргууллаа гэж ойлгох хэрэгтэй.

Монголын хувь нийлүүлэгчийн зүгээс Оюутолгой төслийн зардлын өсөлт гарч эхэлсэнтэй уялдуулан сүүлийн 3 жилийн турш шинэчилсэн ТЭЗҮ-ийг ирүүлэх хүсэлтийг тавьж байсан. Тухайн үеэс эхлээд шинэчилсэн ТЭЗҮ-д тавьж байсан бидний шаардлага маш тодорхой байсан. Төслийн анхны хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэж байна. Цаашид хийгдэх хөрөнгө оруулалтын зардал яаж өсөх нь тодорхойгүй байгаа болохоор 2010 онд батлуулсан ТЭЗҮ-ийг шинээр боловсруулж, ЭБМЗ-өөр хэлэлцүүлж шийдвэрлүүлэх ёстой гэсэн шаардлагыг тавьж байсан. 2010 оны ТЭЗҮ бол төслийн бүх шатыг хамарсан цогц ТЭЗҮ. Уг ТЭЗҮ дээр төслийн үе шатыг үйлдвэрлэлийн үе шат эхлэх хүртэлх буюу барилга бүтээн байгуулалтын үе шат, үйлдвэрлэлийн үе шат гэж хоёр хуваасан. Энэ хоёр үе шат, нэр томъёотойгоо уялдуулж, гэрээнийхээ бүх зохицуулалтыг хийж өгсөн байдаг юм. Төслийн үйлдвэрлэлийн үе шат 2013 оны 9 дүгээр сараас эхэлсэн. Одоогийнх шиг ил уурхайн үе шат, далд уурхайн үе шат гэсэн нэр томьёо ТЭЗҮ дээр ч, Хөрөнгө оруулалтын гэрээнд ч байхгүй. 2010 оны ТЭЗҮ бол Оюутолгой төслийн баяжуулах үйлдвэрийн хүчин чадал хоногт 100-160 мянган тонн байхад 65 жилийн турш баримтлах баримт бичиг.

ЭБМЗ-д яг ямар бүтэцтэй, ямар үе шатыг хамарсан ТЭЗҮ хүргүүлснийг мэдэхгүй байна. Ямар ч байсан өмнөх ТЭЗҮ-тэй нийцүүлэн, суурь зарчмуудыг хадгалж, Хөрөнгө оруулалтын гэрээтэйгээ уялдуулж хийсэн ТЭЗҮ байх ёстой. Мөн төслийн бүх шатыг хамарсан, төслийн нийт хугацаанд гарах зардал, хүртэх үр өгөөжийг тусгасан байх ёстой. Ингэж байж өмнөх ТЭЗҮ-ээ тодотгож байна гэж ойлгох ёстой юм.

Урьд нь хөрөнгө оруулагч талаас урьдчилсан байдлаар танилцуулж байсан ТЭЗҮ дээр зарчмын нэг асуудал дээр Монголын тал эсрэг байр суурьтай байсан. Юу гэхээр хөрөнгө оруулагч тал төслийн үе шатыг хэд хэд хувааж, далд уурхайн нөөцийг блок бүрийг тус тусад нь ашиглах ТЭЗҮ оруулж ирж байсан. Энэ нь ТЭЗҮ-ийн цогц байдлыг алдагдуулж, үүнийг дагаад Гэрээний заалтыг зөрчиж байсан болохоор бид цогц ТЭЗҮ оруулж ирэхийг шаардаж байсан юм.

-Шинэчилсэн ТЭЗҮ дээр яагаад ийм хатуу байр суурь баримтлаад байгаа юм бэ?

-Оюутолгой төслийн хувьд ТЭЗҮ маш чухал ач холбогдолтой баримт бичиг болохоор бид ТЭЗҮ-ийг цогц байх ёстой гэж үзэж байгаа. ТЭЗҮ бол Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад баримталсан эдийн засгийн  үндэслэл бүхий суурь баримт бичиг гэж ойлгох хэрэгтэй. Энэ ТЭЗҮ дээр үндэслэж бид Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эдийн засгийн шийдвэрийг гаргасан. Хэдий ТЭЗҮ гэдэг нь тойм тооцоо боловч төслийнхөө урт хугацаан дахь том дүр зургийг ТЭЗҮ-д тусгасны дагуу харж байгаа. Энэ төсөл эдийн засгийн үр ашигтай, төслийг ашиглавал Монгол Улсад ийм ийм замаар өдий хэмжээний үр өгөөж хүртэх боломжтой юм гэдэг тооцоо ТЭЗҮ-д тусгагдсан болохоор бид хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах шийдвэрээ гаргаж байсан. Дараа дараагийн шинэчлэгдэж ирэх ТЭЗҮ-үүд  2010 онд баталсан ТЭЗҮ-ийг нэмж тодотгосон ТЭЗҮ байхаас биш гэрээ байгуулахад ашигласан тэр анхны ТЭЗҮ-ийн ордын болоод эдийн засгийн тооцооны цогц байдал, зохицуулалтыг өөрчилж болохгүй юм. Цаашид төслийн өртөг зардал, үр өгөөж ямар байхыг төсөөлөх боломжгүй болгож, Оюутолгойн бүлэг ордыг сорчлон ашиглах вий гэсэн болгоомжлолыг бий болгож байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээ бол Оюутолгойн бүлэг ордын аль нэг хэсгийг хамарсан биш, нийт ордыг ашиглах явдлыг зохицуулсан баримт бичиг гэдгийг санах хэрэгтэй.

Төслийн цогц ТЭЗҮ Монголын талд ирээгүйгээс анхны хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлт, нэмэлт санхүүжилтийн асуудал шийдэгдэж чадахгүй хүлээгдсээр байгаа. Бид ямар ТЭЗҮ ирэхийг мэдэхгүй, анх тохирсон зарчим маань шинэчилсэн ТЭЗҮ-д яаж өөрчлөгдөж байгаа, олборлолт, үйл ажиллагааны төлөвлөгөөг ирээдүйд хэрхэн өөрчлөх, хувь нийлүүлэгч талуудын хүртэх үр өгөөжид өөрчлөлт орж байгаа эсэх гээд Оюутолгой төслийн эдийн засгийн үр нөлөө өөрчлөгдөх, өөрчлөгдөхгүйг мэдэхгүй байж тэр том асуудлуудыг шийдэх боломжгүй. Хэдэн онд ямар хэмжээний татвар авах, хэзээ ногдол ашиг хүртэх гэдгээ мэдэхгүй, нэмэлт санхүүжилт нь далд уурхайн бүтээн байгуулалтдаа хангалттай хүрэлцээтэй эсэх, магадгүй хэдэн жилийн дараа дахиад нэмэлт санхүүжилт авна гэвэл яахав гэх мэт олон асуудлыг мэдэхгүй байж 4.2 тэрбум долларын нэмэлт санхүүжилт, зардлын хэтрэлт зэрэг асуудлуудыг шийдэж болохгүй байсан юм.

Өөрөөр хэлбэл саяхан “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-өөр баталсан ТЭЗҮ 10 жилийн хугацааны ТЭЗҮ бол бид 20 жилийн дараа, 60 жилийн дараа ямар ашиг, зардалтай байх талаар ямар ч тооцоогүй, таг сохор болохтой адилхан гэсэн үг. 10 жилийн дараа дахиад нэг ТЭЗҮ яриад, дахиад нэмэлт санхүүжилт авна гээд явбал төслийн ирээдүй улам л бүрхэг болно. Тэгэхээр ТЭЗҮ-д технологи болон эдийн засгийн тооцоо талаасаа төслийн үйл ажиллагаанд өөрчлөлт орохоор болж байгаа бол өмнө тохирсон үр өгөөж, зарчмаа хүндэтгэж шинэчилж болно.

-ТЭЗҮ гэдэг бол хөдөлж болдог, бүх юмыг нарийн тодорхой заах боломжгүй гэдэг шүү дээ?

- Геологи болон технологийн нөхцөл, зах зээлийн байдал зэргээс хамааран ТЭЗҮ өөрчлөгдөж, хөдөлж болно. Хэдий хөдөлж байсан ч анхны тохироо, анхны суурь зарчим хадгалагдаж байх ёстой юм. Бидний анхны тохирсон зарчмаар төслийн нийт үр өгөөжийн 53 хувийг Монголын тал, хөрөнгө оруулагч тал 47 хувийг хүртэх ёстой. Монголын тал 53 хувийн үр өгөөжөө татвар төлбөр, хураамж ногдол ашиг хэлбэрээр авна. Хөрөнгө оруулагч тал маань менежментийн төлбөр, ногдол ашиг гэсэн хоёр замаар өгөөжөө авах юм. Энэхүү зарчмыг хадгалахын тулд бид 8 төрлийн татварыг тогтворжуулж, нэг хуулийг хүчингүй болгосон. Ийм болохоор бид ТЭЗҮ дээр ихээхэн анхаарал хандуулж, ач холбогдол өгч ирсэн.

Үр өгөөж гэдгийг бас янз бүрээр тайлбарлаад байдаг. Монгол компаниас авч байгаа бараа үйлчилгээний төлбөр, монгол ажилчдад өгч байгаа цалин хөлс гэх мэт нь бол шууд бус үр өгөөж. Харин Монголын Засгийн газар энэ төсөлд оролцсоноороо хүртэх 53 хувийн үр өгөөж гэдэг бол татвар, роялти, ногдол ашгаар шууд авах мөнгийг хэлж байгаа юм. Одоо байгаа Хөрөнгө оруулалтын гэрээ, ТЭЗҮ-ийн дагуу хийсэн бидний тохирсон үндсэн зарчим ийм байгаа. Хувь нийлүүлэгч талууд харилцан ашигтай, хамтран ажиллахад уг зарчмаа л баримтлах ёстой.

С.Болд-Эрдэнэ