Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Байгаль орчин

Оюутолгой хулгайн антай тэмцэх загвар төсөл хэрэгжүүлжээ

Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг /WCS/  Оюутолгой ХХК-ийн захиалгаар “Өмнөд говийн биологийн төрөл зүйлийн мониторинг судалгаа”-ны эхний хэсгийг 2013-2014 онд хийжээ.

Энэ ажлын хүрээнд судалгааны багийнхан  говийн туруутан, шувууд, ховор ховордсон ургамал, заг, хайлаас,  бэлчээрийн төлөв байдлын судалгааг хийж, тодорхой дүгнэлтүүд гарган дараагийн шатны ажлыг эхлүүлэхэд бэлэн болгосон байна.

Улмаар  судалгааны гол үр дүнгээ холбогдох байгууллагууд, тэр дундаа  уул уурхайн салбарынхантай хуваалцах зорилгоор  “Биологийн олон янз байдлын мониторинг судалгаа 2013-2014” хэлэлцүүлгийг  өнөөдөр Улаанбаатар зочид буудалд  зохион байгуулсан юм.

Уг хэлэлцүүлэгт  WCS-ийн Байгаль хамгааллын судалгаа шинжилгээний удирдагч Б.Бүүвэйбаатар “Хулан болон хар сүүлтийн газрын тооллого”, Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн судлаач П.Ганхуяг “Жороо тоодгийн судалгааны үр дүн”, “Ногоон алт” төслийн Хэрэглээний судалгааны хэсгийн зохицуулагч Д.Булгамаа “Өмнийн говийн бэлчээрийн төлөв байдал” зэрэг сэдвээр илтгэл тавьлаа. 

Өмнөд говийн нутагт агаарын болон газрын тооллогоор  ойролцоогоор 30-50 мянга орчим хулан, мөн 30-50 мянга орчим хар сүүлт идээшин амьдарч буйг  тогтоожээ.

Мөн Ханбогд сумын ховор ургамлыг судалгааг хийх үед  41 зүйл ховор ургамал байгаа нь  тогтоогдсон  байна.  Түүнчлэн судалгааны баг  жороо тоодог болон могойн загалай зэрэг шувуудын тоо толгойн хэмжээг тогтоох судалгааны ажлыг 2014 оны дөрөв, зургаадугаар саруудад хийжээ.  Тэдний судалгааны үр дүнгээс үзэхэд эдгээр шувуудын нягтшил бага байгаагийн дээр   өндөр хүчдэлийн шугам мөргөж үхэх явдал нэлээд гарч байгаа аж.  

Оюутолгойн Байгаль орчны дүйцүүлэн хамгааллын ажлын хүрээнд Зэрлэг амьтдын Хулгайн ан, тэдгээрийн эд эрхтэн бүтээгдэхүүний хууль бус худалдаатай тэмцэх 6 сарын загвар төслийг хэрэгжүүлсэн гэдгийг  судалгааны багийнхан мөн тодотголоо.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Зам тээврийн яам, Оюутолгой ХХК, уул уурхайн компаниуд, шинжлэн ухааны байгууллагын төлөөллүүд оролцож байгаа юм.


Г.Идэрхангай