Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

Ашигт малтмалын хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхийг дэмжлээ

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Гишүүдийн олонхийн саналаар уг хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн юм.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор стратегийн ордыг ашиглах 2 сонголттой болно. Стратегийн ордын тодорхой хувийг эзэмшихээр байгаа одоогийн заалтаас гадна хөрөнгө оруулагч талтай тохиролцсон тохиолдолд эзэмших хувиасаа хүртэх өгөөжтэй тэнцэхүйц тусгай төлбөр авах боломжтой болох юм.

Одоогийн байдлаар стратегийн ач холбогдол бүхий Оюутолгой, Тавантолгой, Шивээ-Овоо, Багануур, Эрдэнэт зэрэг ордод төрийн өмчит аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байгаа байна. Эдгээр ордын ашиглалтаас үзэхэд, улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордуудад төрийн зүгээс хувь эзэмшиж оролцох, улмаар тухайн компанийн менежментэд оролцоо багатайгаар төлөөллөө хэрэгжүүлэх, ногдол ашиг хүртэх нь санхүүгийн талаас өндөр өртөг, эрсдэлтэй, хяналт тавьж хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байдлууд ажиглагдаж байна хэмээн УУЯ-ныхан тайлбарлаж байв. Уул уурхайн Дэд сайд Г.Тэмүүлэн “Уул уурхай хөгжсөн дэлхийн улсуудын жишгийг харахад тухай ордоос авах роялти буюу нөөц ашигласны төлбөр нь дунджаар 2-10% байдаг юм билээ. Канадын зарим ордод 13%, АНУ-д 10%-ийн роялти авах тохиолдол байдаг. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, мөн тусгай зориулалтын нөөц ашигласны төлбөр бүгд нийлээд нэг орд дээр ийм хэмжээтэй байдаг” гэсэн юм. УИХ-ын гишүүн М.Энх-Амгалан “Ашигт малтмалын салбар өөрөө маш өндөр эрсдэлтэй. Төрийг өндөр эрсдэлээс хамгаалах бодлогын сонголт орж байгаад уг төслийг дэмжиж байна” гэсэн юм.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг маргааш УИХ-ын чуулганаар хэлэлцэх юм.

С.Болд-Эрдэнэ