Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

“Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх хуулийн өөрчлөлтийг түр хойшлуулав

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын нэгдсэн чуулганаар уг төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн шийдсэн юм.

Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг түр хугацаагаар хойшлууллаа. Байнгын хорооны дарга С.Батболд “Намын бүлгүүд нэгдсэн байр суурьт хүрээгүй байна. Хоёр жил орчим ярьж байгаа, нийгэмд талцал үүсгэж буй уг асуудлыг нухацтай ярилцаж, шийдвэрлэх ёстой. Тиймээс намын бүлгүүд байр сууриа нэгтгэх нь чухал байна” гэсэн юм. МАН-ын бүлэг өчигдөр уг асуудлыг хэлэлцээд, усны энгийн хамгаалалтын бүсийн 200 метр дотор хайгуул, ашиглалтын ямар ч үйл ажиллагаа явуулахгүй гэсэн байр суурьтай байгааг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэлэв.

“Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2013 оны 9 дүгээр сард УИХ-д өргөн барьж, улмаар БОХХАА-н байнгын хорооноос УИХ-ын гишүүн Д.Арвинаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд “Урт нэртэй” хууль үйлчилж байгаа 3 бүс, 8 аймагт ажиллаж, орон нутаг, компаниудын төлөөлөлтэй уулзан, байгаль орчинд үзүүлсэн нөлөөлөлтэй газар дээр нь танилцсан тухай Ажлын хэсгийн ахлагч Д.Арвин танилцуулав.

БОНХАЖЯ-ны мэдээлж буйгаар Монгол улсын хэмжээнд уул уурхайн ашиглалтаас үүдэж гэмтсэн 24 мянган га талбай байгаагаас “Урт нэртэй” хуулийн хүрээнд хамрах 5.7 мянган га, усны энгийн хамгаалалтын бүсэд 2.1 га талбай байгаа аж. “Урт нэртэй” хууль гарсантай холбогдуулан алтны шороон ордууд байгаль орчинд учруулсан хохирол нь 1.1 их наяд төгрөг болж байгааг БОНХАЖЯ-наас мэдээлэв. Харин үүний нөгөө талд компаниудаас 2.2 их наяд төгрөгийн хохирол, нөхөн олговор нэхэмжилж байгааг Д.Арвин гишүүн хэлсэн юм.

Нэгэнт төр нөхөн олговор олгож чадахгүй, бас байгаль орчныг нөхөн сэргээх мөнгө гаргах боломжгүй болохоор компаниудын ашиглалтыг хатуу чанга хяналт дор үргэлжлүүлж, нөхөн сэргээлт хийлгүүлж авах бодлогын хүрээнд “Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барьсан нь энэ юм. Уг төслийн гол онцлог нь хайгуулын лицензүүдийг хэвээр үлдээж, зөвхөн ашиглалтын лицензтэй, уг талбай дээрээ ашиглалт явуулаад эхэлчихсэн байсан компаниудын ашиглалтыг үргэлжлүүлэх юм. Харин хайгуулын лиценз болон ашиглалт нь эхлээгүй ашиглалтын лицензийг цуцлах, мөн шинээр “Урт нэртэй” хуулийн хамрах талбайд ямар ч лиценз олгохгүй байхаар зохицуулсан.  

“Урт нэртэй” хуулийн хамрах талбайд нийт 123 тонн алтны нөөц байгаа аж. Үүнээс “Гацуурт” ордыг хасвал 70 орчим тонн алтны нөөц үлдэж байгаа бөгөөд үүнийг ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашигтай хэмээн тооцож байгаа аж. Хэрэв хуулийн төсөл батлагдвал хавраас томоохон нөөцтэй ордуудыг шууд ашиглаж эхлэхээр төлөвлөж байгаа юм.

 

С.Болд-Эрдэнэ