Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

Шүрэнгийн УЦС-ыг 244 МВт байхаар төлөвлөжээ

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэр дээр баригдахаар төлөвлөж буй Шүрэнгийн усан цахилгаан станцын (УЦС) техник, эдийн засгийн болон байгаль орчны урьдчилсан судалгааг Герман болон Монголын зөвлөх компаниуд боловсруулж дуусгасан байна. Судалгаагаар энэхүү УЦС-ын нийт хүчин чадал нь 244 МВт байх бөгөөд жилдээ 930 ГВт.цаг цахилгаан үйлдвэрлэх юм байна. Далангийн өндөр 65 метр, урт нь 1230 метр байх ажээ. Монгол улсын цахилгаан үйлдвэрлэлийн хүчин чадал одоогийн байдлаар ойролцоогоор  900 гаруй МВт байгаа бөгөөд үүний 90.44% буюу 827.4 МВт нь дулааны цахилгаан станц, үлдсэн 9.55% буюу 87.42 МВт нь сэргээгдэх эрчим хүчнээс эх үүсвэртэй байгаа юм.

Ойролцоогоор 300 МВт-ын хүчин чадалтай байх төлөвтэй байсан Шүрэнгийн УЦС-ын хүчин чадал нь ийнхүү 244 МВт-ын бүтээмжтэй байж, жилдээ 50-60 сая долларын цахилгаан борлуулах боломжийг урьдчилсан судалгаагаар дэвшүүлжээ. Харин төсөлд зарцуулагдах нийт хөрөнгө оруулалт 780 гаруй сая ам.доллар байна гэж гарчээ. Уг УЦС-ын хүрээнд 4.8 тэрбум м3 ус хуримтлуулах юм. Энэ талаар өнгөрсөн баасан гаригт болсон Шүрэнгийн УЦС-ын байгаль орчны судалгааны талаарх хэлэлцүүлгийн үеэр хөндөн ярилцсан юм.

Уг төсөлд тулгарах гадаад эрсдэл болох хил дамнасан голын асуудал, маргааныг хэлэлцэх шаадлага юун түрүүнд тавигдахаар байна. Түүнчлэн дотоод эрсдэлд эрчим хүчний сул бодлого, 20300 га талбай усанд автах, нөлөөлөлд автах сум сууринг нүүлгэн шилжүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх ажил багтаж байна.

Гэхдээ уг төслийг сайтар судалж, төлөвлөгөөтэйгөөр барьж байгуулж чадвал Монгол улс эрчим хүчний аюулгүй байдлаа хангахад тун чухал алхам болох ажээ. Манай улс дотоодын цахилгааны хэрэглээгээ бүрэн хангаж чадахгүй байгаа тул ОХУ-аас жил бүр олон арван тэрбум төгрөгийн эрчим хүч импортолж авдаг. 2014 онд ОХУ-аас нийтдээ 287 сая КВт.цаг эрчим хүчийг 57 тэрбум төгрөгөөр импортолжээ.  1997 оноос хойш ОХУ-аас нийтдээ 320 сая долларын өртөг бүхий эрчим хүч авчээ.

Уг УЦС-ын ус хуримтлуулах талбай нь Сэлэнгэ аймгийн гурван сум, Булганы хоёр сумыг дайрах тооцоо гарсан. Нөлөөллийн бүс нутагт Монгол орны нэн чухал бөгөөд ховор ургамлын зүйлс ургадаг бөгөөд тэдгээрийг хамгаалж, нөхөн сэргээх ажлыг нухацтай авч үзэх шаардлагатай тухай Монголын Зөгийчдийн нийгэмлэг үзэж байна. Түүнчлэн усны хуримтлал ихэсч, тогтонгишсоноос үүдэн усны чанар өөрчлөгдөх, тэнд амьдрах биологийн төрөл зүйлийг хамгаалах ажлыг сайтар судалж, төлөвлөх нь чухлыг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа.

Шүрэнгийн УЦС-ын төсөл Монгол орны экологийн хамгийн чухал бүсэд байршиж буй учраас экологийн хувьд нөлөөллийг хамгийн бага байлгахын тулд төслийн байгаль орчны судалгааг маш нарийн түвшинд, чадварлаг хийх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Уг төслийн техник, эдийн засгийн судалгаа болоод Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг 2016 онд боловсруулж дуусахаар тооцоолж буй ч наана нь хийх ажил тун арвин байгаа нь хэлэлцүүлгээс илэрхий харагдаж  байсан юм.

Дэлхий нийтээр нүүрсний цахилгаан станц шинээр байгуулахаас зайлсхийж, харин ч сэргээгдэх эрчим хүчний чиглэлд томоохон хөрөнгө оруулалт хийж эхэлж буй энэ үед энэ чиглэлийн төсөл нүдээ олсон хэрэг болж буй юм. Гэвч төслийг нарийн судалгааны хүрээнд хийж гэмээнэ жинхэнэ эко шийдэлтэй УЦС-ыг байгуулж чадах юм.

Одоо хийж дуусгаад буй техник, эдийн засгийн болон байгаль орчны урьдчилсан судалгааг Дэлхийн банкны стандартын дагуу “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих” төслийн хүрээнд боловсруулаад буй юм. Цаашид уг төслийн хүрээнд судалгааг боловсруулахдаа олон нийтийн санал бодлыг авч ажиллах бөгөөд ирэх онд боловсруулж дуусмагц мөн нийтэд мэдээлэх юм байна.



Б.Төгс