Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Хууль, Төсөл

ӨРИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын хувьд олон улсын түвшинд зээлжих зэрэглэл ахин арилжааны нөхцөлтэй зээл болон санхүүгийн бүх хэрэгслийг ашиглах боломжтой болсон ч өнөөдрийг хүртэл өрийн удирдлагын талаар нэгдсэн цогц бодлого, зохицуулалтгүй, хууль, эрх зүйн орчны хувьд зөвхөн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн зохицуулалтаар хязгаарлагдаж байгаа нь Засгийн газрын зүгээс өрийн удирдлагын нэгдсэн бодлого, зохицуулалтыг хангасан бие даасан хууль гаргах шаардлагыг бүрдүүлж байгаа юм.

Засгийн газрын өр нь ирээдүйд татвар төлөгчдийн мөнгөөр төлөгдөх, төсөвт нэмэлт ачаалал үүсгэх эх үүсвэр тул Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангахын зэрэгцээ, өрийн зохимжит түвшинг тогтоох, өрийн дарамт болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулалгүйгээр хэрэгцээтэй санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлдэг байх шаардлагатай.

Гадаад өр үүсгэх замаар хөгжлийн бодлогыг дэмжихийн зэрэгцээ, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бий болгох, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, эдгээрийн зохимжит түвшин, харьцааг хадгалах замаар улс орноо хөгжүүлэх нь зүйтэй. Эдгээр шаардлагууд, түүнчлэн хуулийн төслийн үзэл баримтлалд тусгасан хууль зүйн үндэслэл, практик шаардлагад тулгуурлан Өрийн удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулаад байна.

Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын макро эдийн засгийн суурь нөхцөл, тулгамдаж буй асуудлыг судлан тодорхойлж, татвар төлөгчдийн мөнгөөр эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр улсын төсөвт өр үүсгэж зээл авах, үнэт цаас гаргахтай холбогдуулан хууль, эрх зүйн нэгдсэн бодлого зохицуулалтыг бий болгох, Олон Улсын Валютын Сан, Дэлхийн банкнаас хуулийн төсөлд өгсөн санал болон мэргэжлийн судлаачдын зөвлөмж, бусад улс орны өрийн удирдлагад баримталдаг зарчим, хөгжлийн туршлага, хууль, эрх зүйн зохицуулалтыг харьцуулан судлах замаар өөрийн
орны онцлогт тохирсон суурь зохицуулалтыг бий болгох зорилго тавин ажилласан болно.

Өрийн удирдлагын тухай хуулийн зорилт нь өрийн удирдлагын бодлого, зохицуулалтын хүрээнд өрийн зохистой түвшинг хангах, дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх, Засгийн газрын зээллэг хийх замаар өр үүсгэх, дамжуулан зээлдүүлэх, Засгийн газрын өрийн баталгаа гаргах, тэдгээрийг бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулахад чиглэх ба хуулийн төсөл нь 7 бүлэг, 47 зүйлээс бүрдэнэ.

Нийтлэг үндэслэлийг тогтоох нэгдүгээр бүлэгт, хуулийн зорилт, өрийн удирдлагын тухай хууль тогтоомж, хуулийн хамрах хүрээ, өрийн удирдлагын хүрээнд баримтлах зарчим, хэрэгжүүлэх арга замууд, хуулийн нэр томъёоны тодорхойлолтыг, тодруулбал “улсын нийт гадаад өр”, “Засгийн газрын өр” зэргийг шинээр тодорхойлж, тусгасан болно.

Төрийн байгууллагуудын бүрэн эрхийн талаарх хоёрдугаар бүлэгт, Улсын Их Хурал, Засгийн газар, санхүү, төсвийн болон эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын бүрэн эрх, өрийн удирдлагын харилцаанд оролцох төрийн бусад байгууллагуудын эрх хэмжээ, чиг үүргийн талаарх зохицуулалтыг орууллаа. Улсын төсвөөс ирээдүйд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр үүсгэж буй бүх өр, зээллэг нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хянагдаж, Улсын Их Хурлаар батлагддаг байхаар тусгав.

Өрийн удирдлагын бодлого, зохицуулалтын тухай гуравдугаар бүлэгт, төсөв, мөнгөний бодлогын хүрээнд Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийг тодорхойлж, өрийн удирдлагын стратегийн баримт бичгийг боловсруулах, батлахтай холбоотой зохицуулалтыг тусгалаа. Улсын төсөвт эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр өр үүсгэх зориулалтыг тусгайлан зааж, Засгийн газрын өрийн болон өрийн баталгааны хязгаарыг тогтоож, уг хязгаарыг нэрлэсэн дүнгээр тооцдог байх, мөн Засгийн газрын зээллэг болон өрийн баталгааны дээд хэмжээг хуульд заасан хязгаарт нийцүүлэн жил бүр төсвийн хуулиар батлах тухай зохицуулалтыг оруулав. Түүнчлэн, Засгийн газрын өрийн удирдлага, орон нутгийн өрийн удирдлага, Засгийн газар, аймаг, нийслэлийн зээллэгт болон зээллэгээр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээнд тавигдах шаардлагыг хуульчлан тусгасан болно.

Өр үүсгэх болон өрийн удирдлагын хэрэгжилтийн талаарх дөрөвдүгээр бүлэгт, Засгийн газрын болон орон нутгийн төсөвт өр үүсгэж буй өрийн хэрэгслүүд, тэдгээрт тавигдах шалгуур үзүүлэлтүүд, холбогдох зохицуулалтыг нэгдсэн байдлаар 3 дэд бүлэгт тодорхойлон авч үзлээ. Нэгдүгээр дэд бүлэгт Засгийн газрын гадаад зээлийг хөнгөлөлтийн түвшинд хувааж, тухай бүрт тавигдах шаардлага, зээлийн хөрөнгийн ашиглалт болон зээлийн гэрээ, хэлэлцээр хийхтэй холбоотой зохицуулалтуудыг тусгав. Хоёрдугаар дэд бүлэгт Засгийн газар болон аймаг, нийслэлийн үнэт цаас гаргах зориулалт, үнэт
цаасны төрөл, тэдгээрт тавигдах шаардлага, үнэт цаасыг арилжаалах журмын тухай зохицуулалтыг орууллаа. Гуравдугаар дэд бүлэгт Засгийн газрын гадаад зээл болон үнэт цаас гаргах зэрэг өр үүсгэх замаар бий болгосон хөрөнгийн эх үүсвэрийг дамжуулан зээлдүүлэхэд тавигдах шаардлага, дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээ байгуулах болон уг гэрээний төлбөрийн үүрэг гүйцэтгүүлэхтэй холбогдсон харилцааг тусгав.

Засгийн газрын өрийн баталгааны тухай тавдугаар бүлэгт, Засгийн газрын өрийн баталгаа гаргахад болон баталгаа гаргуулагч этгээдэд тавигдах шаардлага, өрийн баталгаа гаргах журам, Засгийн газрын өрийн баталгааны санг бүрдүүлэх, өрийн баталгаанаас бий болох өр төлбөрийг баталгааны сангаас төлж барагдуулахтай холбоотой зохицуулалтыг хуульчлан оруулав.

Өрийн удирдлагын ил тод байдал ба хяналтын тухай зургадугаар бүлэгт, өрийн удирдлагын ил тод байдлын зарчмыг хангах үүднээс өрийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, улсын нийт гадаад өр, Засгийн газрын өрийн талаарх бүртгэл, мэдээлэл, тайлагналтыг хэрэгжүүлэх, Улсын Их Хуралд тайлагнах, олон нийтэд мэдээлэх тухай эрх зүйн үндсийг тодорхойлж, өрийн бүртгэлийг хэрхэн хийх, өрийн удирдлагын хэрэгжилтэд хяналт тавих тухай зохицуулалтыг тусган оруулав.

Бусад зүйлийн талаарх долдугаар бүлэгт, хариуцлага хүлээлгэх үндэслэл, өрийн удирдлагын тухай хууль, тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагын хэм хэмжээ, хуулийг дагаж мөрдөх журмын тухай асуудлыг авч үзсэн болно.

Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг боловсруулахад хийгдсэн дараах судалгааны ажлуудын тайланг хавсаргав:

1) Өрийн удирдлагын асуудлыг зохицуулсан хууль, эрх зүйн орчны талаарх тойм судалгаа;
2) Гадаад орнуудын өрийн удирдлагын тухай хууль тогтоомж, эрх зүйн зохицуулалтын талаарх харьцуулсан судалгаа;
3) Засгийн газрын баталгааны талаар гадны орны хуулиудын харьцуулсан судалгаа;
4) Хөгжингүй ба хөгжиж буй орнуудад өрийн хязгаарыг тогтоосон байдлын талаар харьцуулсан судалгаа;
5) Болзошгүй өр төлбөрийн талаар гадны орны хуулиудад тусгагдсан байдал /харьцуулсан судалгаа/;
6) Монгол улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг 1970, 1980-аад оны Латин Америк, Зүүн Азийн орнуудын эдийн засгийн нөхцөл байдалтай харьцуулсан судалгаа;
7) ОУВС-гаас өрийн хязгаарын талаар баримталж буй шинэчилсэн бодлого.

САНГИЙН ЯАМ




Төсөл 2014.04.30

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны ... сарын ... өдөр                                                                                                     Төрийн ордон, Улаанбаатар хот

ӨРИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь өрийн удирдлагын бодлого, зохицуулалтын хүрээнд өрийн зохистой түвшинг хангах, дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх, Засгийн газар, орон нутаг зээллэг хийх замаар өр үүсгэх, дамжуулан зээлдүүлэх, Засгийн газрын өрийн баталгаа гаргах, тэдгээрийг бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Өрийн удирдлагын тухай хууль тогтоомж

2.1. Өрийн удирдлагын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хууль, Олон улсын гэрээний тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1. Улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр өр үүсгэх, түүнийг удирдахтай холбогдсон харилцааг зөвхөн энэ хуулиар зохицуулна.

3.2. Хувийн секторын өр төлбөрийн харилцаанд энэ хууль хамаарахгүй.

3.3. Засгийн газрын өрийн баталгааг энэ хуулиар, төсвийн харилцаанд хамаарах болзошгүй өр төлбөрийн асуудлыг бусад хуулиар зохицуулна.

3.4. Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн зээллэгт Засгийн газрын өрийн баталгаа гаргах, түүнийг бүртгэхээс бусад тохиолдолд тухайн хуулийн этгээдийн өр төлбөрийн харилцаанд энэ хууль хамаарахгүй.

3.5. Олон улсын байгууллага, түнш орноос олгох бүх төрлийн тусламжийн харилцаанд энэ хууль хамаарахгүй.

4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1. “өр” гэж өрийн хэрэгслээр дамжуулан тодорхой хугацаанд төлөх хүү, үндсэн төлбөр болон холбогдох бусад төлбөрийн үүргийг;

4.1.2. “өрийн хэрэгсэл” гэж бүх төрлийн зээл, үнэт цаас болон өр үүсгэх аливаа гэрээ, хэлцлийг;

4.1.3. “өрийн удирдлага” гэж Засгийн газрын богино, дунд хугацааны санхүүгийн зардал, эрсдэлийн түвшинг тодорхойлсны үндсэн дээр стратеги боловсруулж хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангуулах үйл ажиллагааг;

4.1.4. “улсын нийт гадаад өр” гэж Засгийн газар, орон нутаг, Монголбанк болон Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжээс Монгол Улсад бүртгэлгүй, байнга оршин суугч бус аливаа этгээдэд төлөх төлбөрийн үүргийг;

4.1.5. “улсын төсөв” гэж Төсвийн тухай хуулийн 4.1.6-д заасныг;

4.1.6. “Засгийн газрын өр” гэж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн

4.1.8-д заасны дагуу дараахийг:

4.1.6.а/ өрийн хэрэгслээр үүсгэж, Монгол Улсын Засгийн газар, аймаг, нийслэлээс бусдын өмнө хүлээсэн төлбөрийн үүргийг;

4.1.6.б/ хууль болон гэрээнд заасны дагуу бий болсон Засгийн газрын өрийн баталгааны төлбөрийн үүргийг;

4.1.7. “Засгийн газрын өрийн баталгаа” гэж баталгаа гаргуулагч нь гэрээнд заасан төлбөрийн үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон тохиолдолд төлбөрийг баталгаа гаргуулагчийн өмнөөс төлж барагдуулахаар Засгийн газрын хүлээсэн үүргийг;

4.1.8. “Засгийн газрын өрийн удирдлагын стратеги” гэж Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон бодлогын баримт бичгийг;

4.1.9. “Монгол Улсын мөнгөний болон валютын зах зээлд нөлөөлөхүйц байх” гэж тухайн үеийн мөнгөний бодлогын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй зөрчилдөх хэмжээний Засгийн газрын үнэт цаас гаргахыг болон валютын зах зээл дэх төгрөгийн ханшид нөлөөлөх хэмжээний гадаад зээллэг хийх, ашиглах, буцаан төлөхийг;

4.1.10. “өрийн бүтэц” гэж өрийг эргэн төлөгдөх хугацаа, нөхцөл, валют болон бусад шинж чанараар нь ангилсныг;

4.1.11. “өрийн үйлчилгээ” гэж тухайн төсвийн жилд хийгдэх өрийн үндсэн болон хүүгийн төлбөр, холбогдох бусад төлбөрийг;

4.1.12. “өрийг дахин санхүүжүүлэх” гэж өрийн үйлчилгээг гүйцэтгэх зорилгоор шинээр зээллэг хийх үйл ажиллагааг;

4.1.13. “өрийн хязгаар” гэж Засгийн газрын өрийн үлдэгдлийн нэрлэсэн дүнгийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх дээд хэмжээг хувьчлан тогтоосныг;

4.1.14. “зээллэг болон өрийн баталгааны дээд хэмжээ” гэж тухайн төсвийн жилд Засгийн газрын шинээр хийх зээллэг, гаргах өрийн баталгааны хэмжээнд Улсын Их Хурлаас мөнгөн хэлбэрээр хязгаар тогтоохыг;

4.1.15. “зээллэг” гэж Засгийн газрын өрийн баталгаанаас бусад өрийн хэрэгслээр дамжуулан өр үүсгэхийг;

4.1.16. “зээллэгийн төлөвлөгөө” гэж Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичигт үндэслэн өрийн хэрэгсэл тус бүрээр гаргасан төлөвлөгөөт хуваарийг;

4.1.17. “гадаад зээл” гэж Монгол Улсад бүртгэлгүй, байнга оршин суугч бус аливаа этгээдээс олгосон өр үүсгэх хөрөнгийн эх үүсвэрийг;

4.1.18. “хөнгөлөлтийн түвшин” гэж зээлийн нэрлэсэн үнэ болон өнөөгийн үнэ цэнийн хоорондын зөрүүг тухайн зээлийн нэрлэсэн үнэтэй харьцуулж, хувиар илэрхийлснийг;

4.1.19. “Засгийн газрын үнэт цаас” гэж Засгийн газраас энэ хуульд заасан зориулалт, журмын дагуу арилжаалсан өрийн бичгийг;

4.1.20. “аймаг, нийслэлийн үнэт цаас” гэж аймаг, нийслэлээс энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, зориулалт, журмын дагуу тухайн төсвийн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэй дотоодын зах зээлд арилжаалсан өрийн бичгийг;

4.1.21. “төсөл хэрэгжүүлэгч” гэж гадаад зээллэгийн хөрөнгөөр санхүүжих төслийн хэрэгжилтийг хариуцах чиг үүрэг бүхий олон улсын гэрээ, төслийн баримт бичиг, гэрээнд оролцогч талуудын хооронд байгуулсан бусад тохиролцлын баримт
бичигт заасан эрх бүхий байгууллагыг;

4.1.22. “болзошгүй өр төлбөр” гэж Төсвийн тухай хуулийн 4.1.48-д заасныг;

4.1.23. “төсөл, арга хэмжээ” гэж Төсвийн тухай хуулийн 4.1.17-д заасныг.

5 дугаар зүйл. Өрийн удирдлагын зарчим

5.1. Өрийн удирдлагыг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална:

5.1.1. удирдлагын нэгдсэн тогтолцоотой байх;

5.1.2. өрийн зохистой түвшинг хангах;

5.1.3. өр үүсгэж бий болгосон хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах;

5.1.4. ил тод байдлыг хангах;

5.1.5. хариуцлагатай байх.

6 дугаар зүйл. Өрийн удирдлагын зарчмыг хэрэгжүүлэх

6.1. Засгийн газрын өрийн удирдлагын харилцаанд оролцогч байгууллага, албан тушаалтан нь энэ хуулийн 5.1-д заасан өрийн удирдлагын зарчмыг мөрдлөг болгож, хэрэгжүүлэх үүрэгтэй.

6.2. Энэ хуулийн 5.1.1-д заасан удирдлагын нэгдсэн тогтолцоотой байх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:

6.2.1. Засгийн газар, орон нутгийн зээллэг, Засгийн газрын өрийн баталгаа нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр болон Улсын Их Хурлаас баталсан урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлоготой уялдсан байх;

6.2.2. Засгийн газар, орон нутгийн зээллэг, Засгийн газрын өрийн баталгааг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хянасан байх;

6.2.3. Засгийн газрын зээллэг, өрийн баталгааг Улсын Их Хурлаас, орон нутгийн зээллэгийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталдаг байх;

6.2.4. Засгийн газрын зээллэг, өрийн баталгаа, бүх төрлийн санхүүгийн үүрэгтэй холбогдсон гэрээ, хэлцэл, үйл ажиллагааг төсөвт тусгах.

6.3. Энэ хуулийн 5.1.2-т заасан өрийн зохистой түвшинг хангах зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:

6.3.1. энэ хуулийн 17.1-д заасан шаардлагыг хангасан байх;

6.3.2. Засгийн газрын зээллэг болон өрийн баталгаа нь энэ хуулийн 18.1-д заасан дээд хэмжээнд нийцсэн байх;

6.3.3. Засгийн газар болон орон нутгийн зээллэг, Засгийн газрын өрийн баталгаа, болзошгүй өр төлбөр, тэдгээрийн үр нөлөө нь ирээдүйд өрийн дарамт учруулахгүй байх;

6.3.4. урт хугацаанд Засгийн газрын өрийн зохистой түвшинг хангах замаар Засгийн газрын өрийн удирдлагыг хэрэгжүүлэх;

6.4. Энэ хуулийн 5.1.3-т заасан өр үүсгэж бий болгосон хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:

6.4.1. Засгийн газрын өрийн баталгаа гаргах болон Засгийн газар, орон нутгийн өр үүсгэж бий болгосон хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ нь энэ хуулийн 7.1.5, 36.3-т зааснаас бусад тохиолдолд нийгмийн үр өгөөжтэй, эдийн засгийн үр ашигтай байх;

6.4.2. энэ хуульд өөрөөр заагаагүй бол арилжааны нөхцөлтэй гадаад зээллэгийн эх үүсвэрээр эргэн төлөгдөх чадвартай төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх;

6.4.3. тухайн төсөл, арга хэмжээний хэрэгжих хугацаа нь түүнийг санхүүжүүлэх зээллэгийн эргэн төлөх хугацаанаас ихгүй байх чиглэл баримтлах;

6.4.4. гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх боломжтой төсөл, арга хэмжээг өр үүсгэж санхүүжүүлэхгүй байх чиглэл баримтлах;

6.4.5. хууль болон олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол өр үүсгэж бий болгосон хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай
хуулиар зохицуулах.

6.5. Энэ хуулийн 5.1.4-т заасан ил тод байдлыг хангах зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:

6.5.1. хуульд өөрөөр заагаагүй бол улсын нийт гадаад өр, Засгийн газрын өр болон Засгийн газрын өрийн баталгааны талаар тогтоосон хугацаанд олон нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх;

6.5.2. Засгийн газар болон орон нутгийн зээллэг, өр төлбөр, Засгийн газрын өрийн баталгаа, болзошгүй өр төлбөр олон нийтэд ил тод байх.

6.6. Энэ хуулийн 5.1.5-д заасан хариуцлагатай байх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:

6.6.1. өрийн удирдлагын талаарх төрийн байгууллагын эрх хэмжээг хуульд заасны дагуу хэрэгжүүлэх, хуулийн шаардлага, хэм хэмжээг зөрчихгүй байх, зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх;

6.6.2. энэ хуульд заасны дагуу өр үүсгэж байгаа аливаа этгээд нь зээллэгийн хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай ашиглах, төсвийн сахилга батыг сахих;

6.6.3. энэ хуульд заасны дагуу өр үүсгэж байгаа аливаа этгээд нь өр төлбөрийн үүргээ хууль болон гэрээнд заасны дагуу хугацаанд нь төлж барагдуулах, санхүүгийн хариуцлагатай байх;

6.6.4. энэ хуулийг зөрчиж өр үүсгэх замаар эх үүсвэр бүрдүүлэхгүй байх;

6.6.5. холбогдох байгууллага, албан тушаалтан нь Засгийн газрын өрийн баталгаа гаргасан болон өр үүсгэж бий болгосон хөрөнгө, тэдгээрээр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний талаарх мэдээллийг энэ хуульд заасны дагуу гаргаж,
тайлагнах.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ӨРИЙН УДИРДЛАГЫН ТАЛААРХ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

7 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх

7.1. Улсын Их Хурал өрийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1. төсөв, мөнгөний бодлогын хүрээнд Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичиг /цаашид ”стратегийн баримт бичиг” гэх/-ийг батлах;

7.1.2. дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл болон стратегийн баримт бичигт үндэслэн тухайн төсвийн жилд Засгийн газар, орон нутгийн шинээр хийх зээллэг, Засгийн газрын гаргах өрийн баталгааны дээд хэмжээг төсвийн хамт батлах;

7.1.3. Засгийн газрын гадаад зээлийн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох;

7.1.4. Засгийн газрын гадаад зээлийн гэрээг соёрхон батлах;

7.1.5. нийгмийн үр өгөөжтэй, улсын төсөвт эргэн төлөгдөх чадваргүй төсөл, арга хэмжээг зээллэгийн хөрөнгөөр эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр санхүүжүүлэх эсэхийг тухайн жилийн төсвийн хуулиар, шаардлагатай тохиолдолд тухай бүр шийдвэрлэх;

7.1.6. зээллэгийн хөрөнгөөр санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүнг төсвийн гүйцэтгэлийн тайлангийн хамт хэлэлцэх, хэрэгжилттэй холбогдуулан чиглэл өгөх;

7.1.7. стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн талаарх Засгийн газрын тайланг хэлэлцэх, өрийн удирдлагын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;

7.1.8. хуульд заасан бусад бүрэн эрх.

8 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

8.1. Засгийн газар өрийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.1.1. Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийг энэ хуульд заасны дагуу тодорхойлж, стратегийн баримт бичгийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

8.1.2. стратегийн баримт бичигт үндэслэн тухайн төсвийн жилд Засгийн газар, орон нутгийн шинээр хийх зээллэг болон Засгийн газрын өрийн баталгааны дээд хэмжээг төсвийн төслийн хамт хэлэлцэж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

8.1.3. зээлийн гэрээний төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, зөвшөөрсний үндсэн дээр гадаад зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрх олгох;

8.1.4. энэ хуулийн 7.1.2-7.1.4-т заасныг үндэслэн энэ хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу зээллэг хийх, өрийн баталгаа гаргах асуудлыг шийдвэрлэх;

8.1.5. өр үүсгэж бий болгосон хөрөнгөөр санхүүжүүлж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилт, гүйцэтгэлийн талаар ирүүлсэн төсвийн ерөнхийлөн захирагчийн тайланг хэлэлцэх, дүгнэх, чиглэл өгөх;

8.1.6. стратегийн баримт бичиг болон зээллэгийн дээд хэмжээнд үндэслэн тухайн төсвийн жилийн зээллэгийн төлөвлөгөөг батлах;

8.1.7. өр үүсгэж бий болгосон хөрөнгөөр санхүүжүүлж байгаа төсөл, арга хэмжээний үр дүнгийн талаар Улсын Их Хуралд тайлагнах, өгөгдсөн чиглэлийн дагуу холбогдох арга хэмжээг авах;

8.1.8. өрийн удирдлагын хууль тогтоомж болон стратегийн баримт бичгийн хэрэгжилтийг хангах, үр дүнг Улсын Их Хуралд тайлагнах;

8.1.9. аймаг, нийслэлийн хийх зээллэгт зөвшөөрөл олгох;

8.1.10. Засгийн газрын өрийн удирдлагын асуудлаар энэ хуульд заасан журмыг батлах;

8.1.11. хуульд заасан бусад бүрэн эрх.

8.2. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн өрийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.2.1. дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл болон стратегийн баримт бичигт үндэслэн тухайн төсвийн жилд Засгийн газрын шинээр хийх зээллэг,өрийн баталгааны дээд хэмжээг Засгийн газарт хэлэлцүүлэх;

8.2.2. Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг дотоодод дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээг байгуулах;

8.2.3. Засгийн газрын зөвшөөрснөөр Засгийн газрын өрийн баталгааны болон авлага барагдуулах гэрээг байгуулах;

8.2.4. Засгийн газрын үнэт цаасны нөхцөлийг тогтоох, арилжаа болон төлбөрийн хуваарийг батлах, Засгийн газрын хөрөнгө оруулалтын зорилгоор гаргах гадаад үнэт цаасны нөхцлийг эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөх;

8.2.5. Засгийн газрын өрийн удирдлагын асуудлаар энэ хуульд заасан журмыг батлах;

8.2.6. энэ хуулийн 22.1-д заасны дагуу Өрийн удирдлагын зөвлөлийг байгуулах;

8.2.7. хуульд заасан бусад бүрэн эрх.

8.3. Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн өрийн удирдлагын хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.3.1. Засгийн газрын зээллэгийн хөрөнгөөр санхүүжүүлэх болон өрийн баталгаа гаргах төсөл, арга хэмжээний саналыг улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгаж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх;

8.3.2. гадаад зээлийн гэрээний хэлэлцээг хийж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх, Засгийн газраас эрх олгосноор гадаад зээлийн гэрээнд гарын үсэг зурах;

8.3.3. хөрөнгө оруулалтын зориулалтаар гаргах Засгийн газрын гадаад үнэт цаасны нөхцөлийг тогтоох, өөрчлөх санал боловсруулах, тухайн үнэт цаасны төлбөрийн хуваарийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй
зөвшилцөх;

8.3.4. Засгийн газрын өрийн удирдлагын асуудлаар энэ хуульд заасан журмыг батлах;

8.3.5. энэ хуулийн 7.1.5-д заасан шийдвэрт үндэслэн төсөл хэрэгжүүлэх гэрээг байгуулах, эсхүл уг гэрээг байгуулах эрхийг холбогдох этгээдэд олгох;

8.3.6. хуульд заасан бусад бүрэн эрх.

9 дүгээр зүйл. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

9.1. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага өрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиглэлээр дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.1.1. стратегийн баримт бичгийг төсвийн дунд хугацааны хүрээний мэдэгдэлд нийцүүлэн энэ хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу боловсруулах;

9.1.2. Засгийн газрын өрийн удирдлагын бодлого, зохицуулалтыг энэ хуульд заасны дагуу хэрэгжүүлэх;

9.1.3. стратегийн баримт бичигт үндэслэн тухайн төсвийн жилд Засгийн газрын шинээр хийх зээллэг болон өрийн баталгааны дээд хэмжээг тооцоолж төсөвт тусгах;

9.1.4. Засгийн газрын гадаад, дотоод өрийн үйлчилгээний хуваарийг гаргаж, улсын төсөвт учруулж болох дарамт, нөлөөллийг тооцох, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн төсөвт тусгах;

9.1.5. стратегийн баримт бичигт үндэслэн Засгийн газрын зээллэгийн төлөвлөгөөг эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулж, Засгийн газарт өргөн мэдүүлэх;

9.1.6. Засгийн газрын зээллэгийн хөрөнгө, өрийн баталгааны хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний санхүүжилтэд хяналт тавих, биелэлтийг хангуулах талаар шаардлагатай арга хэмжээг авах;

9.1.7. Засгийн газар, орон нутаг өр үүсгэх, Засгийн газрын өрийн баталгаа гаргах аливаа шийдвэрийн төсөл нь энэ хуулийн 17.1-д заасан хязгаар болон хуульд заасан шаардлага, шалгуур үзүүлэлтэд нийцэж байгаа эсэхийг хянаж, санал, дүгнэлт
гаргах;

9.1.8. Засгийн газрын дамжуулан зээлдүүлэх болон өрийн баталгаа гаргах төсөл, арга хэмжээнд эрсдэлийн үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулах;

9.1.9. эрсдэлийн үнэлгээгээр тухайн зээллэгийн хөрөнгийг хугацаандаа бүрэн төлөх нь батлагдсан төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр Засгийн газрыг төлөөлж дамжуулан зээлдүүлэх;

9.1.10. дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах;

9.1.11. энэ хуулийн 7.1.2-т заасныг үндэслэн Засгийн газрын үнэт цаасыг арилжаалах, Засгийн газрын үнэт цаас гаргагчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх;

9.1.12. Засгийн газрын өрийн баталгааны санг байгуулж, уг санд хуримтлуулах шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг жил бүр төсөвт тусгах;

9.1.13. Засгийн газрын өрийн үлдэгдлийг улирал тутам, дунд хугацааны өрийн үйлчилгээний төсөөллийг жил бүр тооцоолж гаргах;

9.1.14. улсын нийт гадаад өрийн үлдэгдлийг улирал тутам Монголбанктай хамтран гаргах;

9.1.15. энэ хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг төрийн байгууллага, холбогдох бусад этгээдээс гаргуулж авах;

9.1.16. гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээг татвараас чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх санал боловсруулах;

9.1.17. Засгийн газрын өрийн удирдлагын асуудлаар энэ хуульд заасан журмыг боловсруулах;

9.1.18. хуульд заасан бусад бүрэн эрх.

9.2. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуульд заасан өрийн удирдлагын бодлого, зохицуулалт болон төлөвлөлт, судалгаа шинжилгээ, өрийн үйлчилгээ, бүртгэл, мэдээллийн асуудал эрхэлсэн өрийн удирдлагын нэгжтэй байна.

10 дугаар зүйл. Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

10.1. Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага өрийн удирдлагыг хэрэгжүүлэх хүрээнд дараах бүрэн эрхтэй байна:

10.1.1. дунд хугацааны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах Засгийн газрын зээллэгийн хөрөнгөөр санхүүжүүлэх болон өрийн баталгаа гаргах төсөл, арга хэмжээний саналыг нэгтгэн боловсруулах;

10.1.2. Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс олон улсын байгууллага, түнш оронд Засгийн газрын гадаад зээл авах хүсэлтийг албан ёсоор тавих, гадаад зээлийн хэлэлцээг хийх, гэрээ байгуулах, зохицуулах, хяналт тавих;

10.1.3. Засгийн газрын зээллэгийн хөрөнгөөр санхүүжүүлэх болон өрийн баталгаа гаргах төсөл, арга хэмжээг сонгон шалгаруулах, үнэлэх, дүгнэх ажлыг зохион байгуулах;

10.1.4. улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөртэй уялдуулан тухайн төсвийн жилд шаардагдах төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхтэй холбоотой зээллэгийн хэрэгцээг тодорхойлж, санал боловсруулах;

10.1.5. Засгийн газрын гадаад зээл, эдийн засгийн хамтын ажиллагааны стратеги, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, гадаад улс, олон улсын байгууллагад худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан төлөөлөгч томилон ажиллуулах, санал боловсруулж, шийдвэрлүүлэх;

10.1.6. энэ хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг төрийн байгууллага, холбогдох бусад этгээдээс гаргуулж авах;

10.1.7. стратегийн баримт бичигт нийцүүлэн зээллэгийн төлөвлөгөөг боловсруулахад санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллах;

10.1.8. Засгийн газрын зээллэгийн хөрөнгөөр санхүүжүүлэх, өрийн баталгаа гаргах төсөл, арга хэмжээний хэрэгжилт, гэрээнд заасан зорилт нь Монгол Улсын болон холбогдох салбарын хөгжлийн бодлого, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөртэй нийцэж байгаа эсэх талаар хяналт тавих;

10.1.9. хуульд заасан бусад бүрэн эрх.

10.2. Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь төсвийн ерөнхийлөн захирагчдаас ирүүлсэн Засгийн газрын зээллэг, өрийн баталгаагаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг хянаж, Төсвийн тухай хуульд заасны дагуу эрэмбэлж, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусган Засгийн газарт өргөн мэдүүлнэ.

11 дүгээр зүйл. Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын бүрэн эрх

11.1. Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь өрийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

11.1.1. өрийн удирдлагын хууль тогтоомжийн биелэлтийг хангах, хяналт тавих;

11.1.2. орон нутгийн хэмжээнд зээллэгийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, арга хэмжээний саналыг Засаг даргын өргөн мэдүүлснээр хэлэлцэн батлах;

11.1.3. тухайн орон нутагт зээллэгийн хөрөнгөөр санхүүжиж байгаа төсөл, арга хэмжээний үр дүнг төсвийн гүйцэтгэлийн тайлангийн хамт хэлэлцэх, хэрэгжилттэй холбогдуулан чиглэл өгөх;

11.1.4. орон нутгийн өр үүсгэх, зээллэг хийх Засаг даргын санаачилгыг хэлэлцэх, Засгийн газрын зөвшөөрөлд үндэслэн орон нутгийн зээллэг хийх шийдвэр гаргах;

11.1.5. хуульд заасан бусад бүрэн эрх.

11.2. Аймаг, нийслэлийн Засаг дарга өрийн удирдлагын хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

11.2.1. орон нутгийн хэмжээнд зээллэгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг боловсруулж, энэ хуулийн 20.1-д заасны дагуу Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх;

11.2.2. тухайн орон нутагт зээллэгийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төслийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, үйл ажиллагаанд хяналт тавих;

11.2.3. энэ хуульд заасны дагуу аймаг, нийслэлийн үнэт цаас гаргах, зээлийн гэрээ, хэлэлцээр байгуулах ажлыг зохион байгуулах;

11.2.4. тухайн орон нутагт гадаад зээллэгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгуулахаар холбогдох судалгааны хамт эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

11.2.5. гадаад зээллэгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд шаардагдах хөрөнгийн дотоод эх үүсвэрийн хэмжээг жил бүрийн төсвийн төсөлд тусгуулах;

11.2.6. хуульд заасан бусад бүрэн эрх.

12 дугаар зүйл. Өрийн удирдлагын үйл ажиллагааны талаар төрийн бусад байгууллагын чиг үүрэг

12.1. Монголбанк нь өрийн удирдлагын хүрээнд дараах чиг үүрэгтэй:

12.1.1. улсын нийт гадаад өрийн үлдэгдлийг улирал тутам санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран гаргаж, олон нийтэд мэдээлэх;

12.1.2. Засгийн газрын хийх зээллэгийн хэмжээ нь мөнгөний болон валютын зах зээлд нөлөөлөхүйц байх тохиолдолд тухай бүр холбогдох санал зөвлөмжийг санхүү, төсвийн болон эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагуудад хүргүүлэх.

12.2. Төрийн аудитын төв байгууллага нь өрийн удирдлагын хүрээнд дараах чиг үүрэгтэй:

12.2.1. энэ хуульд заасны дагуу стратегийн баримт бичгийн хэрэгжилтэд аудит хийх, дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх;

12.2.2. өрийн удирдлагын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд аудит хийх, дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх;

12.2.3. энэ хуулийн 9.1.8-д заасан эрсдэлийн үнэлгээнд тухай бүр хөндлөнгийн аудит хийж, дүгнэлт гаргах;

12.2.4. энэ хуулийн 38.2-т заасны дагуу дүгнэлт гаргах.

12.3. Үндэсний статистикийн хороо нь улсын нийт гадаад өр болон Засгийн газрын өрийн мэдээллийг макро эдийн засгийн тойм мэдээнд хамаарах тоон дүн, статистик мэдээллийн хамт улирал, жилээр нэгтгэн гаргана.

12.4. Аймаг, нийслэлийн Засаг даргаас бусад төсвийн ерөнхийлөн захирагч нь өрийн удирдлагын хүрээнд дараах чиг үүрэгтэй:

12.4.1. Засгийн газрын өрийн баталгаа, зээллэгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгуулахаар холбогдох тооцоо, судалгааны хамт эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

12.4.2. өр үүсгэж бий болгосон хөрөнгөөр санхүүжүүлж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилт, гүйцэтгэлийн тайланг Засгийн газарт танилцуулах;

12.4.3. Засгийн газрын өрийн баталгаа, зээллэгийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төслийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

12.4.4. гадаад зээллэгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд шаардагдах хөрөнгийн дотоод эх үүсвэрийн хэмжээг жил бүрийн төсвийн төсөлд тусгуулах;

12.4.5. хуульд заасан бусад бүрэн эрх.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ӨРИЙН УДИРДЛАГЫН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТ

13 дугаар зүйл. Өр үүсгэх зориулалт


13.1. Засгийн газар дараах зориулалтаар өр үүсгэж болно:

13.1.1. төсвийн алдагдлыг санхүүжүүлэх;

13.1.2. төсвийн улирлын чанартай орлогын дутагдлыг санхүүжүүлэх;

13.1.3. Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжих;

13.1.4. өрийг дахин санхүүжүүлэх;

13.1.5. улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг санхүүжүүлэх;

13.1.6. улсын төлбөрийн тэнцлийг дэмжих зорилгоор Монголбанкны гадаад цэвэр албан нөөцийг нэмэгдүүлэх.

13.2. Өрийг дахин санхүүжүүлэхдээ төсвийн дарамт, ачааллыг жигдлэх болон зах зээлийн эрсдэлийг бууруулах чиглэлийг баримтална.

13.3. Аймаг, нийслэлийн Засаг дарга нь энэ хуулийн 20, 29 дүгээр зүйлд заасныг баримтлан төсөвт тусгагдсаны үндсэн дээр Засгийн газраас зөвшөөрснөөр өр үүсгэж болно.

14 дүгээр зүйл. Засгийн газрын өрийн удирдлага, түүнийг хэрэгжүүлэх

14.1. Өрийн удирдлагын бодлого, стратеги нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалж, Засгийн газрын санхүүгийн хэрэгцээг боломжит эрсдэлийн түвшинд, хамгийн бага зардлаар санхүүжүүлэх, Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжихэд чиглэнэ.

14.2. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Засгийн газрын өрийн удирдлагыг стратегийн баримт бичгийн хүрээнд дараах байдлаар хэрэгжүүлнэ:

14.2.1. Засгийн газрын санхүүгийн хэрэгцээ, өрийн багц дах зардал, эрсдэлийн шинжилгээнд үндэслэн өрийн удирдлагын стратеги боловсруулж, хэрэгжүүлэх;

14.2.2. Засгийн газрын өрийн удирдлагын зорилт, өрийн хэмжээ, өрийн багцын бүтэц, эрсдэлийг богино, дунд хугацаагаар оновчтой тодорхойлж, удирдан зохицуулах;

14.2.3. тухайн төсвийн жилд Засгийн газар, орон нутгийн шинээр хийх зээллэг, гаргах өрийн баталгаанд тавигдах шаардлага, нөхцөл, хязгаарлалтыг энэ хуульд заасны дагуу хэрэгжүүлэх;

14.2.4. улсын нийт гадаад өрийн мэдээллийн санг Монголбанктай хамтран хөтөлж, энэ хуульд заасны дагуу нийтэд мэдээлж, Засгийн газрын өрийн мэдээллийн ил тод байдлыг хангах.

15 дугаар зүйл. Стратегийн баримт бичиг

15.1. Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратеги нь бодлогын баримт бичгээр тодорхойлогдох ба энэ хуулийн 14.1-д заасныг баримтална.

15.2. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь стратегийн баримт бичгийг боловсруулж, тухайн төсвийн жилийн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн хамт гурван жилд нэг удаа Төсвийн тухай хуулийн 8.1-д заасан цаглабарын дагуу батлуулна.

15.3. Стратегийн баримт бичигт дараахийг тусгана:

15.3.1. улсын нийт гадаад өр, Засгийн газрын өрийн тухайн үеийн нөхцөл байдал;

15.3.2. Засгийн газрын өрийн шалгуур үзүүлэлтийн дунд хугацааны төсөөлөл;

15.3.3. санхүүжилтийн боломжит эх үүсвэр;

15.3.4. Засгийн газрын өрийн багцад дунд хугацаанд нөлөөлөх хүчин зүйлс;

15.3.5. Засгийн газрын өрийн багц дах зардал, эрсдэлд үзүүлэх нөлөөлөл, тэдгээрийн таамаглал;

15.3.6. Засгийн газрын өрийн баталгааны багцын тухайн үеийн нөхцөл байдал, өрийн багц дах зардал, эрсдэлд үзүүлэх нөлөөлөл, эрсдэлийн таамаглал;

15.3.7. Засгийн газрын өрийн багцын дунд хугацааны зорилтот бүтэц;

15.3.8. өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга зам, өрийн зохицуулалтын үйл ажиллагаа;

15.3.9. бусад.

15.4. Макро эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийн хэлбэлзлээс шалтгаалан дунд хугацааны төсөөлөлд суурилсан өрийн багцын зорилтот түвшинд хүрэх боломжгүй болсноос бусад тохиолдолд стратегийн баримт бичигт нэмэлт, өөрчлөлт
оруулахыг хориглоно.

15.5. Энэ хуулийн 15.4 болон 17.4-т заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд Засгийн газраас стратегийн баримт бичигт холбогдох нэмэлт, өөрчлөлтийг тусган тухай бүр Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, батлуулна.

15.6. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 15.2-т заасны дагуу стратегийн баримт бичгийг өмнөх стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлангийн хамт Засгийн газарт хүргүүлнэ.

16 дугаар зүйл. Стратегийн баримт бичгийн хэрэгжилтийг тайлагнах, хяналт тавих

16.1. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь стратегийн баримт бичгийн хэрэгжилтийг дараах байдлаар тайлагнана:

16.1.1. Стратегийн баримт бичгийн явцын тайланг жил бүр гаргаж Засгийн газарт төсвийн гүйцэтгэлийн тайлангийн хамт Засгийн газарт хүргүүлэх;

16.1.2. Стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайланг 3 жилд нэг удаа гаргаж энэ хуулийн 15.6-д заасны дагуу Улсын Их Хуралд хүргүүлэх.

16.2. Энэ хуулийн 16.1-д заасан тайланд дараахыг тусгана:

16.2.1. улсын нийт гадаад өр, Засгийн газрын өрийн талаарх мэдээлэл;

16.2.2. Засгийн газрын өрийн багц дах зардал, эрсдэлийн шинжилгээ, түүний тайлбар;

16.2.3. Засгийн газрын өрийн багцын дунд хугацааны зорилтот бүтэц, түүний хэрэгжилт;

16.2.4. энэ хуулийн 17.1-д заасан хязгаарыг хангасан байдал;

16.2.5. зээллэгийн төлөвлөгөөний хэрэгжилт;

16.2.6. бусад.

16.3. Энэ хуулийн 16.2-т заасан тайланг 3 дугаар сарын 1-ний дотор гаргаж төрийн аудитын төв байгууллагад хүргүүлэх ба төрийн аудитын төв байгууллага нь 4 дүгээр сарын 1-ний дотор аудит хийнэ.

16.4. Засгийн газар стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайланг гурван жилд нэг удаа төрийн аудитын төв байгууллагын дүгнэлтийн хамтаар дараагийн стратегийн баримт бичгийн төсөл өргөн мэдүүлэх хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, тайлагнана.

16.5. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь стратегийн баримт бичиг, түүний хэрэгжилтийн тайланг нийтэд мэдээлнэ.

17 дугаар зүйл. Засгийн газрын өр болон өрийн баталгааны хязгаар

17.1. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасны дагуу Засгийн газрын өрийн үлдэгдлийн нэрлэсэн дүн нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувиас, Засгийн газрын өрийн баталгааны үлдэгдлийн нэрлэсэн дүн нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувиас тус тус хэтрэхгүй байна.

17.2. Энэ хуулийн 17.1-д заасан хязгаар нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.3-т заасан Засгийн газрын зээл болон Засгийн газрын баталгаанд хамаарахгүй.

17.3. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Засгийн газар, орон нутаг өр үүсгэх, Засгийн газрын өрийн баталгаа гаргах аливаа шийдвэрийн төсөлд энэ хуулийн 17.1-д заасан хязгаарт болон хуульд заасан
шаардлага, шалгуур үзүүлэлтэд нийцэж байгаа эсэхийг хянаж, санал, дүгнэлт гаргана.

17.4. Энэ хуулийн 17.1-д заасан хязгаар дараах үндэслэлээр зөрчигдөх нөхцөл байдал үүсвэл Засгийн газраас хязгаарын түвшинд нийцүүлэх арга хэмжээний саналыг Улсын Их Хуралд танилцуулж, шийдвэрлүүлнэ:

17.4.1. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 8.1-д заасан нөхцөл байдал бий болсон;

17.4.2. Засгийн газрын гадаад өрийн багц дах дийлэнх хувь хэмжээг эзэлж байгаа валютын үндэсний мөнгөн тэмдэгттэй харьцах ханш тухайн жилийн төсвийн хуульд тооцсон төсөөллөөс 30 хувиар өссөн;

17.4.3. хууль болон гэрээнд зааснаар Засгийн газраас өрийн баталгааны төлбөрийн үүргийг гүйцэтгэхтэй холбоотойгоор өрийн хязгаар зөрчигдсөн.

17.5. Энэ хуулийн 17.4-т заасан шийдвэрт үндэслэн Засгийн газраас ийнхүү хязгаар зөрчигдсөнөөс хойш хоёр хүртэлх жилд багтаан хязгаарын түвшинд нийцүүлэх арга хэмжээ авах үүрэгтэй.

17.6. Засгийн газар, орон нутаг зээллэг хийх, Засгийн газрын өрийн баталгаа гаргах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд энэ хуулийн 17.3-т заасны дагуу санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын уг асуудлаар гаргасан санал, дүгнэлтийн хамт хэлэлцэж, шийдвэрлэнэ.

18 дугаар зүйл. Засгийн газар, аймаг, нийслэлийн зээллэг болон Засгийн газрын өрийн баталгааны дээд хэмжээг тогтоох

18.1. Тухайн төсвийн жилд Засгийн газар, аймаг, нийслэлийн зээллэг болон Засгийн газрын өрийн баталгааны дээд хэмжээг улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөртэй уялдуулан жил бүрийн төсвийн хуулиар тогтооно.

18.2. Засгийн газар, аймаг, нийслэлийн зээллэг болон Засгийн газрын өрийн баталгааны дээд хэмжээ нь энэ хуулийн 17.1-д заасан хязгаарт нийцсэн байна.

18.3. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 18.2-т заасныг удирдлага болгон дараахийг жил бүр шинэчлэн боловсруулж, төсвийн төсөлд тусган Засгийн газарт өргөн мэдүүлнэ:

18.3.1. Засгийн газар болон аймаг, нийслэлийн тухайн жилд шинээр хийх зээллэгийн дээд хэмжээ;

18.3.2. Засгийн газраас тухайн жилд шинээр гаргах өрийн баталгааны дээд хэмжээ;

18.4. Засгийн газар болон аймаг, нийслэлийн зээллэгийн дээд хэмжээний дүнд зээллэгийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний тухайн төсвийн жилийн санхүүжилтийн дүнг оруулж тооцсон байна.

18.5. Засгийн газрын өрийн баталгааны дээд хэмжээний дүнд Засгийн газрын өрийн баталгаа бүхий зээллэгийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний тухайн төсвийн жилийн санхүүжилтийн дүнг оруулж тооцсон байна.

19 дүгээр зүйл. Засгийн газар зээллэг хийх

19.1. Засгийн газар энэ хуулийн 13.1, 17.1, 18.1-д заасныг удирдлага болгон стратегийн баримт бичигт нийцүүлэн зээллэг хийж болно.

19.2. Засгийн газар зээллэг хийхдээ дараах шаардлагыг хангана:

19.2.1. тухайн төсвийн жилийн зээллэгийн төлөвлөгөө, зээллэгийн дээд хэмжээнд нийцсэн байх;

19.2.2. энэ хуулийн 17.3-т заасны дагуу санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, дүгнэлтийг авсан байх;

19.2.3. Засгийн газрын зээллэгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ нь хуульд заасан шаардлагыг хангасан байх.

19.3. Засгийн газрын зээллэгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу зохицуулна.

19.4. Засгийн газар Монгол Улсын мөнгөний болон валютын зах зээлд нөлөөлөхүйц зээллэг хийх тохиолдолд уг зээллэгийн хэмжээ, нөхцөл, хугацааг Монголбанктай зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэнэ.

19.5. Хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын зээллэгийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ нь дараах шаардлагыг хангасан байна:

19.5.1. төсөвт тусгагдсан байх;

19.5.2. дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн байх;

19.5.3. улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгасан байх;

19.5.4. тухайн төсөл, арга хэмжээний төрлөөс хамааран зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэлийг хийж, баталгаажуулсан байх;

19.5.5. гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлж байгаа тохиолдолд тухайн төсөл, арга хэмжээ нь эдийн засгийн үр ашигтай, зээллэгийн хөрөнгийг эргэн төлөх чадвартай нь эрсдэлийн үнэлгээгээр тогтоогдсон байх;

19.5.6. гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлж байгаа тохиолдолд уг гэрээний хугацаа нь үндсэн зээлийн гэрээний хугацаанаас ихгүй байх;

19.5.7. тухайн төсөл, арга хэмжээний төрлөөс хамааран нийгмийн болон байгаль орчны нөлөөллийн шинжилгээ хийгдэж, баталгаажуулсан байх.

19.6. Засгийн газрын шинээр хийх зээллэг нь энэ хуулийн 19.5.3, 19.5.4 болон 19.5.7-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэх талаар эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага санал, дүгнэлт гаргана.

19.7. Засгийн газар нь Монголбанкнаас энэ хуулийн 13.1.2-т заасан зорилгоор тухайн төсвийн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр зээллэг хийж болно.

19.8. Улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын гэрээ нь өрийн хэрэгсэлд тооцогдох бөгөөд уг гэрээгээр санхүүжих төсөл, арга хэмжээ нь энэ хуулийн 19.5.1-19.5.4, 19.5.7-д заасан шаардлагыг хангасан байна.

19.9. Улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын гэрээг байгуулахад энэ хуулийн 17.3-т заасныг удирдлага болгоно.

19.10. Засгийн газар энэ хуулийн 19.7-д заасныг зөрчиж Монголбанкнаас зээллэг хийхийг хориглоно.

20 дугаар зүйл. Орон нутгийн өрийн удирдлага, зохицуулалт

20.1. Аймаг, нийслэлийн Засаг дарга нь энэ хуулийн 6.2.2, 7.1.2, 8.1.4-т заасны дагуу санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хянуулж, Засгийн газраас зөвшөөрөл авсны үндсэн дээр зээллэг хийх бөгөөд зээллэг хийх шийдвэрийг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батална.

20.2. Аймаг, нийслэлийн Засаг даргын улсын төсвөөс тухайн төсвийн жилийн дотор эргэн төлөгдөх нөхцөлтэй өр үүсгэх асуудлыг Төсвийн тухай хуульд зааснаар зохицуулна.

20.3. Дараах шаардлагыг хангасан аймаг, нийслэл нь Төсвийн тухай хуулийн 58.1, 58.2-т заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтын төслийг зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлж болно:

20.3.1. улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг авдаггүй байх;

20.3.2. тухайн орон нутгийн төсвийн үндсэн тэнцлийн ашиг нь суурь зардлынхаа 50 хувиас багагүй байх.

20.4. Энэ хуулийн 20.3-т заасны дагуу үүсгэх орон нутгийн өрийн үлдэгдлийн хэмжээ нь тухайн аймаг, нийслэлийн өмнөх гурван жилийн төсвийн дундаж суурь орлогын 50 хувиас, тухайн төсвийн жилд төлөх өрийн үйлчилгээний хэмжээ нь суурь
зардлын 50 хувиас ихгүй байна.

20.5. Энэ хуулийн 20.3-т заасны дагуу үүсгэсэн өрийн үйлчилгээг тухайн орон нутгийн төсвийн үндсэн тэнцлийн ашгаас суурь зарлагатай тэнцэх дүнгээр төсөвт нь үлдээсэн хөрөнгийн эх үүсвэрээс төлнө.

20.6. Аймаг, нийслэлийн төсөвт энэ хуулийн 20.3-т заасны дагуу өр үүсгэхдээ дараах хөрөнгө, орлогыг өрийн барьцаа болгох, өрийн үйлчилгээг санхүүжүүлэхийг хориглоно:

20.6.1. Төсвийн тухай хуулийн 61.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд хамаарах аймаг, нийслэлийн өмчийн эд хөрөнгө;

20.6.2. аймаг, нийслэлийн төсвийн бүх төрлийн орлого;

20.6.3. улсын төсвөөс олгосон тусгай зориулалтын шилжүүлэг;

20.6.4. улсын төсвийн орлогын шилжүүлэг.

20.7. Аймаг, нийслэлийн Засаг дарга нь энэ хуулийн 20.3-т заасны дагуу өр үүсгэхдээ дараах шаардлагыг хангана:

20.7.1. өр үүсгэх эх үүсвэр нь энэ хуулийн 18.1, 20.4-т заасан шаардлагад нийцсэн байх;

20.7.2. өр үүсгэн санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ нь тухайн асуудал болон эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хянагдсан байх;

20.7.3. санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хянагдсан байх;

20.7.4. Засгийн газраас зөвшөөрөл авч, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулах;

20.7.5. өрийн зориулалтыг нийтэд мэдээлэх, шаардлагатай бол олон нийтийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж хэлэлцүүлэх.

20.8. Аймаг, нийслэлийн Засаг дарга өр үүсгэх аливаа гэрээнд гарын үсэг зурсан болон үнэт цаас арилжаалснаас хойш ажлын 10 хоногийн дотор гэрээний хуулбар, холбогдох баримт бичиг, мэдээллийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

20.9. Аймаг, нийслэлийн Засаг дарга нь тухайн орон нутгийн энэ хуульд зааснаар тодорхойлогдох өмнөх улирлын өрийн үлдэгдлийн талаарх мэдээлэл болон хугацаа хэтэрсэн өр, түүнд ногдох хүү, алданги торгуулийн нийлбэрийн дүнг дараа улирлын эхний сарын 10-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

20.10. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тухайн орон нутагт хамаарах зээллэг, өртэй холбогдолтой аливаа мэдээллийг шаардсан тохиолдолд аймаг, нийслэлийн Засаг дарга нь хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор холбогдох мэдээллийг хүргүүлнэ.

20.11. Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуульд зааснаас бусад тохиолдолд орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр өр үүсгэх, баталгаа гаргах, аливаа хэлбэрээр санхүүгийн үүрэг хүлээхийг хориглоно.

20.12. Аймаг, нийслэлийн өрийн үйлчилгээг тухайн орон нутгийн төсвөөс гүйцэтгэнэ.

20.13. Энэ хуулийн 20.11-д аймаг, нийслэлийн Засаг даргын тухайн төсвийн жилд эргэн төлөгдөх төсвийн зээл хамаарахгүй.

21 дүгээр зүйл. Засгийн газрын өрийн зохицуулалтын үйл ажиллагаа

21.1. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь өрийн багцын оновчтой бүтцийг бий болгох, эрсдэлийг зохистой удирдах зорилгоор стратегийн баримт бичигт тусгасан өрийн зохицуулалтын дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж болно:

21.1.1. валютын болон хүүгийн своп /солилцоо/ хийх;

21.1.2. валютын форвард хэлцэлд орох;

21.1.3. өрийг дахин санхүүжүүлэх, шилжүүлэх болон худалдах;

21.1.4. өрийг хугацаанаас нь өмнө буцаан худалдан авах;

21.1.5. бусад.

22 дугаар зүйл. Өрийн удирдлагын зөвлөл

22.1. Өрийн удирдлагын бодлого, стратегийг тодорхойлох, хэрэгжүүлэхэд зөвлөх чиг үүрэг бүхий орон тооны бус Өрийн удирдлагын зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/-ийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр байгуулна.

22.2. Зөвлөл нь дараах асуудлаар зөвлөмж гаргана:

22.2.1. Засгийн газрын өрийн удирдлагын бодлого;

22.2.2. стратегийн баримт бичгийн төсөл;

22.2.3. стратегийн баримт бичгийн хэрэгжилт;

22.2.4. тогтвортой байдлын шалгуур үзүүлэлтийн гүйцэтгэл;

22.2.5. Засгийн газрын өрийн зохицуулалтын үйл ажиллагаа.

22.3. Зөвлөлийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн удирдах бөгөөд Зөвлөлийн ажиллах журмыг Засгийн газраас батална.

22.4. Зөвлөлийг санхүү, төсвийн болон эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон санхүү, эдийн засгийн салбарын мэргэшсэн судлаачдын төлөөллийг оролцуулан 9 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд байгуулна.

23 дугаар зүйл. Засгийн газрын өрийн үйлчилгээ

23.1. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Засгийн газрын өрийн үйлчилгээг тогтоосон хугацаанд нь бүрэн гүйцэтгэнэ.

23.2. Засгийн газрын өрийн үйлчилгээний журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, мөрдүүлнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ӨР ҮҮСГЭХ БОЛОН ӨРИЙН УДИРДЛАГЫН ХЭРЭГЖИЛТ

Нэгдүгээр дэд бүлэг
Засгийн газрын гадаад зээл

24 дүгээр зүйл. Засгийн газрын гадаад зээл, түүнд тавигдах шаардлага

24.1. Засгийн газрын гадаад зээл нь энэ хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд дараах төрөлтэй байна:

24.1.1. арилжааны буюу 15 хүртэлх хувийн хөнгөлөлтийн түвшинтэй зээл;

24.1.2. хөнгөлөлттэй буюу 15-35 хүртэлх хувийн хөнгөлөлтийн түвшинтэй зээл;

24.1.3. нэн хөнгөлөлттэй буюу 35 болон түүнээс дээш хувийн хөнгөлөлтийн түвшинтэй зээл.

24.2. Засгийн газрын арилжааны нөхцөлтэй гадаад зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ нь энэ хуулийн 19.5-д заасан шаардлагыг хангасан байна.

24.3. Засгийн газрын хөнгөлөлттэй болон нэн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ нь дараах шаардлагыг хангасан байна:

24.3.1. энэ хуулийн 19.5.1-19.5.4 болон 19.5.7-д заасан шаардлагыг хангасан байх;

24.3.2. олон улсын байгууллага, түнш оронтой гэрээ байгуулах, хэлэлцээ хийхэд Монгол Улсын нийтлэг ашиг сонирхлыг харгалзсан байх;

24.3.3. төсөл, арга хэмжээний Засгийн газраас санхүүжүүлэх дүнд дараах зүйлийг оруулан тооцсон байх:

24.3.3.а/ шууд санхүүжилт буюу бараа, ажил, үйлчилгээний төлбөр;

24.3.3.б/ шууд бус санхүүжилт буюу татвар, төлбөр, хураамжийн хөнгөлөлт, чөлөөлөлт болон төсөл, арга хэмжээний хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай бусад дэмжлэг.

24.4. Засгийн газрын гадаад зээлийн гэрээ, хэлэлцээр байгуулагдсаны үндсэн дээр тухайн төсөл, арга хэмжээний хөрөнгийн эх үүсвэрийг төсөвт тусгана.

24.5. Засгийн газрын гадаад зээлийн гэрээ, хэлэлцээр нь тухайн төсвийн жилийн дундуур байгуулагдсан тохиолдолд уг зээлийн хөрөнгийн эх үүсвэрийг Төсвийн тухай хуулийн 47.1.2-т заасныг удирдлага болгон нэмэлт төсөвт тусгана.

25 дугаар зүйл. Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийн ашиглалт

25.1. Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний зорилго, нийгмийн үр өгөөж, эдийн засгийн үр ашиг, эргэн төлөгдөх чадвараас нь хамааруулж эх үүсвэрийг дараах хэлбэрээр ашиглана:

25.1.1. төсөл хэрэгжүүлэх гэрээний үндсэн дээр эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр санхүүжүүлэх;

25.1.2. дамжуулан зээлдүүлэх;

25.1.3. Засгийн газар, яамд, тэдгээрийн харъяа байгууллагуудын хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх.

25.2. Нийгмийн үр өгөөжтэй, улсын төсөвт эргэн төлөгдөх чадваргүй төсөл, арга хэмжээг нэн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх чиглэл баримтлах ба ийнхүү санхүүжүүлэх боломжгүй тохиолдолд хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлж болно.

25.3. Энэ __________хуулийн 7.1.5-д зааснаас бусад тохиолдолд Засгийн газрын арилжааны нөхцөлтэй гадаад зээлийн хөрөнгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээний үндсэн дээр ашиглана.

25.4. Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмыг санхүү, төсвийн болон эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран баталж, мөрдүүлнэ.

25.5. Энэ хуулийн 25.1.1-д заасан төсөл хэрэгжүүлэх гэрээний хүрээнд бий болсон үндсэн хөрөнгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу төрийн болон орон нутгийн өмчид бүртгэнэ.

26 дугаар зүйл. Гадаад зээл авах, гэрээ байгуулах

26.1. Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Олон улсын гэрээний тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт үндэслэн гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг зээлдүүлэгч талд тавьж, хэлэлцээ хийнэ.

26.2. Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 26.1-д заасан хэлэлцээг хийхдээ санхүү, төсвийн болон холбогдох салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, харъяа агентлаг, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн бусад байгууллагын оролцуулна.

26.3. Засгийн газар нь тусгайлан эрх олгосноос бусад тохиолдолд эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гадаад зээлийн гэрээг байгуулна.

26.4. Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гадаад эх үүсвэрээс зээл авах, зээлийн гэрээ байгуулах эрх хэмжээг хэрэгжүүлэхэд дараах шаардлагыг хангана:

26.4.1. гадаад эх үүсвэрээс авах зээлийн хэмжээ нь энэ хуульд заасны дагуу тухайн төсвийн жилийн зээллэгийн дээд хэмжээ болон зээллэгийн төлөвлөгөөнд нийцсэн байх;

26.4.2. энэ хуулийн 17.3-т заасан санал, дүгнэлтийг авсан байх;

26.4.3. тухайн төсөл, арга хэмжээ хэрэгжих салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг авсан байх.

26.5. Салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 26.4.3-т заасан саналыг ирүүлэхдээ Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйл болон энэ хуулийн 19.5.4, 19.5.7-д заасан шаардлагыг хангасан байна.

26.6. Монгол Улсын Их Хурлаар соёрхон баталсан гадаад зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тусгайлсан болон санхүүжилтийн гэрээ, хэлэлцээрийг хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газар нь холбогдох этгээдтэй шууд байгуулж болно.

26.7. Гадаад зээлийн гэрээ, хэлэлцээр байгуулсан тухай бүр уг гэрээ, хэлэлцээрийн хувийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

26.8. Энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг зөрчиж гадаад эх үүсвэрээс зээл
авах, зээлийн гэрээ байгуулахыг хориглоно.

Хоёрдугаар дэд бүлэг
Засгийн газар болон аймаг, нийслэлийн үнэт цаас

27 дугаар зүйл. Засгийн газрын үнэт цаас гаргах

27.1. Засгийн газрын дотоод үнэт цаасыг энэ хуулийн 13.1.1-13.1.4, гадаад үнэт цаасыг энэ хуулийн 13.1.1, 13.1.4-13.1.6-д заасан зориулалтаар гаргана.

27.2. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Засгийн газрын үнэт цаас гаргагчийн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

27.3. Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаас гаргахтай холбогдолтой аливаа шийдвэрийн төслийг энэ хуулийн 8.2.4-т заасныг үндэслэн Засгийн газарт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Улсын Их Хуралд Засгийн газар оруулна.

27.4. Засгийн газрын үнэт цаас гаргахад дараах шаардлагыг хангасан байна:

27.4.1. тухайн жилийн төсвийн хуульд тусгасан байх;

27.4.2. гаргах үнэт цаасны үнийн дүн нь энэ хуульд заасны дагуу тухайн төсвийн жилийн зээллэгийн дээд хэмжээнд нийцсэн байх;

27.4.3. стратегийн баримт бичигт нийцсэн байх.

27.5. Засгийн газрын тухайн төсвийн жилд арилжаалах дотоод үнэт цаасны хуваарийг зээллэгийн төлөвлөгөө болон стратегийн баримт бичигт нийцүүлэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

27.6. Засгийн газрын үнэт цаас гаргах хуваарьт дараахийг тусгана:

27.6.1. үнэт цаасны төрөл, нөхцөл, хэмжээ;

27.6.2. үнэт цаас арилжаалах хэлбэр;

27.6.3. үнэт цаасны арилжааны болон төлбөр тооцооны огноо.

27.7. Засгийн газрын үнэт цаас гаргахтай холбогдсон зардлыг улсын төсөвт тусган санхүүжүүлнэ.

27.8. Засгийн газрын гадаад үнэт цаасны хөрөнгийг энэ хуулийн 19.5-д заасан шаардлагыг хангасан төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээний үндсэн дээр ашиглана.

27.9. Засгийн газрын гадаад үнэт цаасыг энэ хуулийн 13.1.5-д заасан зориулалтаар гаргах санаачилгыг Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргаж, санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөнө.

27.10. Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч, хоёрдогч зах зээлийн үйл ажиллагааны болон Засгийн газрын гадаад үнэт цаасыг гаргах, арилжаалах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас боловсруулж, Засгийн газар баталж, мөрдүүлнэ.

27.11. Үнэт цаас гаргагч нь тухайн төсвийн жилд арилжаалах Засгийн газрын дотоод үнэт цаасны хуваарийг бэлтгэн баталж, олон нийтэд мэдээлнэ.

27.12. Энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг зөрчиж Засгийн газрын үнэт цаас гаргахыг хориглоно.

28 дугаар зүйл. Засгийн газрын үнэт цаасны төрөл

28.1. Засгийн газрын үнэт цаасыг дараах байдлаар ангилна:

28.1.1. нэг хүртэлх жилийн хугацаанд эргэн төлөгдөх богино хугацаат
үнэт цаас;

28.1.2. нэгээс тав хүртэлх жилийн хугацаанд эргэн төлөгдөх дунд
хугацаат үнэт цаас;

28.1.3. таваас дээш жилийн хугацаанд эргэн төлөгдөх урт хугацаат үнэт
цаас;

29 дүгээр зүйл. Аймаг, нийслэлийн үнэт цаас гаргах

29.1. Энэ хуулийн 20.3.1-20.3.2-т заасан шалгуурыг хангасан аймаг, нийслэл нь тухайн орон нутгийн улирлын шинж чанартай орлогын дутагдлыг санхүүжүүлэх зориулалтаар тухайн төсвийн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр аймаг, нийслэлийн үнэт цаас гаргаж болно.

29.2. Аймаг, нийслэлийн Засаг дарга нь аймаг, нийслэлийн үнэт цаас гаргагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх ба аймаг, нийслэлийн үнэт цаас гаргах саналыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

29.3. Аймаг, нийслэлийн үнэт цаас гаргахад энэ хуулийн 20.1-д заасныг удирдлага болгох бөгөөд дараах шаардлагыг хангасан байна:

29.3.1. Засгийн газраас үнэт цаас гаргах тухай зөвшөөрөл авсан байх;

29.3.2. аймаг, нийслэлийн зээллэгийн зээллэгийн дээд хэмжээнд нийцсэн
байх;

29.3.3. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймаг, нийслэлийн үнэт цаас гаргах санаачилгыг дэмжсэн байх.

29.4. Аймаг, нийслэлийн үнэт цаас гаргах шийдвэрийн төслийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Засгийн газарт оруулах ба Засгийн газар аймаг, нийслэлийн үнэт цаас гаргах эсэхийг шийдвэрлэнэ.

29.5. Энэ хуулийн 29.4-т заасан Засгийн газар зөвшөөрөлд үндэслэн аймаг, нийслэлийн үнэт цаас гаргах шийдвэрийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батална.

29.6. Аймаг, нийслэлийн Засаг даргын үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэхтэй холбоотой журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас боловсруулж, Засгийн газар баталж, мөрдүүлнэ.

29.7. Аймаг, нийслэлийн үнэт цаас гаргахтай холбогдсон зардлыг тухайн орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлнэ.

29.8. Энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг зөрчиж аймаг, нийслэлийн үнэт цаас гаргахыг хориглоно.

Гуравдугаар дэд бүлэг
Дамжуулан зээлдүүлэх зээл

30 дугаар зүйл. Засгийн газрын дамжуулан зээлдүүлэх зээл, түүнд тавигдах шаардлага

30.1. Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор дамжуулан зээлдүүлж болно.

30.2. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу дэд зээлдэгч, эцсийн зээлдэгчтэй байгуулсан дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээг үндэслэн зээлийн хөрөнгийг олгоно.

30.3. Дэд зээлдэгч гэдэгт энэ хуульд заасны дагуу дамжуулан зээлдүүлсэн зээлийг эцсийн зээлдэгчид дамжуулан олгож байгаа төсвийн ерөнхийлөн захирагч, Монголбанк, Монгол Улсын Хөгжлийн банк /цаашид “Хөгжлийн банк” гэх/, арилжааны
банк болон бусад санхүүгийн байгууллагыг ойлгоно.

30.4. Эцсийн зээлдэгч гэдэгт энэ хуульд заасны дагуу дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээний үндсэн дээр зээлийн хөрөнгийг, хүүгийн хамт эргэн төлөх нөхцөлтэйгөөр авч байгаа Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдийг ойлгоно.

30.5. Засгийн газрын зээллэгийн хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагчаар дамжуулан эцсийн зээлдэгчид зээлдүүлэх тохиолдолд энэ хуулийн 19.5.1-19.5.6,

24.3.3-т заасан шаардлагыг удирдлага болгоно.

30.6. Засгийн газрын зээллэгийн хөрөнгийг дэд зээлдэгч буюу Монголбанк, Хөгжлийн банк, арилжааны банк болон бусад санхүүгийн байгууллагаар дамжуулан эцсийн зээлдэгчид зээлдүүлэх тохиолдолд энэ хуулийн 19.5.1-19.5.3, 19.5.5-19.5.7-д
заасан шаардлагыг удирдлага болгоно.

30.7. Энэ хуулийн 30.6-д заасан дэд зээлдэгч нь дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээний үндсэн дээр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг сонгон шалгаруулах, үр нөлөөг үнэлэх асуудлыг бие даан шийдвэрлэх ба үүнтэй холбогдон үүсэх эрсдэлийг бүрэн хариуцна.

30.8. Засгийн газрын зээллэгийн хөрөнгийг Хөгжлийн банкинд дамжуулан зээлдүүлэх харилцааг энэ хуулиар, Хөгжлийн банкнаас уг дамжуулан зээлийн хөрөнгийн эх үүсвэрийг ашиглах харилцааг Монгол Улсын Хөгжлийн банкны тухай
хуульд заасны дагуу зохицуулна.

30.9. Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн газар баталж, мөрдүүлнэ.

30.10. Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээг байгуулахдаа эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, дүгнэлтийг авсан байна.

30.11. Энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг зөрчиж дамжуулан зээлдүүлэхийг хориглоно.

31 дүгээр зүйл. Дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээ байгуулах

31.1. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээг байгуулах бөгөөд уг гэрээний хугацаа нь үндсэн зээлийн гэрээний хугацаанаас ихгүй байна.

31.2. Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор дамжуулан зээлдүүлэх тохиолдолд тухайн салбар, эсхүл орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагч нь дэд зээлдэгчийн үүргийг гүйцэтгэх бөгөөд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон дэд зээлдэгч, эцсийн зээлдэгчийн хооронд гурвалсан гэрээ байгуулна.

31.3. Энэ хуулийн 31.2-т заасан төсөл, арга хэмжээг Хөгжлийн банкаар санхүүжүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн тохиолдолд Хөгжлийн банк нь дэд зээлдэгчийн үүргийг гүйцэтгэх бөгөөд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон дэд зээлдэгч, эцсийн зээлдэгчийн хооронд гурвалсан гэрээ байгуулна.

31.4. Арилжааны банк, бусад санхүүгийн байгууллагаар, эсхүл энэ хуулийн 31.3-т зааснаас бусад тохиолдолд Хөгжлийн банкаар дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээ нь дараах шатлалаар хийгдэнэ:

31.4.1. санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Хөгжлийн банк, арилжааны банк, эсхүл бусад санхүүгийн байгууллагын хооронд дамжуулан зээлдүүлэх зээлийн хоёр талт гэрээг байгуулна;

31.4.2. Хөгжлийн банк, арилжааны банк, эсхүл бусад санхүүгийн байгууллага нь эцсийн зээлдэгчтэй дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээг байгуулна.

31.5. Энэ хуулийн 31.4.2-т заасны дагуу байгуулагдсан дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээ, түүний хэрэгжилт энэ хуульд заасан нөхцөл шаардлагад нийцэж байгаа эсэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавих эрхтэй.

31.6. Дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээний нөхцөлийг Засгийн газрын тухайн зээллэгийн нөхцөлтэй уялдуулан тодорхойлох бөгөөд төсөвт аливаа нэмэлт төлбөрийн дарамт учруулахгүй байх зарчмыг баримтална.

31.7. Энэ хуулийн 33.2-т зааснаас бусад тохиолдолд дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээний ерөнхий нөхцөлийг өөрчлөх, гэрээний хугацаа, үндсэн өрийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацааг сунгах, хүүгийн төлбөрөөс чөлөөлөхийг хориглоно.

32 дугаар зүйл. Дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээний талуудын үүрэг

32.1. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэгтэй.

32.2. Дэд зээлдэгч нь дараах нийтлэг үүрэгтэй:

32.2.1. эцсийн зээлдэгчийн зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих;

32.2.2. эцсийн зээлдэгч тус бүр дээр зээлийн дэлгэрэнгүй бүртгэл хөтлөх;

32.2.3. төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаарх тайлан, мэдээллийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтмол хүргүүлэх, эдгээр тайлан, мэдээллийн үнэн зөв, найдвартай байдлыг хангуулах;

32.2.4. санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын өмнө эцсийн зээлдэгчийн нэгэн адил үүрэг, хариуцлага хүлээх;

32.2.5. тухайн төсөл, арга хэмжээний эрсдэлийг хариуцах;

32.2.6. зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу удирдаж ашиглах.

32.3. Эцсийн зээлдэгч нь дараах нийтлэг үүрэгтэй:

32.3.1. зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу удирдаж ашиглах;

32.3.2. дамжуулан зээлдүүлэх зээлийн үндсэн, хүүгийн болон бусад төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөх;

32.3.3. дэд зээлдэгчид төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар тайлан, мэдээллийг тогтмол хүргүүлэх, эдгээр тайлан, мэдээллийн үнэн зөв, найдвартай байдалд хариуцлага хүлээх.

33 дугаар зүйл. Дамжуулан зээлдүүлэх зээлийн төлбөрийн үүрэг гүйцэтгүүлэх

33.1. Дэд болон эцсийн зээлдэгч нь дамжуулан зээлдүүлэх зээлийн эргэн төлөлтийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулах үүрэгтэй.

33.2. Тухайн салбарт төрөөс баримталж байгаа бодлого, зохицуулалтаас шалтгаалж дамжуулан зээлдүүлсэн зээл төлөгдөхгүй байх эрсдэл үүссэн тохиолдолд тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь энэ тухай мэдэгдлийг нотлох баримт, тооцоо, судалгааны хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад санал, дүгнэлт гаргуулахаар нэн даруй хүргүүлнэ.

33.3. Энэ хуулийн 33.2-т заасны дагуу тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь асуудлыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, дүгнэлтийн хамт Засгийн газарт уламжлан Улсын Их Хуралд
танилцуулан шийдвэрлүүлнэ.

33.4. Дэд зээлдэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж зээл төлөгдөхгүй байх нөхцөл байдал үүссэн тохиолдолд гэрээ болон энэ хуулийн 46.2.4-т заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

33.5. Энэ хуулийн 31.2 болон 31.3-т заасан гэрээний хүрээнд эцсийн зээлдэгч төлбөрийн үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд дэд зээлдэгч нь төлбөрийн үүргийг гүйцэтгэнэ.

33.6. Дэд болон эцсийн зээлдэгч нь дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээнд заасан төлбөрийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх эрхтэй:

33.6.1. төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд төсвийн багцад нь шилжүүлэх санхүүгийн дэмжлэг, ерөнхий орлогын данснаас зээлийн авлагыг суутган тооцох;

33.6.2. төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн хувьд тэдгээрийн арилжааны банкин дах дансыг хаалгах, холбогдох данснаас авлага барагдуулах хэмжээний хөрөнгийг суутган авах, бусад байгууллагатай харилцан авлагатай бол тухайн байгууллагаас харилцан суутган тооцох;

33.6.3. Монголбанк, арилжааны банк болон бусад санхүүгийн байгууллагаар дамжуулан олгосон зээлийн хувьд гэрээнд заасны дагуу холбогдох арга хэмжээг авах;

33.6.4. хуульд заасны дагуу холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэх.

ТАВДУГААР БҮЛЭГ
ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРИЙН БАТАЛГАА

34 дүгээр зүйл. Засгийн газрын өрийн баталгаа, түүнд тавигдах шаардлага

34.1. Засгийн газар нь Монгол Улсын Хөгжлийн банкны авах зээллэгт болон энэ хуулийн 34.4-т заасан хуулийн этгээдийн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зээллэгт Засгийн газрын өрийн баталгаа гаргаж болно.

34.2. Засгийн газрын гаргах өрийн баталгаа нь энэ хуулийн 17.1 болон 18.1-д заасан шаардлагыг хангасан байна.

34.3. Засгийн газрын өрийн баталгаа гаргах зээллэгийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ нь энэ хуулийн 19.5.2-19.5.4, 19.5.7-д заасан шаардлагыг хангасан байна.

34.4. Дараах этгээд нь төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр зээллэг хийхдээ Засгийн газрын өрийн баталгаа гаргуулахаар тухайн салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүсэлт тавьж болно:

34.4.1. төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээд;

34.4.2. энэ хуулийн 34.4.1-д зааснаас бусад дотоодын хөрөнгө оруулалт бүхий Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд.

34.5. Энэ хуулийн 34.4-т заасан хүсэлтийг тухайн салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгуулахаар эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.

34.6. Энэ хуулийн 34.3-т заасан шаардлагыг хангасан төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зээллэгт Засгийн газрын өрийн баталгаа гаргуулах хүсэлтийг эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгуулна.

34.7. Энэ хуулийн 17.1-д заасныг удирдлага болгон Засгийн газрын өрийн баталгаа гаргах асуудлыг энэ хуулийн 34.6-д заасны дагуу санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Засгийн газарт тухай бүр танилцуулж шийдвэрлүүлнэ.

34.8. Хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын өрийн баталгаа бүхий зээллэгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжих хугацаа нь түүнийг санхүүжүүлэх зээллэгийн эргэн төлөх хугацаанаас ихгүй байна.

34.9. Засгийн газрын өрийн баталгаа нь төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна.

34.10. Засгийн газрын өрийн баталгааны хүрээнд хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээ, тэдгээрийн эрсдэлийн тооцооллыг дараах баримт бичигт тусгана:

34.10.1. дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн танилцуулга;

34.10.2. төсвийн төслийн танилцуулга;

34.10.3. төсвийн гүйцэтгэлийн танилцуулга.

34.11. Энэ хуульд заасан шаардлагыг зөрчиж Засгийн газрын өрийн баталгаа гаргахыг хориглоно.

35 дугаар зүйл. Засгийн газрын өрийн баталгаа гаргуулагчид тавигдах шаардлага

35.1. Засгийн газрын өрийн баталгаа гаргуулагч /цаашид “баталгаа гаргуулагч” гэх/ гэдэгт Монгол Улсын Хөгжлийн банк болон энэ хуулийн 34.4-т заасан этгээдийг тус тус ойлгоно.

35.2. Баталгаа гаргуулагч нь дараах шаардлагыг бүрэн хангасан байна:

35.2.1. сүүлийн гурван жил санхүүгийн тайлан тэнцлээр ашигтай ажилласан байх;

35.2.2. хугацаа хэтэрсэн өргүй байх;

35.2.3. зээлдүүлэгч байгууллага нь баталгаа гаргуулагчтай нэгдмэл сонирхолгүй, хамааралгүй этгээд байх;

35.2.4. Засгийн газрын өрийн баталгаа гаргуулах зээллэгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ нь энэ хуулийн 34.3-т заасан шаардлагыг хангасан байх;

35.2.5. холбогдох мэдээлэл, тайлан тооцоо, баримт бичгийг хуульд заасны дагуу, үнэн зөв бүрдүүлсэн байх;

35.2.6. Засгийн газрын өрийн баталгаа гаргуулж байгаа зээл, үнэт цаасыг эргэн төлөх чадвартай байх.

35.3. Баталгаа гаргуулагч нь дараах нийтлэг үүрэгтэй:

35.3.1. баталгааны гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэх;

35.3.2. гэрээнд тусгагдсан нөхцөлөөр зээллэгийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөх;

35.3.3. төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаарх тайлан, мэдээллийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтмол хүргүүлэх, эдгээр тайлан, мэдээллийн үнэн зөв, найдвартай байдлыг хангах;

35.3.4. баталгааны сангийн шимтгэлийг тогтоосон хугацаанд бүрэн төлөх;

35.3.5. энэ хуулийн 38.6-д заасны дагуу авлагыг үл маргах журмаар төлж барагдуулах.

35.4. Хөгжлийн банкны хийх зээллэгт Засгийн газрын өрийн баталгаа гаргаж байгаа тохиолдолд энэ хуулийн 35.2.1-д заасан шаардлага хамаарахгүй.

36 дугаар зүйл. Засгийн газрын өрийн баталгаа гаргах журам

36.1. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 34.7-д заасныг үндэслэн Засгийн газрын өрийн баталгаа гаргагчийн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

36.2. Энэ хуулийн 34.4-т заасан этгээдийн хийх зээллэгийн 85 хүртэлх хувьд, Хөгжлийн банкны хийх зээллэгийн 100 хүртэлх хувьд Засгийн газрын өрийн баталгаа гаргаж болно.

36.3. Хөгжлийн банкны хийх зээллэгийн хөрөнгөөр санхүүжүүлэх нийт төсөл, арга хэмжээнд эзлэх нийгмийн үр өгөөжтэй, эргэн төлөх чадваргүй төсөл, арга хэмжээний нийт төсөвт өртөг 15 хувиас хэтрэхгүй тохиолдолд тухайн зээллэгт Засгийн
газрын өрийн баталгаа гаргана.

36.4. Засгийн газрын гаргах өрийн баталгаа нь тухайн зээллэгийн үндсэн болон хүүгийн төлбөрт хамаарна.

36.5. Засгийн газрын өрийн баталгааны санд баталгаа гаргуулагчийн төлөх шимтгэлийн дүнг тооцох аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн газраас баталж мөрдүүлнэ.

36.6. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь баталгаа гаргуулагч энэ хуулийн 35.2.6-д заасны дагуу зээллэгийн хөрөнгийг эргэн төлөх чадвартай эсэхэд эрсдэлийн үнэлгээг хийнэ.

36.7. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 36.6-д заасан үнэлгээг хийхдээ хөндлөнгийн мэргэжлийн байгууллагын дэмжлэг, эсхүл зөвлөх үйлчилгээг авч болно.

36.8. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь зээлдүүлэгч болон баталгаа гаргуулагчтай баталгааны гэрээг, баталгаа гаргуулагчтай авлага барагдуулах гэрээг тус тус байгуулна.

36.9. Засгийн газрын өрийн баталгааны дагуу байгуулах гэрээ, түүнд тавигдах шаардлага, авлага барагдуулах журам, гэрээний загварыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас боловсруулж, Засгийн газар баталж, мөрдүүлнэ. Засгийн газрын өрийн баталгааны гэрээнд энэ хуулийн 38.4-т заасан нөхцлийг тусгана.

36.10. Засгийн газрын өрийн баталгааны гэрээ нь баталгаа гаргуулагч энэ хуулийн 36.5-д заасны дагуу шимтгэл төлснөөр хүчин төгөлдөр болно.

36.11. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Засгийн газрын өрийн баталгаа бүхий зээллэгийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээ болон гэрээний хэрэгжилт, зээлдэгчийн төлбөрийн чадварын байдалд жил бүр эрсдэлийн үнэлгээ хийнэ.

36.12. Засгийн газрын өрийн баталгаа бүхий зээллэгийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээ болон Засгийн газрын өрийн баталгааны гэрээ, түүний хэрэгжилт энэ хуульд заасан нөхцөл шаардлагад нийцэж байгаа эсэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавих эрхтэй.

37 дугаар зүйл. Засгийн газрын өрийн баталгааны сан

37.1. Засгийн газрын өрийн баталгааны үүргийн гүйцэтгэлийг хангахад шаардлагатай мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг татан төвлөрүүлэх зорилгоор Засгийн газрын өрийн баталгааны санг Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасны дагуу байгуулна.

37.2. Засгийн газрын өрийн баталгааны сангийн эх үүсвэрийн бүрдүүлэлт, хяналт, бүртгэл, тайлагналттай холбоотой харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулна.

37.3. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Засгийн газрын өрийн баталгааны санд тухайн жилд төсвөөс хуримтлуулах шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг бууруулах замаар жил бүр төсвийн төсөлд тусган Засгийн газарт хүргүүлнэ.

38 дугаар зүйл. Засгийн газрын өрийн баталгааны сангаас төлбөр гүйцэтгэх

38.1. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Засгийн газрын өрийн баталгааны үүрэгтэй холбогдон гарах төлбөрийн үүргийг Засгийн газрын өрийн баталгааны сангаас энэ хуульд заасны дагуу төлж барагдуулна.

38.2. Баталгаа гаргуулагч нь үндсэн болон хүүгийн төлбөрийг гүйцэтгэж чадахгүй болсон тухай мэдэгдлийг холбогдох нотлох баримт, мэдээлэл болон баталгаа гаргуулагчийн төлбөрийн чадварын талаарх Үндэсний аудитын газраас хийгдсэн шалгалтын дүгнэлтийн хамтаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон зээлдүүлэгчид нэн даруй хүргүүлнэ.

38.3. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь энэ хуулийн

38.2-т заасан нотолгоо бүхий мэдэгдлийг үнэн зөв болох нь батлагдсан тохиолдолд зээлдүүлэгч талын төлбөрийн нэхэмжлэх дээр үндэслэн Засгийн газрын шийдвэрээр Засгийн газрын өрийн баталгааны сангаас төлбөрийг гүйцэтгэнэ.

38.4. Баталгаа гаргуулагч энэ хуулийн 38.2-т заасан мэдэгдлийг хүргүүлснээс хойш зээлдүүлэгч нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас 30 хоногийн дотор баталгааны төлбөрийг нэхэмжлээгүй тохиолдолд
тухайн төлбөрийг хүчингүй болсонд тооцож, Засгийн газрын өрийн баталгааны тухайн төлбөрийн үүрэг дуусгавар болно.

38.5. Засгийн газрын өрийн баталгааны сангаас төлбөр гүйцэтгэсний дараа тухайн дүнгээр баталгаа гаргуулагч этгээдийн нэр дээр авлага үүсгэнэ.

38.6. Энэ хуулийн 38.5-д заасны дагуу баталгаа гаргуулагчаас авлага барагдуулах ажиллагааг энэ хуулийн 36.8-д заасан гэрээ болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохицуулна.

38.7. Засгийн газрын өрийн баталгааны үүрэг нь гэрээний үүргээ биелүүлснээр, эсхүл гэрээнд заасан бусад үндэслэлээр дуусгавар болно.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ӨРИЙН УДИРДЛАГЫН ИЛ ТОД БАЙДАЛ БА ХЯНАЛТ

39 дүгээр зүйл. Өрийн удирдлагын ил тод байдал, хэрэгжилт

39.1. Хуульд өөрөөр заагаагүй бол улсын нийт гадаад өр, Засгийн газрын өр болон Засгийн газрын өрийн баталгааны талаарх мэдээлэл, бүртгэл, тайлагналт нь ил тод байна.

39.2. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь өрийн удирдлагын ил тод байдлыг дараах хэлбэрээр хангана:

39.2.1. өр төлбөрийн бүртгэл, тайлагналтыг хууль тогтоомжид зааснаар хэрэгжүүлэх;

39.2.2. улсын нийт гадаад өр, Засгийн газрын өр болон Засгийн газрын өрийн баталгааны талаарх мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, бүртгэл хөтлөх, мэдээлэх;

39.2.3. стратегийн баримт бичиг, зээллэгийн төлөвлөгөө, тэдгээрийн хэрэгжилт, улсын нийт гадаад өр, Засгийн газрын өр болон өрийн баталгааны дүн, тооцооллын талаар Улсын Их Хурал, Засгийн газарт тайлагнах.

39.3. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Засгийн газрын өр болон өрийн баталгааны үлдэгдлийг улирал тутам, дунд, урт хугацааны өрийн үйлчилгээний төсөөллийг жил бүр тооцоолон гаргаж, олон нийтэд мэдээлнэ.

39.4. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь улсын нийт гадаад өрийг Монголбанктай хамтран гаргаж, олон нийтэд мэдээлнэ.

39.5. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь улсын нийт гадаад өр, өрийн шалгуур үзүүлэлт, Засгийн газрын өрийн баталгааны талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хагас жил тутам, шаардлагатай
тохиолдолд тухай бүр тайлагнах үүрэгтэй.

40 дүгээр зүйл. Өрийн мэдээллийн нэгдсэн сан

40.1. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь өрийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж хөтөлнө.

40.2. Өрийн мэдээллийн нэгдсэн санд дараах мэдээллийг төвлөрүүлнэ:

40.2.1. улсын нийт гадаад өр, Засгийн газрын өр болон өрийн баталгааны үлдэгдэл;

40.2.2. Засгийн газар, аймаг, нийслэлийн үнэт цаасны арилжааны мэдээлэл, хуваарь;

40.2.3. Засгийн газрын гадаад зээллэг, тэдгээрийн ашиглалт, гүйцэтгэл, дамжуулан зээлдүүлсэн зээл;

40.2.4. дэд болон эцсийн зээлдэгч, Засгийн газрын өрийн баталгаа гаргуулагчийн төлбөрийн чадварын байдал, холбогдох гэрээний хэрэгжилт;

40.2.5. Засгийн газрын өрийн баталгаа болон зээллэгийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний талаарх мэдээлэл.

40.2.6. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.3-т заасан Засгийн газрын зээл болон баталгаа;

40.2.7. болзошгүй өр төлбөрийн мэдээлэл;

40.2.8. улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын санхүүжилтийн гэрээнээс үүсэх өрийн мэдээлэл;

40.2.9. аймаг, нийслэлийн өрийн мэдээлэл;

40.2.10. Засгийн газрын тусгай сангуудын өрийн мэдээлэл;

40.2.11. төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн өр;

40.2.12. холбогдох бусад мэдээлэл.

40.3. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь өрийн мэдээллийн нэгдсэн санд энэ хуулийн 40.2-т заасан мэдээллийг тогтмол бүрдүүлж, тухай бүр шинэчилнэ.

40.4. Өрийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх зорилгоор энэ хуулийн 40.2-т заасан мэдээллийг дараах байгууллагууд нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад улирал бүр тогтмол хүргүүлэх үүрэгтэй:

40.4.1. төсвийн ерөнхийлөн захирагч;

40.4.2. төсвийн төвлөрүүлэн захирагч;

40.4.3. төсвийн санхүүжилт бүхий байгууллагууд;

40.4.4. төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээд;

40.4.5. Монголбанк, Хөгжлийн банк;

40.4.6. дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээний дэд зээлдэгч болон эцсийн зээлдэгч;

40.4.7. Засгийн газрын өрийн баталгаа гаргуулагч;

40.4.8. холбогдох бусад этгээд.

40.5. Өрийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, мэдээлэл хүлээн авах, төвлөрүүлэх, өр төлбөрийг бүртгэх, тайлагнах журмыг маягт, зааврын хамтаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, мөрдүүлнэ.

40.6. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь өрийн удирдлагын ил тод байдлыг хангах зорилгоор улсын нийт гадаад өр, Засгийн газрын өр болон Засгийн газрын өрийн баталгааны талаар жилд нэг удаа олон нийтэд мэдээлнэ.

40.7. Энэ хуульд заасан байгууллага, албан тушаалтан өрийн мэдээллийн нэгдсэн санд мэдээллийг үнэн зөв, цаг хугацаанд нь бүртгэж, хадгалах, хамгаалах үүрэгтэй.

41 дүгээр зүйл. Өрийн бүртгэл

41.1. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 17.1-д заасны Засгийн газрын өр болон өрийн баталгааны хязгаарыг нэрлэсэн үнээр тооцож, бүртгэнэ.

41.2. Засгийн газрын гадаад зээлийн гэрээний мэдээллийг гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөр өрийн мэдээллийн нэгдсэн санд оруулах бөгөөд зээлийн ашиглалт гарсан өдрөөс эхлэн өрд бүртгэнэ.

41.3. Засгийн газрын болон аймаг, нийслэлийн үнэт цаасыг төлбөр тооцоо хийгдсэн өдрөөр нь өрийн мэдээллийн нэгдсэн санд оруулж, өрд бүртгэнэ.

41.4. Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээний мэдээллийг гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөр өрийн мэдээллийн нэгдсэн санд оруулж, зээлийн ашиглалт гарснаар авлагад бүртгэнэ.

41.5. Засгийн газрын өрийн баталгааг гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөр өрийн мэдээллийн нэгдсэн санд оруулж, гаргасан өрийн баталгааны дүнгээр болзошгүй өр төлбөрт бүртгэнэ.

41.6. Энэ хуулийн 38.3-т заасан шийдвэрт үндэслэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тухайн өрийн баталгааны Засгийн газрын төлбөл зохих төлбөрийн үүргийн дүнг өрд бүртгэнэ.

41.7. Засгийн газрын өрийн баталгааг энэ хуулийн 41.6-д заасны дагуу Засгийн газрын өрд бүртгэсэн тохиолдолд тухайн дүнгээр Засгийн газрын өрийн баталгааны үлдэгдлээс хасна.

41.8. Улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын гэрээг хүчин төгөлдөр болсон өдрөөр өрийн мэдээллийн нэгдсэн санд оруулж, Засгийн газрын өрд бүртгэнэ.

41.9. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.2-т заасан Засгийн газрын зээл болон Засгийн газрын өрийн баталгааны бүртгэлийг хөтөлнө.

42 дугаар зүйл. Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний бүртгэл

42.1. Санхүү, төсвийн болон эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг бүртгэх чиг үүргийг хамтран гүйцэтгэх бөгөөд энэхүү чиг үүргийн хүрээнд холбогдох этгээдээс шаардлагатай баримт, мэдээллийг гаргуулах эрхтэй.

43 дугаар зүйл. Засгийн газрын өрийн тайлагналт

43.1. Засгийн газрын өрийн мэдээлэл нь нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг байна.

43.2. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Засгийн газрын өрийн мэдээлэлд дараах зүйлийг тусгана:

43.2.1. тухайн төсвийн жилийн өрийн удирдлага, зохицуулалтын үйл ажиллагаа;

43.2.2. Засгийн газар болон аймаг, нийслэлийн тухайн жилд хийсэн зээллэг, өрийн үйлчилгээний мэдээлэл;

43.2.3. өрийн багцын мэдээлэл, холбогдох зардал, эрсдэлийн шинжилгээ;

43.2.4. Засгийн газрын гаргасан өрийн баталгааны мэдээлэл;

43.2.5. дамжуулан зээлдүүлсэн зээлийн талаарх мэдээлэл;

43.2.6. шаардлагатай бусад мэдээлэл.

43.3. Засгийн газрын өрийн баталгаа гаргасан төсөл, арга хэмжээний хүрээнд үүсэх, эсхүл үүссэн болзошгүй өр төлбөр, түүнчлэн төсөвтэй холбоотой бусад болзошгүй өр төлбөр, тэдгээрийн эрсдэлийн тооцооллын тухай мэдээллийг Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тодруулга хэлбэрээр оруулж тайлагнана.

44 дүгээр зүйл. Өрийн удирдлагын хяналт

44.1. Засгийн газрын өрийн удирдлагын хэрэгжилтэд Улсын Их Хурал хяналт тавьж, тухай бүр Засгийн газарт чиглэл өгч болно.

44.2. Стратегийн баримт бичгийн хэрэгжилтэд Үндэсний аудитын газраас гурван жил тутам хөндлөнгийн аудит хийх бөгөөд тайланг олон нийтэд ил тод болгоно.

44.3. Өрийн удирдлагын хэрэгжилтэд Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу жил бүр дотоод аудит хийнэ.

44.4. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл холбогдох эрх бүхий байгууллага нь дотоод болон хөндлөнгийн аудитын зөвлөмжийн дагуу зохих арга хэмжээг авч, хэрэгжилтийг тайлагнана.

44.5. Төсвийн ерөнхийлөн захирагч болон төсөл хэрэгжүүлэгч нь тухайн салбарт хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явц, үр дүнд жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх бөгөөд шаардлагатай бол холбогдох хяналтын байгууллага, албан тушаалтныг оролцуулж болно.

ДОЛДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

45 дугаар зүйл. Хариуцлага хүлээлгэх үндэслэл

45.1. Засгийн газраас өргөн мэдүүлсэн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, тухайн жилийн нэгдсэн төсвийн төсөл нь энэ хуулийн 17.1-д заасан өрийн хязгаар болон Засгийн газрын өрийн баталгааны хязгаарыг зөрчихөөр бол Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 18.2-т заасны дагуу нэгдсэн төсвийн төслийг батлахгүй байх буюу буцаах үндэслэл болно.

45.2. Энэ хуулийн 17.4-т зааснаас бусад тохиолдолд нэгдсэн төсвийн гүйцэтгэл нь энэ хуулийн 17.1-д заасан Засгийн газрын өрийн болон Засгийн газрын өрийн баталгааны хязгаарыг зөрчсөн тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин
гуравдугаар зүйлд заасны дагуу Засгийн газрыг огцруулах тухай санал гаргах үндэслэл болно.

45.3. Аймаг, нийслэлийн Засаг дарга нь энэ хуулийн 20.6, 20.11-д заасныг зөрчсөн тохиолдолд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу Засаг даргыг огцруулах үндэслэл болно.

45.4. Улсын Их Хурал дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, жилийн төсөв батлах, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулахдаа энэ хуулийн 17.1-д заасан өрийн хязгаар болон Засгийн газрын өрийн баталгааны хязгаарыг зөрчсөн нь Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу хориг тавих бүрэн эрхээ хэрэгжүүлэх үндэслэл болно.

45.5. Өрийн удирдлагын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд энэ хуульд заасны дагуу хариуцлага тооцож, албан тушаалаас огцруулсан нь түүнийг эрүүгийн болон захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

45.6. Энэ хуульд заасан үнэлгээ хийсэн этгээд нь тухайн үнэлгээний үр дүн, үнэн зөв байдалд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээнэ.

46 дугаар зүйл. Өрийн удирдлагын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

46.1. Энэ хуулийн 26.7, 27.12, 30.11 болон 31.7-д заасныг зөрчсөн холбогдох эрх бүхий этгээд, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавиас зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, энэ зөрчлийг удаа дараа гаргасан бол төрийн албанд 10 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдууна.

46.2. Өрийн удирдлагын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, эсхүл санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч дараах шийтгэлийг ногдуулна:

46.2.1. энэ хуулийн 20.8, 20.9, 20.10, 40.4-т заасан тооцоо, санал, төсвийн төсөл, мэдээ, мэдээлэл, тайланг тогтоосон хугацаанд нь хүргүүлээгүй бол буруутай этгээд, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

46.2.2. энэ хуулийн 32.2, 32.3, 35.3, 38.6-д заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх;

46.2.3. энэ хуулийн 33.4-т заасан буруутай этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавиас зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, учирсан хохирлыг бүрэн нөхөн төлүүлэх;

46.2.4. энэ хуулийн 40.7-д заасныг зөрчсөн буруутай албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

46.2.5. энэ хуульд заасан нийтэд мэдээлэх үүргээ биелүүлээгүй албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.

46.3. Энэ хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан шийтгэлийг шүүгч, 46.2.1, 46.2.4,

46.2.5-д заасан шийтгэлийг санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч ногдуулна.

46.4. Зөрчлийн хэлбэр, хүлээлгэх хариуцлагаас үл хамааран энэ хуулийг зөрчсөний улмаас төрд хохирол учруулсан буруутай этгээд уг хохирлыг төлж барагдуулна.

47 дугаар зүйл. Хуулийг дагаж мөрдөх журам

47.1. Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө.

47.2. Энэ хуулийн 5-12 дугаар зүйл, 17 дугаар зүйлийн 17.1, 17.4 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 18.3 дах хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.4 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 45 дугаар зүйлд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах, эсхүл хүчингүй болгох асуудлыг Монгол Улсын Их Хурлын нийт гишүүдийн  гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ.

Comment (1)

  • Ч.Батжаргал Орхон аймаг Баян Өндөр сумын иргэн (66.181.160.55)
    Төсвийн алдагдалын санхүүжүүлхийг хориглох хэрэгтэй,өрийг өрөөр дарахдаа 70 хувиас дээшгүй байх жилийн төлөх хүү дүн нэг их наядаас жил бүр багасгаж арван жилийн дотор тэг блогох
    2022 оны 06 сарын 02 | Reply