Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Байгаль орчин

Шанси нүүрсний уурхайн нөхөн сэргээлтэд 4 тэрбум доллар зарцуулна

Шанси мужийн Засгийн газар ирэх 5 жилийн хугацаанд хийх уурхайн нөхөн сэргээлтэд нийтдээ 4.2 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөснөө өнгөрсөн сарын сүүлээр мэдэгджээ. Ерөнхий төлөвлөгөөгөөр нүүрсний уурхайдын үйл ажиллагааны нөлөөгөөр онгилогдож сүйтгэгдсэн газрыг шороогоор дүүргэж, улмаар ногоон нөмрөгтэй болгох ажил багтжээ. Мөн нутгийн иргэд болох 1300 гаруй тосгоны 650 мянган иргэнийг нүүлгэж суурьшуулахаас гадна 1.1 сая хүний хуучин байшинг засч сэргээх ажлыг хамруулжээ. 

1949 онд БНХАУ байгуулагдсанаас хойш үндэсний хэмжээний нүүрсний бүс нутаг болох Шанси нийтдээ 14.5 тэрбум тонн нүүрс олборлосон байдаг байна.

Хэдийгээр энэ үйл ажиллагааны дүнд мужийн эдийн засаг ихээхэн ашиг хүртдэг ч уурхайн үйл ажиллагаа өрнөсөн 5000 шоо км газрын 60% нь нүх болж үлдсэний сацуу 2.3 сая хүний аж амьдралд нөлөөлжээ.

Зарим уурхайн үйл ажиллагаа фермийн аж ахуйн нутгийг сүйтгэж, иргэдийн ундны усыг бохирдуулжээ. Энэ байдлыг уурхайн зөв төлөвлөлт, урьдчилан сэргийлсэн арга хэмжээ болон олборлолтын дараах нөхөн сэргээлтийн ажлаар сайжруулж өөрчилж болно гэж Засгийн газрын мэргэжилтэн өгүүлжээ.

Мужийн Засгийн газар асуудлыг шийдэхээр шат дараатай ажил өрнүүлж буй бөгөөд 2004-2010 онд эхний шатны нөхөн сэргээх ажлыг хийж хэрэгжүүлжээ. Мөн нөлөөлөлд өртсөн 180 мянган айл өрхийг нүүлгэн шилжүүлжээ.


Б.Төгс