Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

“Пийбоди Энержи” Нүүрсний уурхайг хоёр жилийн хугацаанд иж бүрнээр нь нөхөн сэргээжээ



Н.Ариунтуяа

Булган аймгийн Сайхан сумыг монголчууд уруул чимчигнэм амтат айргаар нь төсөөлдөг. 2008 онд Н.Түвшинбаяр олимпийн аварга болсноор айрагны өлгий нутагт Олимпийн аваргын нутаг хэмээх тодотгол нэмэгджээ. Харин уул уурхай хийгээд байгаль орчны салбарынханд Эрээний уурхайн нөхөн сэргээлт гэдэг шинэ ойлголтоор сүүлийн жилүүдэд төсөөлөгдөх болсон билээ.

Америкийн нүүрсний тэргүүлэх компани “Пийбоди Энержи” Монголд үйл ажиллагаа явуулаад 7 жил болж байгаа бөгөөд Эрээний уурхайн нөхөн сэргээлтийн төслийг 2009 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ нь Монгол улсад нүүрсний уурхайн анхны бүрэн дүүрэн нөхөн сэргээлт болж буйгаараа онцлог төдийгүй бусдад туршлага, үлгэр болж буй газар. Тиймээс ч нөхөн сэргээлтийг нь нүдээр харах боломж олдсонд олзуурхав.

Эрээний уурхайн нөхөн сэргээлттэй танилцах, орон нутгийн иргэдэд өвс хаман боогч ‘ПТ 165 М” маркийн машиныг хүлээлгэн өгч, паспорт гардуулах үйл ажиллагаанд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, “Пийбоди Энержи” компанийн Монгол, Энэтхэгийг хариуцсан Ерөнхийлөгч Аршад Саиед, Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайхан, Булган аймгийн Сайхан сумын Засаг дарга Н.Мэнд-Амар, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн П.Ганхуяг, АНУ-ын ЭСЯ, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийнхний төлөөлөл оролцсон юм.

Өргөсгүй тороор хашсан нов ногоон уулын энгэр зочдоо угтав. Хэдхэн жилийн өмнө энд 40 метрийн гүнтэй ухсан нүх, 20 шахам метр уурхайн овоолго байсан гэж төсөөлөхөд бэрх. Сайтар ажиглавал торон хашаан доторх газрын өнгө орчны газраас ялимгүй тод юм. Бусдаар бол уул уурхайн олборлолт явагдсан газар гэж анзаарахааргүй юм билээ.  Эрээний уурхайн нөхөн сэргээсэн талбайн зэрэгцээ “Илчит металл” ХХК-ийн нүүрсний олборлолт явагдаж байна.   
 
ХААИС-ийн Байгалийн ухааны сургуулийн Биологийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Д.Түмэнжаргалын хэлснээр энд 2009 онд техникийн нөхөн сэргээлт, 2010 онд биологийн нөхөн сэргээлт хийжээ. Олон улсын жишиг, туршлагаар биологийн нөхөн сэргээлтийг суурь судалгаан дээр үндэслэн хийдэг. Доктор Д.Түмэнжаргалаар ахлуулсан биологийн нөхөн сэргээлт хариуцсан баг уурхайн олборлолтын өмнөх суурь судалгаан дээр ажилласнаас гадна 2009 онд орон нутгийн ургамлын судалгааг явуулжээ. Уурхайн олборлолтоор эвдэгдсэн газарт тухайн нутагт ургадаг ургамлыг тариалах ёстой гэнэ. Тариалах ургамлын хольцыг сонгохдоо буурцагт ургамал, үет ургамал оруулж сонгодог жишгийн дагуу эрлийз царгас хэмээх буурцагт ургамал, соргүй согоовор, саман ерхөг, Сибирийн хялгана гэсэн 3 зүйлийн үетэн ургамлыг хольж тариалжээ.

Энэ ажил АНУ-ын нөхөн сэргээлтэд хэрэглэдэг арга туршлагыг нэвтрүүлэх, нутагшуулах зорилготой. Тиймээс тариалах ургамлын үрийн нормыг харьцангуй багаар сонгодог Америкийн туршлагын дагуу дээрх 4 зүйл ургамлын үрийг холихдоо 1 га-д 10 кг-аар тооцож хийжээ. Харин техникийн нөхөн сэргээлтийн хувьд 15-20 см шимт хөрсөөр хучих Монгол улсын стандартыг мөрдсөн ч зарим газар 30-35 см зузаан шимт хөрсөөр хучсан байна. Бас нэг онцлог нь ямар нэг бордоо хэрэглээгүй, усалгаа хийгээгүй ажээ. Нөхөн сэргээлтийн дараах мониторингийг ургамлын болон амьтны чиглэлээр 5 дахь жилдээ тасралтгүй үргэлжлүүлж байгаа юм. 

Нөхөн сэргээсэн 18 га талбайд ургамлын мониторингийн 12 байнгын цэг бий. Цэгүүд дээр тарьсан ургамлынхаа ургалтыг хэмжихээс гадна байгалийн ургамал хэрхэн түрж орж ирж буй хэмжилтүүдийг ч хийдэг. Байгалийн ургамлын тархалтын судалгаа нь нөхөн сэргээсэн талбай унаган төрхөндөө хэр ойртож байгааг харуулдаг байна. 2011 оноос байгалийн ургамал аажмаар түрж орж ирсэн бөгөөд эхний жилдээ 13 зүйл, 2012 онд 26, 2013 оны намар тарьсан 4 зүйлээс гадна байгалийн 50 гаруй зүйл ургамал ургаж байгаа аж. Сонирхуулахад, Эрээний уурхайн эргэн тойронд 40-өөд зүйлийн байгалийн ургамал ургадаг. Байгалийн ургамлын зүйл нэмэгдэж байгаа нь шимт хөрсний үрийн нөөцтэй холбоотой гэнэ.

Нөхөн сэргээсэн талбай байгалийн унаган төрхөндөө хэр ойртож байгааг тодорхойлох олон шалгуур үзүүлэлт байдгийн нэг нь амьтны нутагших байдал юм. Амьтны мониторингийг 2012 оноос хийж эхэлсэн бөгөөд 2 дахь жилээс нутгийн уугуул амьтад нөхөн сэргээсэн талбай руу орж эхэлсэн байна. Туулай олноор үзэгдэж, тарваганы шинэхэн нүх тааралдан, хэд хэдэн зүйлийн шувуу цугларч, маш олон зүйлийн шавж харагдах болсон нь эх байгаль эргэн сэргэж буйн илрэл юм. Ирсэн зочид тарвага нутагшсан цэгийг дурангаар сонирхсон билээ. Хэдийгээр тороор хашсан ч доогуур нь жижиг амьтад чөлөөтэй нэвтрэх боломжтой. Хавар намрын цагт цөөхүүлээ явбал нэлээд олон амьтан үзэж болно хэмээн ХААИС-ийн Байгалийн ухааны сургуулийн Биологийн тэнхимийн ахлах багш, амьтан судлаач Ч.Ууганбаяр сонирхуулав. Хөхтөн амьтад, шувууд, шавжийг ажиглахад ихэнх нь ойт хээрийн бүсийн амьтад байгаа нь нутгийн уугуул амьтад идээших төлөвтэйг харуулж байгаа аж.

Мониторинг цаашид үргэлжлэх бөгөөд хяналт шинжилгээний ажлын үр дүн бусад уул уурхайн компаниудад ч туршлага болохуйц үзүүлэлт юм. Тиймээс ч нөхөн сэргээсэн талбайг судалгааны маш том объект гэж үзэж байгаа аж.  Монголд бүрэн хэмжээгээр ингэж нөхөн сэргээсэн талбай ховор учраас эндээс гарч ирэх мэдээллийг судлаачид чухалчилж байна.

Нөхөн сэргээлтийн талбай дахь зэгст бяцхан цөөрөм жаргах нарны туяанд үзэсгэлэнтэйгээр туяарна. Хиймэл гэхээргүй байгалийн төрхтэй харагдах нь тойруулан тарьсан зэгснийх биз. Сайхан сумын 6 дугаар багт ундны цэвэр усны боломж бага. Тиймээс гүний ундаргаас хамаарах худгийг нөхөн сэргээсэн талбайн захад байгуулсан нь орон нутгийн иргэдийг талархлыг хүлээсэн ажил болжээ. Энэхүү худгаас ойр орчмын иргэд 24 цагаар ус авах боломжтой. Хиймэл нуурыг  худгийн илүүдэл усаар тэжээдэг байна.   
18 га энэхүү талбайг орон нутаг бэлчээрийн газар болгохыг хүссэн ч судалгааны үр дүнгээр ургац сайтай байсан тул хадлангийн талбай болгох дүгнэлтэд хүрчээ. 2012 оноос хойш туршилтын хадлан хадаж, үр дүн ч сайн гараад байна. 

Сайхан сумын иргэд “Пийбоди” компаниас өвс хаман боогч машин хүссэнийг ёсоор болгож, орон нутагт хандивлаж, хүлээлгэн өгөх үйл ажиллагаа энэ өдөр болсон юм. 28 сая төгрөгийн өртөгтэй өвс хаман боогч машиныг MB Engineering компанид захиалан оруулж иржээ. Энэхүү машин Монголд 2 жилийн өмнөөс туршигдаж, үр өгөөжөө өгсөн техник ажээ. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны мэргэжилтний яриагаар ийм хаман боогч машинтай сум бүү хэл аймаг ховорхон гэнэ.  Нөхөн сэргээсэн талбайн 10 орчим га газрын өвсийг хадахаар төлөвлөсөн бөгөөд 20 тонн хадлан авах боломжтой гэж үзжээ.  

“Пийбоди Энержи” компанийн Монгол, Энэтхэгийг хариуцсан Ерөнхийлөгч Аршад Саиед, “Бид өөрсдийн туршлага, амжилтаас хуваалцахаас гадна нөхөн сэргээлтийн явцад тулгарсан саад бэрхшээлээс  хуваалцах нь чухал” гэсэн юм. Уул уурхайн компаниуд нөхөн сэргээлтэд анхаарал хандуулж, унасан нэр хүндээ аврах нэг гарцыг эвдэж хөндсөн газар нутгаа унаган төрхөнд оруулах хэмээн харж эхэлсэн энэ цаг үед Эрээний уурхайн нөхөн сэргээлтийн арга туршлага, бас алдаа оноо, ялангуяа нөхөн сэргээлтийн дараах хяналт шинжилгээний ажлын үр дүнтэй танилцаж, өөрсдийн ажилтай харьцуулж, санаа оноо аваасай гэсэн сэтгэгдэл тээсээр буцав. “Пийбоди Энержи” компани ч Монгол улстай урт удаан хугацаанд тогтвортой түншлэхийн тулд сайн арга туршлагаа хуваалцахад ямагт бэлэн байгаагаа илэрхийлсээр ирсэн.  

Дашрамд дурдахад, Эрээний уурхайд хийсэн нөхөн сэргээлтийн ажил Нью-Иоркт болсон Global Energy хэмээх Олон улсын эрчим хүчний байгууллагуудад өгдөг шагналын тавдугаар байрт орсон. Бас Mongolian Mining Journal сэтгүүлээс зохион байгуулдаг Mining Journal Awards-ын 2011 оны “Шилдэг эко уурхай” номинацийн эзэн болж байсан билээ.


Эрээний уурхайн нөхөн сэргээлттэй танилцсан хүмүүсийн сэтгэгдлийг уншигчидтайгаа хуваалцъя.   




Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун:                 
Нөхөн сэргээлтийг чанартай, хариуцлагатай хийвэл хэдхэн жилийн дотор байгаль хэвэндээ орохоос гадна үр шимээ ч өгөх боломжтойг Эрээний уурхайн нөхөн сэргээлт харуулж байна. Эдийн засаг хөгжих ёстой, уул уурхай уурхай урагшлах ёстой. Заавал тэрсэлдэх биш, сэтгэлээ гаргаад чанартай нөхөн сэргээлт хийж чадвал уул уурхай ч явна, чанартай ажлын байр ч бий болно. Баялгаа ашиглаж, байгалиа ч буцаагаад нөхөн сэргээж болохын сайхан жишээг харуулж, орон нутагтай хамтран сайхан ажиллаж байгааг харлаа.  

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:
Хоёр жилийн өмнө бид Булган аймгийг ногоон хөгжлийн загвар аймаг болгох санаачилга гаргаж, орон нутаг маань ч дэмжсэн юм. Үүний илрэл болсон нөхөн сэргээлтийн том ажил энд хийгдэж байна. Уул уурхайн нөхөн сэргээлтийг бүрэн дүүрэн, олон улсын түвшний стандартаар сэргээж буй энэ туршлага улс орон даяар түгнэ гэж найдаж байна.




Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид:

Уул уурхайн хөгжил 4 шат дамжлагатай. Геологи эрэл хайгуулаар ямар баялаг байгааг тодорхойлсны дараа уул уурхайн олборлолт явуулдаг. Эрдэс баялгаа олборлоод дууссаны дараа энэ орчныг цаашид яаж тэтгэж явах асуудлыг хаалтын үйл ажиллагаагаар шийддэг. Хаалтын дараа ашигласан талбайгаа унаган төрхөнд оруулах нөхөн сэргээлтийн үе шат гэж бий. Уул уурхайн ажлын 4 дэх шат болох нөхөн сэргээлтийн ажилтай танилцах боломж бидэнд олдож байна. Эрээний уурхайн нөхөн сэргээлт Монгол улсад жишиг болохуйц болсныг харж байна. Монгол улсад “Пийбоди Энержи” шиг олон улсын хариуцлагатай компанийн хөрөнгө оруулалт чухал юм.    

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн П.Ганхуяг:
Монголд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас бэлчээрийн төрөл зүйлийн хомсдол бий болж байна. Түүний зэрэгцээ уул уурхайн ашиглалт цөлжилт, элэгдлийг улам нэмэгдүүлж байгаа нөхцөлд орон нутагт ургадаг ургамлын зүйлийг нэмэгдүүлж чадаж байгаа нь их чухал юм.  18 га-д хийсэн энэ нөхөн сэргээлт жижиг хэдий ч бусад уул уурхайн компаниуд энэ жишиг, стандарт, технологийн дагуу хийж чадвал Монголын бэлчээрийн ургамлын төрөл зүйлийн хомсдол сэргэх боломжтойг харуулснаараа ач холбогдолтой болжээ.

Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайхан:
2013 оны эхээр ногоон хөгжлийн загвар аймаг болгох Булган аймгийн ИТХ-ын тогтоолыг баталснаар 2013 оны 9 дүгээр сараас бид Байгаль орчин ногоон хөгжлийн яамтай хамтран хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. Энэ ажлын нэг хэсэг болох уул уурхайн нөхөн сэргээлтийн ажил хэр зэрэг үр дүнтэй болж буйг, уул уурхайн олборлолтод өртсөн газрыг одоо ямар төрхөнд оруулсныг нүдээр харлаа. Цаашид судалгаа туршилтын томоохон талбай болох юм байна. Энэ талбай дээр Булган аймаг дахь эмийн ховор ургамлуудыг тарьж нутагшуулах ажлыг хийгээсэй гэж хүсч байна.           

Булган аймгийн Сайхан сумын Засаг дарга Н.Мэнд-Амар:
Сайхан сум маань 4602 хүн ам, 281833 толгой мал, 814 малчин өрхтэй. Иргэд уул уурхайн компаниудтай харилцан ойлголцож, хамтарч ажиллах сайхан боломжийг Сайханчууд бид эдэлж байна.

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Т.Дөлбаяр:
Өмнөговь аймаг Монгол улсын хэмжээнд хамгийн олон уурхайтай. Тэнд оршин буй иргэдийн болон байгаль экологи, мал аж ахуйн бүхий л нөхцөлийг уул уурхай эвдэн өөрчлөөд ирэхээр зөрчилдөх, дэмжихгүй байх, ажиллуулахгүй гэх асуудал орон нутагт тулгарч байна. Аймгийн хэмжээнд 14 уурхай ажиллаж байна. Оюутолгойгоос бусад нь нүүрсний уурхай. 20-100 гаруй жилийн хугацаанд ашиглах ТЭЗҮ-тэй уурхайнууд. Мөдхөн эхний уурхай хаагдаж, хаалт, нөхөн сэргээлтийн ажил хийгдэж таарна. Үүнд Монгол улсдаа туршлага болох Эрээний уурхайн нөхөн сэргээлтийн ажил сайн үлгэр жишээ болно гэдэгт итгэлтэй байна. Хүн л хэлэхгүй бол мэдэхгүй хүнд яг л унаган төрхөөрөө байгаа мэт харагдаж байна. Өмнөговьд маш том уул нуруу шиг овоолгууд байгаа. Тэднийг ирээдүйд унаган төрхөнд нь оруулан сэргээх боломж байгааг харсандаа баяртай байна.    

Аршад Саиед: Бид өөрсдийгөө монголчуудад таниулах, бас өөрсдөө ч Монголын уул уурхайг танин мэдэхийн тулд энэ төслийг хэрэгжүүлсэн



“Пийбоди Энержи” компанийн Монгол, Энэтхэгийг хариуцсан Ерөнхийлөгч Аршад Саиедтай ярилцсан юм.   


“Пийбоди Энержи” компани Монгол дахь үйл ажил­лагаагаа нөхөн сэргээлтийн ажлаар эхэлсний учир юу вэ?     
“Пийбоди Энержи” компани аливаа улс оронд үйл ажиллагаагаа явуулахдаа нэг гол зарчмыг баримталдаг. Энэ нь урт удаан хугацаанд тогтвортой хамтран ажиллахын тулд тухайн улс орны нөхцөл байдлыг маш сайн ойлгож мэдэх явдал юм. Бид Монгол улсад анх 7 жилийн өмнө өөрийн салбар төлөөлөгчийн газраа нээсэн. Дараагаар нь Монголд үйл ажиллагаа явуулж байгаа компанид хөрөнгө оруулалт хийн “Пийбоди Винсвэй” хамтарсан компанийг байгуулсан бөгөөд тус хамтарсан компанийн эзэмшлийн уурхайн ашиглалтын хугацаа дуусаж байсантай холбогдуулан хаалтын нөхөн сэргээлтийг хийх болсон. Энэ нь манай компанид уурхайн нөхөн сэргээлт, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлдэг олон жилийн мэдлэг туршлагаа Монгол улсад бодитойгоор хэрэгжүүлэх боломжийг олгосонд бид олзуурхдаг.

Монголын уул уурхайн салбар дахь нөхөн сэргээлтийн талаар Та ямар сэтгэгдэлтэй явдаг вэ?
Монголын уул уурхай дөнгөж эхлэлийн үедээ явж байна. Энэ бол маш чухал үе. Тиймээс  Монголын уул уурхайг зөв аргаар ашиглах тэр чадамж, хууль тогтоомжийг бий болгох ёстой. Уул уурхайг ашигласан л бол нөхөн сэргээлт хийх үе шат дамжлага байх ёстойг хуульчлах ёстой. Гэхдээ Төр, засгийн түвшиндээ ч, ард иргэдийн хувьд ч нөхөн сэргээлт маш чухлыг ойлгож эхэлж байгаа нь монголчуудын хувьд маш том алхам, амжилт юм.

“Пийбоди Энержи” компани Монголд ямар төсөл хэрэгжүүлэх бол гэсэн хүлээлт байдаг. Монгол дахь үйл ажиллагаагаа цаашид юунд чиглүүлэх вэ?
“Пийбоди Энержи” компанийн хувьд зөв төслийг олж ажиллах нь маш чухал байдаг.   “Пийбоди Энержи” компани АНУ-ын Вайоминг мужид анх үйл ажиллагаа явуулахдаа яаж дэлхийн хэмжээний нүүрсний уурхайн салбар байгуулах вэ гэдэг асуудалтай тулгарч байсан. Бид Вайоминг мужид байгуулсан шигээ дэлхийн хэмжээний том нүүрсний уурхай байгуулах сонирхолтой байгаа. Тэр нь үр дүнтэй, технологийн хувьд шилдэг, аюулгүй байдлыг хангасан, дэлхийн стандартад нийцсэн тийм төсөл байх болно. Вайомингийнх шиг дэлхийн хэмжээний том төсөл байгуулж чадна гэдгээ харуулахын тулд Тавантолгой шиг төсөлд оролцох сонирхолтой байгаа.                       

“Пийбоди энержи” компани Тавантолгойн төсөлд хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсээр ирсэн. Ер нь Тавантолгойн орд газрыг цаашид ямар арга замаар хөгжүүлж, олон улсын хэмжээний томоохон уурхай болгох боломжтой гэж үзэж байна вэ?
Нүүрсний салбарт 131 жил ажилласан баялаг туршлагадаа тулгуурлан “Пийбоди” нь Тавантолгойн орд газрыг үр ашигт чиглэсэн, зах зээлийн зарчимд тулгуурласан байдлаар хөгжүүлэх нь хамгийн оновчтой арга зам болохыг дэмждэг. Төслийг хамгийн үр ашигтайгаар амжилттай хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газрын сонгосон Монголын болон бусад орны аж ахуйн нэгжүүдтэй үр дүнтэй, нягт хамтран ажиллахад “Пийбоди” бэлэн байгаагаа үүгээр уламжилж байна.

Тавантолгойн орд газрыг хөгжүүлэхэд Монгол Улсын Их Хурлын 2008 оны 40 дүгээр тогтоол, 2010 оны 39 болон 48 дугаар тогтоолуудыг үндэслэн олон улсын нэр хүндтэй компани Төслийн менежер болон Уурхайн оператораар сонгогдох нь зүйтэй. Ингэснээр Тавантолгой төслийн үнэ цэн ойрын хэдэн жилд эрс өсч, олон улсын санхүүгийн зах зээл дээр Тавантолгой төслийг сонирхох боломж мөн нэмэгдэнэ.

Тавантолгойн уурхайн одоогийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн борлуулалтад тулгарч буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхэд богино хугацааны болон урт хугацааны олон улсын практикт суурилсан стратегийн зөвлөгөө чиглэл Монголын хамтрагч аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай байгаа. Цаашдаа Тавантолгойн орд газрыг нэгдмэл цогц байдлаар хөгжүүлж, нөөцийн бүрэн ашиглалтыг нэмэгдүүлэн, байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллийг багасган, урт хугацааны тогтвортой хөгжлийг бий болгох нь нэн чухал юм.  

                 

  • Зочин (103.23.51.12)
    nutag mn ulam olon olon anhdagch uiliiin ulgii boloh boltugai
    2014 оны 09 сарын 08 | Хариулах