Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

Нөхөн сэргээлтийн сан байгуулах хуулийн төсөл боловсруулжээ

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун “Пийбоди Энержи” компанийн Эрээний уурхайн нөхөн сэргээлттэй танилцах үеэр дараах тодруулгыг авлаа.  

Монгол улсын хувьд байгаль орчны хамгийн тулгамдсан асуудал юу вэ?

Байгаль орчны нөхөн сэргээлтийг шинэ шатанд гаргаад, компаниудыг түүнийг хийж чаддаг болгох нь хамгийн “топ” ажил гэж хэлмээр байна. Эдийн засгийн гол тулгуур нь уул уурхай байгаа учраас уул уурхай болоод бусад үйлдвэрлэлийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, түүний стандартуудыг сайжруулах нь их чухал байна. Улаанбаатарт мэдээж агаарын бохирдол, гэр хорооллын орчны бохирдол гээд тулгамдсан асуудлууд байгаатай адил улсын хэмжээнд яривал нөхөн сэргээлтийн стандартыг сайжруулах, эвдэгдэж, эзэнгүй хаягдсан газруудыг нөхөн сэргээх нь тулгамдсан асуудал болоод байна. Улсын төсөвт нөхөн сэргээлтийн мөнгө суудаггүй. Үүнийг улсын ажил гэж үздэггүй, компаниудын хийх ажил гэж үздэг.

Гэтэл компаниудын байр суурь одоо л өөрчлөгдөж байгаа болохоор биш 90-ээд оны шилжилтийн үед юун нөхөн сэргээх, хурдхан шиг л орлого олохыг чухалчилдаг байсан шүү дээ. Ялангуяа шилжилтийн 20 жилд нөхөн сэргээгдээгүй эвдэгдэж хаягдсан газар маш их. Энэ нь бидний нэг муухай өв болчихоод байна.

Бид Уул уурхайн яамтай хамтраад нөхөн сэргээгдээгүй хаягдсан газруудын судалгааг хийсэн. Онцгүй тоонууд гарч байна. 6 мянган га гэсэн тоо байсан бол сүүлийн судалгаагаар 10 мянга га гэсэн тоо гарч байгаа. Хаана ямар газар орхигдсон байна, эзэнтэй нь хаана байна, эзэнтэйг нь эвдсэн эздээр нь нөхөн сэргээлгэх талаар ажиллаж байна. Гэтэл эзэнгүй болчихсон, эсвэл аль социализмын үеэс үлдсэн талбайнууд байж байдаг. Тэр бүү хэл батлан хамгаалахын зориулалтаар эвдэгдсэн газрууд ч бий. Эдгээр эзэнгүй талбайг нэг удаадаа улсын мөнгөөр сэргээх ажлыг санаачлаад байгаа.

Нөхөн сэргээлтийн сан байгуулаад, уул уурхайгаас орж буй орлогын багахан хувийг тэр санд хуримтлуулж, сүүлийн 20 жилд өвлөөд авчихсан нөхөн сэргээгдээгүй талбайнуудыг нэг удаа янзалж авах нь их чухал байна. Уул уурхайн яамтай хамтран хуулийн төсөл боловсруулаад Засгийн газарт танилцуулахаар бэлдчихээд байгаа. Засгийн газар, УИХ дэмжих юм бол ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 1 хувийг цуглуулаад хаягдсан талбайг нөхөн сэргээх боломжтой болно. Сүүлийн 2 жилд Улсын төсөв болоод яамны ч төсөв багасаад байгаа учраас тусгайлан нөхөн сэргээлтийн мөнгийг төсөвт суулгаж чадахгүй байсан юм. Уул уурхайгаас орж байгаа орлогын багахан хувийг нөхөн сэргээлтэд зориулах энэ хуулийн төслийг ойрын үед Засгийн газарт танилцуулна.     

Эвдэгдэж хаягдсан газруудыг дүйцүүлэн хамгаалах байдлаар нөхөн сэргээж болохгүй юу?

Дүйцүүлэн хамгаалахыг их зөвөөр тайлбарлахгүй бол болохгүй юм билээ. Хуульд орсон шинэлэг дэвшилттэй зүйл. Дэлхийд ч гэсэн шинэлэгт тооцогдоно.

Гэхдээ би энд нүх ухчихсан учраас өөр нэг газарт мод тариад болчихно гэж бодож болохгүй. Нүхээ бөглөх хэрэгтэй. Нүхээ бөглөөд ч гэсэн ямар нэг байдлаар ургамал, ан амьтанд нөлөөлчихсөн бол яг адилхан нөхцөлд нь ойрхон байгаа газрыг дүйцүүлэн хамгаалах ажлыг хэлээд байгаа юм. Эсвэл, би уурхай ажиллуулаад нүүдлийн зэрлэг амьтад, хулан ч юм уу зээрийн нүүдлийг тасалдуулсан бол яг тэр хулан, зээрийнхээ өөр газар дахь нүүдэлд нэмэр болж, хамгаалах, тоо толгой нэмэгдүүлнэ гэж ойлгох хэрэгтэй. Аргачлал гарч байгаа ч гэсэн компани, орон нутагт зөв тайлбарлах хэрэгтэй юм билээ.                                                                    

Бид TNC байгууллагатай хамтраад дүйцүүлэн хамгаалахад зориулсан экологийн чухал бүс нутгийн судалгааг гаргасан. Энэ талбайд үйл ажиллагаа явуулж байгаа бол ижил төстэй экологийн бүс нутаг нь энд байна, энд экологийн хамгааллыг явуулж болох юм байна гэсэн зарим газруудыг тодорхойлж, хил заагийг гаргасан.       

Та уул уурхайн компаниуд, тэр дундаа үндэсний компаниудын нөхөн сэргээлтийн чиглэлээр хийж буй ажлуудыг хэрхэн үнэлж байгаа вэ?

“Монполимет” компани харьцангуй сайн нөхөн сэргээлт хийж байгаа. Мөн “Алтан Дорнод” ч гэсэн хариуцлагатай сайн нөхөн сэргээлт хийж буй компанийн нэг.  

Гэвч одоогийн нөхөн сэргээлтийн зардал маш бага хэмжээтэй тогтоогдсон. Үүнийг нэмэхээс аргагүй. Дунджаар 1 га-д 5-10 сая төгрөг зарцуулж байгаа. Цаашид уул уурхайн олборлолт явуулахдаа нөхөн сэргээлтэд зайлшгүй мөнгө гаргах ёстой юм байна гэдгээ эхнээсээ тооцож явахгүй бол болохгүй болж байна. Зардал анхнаасаа бага төлөвлөгддөг учраас нарийн судалгаа, техникийн болон биологийн нөхөн сэргээлт, дараа дараагийн мониторингт мөнгө төгрөг төсөвлөж чадахгүйд хүрээд байна л даа.

Нөхөн сэргээлтийн стандартууд сайн төлөвшөөгүй учраас үнэлэмжүүд зөрчилдөөд байх шиг санагддаг?

Нөхөн сэргээлтийн хувьд Монгол улс олигтой стандарттай байгаагүй. 2008 онд нөхөн сэргээлтийн стандарт гарсан гэж хэлж болно. Түүнээс өмнө аргачлал л байсан. Гэвч 2008 оны стандартаа алтны шороон ордууд дээр тулгуурлаж гаргасан учраас уул уурхайн нөхөн сэргээлтийн стандартыг шинэ шатанд гаргах шаардлага байгаа. Сүүлийн 3-4 жилд энэ чиглэлээр нэлээд ажиллаж байна. Маш олон стандартыг судалж, орчуулж байна. Бүх төрлийн ашигт малтмалын стандартыг гаргаж байгаа. Ашигт малтмалын төрөл бүрээр нь стандарт гаргахад нүсэр их ажил болж байна. Олон улсын стандартуудыг судлаад, орчуулаад, Монголдоо тохируулаад нэг хэсэг стандартууд гаргаж байгаа. 2008 оны хуучин стандартуудыг 2016 он хүртэлх бүрэн эрхийн хугацаанд шинэ шатанд гаргах том зорилт тавиад, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч оруулаад явж байна.

Хэдийгээр нөхөн сэргээлтийн стандартуудыг шинэ шатанд гаргаж байгаа ч тэр чиглэлийн сургалтууд бас их чухал байна. Нөхөн сэргээх сэтгэл байна. Одоо мэдлэг мэдээлэл, чадавх хэрэгтэй байна. Өнгөрсөн 7 хоногт Эдийн засгийн яам, Солонгосын “Койко” байгууллагатай хамтраад нөхөн сэргээлтийн сургалт судалгааны төв байгуулахаар гэрээнд гарын үсэг зурсан. Энэ бол маш чухал ажил. Сургалтын төв байгуулаад, нөхөн сэргээлтийн эрх авсан компаниудад ямар түвшинд нөхөн сэргээлт хийх талаар тууштай сургалт явуулж, хамтран ажиллах шаардлага байна. Та нар хийх ёстой гэж шахаад байх биш, хамтрах хэрэгтэй.


Н.Ариунтуяа

  • zochin (202.55.180.200)
    Ertnii medeelel bna
    2014 оны 09 сарын 01 | Хариулах
  • zochin (202.55.180.200)
    Ertnii medeelel bna
    2014 оны 09 сарын 01 | Хариулах