Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Хууль, Төсөл

Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн Нэгдсэн хуралдаанаар Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 3 дахь удаагаа УИХ-д өргөн мэдүүлэгдэж байж ийнхүү батлагдаж байна. Эхний удаа Засгийн газар төслийг эргүүлэн татаж авч байсан бол 2 дахь удаад УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар буюу нэг хүний саналын илүүгээр уг хуулийн төслийг батлах шаардлагагүй хэмээн үзэж байсан юм. Ийнхүү 3 дахь удаагаа Газрын тосны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж, Эдийн засгийн байнгын хорооноос уг хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг томилж байсан юм.

Газрын тосны тухай хуулийг шинэчлэн найруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхэд хамгийн маргаантай асуудал нь хууль эргэн үйлчлэх эсэх, мөн бүтээгдэхүүн хуваах хэмжээ, өртөг нөхөх тосны хэмжээ зэрэг байв. Ажлын хэсгийн ахлагч Ц.Нямдорж гишүүн “Би Д.Ганхуяг сайдтай уулзаж ярилцсан. Энэ хууль эргэж үйлчлэхгүй. Өртөг нөхөх зардлыг олборлосон тосны 40% гэж үзсэн. Энэ нь дэлхийн бусад улстай ойролцоо түвшинд байгаа. Роялтийг 5-15% байхаар тусгасан” хэмээн мэдээлсэн юм. Уг хууль батлагдсанаар түүхий газрын тосноос гадна байгалийн хий, уламжлалт бус газрын тос буюу занар, битум, нүүрсний метан хий зэрэг ашигт малтмалын хайгуул, ашиглалтыг тодорхой болгож өгч байгаа юм.

Хуулийг төслийг баталсны дараа Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Монгол улс маш ойлгомжтой, өрсөлдөх чадвартай Газрын тосны тухай хуультай боллоо” хэмээн мэдэгдсэн юм.


С.Болд-Эрдэнэ